Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 21

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр

Шүүгдэгч Э.Ш

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овогт Э Ш холбогдох 1824000340028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, дүү нарын хамт багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Аовогт Э Ш. /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт Ш.Д маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Ш нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Д надаас гал асуухад нь байхгүй гэж хэлтэл хэний бэлтрэг вэ гэж хэлэхээр нь уур хүрээд хоёр удаа цохисон. Хохирогчтой муудалцаад салж яваад аавыг дагуулж ирэхээр нь дахиж хөмсгөн тус газарт нь гараараа савж цохисон. Хохирогчид 1,300,000 төгрөг өгч хохирол төлбөрийг барагдуулсан. Би өөрийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Б багийн нутагт хохирогч Ш.Д маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед Ч дэлгүүрийн баруун талын буланд 4 залуугийн хажуугаар зөрөхөд тэдний дундаас нэг нь “чи хаанахын пизда вэ, хүрээд ир” гэхээр нь очиход Э.Ш гэх залуу заамдаад шууд хамарлуу цохиж, газар унагаад миний дээрээс өшиглөхөд хамт явсан нэг залуу нь болиоч гээд салгасан. Би түүний аав Э рүү залгаад танай хүүхэд сая намайг цохиж авлаа гэхэд Э ирж уулзаад хүүхдээ хаашаа явсан талаар асуухаар нь холдоогүй байх гэж хэлсэн. ...Э Э.Ш дагуулаад миний урдаас ирсэн. Тэгтэл тэр хүүхэд миний нүүр рүү гараараа цохиход зүүн талын хөмсгийг язарч, цус гоожсон. Би сумын эмнэлэг дээр очиж гурван оёдол тавиулсан, мөн хамарны хянга ясан дээр өвчин орж хөндүүрлэсэн, ууц, нуруу ташаагаар их өвчин орсон байсан...” гэсэн /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танихгүй ах Э.Шижирээс гал байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд тэр ах “энэ хэний бэлтрэг вэ” гэж хэлээд түүний хацарлуу цохисон. Э.Ш зөрүүлээд тэр ахын нүүрлүү гараараа 2 удаа цохиход доошоо тонгойтол зүүн талын мөрлүү нь өшиглөөд авахаар нь би очоод салгасан. ...10 гаруй минутын дараа нөгөө хүн Э.Ш аав Э дагуулаад ирсэн. Тэр үед Д бид хоёр Ш жаахан холдоод баруун тийшээ алхаад явж байтал Э.Ш аавынхаа хажууд тэр ахыг гараараа саваад цохиод унагаачихсан. ...Д бид хоёрыг очиход нөгөө ахын хөмсөгний дээд талын хэсгээс цус гарчихсан, тонгойгоод цусаа арчаад байж байсан...” гэсэн /хх-ийн 20-24-р хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Согтуу ах бид нарын хажуугаар өнгөрөхдөө хөөе гээд дуудахад Э.Ш очтол “гал байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь тэр ах “чи хэний бэлтрэг вэ” гэхэд Э.Ш “чи тийм олон бэлтрэг харсан юм уу” гэж хэлтэл тэр ах Э.Ш заамдаад авсан. Согтуу ах эхлээд баруун талын гараараа Э.Ш зүүн талын шанааруу нэг удаа цохисон Э.Ш зөрүүлээд тэр ахын зүүн талын шанааруу гараараа 2 удаа цохихоор нь би очоод салгасан. Тэгсэн тэр ах урагшаа жаахан тонгойход Э.Ш тэр ахын гарлуу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Э.Ш аав Э, нөгөө согтуу ах хоёр ирэхэд Э.Ш тэр ахыг зүүн талын гараараа саваад толгойруу нь цохиход газарт хойшоогоо саваад унасан. Д бид хоёрыг очтол нөгөө ах газраас босоод явсан...” гэсэн /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч А.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танихгүй ах бид нартай зөрөхдөө Э.Ш лүү нэг юм хэлчих шиг болсон. Тэгтэл Э.Ш тэр ах хоёр хоорондоо маргалдаад бие биенээ заамдаж аваад Э.Ш тэр ахыг эхлээд цохисон шиг санагдаж байна. Э.Ш бас тэр ах цохиж авсан. Д, Д хоёр тэднийг салгасан...” гэсэн /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч И.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 09-ний орой 19 цагийн үед 95767050 дугаарын утаснаас залгаад “Д ах нь байна, би сая нэг хүүхдэд зодуулчихлаа, сураад байсан чинь танай хүүхэд гэж байна” гэж хэлсэн. ...Э.Ш бид хоёрын урдаас Ш.Д хүрч ирэхэд Э.Ш Д руу “чи намайг бэлтрэг гэдэг хэн юм бэ” гээд нүүр лүү нь цохиход хойшоогоо газар унасан, босоод ирэхээр харахад түүний зүүн талын хөмсөгнөөс нь цус гараад байсан...” гэсэн /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч И.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад С гэх хүний дэлгүүрийн гадаа үүдэнд Ш.Д ахтай таарахад согтуу, зүүн талын хөмсөг язарчихсан цус гарсан байсан...” гэсэн /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш.Д ахтай уулзахад түүний зүүн талын хөмсөг нь язарчихсан цус гарсан, мөн хамраас нь цус гарсан, өмсөж явсан хувцас нь тоос, шороо болчихсон байхаар нь машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж С эмчид үзүүлсэн. Ш.Д ах сумын хурлын дарга Э хүүхдэд зодуулчихлаа гэж байсан...” гэсэн /хх-ийн 33-р хуудас/,

    Гэрч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед сумын эмнэлэг дээр очиход Ш.Д ах зүүн талын хөмсгөндөө оёдол тавиулсан, хамар нь бага зэрэг хавдаж цус гарсан байдалтай хүлээн авахын орон дээр чичрээд хэвтэж байсан. Ш.Д ах И.Э хүүхдэд зодуулчихлаа гэж байсан...” гэсэн /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний 19 цаг 50 минутын орчимд С.О залгаад “эмнэлэг дээр зодуулсан хүн аваад ирлээ, хөмсөг нь задарчихсан байна, оёдол тавих шаардлагатай байна” гэж хэлэхээр нь очоод Д гэх хүний биед үзлэг хийж биед цус тогтоох, ил шарханд оёдол тавих, өвдөлт намдаах, хордлого тайлах зэрэг эмчилгээ хийсэн.  Ш.Д зүүн талын хөмсөгний төгсгөл хэсэгт 4 оёдол тавьсан....” гэсэн /хх-ийн 27-р хуудас/ мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4813 дугаартай “...Ш.Д биед зүүн нүдний дээд зовхинд шарх, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ш мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой Ш.Д гуай “гал байна уу” гэхээр нь байхгүй гэтэл “чи хэний бэлтрэг вэ” гээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж аваад цохисон. Д, Д нар биднийг салгасан. ...Ш.Д гуай манай аавд “танай хүүхэд чинь намайг хүүхдүүдтэй нийлээд хурлын даргын хүүхэд байна гээд зодчихлоо” гэж худлаа яриад байхаар нь би Ш.Д гуайн нүүр лүү зүүн талын гараараа саваад цохиход газарт хойшоо савж унасан. Тэгсэн хөмсөг нь язарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.   

Шүүгдэгч Э.Ш холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Ш нь “...хэний бэлтрэг вэ гэж хэллээ...” гэсэн шалтгаанаар хохирогч Ш.Д маргалдан түүний нүүр лүү цохисон үйлдэл, хохирогчийн хөмсөг язарсан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Э.Ш үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын  газраас шүүгдэгч Э.Ш үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Ш холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч Э.Ш гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “Э.Ш нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адууч овогт Э Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ