| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00021/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 23
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 1824000320031 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр *аймгийн *суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, *, * боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * аймгийн *сумын * багийн * тоот хаягаар оршин суудаг, * шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч Д/регистрийн дугаар: */.
Шүүгдэгч Ч.Д нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн * сумын * багийн хорооллын хэсгийн * тоотод байрлах С.Т гэрт, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.А маргалдан толгойн тус газарт нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед өөрийн найз Д хамт сумын төвийн хорооллын хэсэгт байрлах Т гэрт ороод юм яриад сууж байтал 16 цаг 20 минутын үед байх Ч.Д гэгч Т байшингийн урд талын хаалгаар нь тэдний гал тогооны өрөө буюу бидний сууж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд Ч.Д тэнд байсан хүмүүстэй сайн байна уу? гэж мэндлэхэд нь би дуугараагүй сууж байсан юм. Тэгээд би “өнөөдөр шороогооршуурах гэсэн” гэж хэлтэл Ч.Д “юу гэнээ чи, би зодсон юм уу? танай эргүүчүүлийг” гэж хэлээд намайг сандал дээр сууж байхад над руу ирээд шууд миний үснээс зулгаагаад намайг тархи толгойгүй нүдэж зодсон. Тэгээд намайг зодож байх хоорондоо “чамайг цусгүй алнаа” гээд Т, Э хоёрыг салгахад дахиад бас зодох гээд дайраад байсан. Ч.Д надаас Т, Э нар салгаад Ч.Д гадагш нь гаргаад хаалгаа түгжсэн. ...Бид нар сууж байтал дахин Тэднийд Ч.Д орж ирээд дахин миний үснээс зулгаагаад миний завж буюу ам руу цохиод амнаас базаад мушгиж намайг сандлаас унагасан. ...Ч.Д Т гуанзынх нь ширээн дээр байсан төмпөнтэй боорцогноос авч өөрийнхөө салтайгаа арчаад “чи миний боовыг хөхөө биздээ, май” гээд нөгөө боорцгоо над руу шидчихээд Ч.Д Тийн байшингийн арын хаалгаар нь гараад явсан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. ...Ч.Д миний үснээс зулгааж байгаад баруун чихний ар тал руу буюу толгой руу гараараа нэг удаа, духан дээр нэг удаа, эрүү буюу завж руу нэг удаа цохисон, амнаас базаж мушгисан. Намайг толгой нүүр лүү гараараа олон удаа цохисон. Миний толгойн ар хэсэг буюу дагзны үс хэсэг зулгарч унасан. Завж баруун талдаа жижиг зулгаралттай /маажсан/, 2 гарын бугалга дотор талдаа хөхөрсөн, баруун талын үүдэн доод шүдний ломбо нь унасан байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
-Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би найз Б.А хамт 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед сумын төвийн хорооллын хэсэгт байрлах Т гэрт ороод юм яриад сууж байтал 16 цаг 20 минутын үед байх Ч.Д гэгч хүн Т байшингийн урд талын хаалгаар нь тэдний гал тогооны өрөө буюу бидний сууж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо өнөөдөр шороогоор шуурах юм гэнэ лээ гээд яриад сууж байхад Ч.Д Б.А дуугарангуут нь “юу гэнээ чамтай ярьсан юм уу?, чамтай юм яриагүй шүү, би танайхныг ямар зодсон юм уу?” энэ тэр гээд Б.А рүү муухай хараад зогсож байсан. Тэгээд Б.А урд талд ширээний хажууд сандал дээр Ч.Д суусан юм. Би яг тэр үед утсаар ярих гээд утсаа бариад тэднийхээс гараад явчихсан юм. Тэгээд утсаар яриад зогсож байхад хүн орилоод явчхаар нь буцаад ороод иртэл Ч.Д Б.А үстчихсэн, Б.А доошоо тонгойгоод, Ч.Д Б.Аий дух руу нь доороос нь өлгөөд 2 удаа гараа атгаад цохиж харагдсан. ...Тэгээд бид нар дахин сууж байтал дахин тэднийд Ч.Д орж ирээд Б.А үснээс зулгаагаад амыг нь мушгиад сандлаас унагасан. ... Нүүр, толгой руу нь гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Бас амнаас нь базаж мушгисан. Салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,
-Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Б.А, Ч.Д нар хамтдаа 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед сумын төвийн хорооллын хэсэг * тоотод байрлах Төмөрхуягийнх буюу манай гэрт орж ирсэн юм. Тэгээд орж ирээд удаагүй би цай хийж өгөөд хоол хийгээд байж байтал Ч.Д манай урд талын хаалгаар манайд орж ирсэн юм. ...Д, Б.А бид 3 хоорондоо яасан их салхитай байна, өнөөдөр гээд яриад байж байтал Ч.Д Б.А “юу гэнээ, би чамтай яриагүй байна шүү, чи ингэдэг шүү” гэх зэрэг юм яриад Б.Ариун-Эрдэнийг үстэж аваад цохиж эхэлсэн. ...Дахин Ч.Д манай урд талын хаалгаар орж ирээд А үснээс зулгаагаад амыг нь дараад байсан. ...Нүүр толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Бас үснээс нь зулгаагаад амыг нь дарж байсан. Салаавч гаргасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,
-Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.А, Ч.Д нар хамтдаа 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед сумын төвийн хорооллын хэсэг * тоотод байрлах манай гэрт орж ирсэн юм. Тэгээд орж ирээд удаагүй би хойморийн өрөөнд хэвтэж байтал Ч.Д манай урд талын хаалгаар манайд орж ирсэн юм. Тэгээд Ч.Д манайд орж ирчхээд Б.А хэрүүл хийгээд байхаар нь би “Та 2 болиорой, яах гээд байгаа юм бэ? Айлд орж ирчхээд хэрүүл хийгээд байх чинь, наад хэрүүлээ гарч байгаад хийгээрэй” гэсэн чинь Ч.Д Б.А хэрэлдэж байгаад зодоон нүдээн болоод явчхаар нь би Ч.Д хаалгаар түлхэж гаргачхаад хаалгаа түгжээд хэвтэж байтал дахин зодоон нүдээн дуу шуу болоод манай эхнэр намайг дуудахаар нь би Ч.Д дахин салгаад хойд талынхаа хаалгаар гаргасан. ...Намайг салгахад Ч.Д Б.А үснээс нь зулгаачихсан нүүрэн дээр нь дарчихсан байсан. Би яг хаана нь хэдэн удаа цохисныг нарийн сайн хараагүй. Бас амыг нь дарчихсан үснээс нь зулгааж байсныг нь харсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
-Гэрч В.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад намайг гэртээ байж байхад манай эрүүл мэндийн төвийн тэр өдрийн ээлжийн сувилагч миний утас руу залгаад “Б.А хүнд зодуулаад ухаан алдаад уначихсан гэртээ сэргэхгүй байна гэсэн дуудлага ирж байна, ээлж нь чинийх байна, чи явах юм байна” гэж хэлсэн. ...Тэгээд би эмнэлгээр орж эм тариагаа аваад Б.А гэрт очиж Б.Аг үзэж анхан шатны тусламж үзүүлсэн. Намайг Б.А гэрт явж ороход Б.А орон дээрээ дээл нөмрөөд хэвтчихсэн, хэвтрийн байдалтай, ухаантай байсан. ...Тэгээд биеийг нь үзэхэд артерийн даралт нь ялимгүй их буюу 120/80, 130/90-тэй байсан. Намайг үзэж байхад огьж байсан, гэхдээ юм гараагүй. Тэгээд би анальгин, димедрол, церукал зэрэг тариаг судсаар нь хийсэн. ...Б.А биед духных нь тэр хавьд ялимгүй зурагдаж шалбарсан шархтай, баруун гарынх нь бугалганы булчингийн тэнд нь бага зэрэг улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 182036 дугаартай: “Б.А биед гэмтэл үүссэн байна. Хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, завжны баруун талд зулгаралт, баруун доод 4-р шүдний ломбо уналт, 2 бугалга, баруун шилбэнд цус хуралт, дагзны баруун дээд хэсгийн хуйхны үс халцарч унасан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна”
гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э, М.А, Ц.Н нарын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 306 дугаартай: “Б.А биед дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, завжинд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2018.04.02-ны Завхан аймгийн ШША-ны №182036 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/,
-Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Т хашаагаар нь ороод тэднийд явж ороход Төмөрхуягийн гэрт гал тогооных нь өрөөнд Ч.Д, Б.А, Ч.Э болон Т 2 охин, Т нар сууцгааж байсан. Тэгээд би тэдэнтэй сайн байцгаана уу?, сайхан хаваржиж байна уу?” гэж мэндлээд тэнд байсан хүмүүс хариу мэндлээд, харин Б.А хариу мэндлээгүй бөгөөд намайг “шуурга гарч, шуурга орж ирлээ” гэх битүү утгатай үгээр хэрүүл өдөж эхэлсэн. Тэгэхээр би Б.А урдаас нь ойртож байгаад сандал дээр суугаад Б.А “чи юу гээд байнаа, чи яах гээд хэрүүл өдөөд байгаа юм, би чамтай юм яриагүй байна” гэхэд Б.А миний урдаас 3 удаа нулимж, нүүр маажиж намайг цохисон. ...Би Б.А толгой руу гараа атгаж байгаад нэг удаа дух руу нь хальт цохисон. Тэгээд бас үснээс нь зулгааж хойш нь дарсан. Өөр би Б.А нэг их сүртэй зодож цохиод байсан юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Цагаатгах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:
-Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн гар утсаар С.Т хүүхэд нь бичлэг хийсэн юм. Би өөрөө хүүхдэд нь утсаа өгч бичлэг хийлгэсэн юм. Би дараа хот очоод эмнэлэгт үзүүлэх гэж явахдаа Улаанбаатар хотын гудамжинд гар утсаа суйлуулаад хулгайд алдчихсан. Надад учирсан мөнгөн хохирол нийт 430,000-аад төгрөг болсон. Надад хохирлын талаар гаргуулан авсан баримт байхгүй. Надад учирсан хохирол нь нааш цаашаа явсан унааны болон бензин шатахууны зардлыг л би хохиролд тооцсон байгаа. Ч.Д нь надад учруулсан бүх хохирлоо барагдуулж уучлалт гуйсан. Одоо бидний энэ хэрэгтэй холбоотойямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид одоо эвлэрч учир зүйгээ олсон.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/,
-Гэрч Д.Э, Д.Тын нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Д нь Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багт хөдөө мал маллан амьдардаг. Эхнэр 2 хүүхэд нь Нөмрөгийн төв дээр хашаа байшиндаа байдаг. Эхнэр нь Нөмрөгийн ЭМТөвд ажилладаг. 2 хүүхэд нь Нөмрөгийн сургуульд сурдаг. Ар гэрийн ахуй амьдрал нь гайгүй боломжийн бог, бод нийлсэн 400 гаруй малтай. Хувьдаа суудлын автомашин, хашаа байшин, мал хөрөнгөтэй, ер нь ахуй амьдрал нь боломжийн айл байдаг юм. Ч.Д нь өмнө нь янз бүрийн хэрэг төвөгт холбогдон шалгагдаж байгаагүй. Зан ааш сайтай, даруухан, дуугүй томоотой, төлөвшил хүмүүжил сайтай залуу байгаа юм. Найз нөхөд олонтой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, янз бүрийн элдэв маяг зан ааш байхгүй, нөхөдтэйгөө эвсэг найрсаг харьцаатай, архи дарс хааяа ууж хэрэглэдэг байх. Ер нь хүн хартай муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, зан ааш харьцаа сайтай, их шогч алиа хошин зантай хүн шүү дээ.”гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.А учруулсан бүх хохирлыг нь барагдуулж өгсөн. Бид хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон байгаа. Эмэгтэй хүн зодсондоо гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй.” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.А гаргасан: “...Б.А миний бие Ч.Д өөрийн сайн дураар эвлэрч, учир зүйгээ олсон. Ч.Д миний хохирлыг барагдуулсан, гомдол саналгүй...” гэсэн бичвэр /ХХ-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн хорооллын хэсгийн 1-2 тоотод оршин суудаг С.Т байшинд Б.А маргалдсаны улмаас Б.А зодсон үйл баримт нь:
- Хохирогч Б.А, гэрч Ч.Д, Ч.Э, С.Т, В.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.Д зодуулсны улмаас хохирогч Б.А биед хөнгөн хохирол учирсан болох нь:
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 182036 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э, М.А, Ц.Н нарын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл үзүүлэлтүүд зэргээр нотлогдож байна.
Иймд Ч.Д дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ч.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Ч Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.Д нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН