Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01627

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01627

 

 

Мөнхтэнгэрийн ноёд ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/01711 дугаар шийдвэртэй,

Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Оджамцад холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2,172,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Мөнхтэнгэрийн ноёд ХХК нь иргэн О.Оджамцтай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд нэг жилийн хугацаатай байгуулсан. Манай компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй.

1.2. О.Оджамц нь манай компанид албан бичиг хүргүүлж, мэдэгдэлгүйгээр гэрээ цуцалж, хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээнд заасны дагуу хоёр тал гэрээг цуцлахаар бол аль нэг тал 14 хоногийн өмнө эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой гэж заасан. Манай талаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 06 минутад О.Оджамцтай утсаар холбогдоход ...би хөдөө явж байна. Танайхтай би гэрээгээ цуцалсан дахин төлбөр хийх боломжгүй. Ар гүнтэд байрлах тоот хаягтай газар надад хамаагүй болсон. Одоо хамгаалалтаа буулга... гэсэн хариу өгсөн.

1.3.Гэтэл тус объектыг орхих болох үед хэнд хэрхэн хүлээлгэн өгөх нь тодорхойгүй, маш их хэмжээний өмч хөрөнгө байсан. Манай талаас удаа дараа мэдэгдэж хамгаалалтаа буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцалсан. Хариуцагч О.Оджамцаас 2022 оны 05 сар, 06 дугаар сарын эхний 10 хоногийн төлбөр нийт 2,172,500 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэн О.Оджамцтай Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер н.Болороо нь 9922-.... дугаарын утсаар холбогдож, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутагт Ар гүнт дэх объектод 3 удаа өөрийн хамгаалалтын лого бүхий жижиг машинтай очиж уулзаад гэрээ байгуулж, харуулын ажилтан П.Энхтөрийг ажиллуулахаар хүргэж ирсэн. О.Оджамцаас 6 сарын хугацаатай харуул хэрэгтэй гэхэд н.Болороо нь манайх нэг жилийн гэрээ хийчихнэ тэгээд хугацаанаас нь өмнө дуусгах бол хэлээд дуусгаж болно. Бид харуулаа аваад явчихна гэж хэлсэн байна.

2.2. Ингээд барилгын засварын ажил дуусаж объектод харуул хамгаалалт шаардлагагүй болсон тул 2022 оны 04 дүгээр сараар гэрээгээ дуусгавар болгож байгаа тухайгаа менежер н.Болороотой 9922-.... дугаарын утсаар холбогдож мэдэгдэн, харуулаа буулгаж аваарай гээд 2022 оны 04 сарын 19-ний өдөр тус компанийн дансанд Ар гүнт айлын сүүлийн тооцоо гэсэн утгаар төлбөр 1,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн тус харуул хамгаалалтын компани нь харуулаа эргэж тойрдоггүй, хоол хүнсээр хангадаггүй ба бидний зүгээс зөөврийн дулаан байшин, хоол хүнс, тамхи зэргээр нь хангаж ажиллаж байсан бөгөөд хамгаалалтын ажилтан П.Энхтөр нь очих газаргүй танайд байя гэсэн хүсэлт гаргасныг зөвшөөрч түүнийг 3 сарын хугацаанд байрлуулан ажиллуулж цалин олгосон. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн хариуцагч О.Оджамцад холбогдуулан гаргасан 2,172,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үүссэн бөгөөд тус гэрээний 9.1, 10.1-д заасны дагуу нэг хамгаалагчийн нэг сарын хөлс 1,500,000 төгрөг, нэг жилийн хугацаатай байхаар гэрээний гол нөхцөлийн талаар хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Тус гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан эсэх, хэзээ гэрээг цуцалсан эсэх дээр талууд мэтгэлцэж маргасан.

Талууд хамгаалалтын гэрээг цуцлах тухай албан бичгийг гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн ажлын 14 хоногийн өмнө өгнө гэж заасан. Гэвч шүүх хариуцагчийн 2022 оны 5 дугаар сараас эхлэн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчийн 9922-.... дугаарын утсанд мэдэгдсэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй байхад үндэслэлтэй дүгнэж чадаагүй.

Харин ч хариуцагчийн 9922-.... дугаараар н.Болороо гэх хүнд мэдэгдсэн гэх тайлбар нь гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Түвшинболорын мэдүүлгээр няцаагддаг. Харин нэхэмжлэгч тал нь гэрээг цуцлах мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 9922-.... дугаараас хариуцагчийн 9903-.... дугаар руу гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн зурвас авагдсан бөгөөд түүнд хуульд зааснаар үзлэг хийж тэмдэглэл хөтөлж бэхжүүлж нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх няцаагаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хууль болон гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь гэрээний дагуу төлөх 1,500,000 төгрөгийг төлөхгүй гэх санаа агуулан өөрийн объектод хамгаалагч хийж байсан н.Энхтөртэй тохиролцон 1,000,000 төгрөгөөр цалинжуулан нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй. Нэхэмжлэгч тал нь гэрээг албан ёсоор цуцлагдаагүй гэрээний үүргээ хэрэгжүүлж байсан хугацааны буюу 2022 оны 05, 06 сарын эхний 10 хоногийн хөлсөө шаардах эрхтэй. Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нь П.Энхтөрт 5, 6 дугаар сарын цалин олгоогүй байна гэж дүгнэсэн нь тусдаа хөдөлмөрийн харилцаа бөгөөд тухайн сарын цалингаа П.Энхтөр нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй эрх зүйн тусдаа харилцаа болно. Иймд 2,172,500 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК нь хариуцагч О.Оджамцад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2,172,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ 2022 оны 04 дүгээр сард цуцлагдсан. 04 дүгээр сарын төлбөрийг сүүлийн тооцоо гэх утгаар шилжүүлсэн тул 5 сар 6 дугаар сарын эхний 10 хоногийн хөлс гэж 2,172,500 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 04-ны өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Мөнхтэнгэрийн ноёд ХХК нь Ар гүнтийн шар хоолойн аманд байрлах объектод 1 хамгаалагчаар, нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгүүлж, нэг хамгаалагчийн сарын хөлсийг 1,500,000 төгрөг байхаар хариуцагчтай тохиролцжээ.

2.б. Зохигчид уг гэрээг хугацаанаас өмнө цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй.

2.в.Хариуцагч О.Оджамцаас нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн 310....... тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ар гүнт айл сүүлийн тооцоо гэх утгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

 

3. Зохигчид гэрээ хэзээ цуцлагдаж, дуусгавар болсон хугацааны талаар маргаж байна.

3.а. Талуудын гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасан.

Аль нэг тал гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.

3.б. Хариуцагчийн ...2022 оны 05 дугаар сараас эхлэн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн 9922-.... дугаарын утсанд мэдэгдэж, гэрээг цуцалсан... гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв. Учир нь хариуцагч О.Оджамцаас нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн 310....... тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ар гүнт айл сүүлийн тооцоо гэх утгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн байгаагаас үзэхэд гэрээг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн гэж үзнэ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

4.б. Нэхэмжлэгч ...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцалж, хамгаалалтаа буулгасан... гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримт, гэрч П.Энхтөрийн мэдүүлгээр няцаагдаж байна. П.Энхтөрийн цалингийн хүснэгтээс үзэхэд түүнд 2022 оны 04 дүгээр сараас хойш цалин олгоогүй байна.

Хариуцагч О.Оджамцаас П.Энхтөрийн 59........ тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цалин гэх утгаар 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цалин гэх утгаар 1,200,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ар гүнт гэх утгаар 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гэрч П.Энхтөр шүүхэд ...Ар гүнтэд 2022 оны 07 дугаар сар хүртэл байсан. 59........ тоот данс миний эзэмшлийн данс гэж мэдүүлжээ.

 

Иймд талуудын байгуулсан гэрээ 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/01711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД