| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2016/00190/И |
| Дугаар | 212/МА2016/00031 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 212/МА2016/00031
Н.Сы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Санырау рысхул овогт Нурмухын Сы нэхэмжлэлтэй, 5 дугаар багт оршин суух Есиркеп овогт Акраны Жт холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, хариуцагч А.Ж, түүний өмгөөлөгч А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: А.Жээс 9279500 төгрөг гаргуулах тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Н.Сээс 12250000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Иргэн А.Ж нь 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надаас 50000000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй зээлдэн авч зээлээ 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр баримт үйлдэж авсан. Тохиролцсон хугацаа 2 жилийн өмнө дууссан боловч үүнээс хойш А.Жийн хойноос зээлсэн мөнгөө гуйж, нэхэл дагал болсоор өдий хүрлээ. Сүүлд үлдсэн мөнгөө асуухад одоо бид хоёрын хооронд өр зээлийн тооцоо байхгүй, хэрэв өр зээлтэй гэж үзэж байгаа юм бол шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж ав гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иргэн А.Жээс 50000000 төгрөгийн үндсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүд авсан мөнгө төгрөгийн тооцоо:
1. 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сар бүр 850000 төгрөгөөр 8 сарын зээлийн хүүд 6,800,000 төгрөг төлсөн /2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудын хүүгийн бодолт 50,000,000х1,7%х8 сар=6,800,000 төгрөг/
2. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн зээлд 7,300,000 төгрөг зээлийн хүүд 1,700,000 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 7, 8 дугаар саруудын хүүгийн бодолт 50,000,000х1,7%х2 сар=1,700,000 төгрөг/
3. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5,500,000 төгрөг өгсөн /5 унагатай гүүг 1,100,000х5=5,500,000 төгрөгөөр тооцож, тухайн үеийн зах зээлийн ханшнаас дээгүүр үнээр авсан/ Үүнээс үндсэн зээлд 4,048,200 төгрөг зээлийн хүүд 1,451,800 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 9, 10 дугаар саруудын хүүгийн бодолт 42,700,000х1,7%х2сар=1,451,800 төгрөг/
4. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8,550,000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн зээлд 7,892,920 төгрөг, зээлийн хүүд 657080 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 11 дүгээр сарын хүүгийн бодолт 38651800х1,7%х1 сар=657080 төгрөг/
5. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 16,300,000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн зээлд 13,162,595 төгрөг, зээлийн хүүд 3,137,405 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1,2,3,4,5 дугаар саруудын хүүгийн бодолт 30,758,880х1,7%х6 сар=3,137,405 төгрөг/
6. 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн 8,803,450 төгрөг, зээлийн хүүд 1,196,550 төгрөгийг тус тус төлсөн /2015 оны 6,7,8,9 дүгээр сарын хүүгийн бодолт 17,596,285х1,7%х4 сар=1,196,550 төгрөг/
7. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 50,000,000 төгрөгийн үндсэн зээлээс үлдсэн 8,792,835 төгрөг 6 сар 8 хоногт зээлийн хүүд бодогдох 936700 төгрөг гээд нийт 9,279,500 төгрөгийг иргэн А.Жээс нэхэмжилж байна. /2015 оны 10,11,12-р сар, 2016 оны 1,2-р саруудын 13-ны өдөр хүртэл ба 3-р сарын 21-ний өдөр хүртэл 6 сар 8 хоногийн хүүгийн бодолт 8,792,800х1,7%х 6 сар, 8хоног=936700 төгрөг/. Иймд А.Жээс 9279700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Анх Н.С, Б.Е бид гурав ашиг олох зорилгоор ОХУ-аас модон материал оруулан ирж, түүнийг борлуулан ашиг олохын тулд хөрөнгөө нийлүүлж байсан ба тухайн үеийн нөхцөл байдал буюу эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан зах зээлд модон материалын борлуулалт нь удаан бөгөөд муу байсан учраас Н.С энэхүү наймаанаас татгалзаж, өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан авахаар болсон. Гэтэл тухайн үед Б.Е бид хоёрт түүнд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас түүнд хөрөнгө оруулсан мөнгийг нь сарын дараа өгөхөөр тохиролцож би баримт бичиж өгсөн. Энэхүү хэлцэл нь бодит байдал дээр зээлийн гэрээ биш бөгөөд дээрх хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Нэгэнт хамтран үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон болохоор үүнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой байсан. Миний бие түүнтэй нийлж хийсэн энэхүү наймаанаас болж хохирол амсаж байснаас гадна Н.Сд үндэслэлгүй илүү зээлийн хүү давхар төлж ирсэн байна. Би Н.Сд нийт 64800000 өгсөн. Өөрөөр хэлбэл би Н.Сд 10288448 төгрөгийг илүү өгсөн байна. гэжээ.
Хариуцагч А.Жийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Би Н.С, Б.Е нартай хамтдаа бизнес хийж мөнгө олох зорилгоор хөрөнгөө нийлүүлж улмаар 2013 онд ОХУ-аас модон материал оруулж ирж байсан. Ингэхдээ Н.С 50 сая төгрөг, Б.Е 29 сая төгрөг, миний бие 100 сая төгрөг гаргасан юм. Уг нийлүүлсэн 179 сая төгрөгөөр ОХУ-аас барилгын модон материал /банз/ авчирсан юм. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдал буюу эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан зах зээлд модон материалын борлуулалт нь удаан бөгөөд муу байсан учраас Н.С наймаанаас татгалзаж, өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан авахаар болсон. Гэтэл тухайн үед Б.Е бид хоёрт түүнд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас түүнд хөрөнгө оруулсан мөнгийг нь сарын дараа өгөхөөр тохиролцож би баримт бичиж өгсөн. Нэгэнт хамтран үйл ажиллагаа явуулахаар /наймаа хийхээр/ бид гурав харилцан тохиролцсон болохоор үүнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хамтдаа үүрэг ёстой байсан. Би Н.Сд үндэслэлгүйгээр илүү зээлийн хүү давхар төлж ирсэн байна. Би Н.Сд 64800000 төгрөгийг өгсөн. Өөрөөр хэлбэл би Н.Сд 12250000 төгрөгийг илүү өгсөн байна. Н.С надад өгсөн 50.0 сая төгрөгөө авсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэв миний Н.Сээс авч байсан 50000000 төгрөгийг 1,7%-ийн хүүтэй гэж үзэж зээлийг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгөхөөр тохиролцсон гэж үзвэл 50000000х1,7%х3 сар=52250000 төгрөг болж байна. Миний Н.Сд өгсөн 64800000 төгрөгөөс миний бичиж өгсөн баримтын дагуу түүнд олгогдох байсан 52250000 төгрөгийг хасаж тооцвол би түүнд 12250000 төгрөгийг илүү өгсөн нь харагдаж байна. Иймд Н.Сд илүү өгсөн 12250000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Н.Сы сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлд дурдсан ОХУ-аас модон материал нийлүүлэх бизнест миний бие оролцсон нь үнэн. Гэхдээ уг бизнесийг 2013 оны 10 дугаар сарын 01-ээр тасалбар болгож бүх тооцоогоо хийж дуусгасан. Миний бэлэн тохиролцож өгсөн мөнгөний асуудалд огт хамаарахгүй. А.Ж сөрөг нэхэмжлэлдээ өөрийн удирдлагын дор ажилладаг гэр бүлийн хоёр хүнийг /С.А, К.А/ гэрч мэтээр бичсэн нь хуульд нийцэхгүй. Мөн 5 унагатай гүүг мөнгө өгч чадахгүй болохоор аргагүй эрхэнд авсан болохоос биш сайн дураараа авсан биш, зээлээ барагдуулж чадахгүй болохоор нь авсан. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч А.Ж өөрийн гарын баримтад дурдсанаар 2014 оны 01 сарын 25-ны өдөр надаас зээлсэн мөнгөө өгчихсөн бол би А.Жээс хүү нэхэхгүй байсан. Би тухайн үед А.Жт мөнгөө буцааж авмаар байна гэж хэлэхэд А.Ж Өнөө маргаашдаа мөнгө хэрэггүй бол аваад яах гэсэн юм бэ? би сар бүр 1,7%-иар бодож хүүг нь өгнө гэж хэлээд тухайн оны 7 дугаар сар хүртэл сард 850000 төгрөг өгч байсан. Би А.Женисекбийг айлган сүрдүүлж дарамталж, гарын баримт бичүүлж аваагүй мөн өгсөн мөнгийг нь үнэн мөнөөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ он, сар, өдрөөр нь үнэн зөв гаргаж өгсөн. Үүнд ямар нэгэн эргэлзээ байхгүй. А.Жээс нэг ч төгрөг илүү авъя гэсэн бодол ч байхгүй. Ямар ч баримтгүй, гудамжнаас баахан өөрийнхөө тойрон хүрээлсэн хүмүүсийг гэрчээр асуулгах гээд байгаа нь ойлгомжгүй байна. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Жээс 9279500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгож, хариуцагч А.Жийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Н.Сий 163422 төгрөг, хариуцагч А.Жийн 210950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жээс 163422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгосугай. гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагч нь зохигчдоос эвлэрэх саналтай эсэхийг асуух үүрэгтэй байсан. Зохигчид хамтран бизнес эрхэлж байсан найзууд учраас эвлэрэх боломжтой байсан. Мөн шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө зохигчдоос шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлт байгаа эсэхийг тодруулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж зохигчдын эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 50.0 сая төгрөг нь А.Жтэй хамтран наймаа хийж, ашиг олох зорилгоор нийлүүлсэн мөнгө гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, тодорхойлолтуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Би шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчтай хэд хэдэн удаа уулзаж, эвлэрэх гэсэн боловч үр дүн гараагүй. Шүүхийн өмнө эвлэрэх сонирхол байгаагүй, харин ч миний эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.Ж нь өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж, түүнээс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцах чадвартай этгээд юм. Иймд түүний зээлийн гэрээ болгож бичиж өгсөн баримт нь хууль ёсны бөгөөд дарамт шахалт үзүүлж бичүүлж авсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Миний түүнтэй хамтарч наймаа хийхээр нийлүүлсэн мөнгө болон зээлсэн мөнгө хоёр тусдаа ойлголт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч А.Жт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү нийт 9279500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан журамд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Сий А.Жт 50000000 төгрөг зээлж, улмаар зээлийн эргэн төлөлтийг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 6800000 төгрөг (үндсэн зээлд суутгаагүй бөгөөд 8 сарын зээлийн хүү гэх), 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 9000000 төгрөг (үндсэн зээлд 7300000 төгрөг, зээлийн хүүд 1700000 төгрөг), 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5500000 төгрөг (үндсэн зээлд 4048200 төгрөг, зээлийн хүүд 1451800 төгрөг), 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8550000 төгрөг (үүнээс үндсэн зээлд 7892920 төгрөг, зээлийн хүүд 657080 төгрөг), 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 16300000 төгрөг (үүнээс үндсэн зээлд 13162595 төгрөг, зээлийн хүүд 3137405 төгрөг), 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10000000 төгрөг (үүнээс үндсэн зээлд 8803450 төгрөг, зээлийн хүүд 1196550 төгрөг), нийт 56150000 төгрөг төлсөн, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 8792835 төгрөг, хүү 936700 төгрөг, нийт 9279500 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор А.Жийн үйлдсэн гэх Сээс 50000000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй авсан. Үүнийг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгнө. 2013.10.13. гэсэн агуулгатай бичмэл баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Энэхүү баримтыг зохигчийн тайлбар, гэрч Б.Еий Бид гурав мөнгө нийлүүлж, 2013 оноос ОХУ-аас хамт наймаа хийсэн. ОХУ-аас би мод, банз оруулж ирсэн. Гурвуулаа мөнгө нийлүүлээд С 50 сая, Ж 100 сая, би 28 сая төгрөг нийлүүлсэн. гэх мэдүүлэгтэй харьцуулан судлавал, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь эргэлзээтэй ба баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.С нь хариуцагч А.Жт зээлсэн гэх 50000000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн талаар үйл баримт тогтоогдоогүй байна. Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч А.Ж нь нэхэмжлэгч Н.Сд холбогдуулан 12250000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Н.Сд үндэслэлгүйгээр зээлийн хүү давхар төлж байжээ. Нийт 64800000 төгрөг өгсөн бөгөөд 12250000 төгрөгийг илүү өгсөн байна. гэж тайлбарлажээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасан агуулгаас үзвэл, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох учиртай боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний заалтаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн учраас шийдвэрт өөрчлөлт оруулах замаар, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шүүхийн шийдвэрийн тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн заалтыг өөрчлөх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Сий хариуцагч А.Жт холбогдуулан гаргасан 9 279 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч А.Жийн нэхэмжлэгч Н.Сд холбогдуулан гаргасан 12 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээж, гэснийг үлдээсүгэй. гэж өөрчилж, мөн заалтаас хариуцагч А.Жээс 163422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгосугай. гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 422 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч А.Жт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ТУЯА
С.ӨМИРБЕК