Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/0055

 

“Н у и э”

ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн,

хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:       Д.Мөнхтуяа

                   Шүүгчид:                        Х.Батсүрэн

                                     П.Соёл-Эрдэнэ

                                     Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                   Д.Батбаатар

Шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга:                     Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 319 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ч.М, Б.Х, өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, У.Х нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002244 дүгээр шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “Н у и э” ХХК нь агаарын тээврийн туслах үйлчилгээ үзүүлдэг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор олон улсын нисэх үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зарим зохицуулалтгүй төлбөр, хураамжийн төрөлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсоноос хойш зарим үйлчилгээний үнэ, тарифыг тогтоохдоо “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнэ хянуулаагүй, зөвшөөрөл аваагүй” гэх зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 6,268,304.905 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 208,943,498 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, мөн өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавраар “зохицуулалтгүй үйлчилгээ тус бүрд гаргасан үнэ, тарифтай холбоотой тушаал, шийдвэрийг хүчингүй болгох, зохицуулалтгүй үйлчилгээ тус бүрийн үнийг хянуулж, зөвшөөрөл авах аргах хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгах”-ыг “Н у и э” ХХК-д даалгасан.

3.Гомдол гаргагчаас “... 2019 оны 07 дугаар сард үүсгэн байгуулагдсанаас хойш төлбөр хураамжийн хэмжээгээ Концессын гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд шинээр тогтоон ажиллаж байгаа, нийт 21 зохицуулалтгүй төлбөр, хураамжийг тогтоох ажил бүрэн хийгдэж дуусаагүй, ... анх тогтоосон төлбөр, хураамж, үнэ өөрчлөгдөөгүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг буруугаар тайлбарлаж, өөрт олгогдоогүй чиг үүрэг буюу “анх үнэ тогтоосон ажиллагааг үнэд оруулсан өөрчлөлтийг хянуулаагүй” гэх үндэслэлээр гомдол гаргагчийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж олсон орлогыг хууль бус орлого гэж тодотгон хураахаар шийтгэлийн хуудас үйлдсэн нь гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, анхны үнэ тогтоох болон үнийн өөрчлөлт нь ялгаатай ойлголтууд” гэж, хариуцагчаас “... аж ахуй эрхлэгчийн үнэ тарифыг Өрсөлдөөний хуульд зааснаар хянан зөвшөөрөл олгох эрхтэй, тухайн зах зээл дээр тогтоосон анхны үнийг хянаагүй тохиолдолд бодит зардлаас хэт өндөр үнэ тогтоогдож, өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явуулах боломжтой” гэж тус тус маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н у и э” ХХК-ийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.У-гийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002244 тоот шийтгэлийн хуудас болон мөн тус улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах” тухай “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-аас гаргасан гомдолдоо:

6.1.Тус хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.2.Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж заасан. Тодруулбал, уг хуулийн заалтын урьдчилсан нөхцөл нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч байх, бараа бүтээгдэхүүнийг үнийг борлуулах үнэ өөрчлөгдсөн байхыг шаарддаг.

6.3.Гомдол гаргагчийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон.

6.4.Тогтоогдсон өдрөөсөө хойш зохицуулалтгүй нийт 21 үйлчилгээний талаас илүүд нь өөрчлөлт орсон буюу үнэ тогтоосон болох нь зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

6.5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх аль аль нь дээрх зохицуулалтгүй үйлчилгээнүүдийг үнийн өөрчлөлтийг анх тогтоож буй үнэ гэх хуулиар тодорхойлоогүй шинэ нэр томьёо гарган үнийн өөрчлөлт биш гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн болно.

6.6.Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр нь үндэслэлтэй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ч.М нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар гомдолд дурдаагүй бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гараагүй. Мөн хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн талаар дурдаагүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад хамаарах тайлбарыг Улсын дээд шүүхээс гаргаагүй. ...Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Улсын дээд шүүхэд гомдол гаргах хуулийн шаардлагыг хангаагүй. ...Тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул эдгээр зохицуулалтгүй төлбөр, хураамжийн үнийг өөрчлөн батлах шаардлага бий болоогүй бөгөөд хэрэв өөрчлөн баталсан тохиолдолд хариуцагч байгууллагаар хянуулан батлуулах нь хуульд нийцэх болохыг нэхэмжлэгч компанийн хувьд хуульд заасан үүргээ ухамсарлаж байгаа. ...Хариуцагчийн тайлбарууд нь хоорондоо зөрчилдөөнтэй буюу үнийг өөрчилснөө хянуулаагүй гэж үзэж байгаа, эсхүл үнэ тогтоосон л бол бүгдийг нь хянуулах ёстой гэж үзэж байгаа нь тодорхойгүй байдаг. ...Хариуцагчаас хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлж, Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж гомдол гаргагч компанид шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. ...Ийнхүү дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

10.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын хэмжээнд Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлийн тодорхой хэсэгт “Н у и э” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф, тоо хэмжээний өөрчлөлтийг тухай бүр хянуулж ажиллахыг тус компанид үүрэг болгосон.

11.Хариуцагч улсын байцаагч зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг тогтоохдоо “үнийг хянуулаагүй” нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу “үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу мэдэгдэж зөвшөөрөл аваагүй” гэх зөрчлийг гаргасан үзэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002244 дүгээр шийтгэлийн хуудсаар “Н у и э” ХХК-д шийтгэл ногдуулж, мөн өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-аар “...зохицуулалтгүй үйлчилгээ тус бүрд гаргасан үнэ, тарифтай холбоотой тушаал, шийдвэрийг хүчингүй болгох, зохицуулалтгүй үйлчилгээ тус бүрийн үнийг хянуулж, зөвшөөрөл авах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг ...даалгаж” шийдвэрлэжээ.

12.Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагын тухайд:

13.Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулсан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага[1] байна.

14.Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу Засгийн газраас 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 1.2-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үндсэн зорилго нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, аж ахуй эрхлэгч, хэрэгчлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад оршино” гэжээ.

15.”Н у и э” ХХК ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьд өөрийн үйл ажиллагааг чөлөөтэй удирдан, үйлчилгээнийхээ үнэ тарифыг тогтоох эрхтэй ч эрхэлж байгаа буюу Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд тодорхой чиглэлээр зүй ёсны монополь байдалтай байгаа тохиолдолд үйл ажиллагаагаа Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн төрийн байгууллагын зохицуулалтын хүрээнд явуулах үүрэгтэй.

16.Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар болон “Н у и э” ХХК-ийн хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын “Менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний 11.4.1-д “Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээний Хавсралт 2 (Төлбөр, хураамж)-ийн 2 дугаар хэсэгт заасан зохицуулалтгүй төлбөр, хураамжийн хувь хэмжээг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн, өөрийн үзэмжээр тогтоох эрхтэй” гэж энэ талаар тодорхой тусгажээ.  

17.Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ. 6.1.1.зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах; 6.1.2.бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж, бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

18.Анхан болон давж заалдах шатны шүүх “Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зохицуулалт үнэ анх тогтоож байгаа харилцаанд бус тогтоочихсон үнийг дахин өөрчлөх тохиолдолд хамаарна”, өөрөөр хэлбэл “монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйлчилгээний үнэ, тариф тогтоож байгаа үйл ажиллагааг анхны болон дараагийнх гэх байдлаар ангилж, хуулийн дээрх заалтуудад анхны үнэ тогтоосон харилцаа хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарласан нь  дээр дурдсан хууль тогтоомжид нийцэхгүй байна.

19.Өрсөлдөөний тухай хуульд заасан хуулийн зорилт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, бүрэн эрхийг тогтоосон болон зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх талаарх зохицуулалтуудаас харвал зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн тогтоогдсон зах зээл дэх бүхий л үйл ажиллагаа түүний дотор үйлчилгээний үнэ, тариф тогтоох харилцаа төрийн захиргааны байгууллагын зохицуулалтад байхаар байна.

20.Тодруулбал, үйлчилгээний үнэ тогтоох ажиллагааг “анхны”, “үнийн өөрчлөлт” гэх байдлаар ангилж, “анхны үнэ тогтоох”-д зохицуулалт хийгдэхгүй гэж үзвэл тухайн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн зарим үйл ажиллагаа зохицуулалтаас гадуур үлдэж, төрийн захиргааны байгууллага аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, цаашлаад аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрэхээр байна.

21.Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үг зүйн утгаар тайлбарлахаас илүүтэйгээр хуулийн зорилго, агуулгатай нийцүүлж “...үнийн өөрчлөлт” гэдэгт “зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон болон өөрчилсөн аль ч үйл ажиллагаа хамаарна”  гэж үзэхээр байна.

22.Иймд гомдол гаргагчийн албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

23.Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002244 дүгээр шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

24.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж, бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

25.Улсын байцаагч “Н у и э” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зохицуулалтгүй үйлчилгээний үнэ тариф тогтоохдоо хянуулж, зөвшөөрөл аваагүй, тухайлбал, 2020 оны 09 дүгээр сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/13, А/19 дугаар захирлын тушаалаар “Концессын зүйлд хамаарах аливаа бусад төлбөр хураамж”, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Чингис хаан олон улсын нисэх буудлын бүсүүдэд нэвтрэх үнэмлэх олгох журам”, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Үйлчилгээ эрхлэгчдийн талбайн түрээсийн төлбөр”, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Тусгай танхимын үйлчилгээний төлбөр”, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Нэвтрэх үнэмлэхийн төлбөр”, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Мэдээллийн технологитой холбоотой үйлчилгээний төлбөр”, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Газрын үйлчилгээний төлбөр” зэргийг удирдлагын хурлын шийдвэрээр тогтоосон нь зөрчил гэж үзжээ.

26.Шийтгэл оногдуулахдаа хариуцагч “...хууль бусаар олсон хөрөнгө, орлого”-ыг холбогдогчоос өөрөөс нь гаргаж өгсөн зохицуулалтгүй төлбөр, хураамжийн орлогод 2020 онд “үйлчилгээ эрхлэгчийн талбайн түрээсийн төлбөр, цахилгаан, дулаан, ус ашигласны төлбөр зэрэгт 200,316,225.64 төгрөгийн орлого олсон” талаарх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  “Орлого үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан”[2], “талбайн түрээс, талбайн түрээс-ашиглалтын зардал, лоунжийн хураамжийн орлого, сонгон шалгаруулах материал борлуулсны орлого зэрэгт 208,943,498.36 төгрөгийн орлого олсон” талаарх “Орлого үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан”[3] зэрэг хоёр өөр баримтаас “208,943,498.36 төгрөгийн орлого олсон” гэх тайланг үндэслэсэн нь ойлгомжгүйн дээр тухайн тайланд тусгагдсан орлого нь улсын байцаагчийн зөрчил гэж үзсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тогтоосон үнэ, тарифт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

27.Энэ нь гомдол гаргагч хуулийн этгээдийн хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг бүрэн, үнэн зөв тогтоож, хуульд заасан шийтгэлийг оногдуулаагүй гэх үндэслэл болно.

28.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон өдрөөс хойш “Н у и э” ХХК-ийн 2020 онд олсон орлогыг үнэн зөв тогтоох нь хуульд заасан хохирол гаргуулах, торгуулийн шийтгэл оногдуулахад ач холбогдолтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002244 дүгээр шийтгэлийн хуудсыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

29.Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

30.Хариуцагч албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтуудыг “1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5, Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.6-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг хүчингүй болгуулах тухай Н у и э” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002244 дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002244 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧИД                                                                              Х.БАТСҮРЭН

                                                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                         Ц.ЦОГТ

                                                                                                                         Д.БАТБААТАР

 

 


[1] Өрсөлдөөний тухай хуулийн 1.1, 14.1

[2] ХХ-ийн 1-107 дахь тал

[3] Хавсралт нотлох баримтын хавтас 1, 82 дахь тал