Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “…Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“…Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаапын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрөн, урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан. Гомдлын хариуг миний бие 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан ба гомдолд дурдсан асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу тус шүүхэд хандан Үндсэн хуульд заасан “ажлаа чөлөөтэй сонгох” эрхээ сэргээлгэхээр дараахь үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. 

Үүнд 1. Хэрэв бүтэц орон тоо өөрчлөгдөж орон тооны цомхтголд орсон гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөх ёстой гэвч өгөөгүй тул бүтцийн өөрчлөлт биш байна.

 2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу хэдийгээр нэршил өөрчлөгдсөн боловч ажпын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжпүүлэн ажиллуулах ёстой байна. 

Иймд уг тушаалийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Д.Нарантуяа нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...  Н.Б нэхэмжлэлдээ: “... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу хэдийгээр нэршил өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.” гэжээ. Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Зам, тээврийн яамыг /хуучнаар/ Зам, тээврийн хөгжлийн яам болгон өөрчилж, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус яамны бүтцийг 6 газар, 9 хэлтэстэй байхаар баталсан. 

Дээрх шийдвэрийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, орон тоог баталсан.

Ажлын байрны жагсаалтын 31-д “Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн” нэртэй ажлын байр батлагдсан ба уг ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод Н.Б-ын эрхэлж байсан ажлын чиг үүрэг болон Авто замын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд хийж гүйцэтгэж байсан чиг үүргүүд тусгагдсан. 

Тухайлбал “Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтод “салбарын инновацийн бодлого, техник технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах” асуудлаас гадна зам, тээврийн салбарт судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, авто замын салбарын бодлого, стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох чиглэлийн дараах үндсэн зорилт, чиг үүрэг тусгагдсан. 

Түүнчлэн “Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажпын байранд тавигдах ерөнхий шаардлагад “Зам, тээврийн чиглэлийн инженер байх”, “мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх” шаардлага тавигдсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “ ... уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж заасны дагуу уг ажпын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байна гэж үзэж Д.Гэрэлнямыг тухайн албан тушаалд томилсон. 

Д.Гэрэлням нь Автозамын барилгын инженер мэргэжилтэй, 2001-2012 онд Авто замын газар, Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2012 оноос хойш Зам, тээврийн яамны /хуучин нэрээр/ Стратеги бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт Авто замын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан болно. 

Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай“ 08 дугаар тогтоолд “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгох”, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэдэгт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар зохион байгуулагдсаныг хэлэх” гэж тус тус зохицуулсан байна.

Н.Б нэхэмжлэлдээ “...бүтэц, орон тоо өөрчлөгдөж орон тооны цомхтголд орсон гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөх ёстой, гэвч өгөөгүй тул бүтцийн өөрчлөлт биш байна.” гэжээ. Н.Б нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан үр дүнгийн гэрээг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай байгуулж ажилласан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй болно. Н.Б-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 4.775.610 төгрөг олгохоор шийдвэрлэж урьдчилгаа 30 хувь буюу 1.275.610 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгож, үлдэгдэл 3.500.000 мянган төгрөгийг эд хөрөнгийн тооцоо хийж дууссаны дараа олгохоор шийдвэрлэсэн болно. 

Ийм учраас Н.Б-ын “Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх үндэслэл бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан 

журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Н.Б нь Зам, тээврийн хөгжлийн яамны 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр тушаалаар Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Техник, технологи, нормативын хэлтэст Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсны дотор “...и/Зам, тээврийн хөгжлийн яам-145 орон тоо: 1. Бодлого, төлөвлөлтийн газар /хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, стандарт нормативын хэлтэстэй.../” гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 2 дугаар зүйлийн 2.5.1.3-д “салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах” гэж заасанд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын чиг үүргийг хамааралтай байна. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1 дүгээр тушаалын хавсралтаар нэхэмжлэгч Н.Б-ыг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Зам, тээврийн яамны /хуучин нэрээр/ бүтэц бүрэлдэхүүнд ажиллаж байгаа албан хаагчдыг хавсралтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Маргаан бүхий тушаал нь бүтцийн өөрчлөлт биш, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжүүлэн ажиллуулах ёстой...”, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн учраас нэхэмжлэгч Н.Б-д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг болох 4,775,610  төгрөгийг олгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн...” гэж тайлбарлан маргаж  байна.

Нэхэмжлэгч Н.Б маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1354 дүгээр албан бичгээр “...Та Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1 дүгээр тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байгааг танд үүгээр зөвлөж байна” гэх хариуг авсны дагуу тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандсан байна. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1 дүгээр тушаалын Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1 дүгээр тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хууль, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хууль, Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Зам, тээврийн яамны /хуучин нэрээр/ бүтэц бүрэлдэхүүнд ажиллаж байгаа албан хаагчдыг хавсралтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Энэ тушаалын 1 дүгээр хавсралтын 32 дугаарт Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Техник, технологи, нормативын хэлтэст Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Б-ыг албан тушаалаас чөлөөлсөн үйлдэл нь түүний төрийн алба эрхлэх, төрийн захиргааны албан хаагчдын баталгааг алдагдуулсан хууль бус үйлдэл гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл, яамны бүтэц зохион байгуулалт, нэр өөрчлөгдсөн учир нэхэмжлэгч Н.Б нь Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Техник, технологи, нормативын хэлтэст Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг эрхлэх боломжгүй болох нь илэрхий тул нэхэмжлэгч Н.Б-ын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1 дүгээр тушаалын Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 

дүгээр сарын 13-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б-ыг Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь

харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулаагүй буруутай үйлдэл тогтоогдож байна.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 15-д “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.” гэж заасны дагуу хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байр болох Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр нь Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр болж өөрчлөгдсөн ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан дээрх 2 албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос /хх1-114-123/ харахад бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн “Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг нэхэмжлэгч ирээгүйн улмаас хийгээгүй гэж тайлбарлах боловч энэ нь Захиргааны байгууллагад нэгэнт хуулиар хүлээлгэсэн үүрэг тул уг ажиллагааг утсаар харилцах зэрэг бусад байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй байсан бөгөөд нэхэмжлэгчийн оронд томилсон гэх иргэнийг томилохдоо сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу явуулаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”, Хөдөлмөрийн тухай 

хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-ын ажилгүй байсан хугацааны 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх нийт 7 сар ажлын 4 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /795935+ажилласан жилийн нэмэгдэл 5%/*7 сар, + //835732:21*4хоног// нийт 6009304 /зургаан сая зургаан есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 61 дүгээр тушаалаар “...ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Н.Б-д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг 4,775,610 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний урьдчилгаа 1,275,610 төгрөгийг хариуцагчаас, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын сангаас 2,209,206 төгрөгийг нэхэмжлэгч авсан бөгөөд шүүхийг шийдвэрийг үндэслэн хариуцагчаас авсан тэтгэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангаас авсан тэтгэмжийг буцаан төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг дурдан шийдвэрийн хувийг Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, 6 сарын нэг удаагийн тэтгэлгийн тухайд хариуцагч холбогдох тооцоог хийх нь зүйтэй байна.

Харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “...Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хангагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэж байх тул давхардуулан даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч Н.Б нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1354 дүгээр албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан нь Монгол шуудан ТӨХК-иас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байх тул “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1 дүгээр тушаалын Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан ажилгүй байсан 7 сар ажлын 4 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6009304 /зургаан сая зургаан есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА