Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 14

 

П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0015/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Я.Сансар,
Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл,
Ялтан: Ч.Хатанбаатар нар оролцов.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж  шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор ялтан П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар нарт холбогдох эрүүгийн 201623000283  дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1992 онд Хэнтий аймагт  төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эцэг, эх,  дүү нарын хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг “бяцхан толгой” гэх газар  оршин суух, 2013 онд ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй гэх Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн /РД: СВ92102115/
Монгол улсын иргэн, 1991 онд Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх Чойжин овогт Оюунбатын Цогтбаяр /РД: СЭ91052119/
Монгол улсын иргэн, 1983 онд Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх Олхонод овогт Чанцалдагвын Хатанбаатар /РД: СМ83053011/
П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр нар нь бүлэглэн, “Микро” маркийн 12-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 8 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг Хурхын голын гүүрний орчимд нутаглаж байсан иргэн Г.Мөнхбатын хотолсон хониноос 3 тооны хонийг хулгайлж бага бус хэмжээний буюу 295.000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр яллагдагч П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр нар нь  Ч.Хатанбаатартай бүлэглэн, “Микро” маркийн 12-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг “Энгэр булаг” гэх газар нутаглах иргэн Д.Хоролсүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж бага бус хэмжээний буюу 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн, Чойжин овогт Оюунбатын Цогтбаяр нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Олхонод овогт Чанцалдагвын Хатанбаатарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 06 /зургаа/ сар, шүүгдэгч О.Цогтбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 05 /тав/ сар, шүүгдэгч Ч.Хатанбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 04 /дөрөв/ сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хатанбаатарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-66 ХЭҮ улсын дугаартай “Hyundai, Grace” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч № АЯ 0244472 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулж, Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хул алаг зүсмийн морийг эзэмшигч Г.Сүхбаатарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар нарын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч П.Лхагвасүрэн нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч П.Лхагвасүрэнгээс 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгч О.Цогтбаяраас  34.000 / гучин дөрвөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Хоролсүрэнд олгож, шүүгдэгч Ч.Хатанбаатар нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч нар нь хохирогч Б.Мөнхбатад төлөх төлбөргүй болохыг дурдан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч С.Нарангэрэл нь давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь, тээврийн хэрэгслийг шийдвэрлэхдээ морины эзэмшигч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэсэн үндэслэлээр морийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгөхөөр шийдвэрлэсэн байна. Харин тээврийн хэрэгслийг ялтан Хатанбаатарын эзэмшлийнх тул улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ч.Хатанбаатар биш Д.Жаргалмаа болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд энэ тухай мэдүүлсэн. Ялтан нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  бүрэн төлсөн байдлыг авч үзвэл Лхагвасүрэн урьд нь хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан, Хохирлоо төлөөгүй. Цогтбаярын хувьд гэмт хэрэг давтан үйлдсэн, хохирлоо бүрэн төлөөгүй, Хатанбаатарын хувьд гэмт хэргийг давтан үйлдээгүй, хохирлоо төлсөн.
Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны хувьд П.Лхагвасүрэн, Ч.Цогтбаяр нарын хувьд мөнгөний хэрэг байсан бөгөөд Ч.Цогтбаяр нь Улаанбаатар хотоос гарахдаа л найз П.Лхагвасүрэн руу утсаар ярьж мөнгө хэрэгтэй байна, үхэр зохицуул гэж ярилцаад замаараа Өмнөдэлгэр сумаар дайрч Хатанбаатарт хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгаагаа хэлэхгүй би найзаасаа үхэр авна, чиний машиныг эвдсэн өрөө өгье, чиний машинд үхрийн мах ачих хэрэгтэй байна.  Биндэр сум орж онжаваасаа үхэр авна гэж хэлж авч явсан.  Хатанбаатар хулгайн үхэр ажиллаж дууссаны дараа хулгайн гэмт хэргийг мэдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд П.Лхагвасүрэн Ч.Цогтбаяр нарын өгсөн  мэдүүлэг /хх-ийн 93,97,99,103/,  гэрч Ш.Баярцэцэгийн “Цогтбаяр Биндэр сум явах хэрэгтэй байна, манай найз байдаг, миний жижиг машинд багтахгүй, чиний микро автобусанд ачаад ирье гэж хэлж байсан.. Цогтбаяр Улаанбаатар хот орж самарт явах байсан. Цогтбаяр нь машины банк цоолсон авч өгнө гэж байсан” /хх-ийн 41,43/ гэх мэдүүлгээр тогтоогддог.
Ялтан О.Цогтбаяр нь 2 удаагийн хулгайн гэмт хэргийг санаачилсан, гэмт хэргийг урьдчилан зохион байгуулсан 2 үхэр ачихад том машин хэрэгтэй байсан тул Ч.Хатанбаатарыг хуурч авч яван гэмт хэрэгт татан оролцуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөөгүй байхад О.Цогтбаярт 5 сарын баривчлах ял оногдуулсан нь анхан шатны шүүхийн ялтан нарт ялыг ялгамжтай оногдуулсан гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гараагүй байх тул 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Хатанбаатарын үйлдсэн хэргийн товч агуулга, арга сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол,   үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох эсэхийг бичилгүй орхигдуулсан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

             Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1,  322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д  заасныг  тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар нарт холбогдох эрүүгийн 201623000283  дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт  буцаасугай.
2. Шүүгдэгч П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
Магадлалыг  уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэхийг, мөн энэхүү магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА