Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0173

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0173

            Улаанбаатар хот

 

Б.Д гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0818 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Д гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0818 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1, 280 дугаар зүйлийн 280.1-т заасныг баримтлан Б.Д гийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаснаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан  тушаалд эгүүлэн тогтоох, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээлгэх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д  дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба миний бие уг шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь Б.Д  намайг төрийн албанаас халах тухай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг гаргахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/20 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг баримтлан ажлаас халсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын зөрчилд Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулдаг.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-т тус тус зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй байдаг.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын зөрчил нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон байна” гэж заасан байдаг.

Гэтэл Б.Д  надад сахилгын шийтгэл оногдуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй учир урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан гэдэг нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүхэд тайлбарлаж, түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/20 дугаар тушаалуудыг хууль бус, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хууль зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан буюу сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй, сахилгын шийтгэл хүлээлгэсэн уг тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус тушаал гэж тайлбарласан /шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар нүүр/ боловч шүүх тайлбарыг хүлээж авалгүйгээр, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудад маргаагүй хэмээн дүгнэсэн байна. Шүүх шийдвэрийнх нь үндэслэл болж байгаа эдгээр тушаалуудад хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргаснаар маргааныг эцэслэн шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид “цолны мөнгийг 3 сар хүртэл хасах” сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга оногдуулахаар хуульчилсан.

Хуулийн энэхүү заалтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Б/20 тушаал нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.3-т “цолны мөнгийг хасах” сахилгын шийтгэлийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, тасаг, хорих ангийн дарга ногдуулахаар заасан зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 205 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”-ийн заалтыг баримталсан байгаа учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Б/20 тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-т нийцэхгүй байгаа бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан үндэслэлээр илт хууль бус байна.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга дээрх илт хууль бус шийдвэрийг үндэслэн намайг ажлаас халах тухай Б/438 дугаар тушаал гаргасан байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийхээс татгалзаж хэргийг шийдсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээлгэх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281.3.2-т тус тус заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байдаг тул надад ногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр биш, иймд урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан гэдэг нь үндэслэлгүй” гэж, хариуцагч талаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.3-т сануулах, үндсэн цалинг бууруулах, цолны мөнгө хасах шийтгэлийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, тасаг, хорих ангийн дарга ногдуулна гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргын 2016 оны А/196 дугаар тушаалаар тус заалтуудыг мөрдөж ажиллах эрхийг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нарт олгож, тус тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2А/3657 дугаар албан бичгээр харьяа алба, тасагт хүргүүлсэн тул энэ тушаалын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх зэрэг захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нь нотлох баримтаар, хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байх ёстой.

Хариуцагч 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийг сайтар ялгаж хэрэглэж чадаагүй байна.

Уг хуулийн 25 дугаар зүйл нь өөрөө “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах” тухай зохицуулалт бөгөөд 3 үндэслэлийг заасан байна.  Энэ 3 үндэслэл бүрдсэн үед төрийн албан хаагчийг ажлаас нь халахаар зохицуулсан байна. Харин хуулийн 26 дугаар зүйл нь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” тухай зохицуулалт бөгөөд 3 төрлийн сахилгын шийтгэлийг нэрлэн заагаад уг шийтгэлийг ногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн “13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд” хэмээн хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.Д гийн тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” зөрчил гаргасан гэж үзжээ. Ийм ч учраас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дахь заалтыг үндэслэн гарсан байна.

Хуулийн энэ хэсэгт заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор байна.

Б.Д  нь тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд, цэргийн дэслэгч цолтой, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх олгогдсон Төрийн тусгай албан хаагч ангилалд хамаарч байжээ. Төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Б.Д  нь жил бүр Үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. 2017 оны жилийн эцсээр Үр дүнгийн гэрээг дүгнэхэд Б.Д  нь Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч дотроо 3 дугаар байр эзэлж байжээ. Улмаар тухайн үеийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Б.Цогжаргалтай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2018 оны Үр дүнгийн гэрээгээ байгуулсан байна.

Уг гэрээнд зааснаар бол: 1.5-д “Гэрээний биелэлтийг менежерт улирал тутам мэдээлж, хагас, бүтэн жилээр тайлагнана”, 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, менежер 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор багтаан дүгнэх...”-ээр байна.

Дээрх заалтаас үзэхэд Үр дүнгийн гэрээг тайлагнаж, дүгнэх хугацаа болоогүй, үр дүнгийн гэрээнд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байтал өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан хэмээн тушаал гаргаж төрийн албанаас халсан нь буруу болжээ.

Харин Б.Д гийн тухайд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэл байсан эсэх нь жичдээ асуудал болно. Нэгэнт тушаалд энэ талаар заагаагүй тул энд тухайлан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг үндэслэн маргаж байна. Давж заалдах шатны шүүх “томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр” гэдгийг зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга гэсэн утгаар нь ойлгож хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

Маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тушаалаар хурааж шийдвэрлэсэн “цэргийн дэслэгч цол”-ыг нь сэргээж, урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг тооцов.

Тэрээр үндсэн цалин 625.214 төгрөгийн тогтмол цалинтай, үүн дээр цолны мөнгө 176.000 төгрөг нэмэгдэж бүгд 801.214 төгрөгийн цалинтай гэж тооцов. Ажилгүй байсан хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бодоход 7 сар 26 хоног /ажлын 18 хоног/ ажилгүй байжээ. Иймд бүгд 6.266.491 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийх нь хариуцагчийн үүрэг боловч нэхэмжлэгч тухайлан нэхэмжлэлийн шаардлага болгосон, шүүхийн шийдвэрээр уг шаардлагыг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх боломжтой болох тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах эрхийг нээлгэж, ажилгүй байсан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 6.266.491 төгрөгийг олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                     ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР