Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 31

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1824000380032 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны *дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  *аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Ж М /регистрийн дугаар */.

 

Шүүгдэгч Ж.М нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/ 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Хөх хадны үзүүр гэдэг газарт өөрийн эзэмшлийн, улаан өнгийн Супер Даюун маркын, улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр зүйлийн А-д заасан “жолооч биедээ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авч явна” , мөн дүрмийн 10.6 дугаар зүйлийн Б-д заасан “зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж явснаас зам тээврийн осол гаргаж, улмаар Э.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр өөрийн эзэмшлийн Супер Даюун маркын мотоциклийг жолоодон Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Хөх хадны үзүүр гэдэг газарт явж байхдаа зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас зам тээврийн осол гаргаж, Э.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

-2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-7 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-гийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 6344 дугаартай: “Э.А-ын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, гэмтэл, мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамбын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 04 дугаартай: “Иргэн Ж.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн А-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэснийг, мөн дүрмийн 10.6-ын Б-д заасан “зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 2.3-ын В-д заасан “мотоциклийн жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөн. Осол гарахад тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй. Тухайн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.  ...Мотоциклийн жолооч Ж.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 10.6.б заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэв.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

-Гэрч Я.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Их-Уул сумын нутаг дэвсгэрт зам дээр замын засвар үйлчилгээ хийж байгаа ажилд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн эзэмшлийн Бонго маркын 22-35 ЗАА улсын дугаартай автомашинтайгаа ажиллаж байгаа юм. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Хонгор багийн нутаг Хөх хадны үзүүр гэх газар өөрийн эзэмшлийн дээрх автомашинаа жолоодоод, машин дээрээ зам дээр ажиллаж байгаа ажилчдыг суулгасан, ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад замын зорчих хэсгийн зүүн гар талд байсан гарцаар буух гээд зүүн гар тийш эргээд гарц руу ортол миний машины хажуу талаас улаан өнгийн Даюун мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 57 дугаар хуудас/,

-Гэрч С.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...22-35 ЗАА улсын дугаартай машины тэвшин дээр Т, Э, Б нарын хамт суугаад өдрийн ундандаа орох гээд кемф рүүгээ орох гээд явж байхад бид нарын сууж явсан машины хойд талд 2 мотоциклтой хүн явж байсан. Тэгсэн тэр 2 мотоциклийн ард нь явсан мотоцикл урдаа явсан мотоциклийг хажуу талаар гүйцэж түрүүлээд бид нарыын машин руу ойртоод ирсэн. Тэр үед бид нарын сууж явсан машин зүүн гар тийшээ замын гарцаар буух гээд гарц руу ортол тэр мотоцикл машины хажуу талаар ороод ирэхээр нь би гараараа дохио өгөөд гараа сарвалзуулсан чинь машины зөв талаас аккумляторын харалдаа тэвшний тийшээ очоод мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59 дүгээр хуудас/,

-Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...22-35 ЗАА улсын дугаартай машины тэвшин дээр Э, Б, Ө ах нарын хамт суугаад өдрийн цайндаа орох гээд явж байтал бид нарын сууж явсан машин замын гарц дээр нэг мотоциклтой мөргөлдчихсөн. ...Машин хурд багатай гарцаар эргээд орж байсан. Харин тэр мотоцикл нэлээн хурдтай ирээд машиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 61 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Машин хурд багатай гарцаар эргээд орж байсан. Харин тэр мотоцикл нэлээн хурдтай ирээд машиныг мөргөсөн. Тэр мотоцикл урдаа явсан нэг мотоциклийг сигнал өгч гүйцэж түрүүлээд хүрч ирээд бидний сууж явсан машиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63 дугаар хуудас/,

-Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Машин хурд багатай явж байсан ба тэр үед гарцаар эргээд орж байсан. Харин тэр мотоцикл нэлээн хурдтай явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,

-Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр манай хүү М хоол идчихээд 12 цаг өнгөрч байхад манайхаас явсан байсан. Эхнэр А, охин А нарын хамт өөрийн эзэмшлийн, улаан өнгийн Даюун маркын мотоциклиор хөдөө Цэцүүх баг руу гэр рүүгээ явж байгаад зам тээврийн осолд орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/,

-Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...осол гарсан гэх газарт очтол С машин замын гарцаар зүүн тийшээгээ эргээд буучихсан, хажуу талаас нь мөргөсөн болов уу гэмээр улаан өнгийн мотоцикл С машины хойд талд газарт уначихсан байсан. Тэгтэл тэр мотоцикл дээр сууж явсан эмэгтэйн баруун талын хөл нь шилбэний хэсгээрээ хугарсан байхаар нь С бид 2 тэр эмэгтэйг миний машинаар сумын төвд эмнэлэгт хүргээд, сумын хэсгийн төлөөлөгчид тухайн зам тээврийн ослын талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/,

-Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Их-Уул сумын төвөөс өөрийн нөхөр Ж.М, охин М.А нарын хамт хөдөө Цэцүүх баг руу гэр рүүгээ мотоциклиор явж байгаад Хонгор багийн нутагт асфальтан зам дээр манай нөхөр урд талдаа явж байсан цагаан өнгийн Бонго маркын автомашинтай мөргөлдсөн юм. ...Миний баруун хөл шилбэний хэсгээрээ хугарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75-76 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бонго маркын автомашиныг зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд гарц руу орж байхад нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас зам тээврийн осол гаргаж, эхнэр Э.А биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй юм. Машины жолоочид учруулсан хохиролоо төлж барагдуулсан. Эхнэрээ эмчлүүлсэн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамбын 2018 оны 6 дугаар 27-ны өдрийн: “Ж овогтой М жолоочийн лавлагааны санд шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Ж.М дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

 Шүүгдэгч Ж.М холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ж.М автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.М үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг бүрэн барагдуулсан учир прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөөлэхээр хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.М нь нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй юм.

 

Мөн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Ж М автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ж.М 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.М энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ж.М нь нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.УРТНАСАН