| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00031/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 33
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхриймаагаар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Ё.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1824000000035 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ё Г /регистрийн дугаар: */.
Шүүгдэгч Ё.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн “Хоёр голын бэлчир” гэдэг газарт байрлах иргэн н.Б гэрт Г.Д маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.Г нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн “Хоёр голын бэлчир” гэдэг газарт байрлах н.Бы гэрт Г.Д маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 182075 дугаартай: “...Г.Д биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, баруун гуяны дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Д биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 4 дүгээр хуудас/,
-Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд голын урд Б очиж хурга засаад, хурганыхаа засааг чанаж идэх гэж байсан чинь Г гаднаас эхнэр хүүхдийн хамт ирсэн. Орж ирээд сууж байгаад намайг янтайчихаад, хамранд нь баас түрхсэн аятай юу болчихоов гээд үгээр идээд байсан. Бас урд өдөр нь манай нөхрийг хулгайч сэртэнгийн шар чөтгөр гэж дуудаад, миний нутаг орон дээр буусан, эндээс зайлаарай янхан, жингэр гэж хэлсэн. Тэгээд намайг миний базынд сууж байдаг хулгайчууд юу юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь айлын хогны шүүрний иш бариад цохиод автал миний хөл рүү өшиглөөд, гэдэс рүү өшиглөөд, толгой руу гараараа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс болиоч гээд салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/,
-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт О ах эхнэр хүүхдийн хамт ирээд хурганы засаа идэх гэж байсан. Удалгүй Г ах эхнэр А хамт ирсэн. Тэгээд Гармаа ах Д эгчтэй муудалцаад, гэнэт пид пад гээд цохилцоод авсан. Г ах Д эгчийн толгой руу цохисон, бас гуя руу нь өшиглөсөн. Тэгээд Д эгч голын зах дээр сууж байгаад харьсан. Г ахыг харих замд нь цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/,
-Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манайх Б хурга засаад, тэндээ засаа идэхээр байж байсан. Манайхан очоод удаагүй байж байхад Г эхнэрийн хамт ирсэн. Бид хэд бяруу засаад байж байтал Г манай эхнэр Д зодоон хийсэн гээд бөөн маргаан болсон байсан. ...Ямар ч байсан Г Д толгой руу нь цохиж, гэрээс гараад өшиглөсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
-Яллагдагч Ё.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай баз Б гэртээ хурга засаж байна гээд ирж идээч гэхээр нь би эхнэр 2 хүүхдийн хамт очсон. Тэгэхэд тэнд Д, О ах нар байсан. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор Д эгчтэй муудалцаж, Д эгч намайг шүүрээр цохиод авахаар нь би уурлаад өшиглөж аваад, толгойных нь ард гараараа цохиод авсан. Тэрнээс болж би цагдаагийн байгууллагад шалгагдах болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ё.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Таарамжгүй харилцаа үүссэний улмаас Д зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Д учруулсан хохиролдоо 1 үхэр өгөхөөр тохиролцож, хохирол гомдлыг барагдуулсан. Д үхрээ идэшний үеэр авна гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ё.Г дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ё.Г холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ё.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.Г ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солих боломжтой, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учир түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй юм.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Ё Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Ё.Г хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 5/13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ё.Г нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Г өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН