| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00036/э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 38
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг
Шүүгдэгч Н.О
Хохирогч Ч.Э
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О холбогдох эрүүгийн 1824000650047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ховогт Н О /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.О нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нархан хорооллын 606 тоот хашаанд иргэн Ч.Э маргалдан хөл нь тус газарт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.О нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би нилээн халсан байсан болохоор Ч.Э хандан чи миний гар утсыг авсан байна билээ утас өгөөрэй гэхэд Ч.Э уурлаад би утсыг чинь аваагүй гэсэн асуудлаас болж биднийг муудалцахад Б та хоёр гарч муудалц гэхээр нь Ч. бид хоёр Б гэрээс гарсан. Би Б гарахдаа тогооны шүүгээн дээр байсан хүрэн иштэй хутгыг Э айлгах санаатай авч гарсан. Ч.Э айлгах гэж хутгаар чичиж байтал түүний зүүн хөл рүү хатгагдсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж, харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрт бэлэн 1 сая төгрөг, эмнэлгийн ор хоногийн мөнгө гурван зуу гарауй мянган төгрөг өгсөн. Одоо 200,000 төгрөгийг 10 дугаар сарын 15-нд өгөхөөр хохирогчтой тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...” гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.О нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нархан хорооллын 606 тоот хашаанд хохирогч Ч.Э маргалдаж улмаар түүний зүүн хөлийн дунд чөмөгний ар дээд хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О над руу “Чи миний гар утсыг хулгайлж авсан” гээд дайраад эхлэхээр нь би гар утсыг чинь аваагүй учрыг нь олоорой гэсэн. Энэ асуудлаас болж бид хоёр муудалцсан. Тэгтэл Орхон гаръя гэхээр нь гарч явтал О Б ширээн дээрээс хутга авч байгаа харагдсан. Би зугтаад гараад гүйтэл араас гүйцэж ирэхээр нь эргэж хараад хөөе чи хүн рүү хутга шаалаа гэсэн чинь муу пиздаг ална гээд хутгаараа чичээд эхэлсэн. Би газарт унаад урдаас нь тийчилсэн чинь миний зүүн хөлийн булчин хэсэгт нэг удаа, мөн баруун хөлийн өвдөг хэсэгт нэг удаа хутгаараа хатгачихсан. Тэгтэл миний зүүн гуяны ар хэсгээс маш их цус гарсан. Одоо надад гомдолгүй. Би хохиролд 1.300.000 төгрөг авсан үлдсэн 200,000 төгрөгийг 10 дугаар сард Орхон надад өгөхөөр бид эвлэрч тохиролцсон байгаа..” гэсэн /хх-ийн 9-12-р хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э, О хоёр муудалцаад байхаар нь би тэр хоёрыг гар гээд гэрээс хөөхөд гараад явсан. Удалгүй Т, Б бид нарыг гэрээс гараад ирэхэд манай гэрийн довжоо цус болчихсон, Орхон манай мах хөшиглөдөг хутгыг барьчихсан Э манай хашаанд байдаг том төмөр дээр сууж байгаа харагдсан. ...Э зүүн талын гуяны ар хэсгээс цус гарч өмд нь цус болчихсон байсан...” гэсэн /хх-ийн 19-20-р хуудас/
Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Б гэрээс гарч ирэхэд хашаан доор О хутга барьчихсан Э руу дайраад байхаар нь боль гэтэл Орхон намайг нэг удаа өшиглөхөөр нь хутгалуулчих байх гэж бодоод Б цуг гэрт орсон. ...Э О чи хутгалчихлаа гэхэд дахиад хатгаад өгье гээд дайраад байсан...” гэсэн /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э О утас авсан гээд тэр хоёр маргалдаад байхаар нь айлд та нар болиоч гарч маргалд гэтэл тэр хоёр гараад явсан. Гадаа О хутга барьчихсан Э урдаас нь дайрсан байдалтай зогсож байсан. Э чи миний гуя руу хутгалчихлаа гэхэд О гарт хутга байсан...” гэсэн /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өдөр төрсөн дүү Ч.Э, хүргэн Э нартай таараад мэнд мэдэлцээд өнгөрч яваад эргээд хартал Ч.Э өмднийх нь ар тал цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад О хутгалчихлаа гээд гэр лүүгээ явсан. Би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд араас нь очиход эхнэр А өмдийг нь тайлаад арчаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182097 тоот “...Ч.Э биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн дунд чөмөгний ар дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдоо. Энэ гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөр тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн байдлаас хамаарна. Ч.Э биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.О холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Н.О холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байна
Шүүгдэгч Н.О гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.О “...Утас хулгайллаа гэж гүтгэлээ...” гэсэн шалтгаанаар хохирогч Ч.Э маргалдаж улмаар түүний зүүн хөлийн дунд чөмөгний ар дээд хэсэгт хутгалсны улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Тиймээс шүүгдэгч Н.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, тэрээр хохирогч Ч.Э хохирол төлбөрт нийт 1,300,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 200,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай төмөр хутга 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхгийг устгаж, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн хөрөө харуулыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/32 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар гэр овогт Н О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч Н.О нь хохирогч Ч.Э хохирол төлбөрт 200,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Орхоны хувьд ногдох хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн хөрөө харуулыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/32 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай төмөр хутга 1 ширхэг, хохирогчийн өмсөж явсан хөх өнгийн даавуун өмд 1 ширхэгийг устгасугай.
8. Шүүгдэгч Н.О гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ