| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00037/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 39
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг
Шүүгдэгч З.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цгэр овогт З.Б холбогдох эрүүгийн 1724000460044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт З Б /РД:ИН84/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17-19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1-4-59 тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч иргэн Т.Цкашмерэн дээл, савхин дээл, цамц юбканы хослол, мөнгөн тоноглолтой бүс, 3 ширхэг гутал, утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч З.Б нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Анх дэлгүүрийн урд талд Б таарч архи уухад авгай нь маргааш хот руу явах гэж байгаа гэсэн. Маргааш өглөө би нэг шил архи аваад тэдний нохойны үүрийг янзалж өгөхөөр очиход байшингийнх нь хаалганууд онгорхой эзэнгүй байхаар нь үүдний довжоон дээр нь сууж байгаад авч очсон архиа ууж дуусгаад хэсэг зуур Б хүлээж суугаад ирэхгүй болохоор нь байшин руу ороод угаалгын машин дээр нь байсан хар өнгийн гар утас, хувцасны шкафнаас нь эмэгтэй хүний дээл, савхин дээл, юбка цамцны хослол, гутал зэргийг аваад явсан. Ууж байсан архи дууссан болохоор зарж архи авч уухаар авсан. Тэднийхээс гараад дэлгүүрийн тэнд нэг таксины жолоочид утсыг 10.000 төгрөгөөр өгөөд архи авч уусан нэг мэдсэн Дархан-Уулын наад талд унтаж байсан, бусад хувцас хунарыг нь согтуудаа яаснаа сайн мэдэхгүй байгаа юм...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17-19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1-4-59 тоотод орших хохирогч Т.Ц гэрт нэвтрэн орж түүний кашмерэн дээл, савхин дээл, ноолууран цамц юбкны хослол, мөнгөн тоноглолтой бүс 1 ширхэг, 4 ширхэг гутал, “Samsung S-3” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж түүнд 1,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн орчим Улаанбаатар хотоос ирээд байшингийн коридорт байрлах хувцас хадгалдаг өрөөнд ороход миний хувцас, гутал байхгүй байхаар нь нөхрөөсөө асуухад мэдэхгүй гэсэн. Үүнээс болж нөхөр бид хоёр маргалдаад байж байтал Э /Ё.Э/ гаднаас орж ирээд З.Б гэх залуу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд А.М ахынд мөнгөн бүс, тортой эмэгтэй хүний савхин дээл, хувцаснууд барьчихсан орж ирсэн гэхээр нь миний нөхөр Э/Ё.Э/ хамт сургийг гаргахаар гарч яваад буцаж ирэхдээ мөнгөн бүс нь Б.Г ахад байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь Б.Г ах руу утсаар ярьж асуухад манайд авчирч өгсөн. Миний бүс мөн байсан. З.Б нь хохирол төлбөрийг төлсөн тул гомдол саналгүй...” гэсэн /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Улаанбаатар хотоос ирээд байшингийн таамбарт байрлах хувцас хадгалдаг өрөөнд байсан миний хувцас, гутал байхгүй байна гэхээр нь би мэдэхгүй гээд эхнэр бид хоёр маргалдаад байж байтал Эрдэнээ /Ё.Э/ орж ирээд З.Б нь А.М ахынд тортой хувцас, мөнгөн бүс барьчихсан орж ирсэн. А.М ах мөнгөн бүсийг нь архинд тавьсан байх, тортой хувцсыг нь А.М ахын орны толгойн орчим үлдээсэн гэхээр нь А.М уулзахад манайд З.Б тортой хувцас, мөнгөн бүс авчирч тавьсан. Би мөнгөн бүсийг нь архинд тавьж уух гэж гараад танайд орсон. Тэгэхэд Б.Г ах та хоёр архи ууж байсан. Би мөнгөн бүсээ гаргаж ирээд энийг барьцаанд тавиад архи авч ууя гэхэд Б.Г ах бүсийг барьцаанд тавьж архи уух гэлээ гээд булаагаад авсан шүү дээ, тортой хувцас нь манайд байсныг би үзэхэд эмэгтэй хүний савхин куртик, хувцаснууд байсан. Түүнийг би шкаф руу далд хийчихсэн чинь алга болчихсон байна гэж хэлсэн. З.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчим эдгээр зүйлсийг А.М гэрт авч очсон байдаг. Энэ өдөр эхнэр Т.Ц маань 16 цагийн автобусаар Улаанбаатар хот явсан. Эхнэрийг явангуут би архи уугаад гэрийнхээ том өрөөнд унтчихсан байсан...” гэсэн /хх-ийн 19-20-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг хэзээ алга болсон гэдгийг сайн санахгүй байна, манай ээжийг Улаанбаатар хот руу явдаг өдөр алга болсон байсан. Тэр өдөр намайг хичээлээс ирэхэд үүдний амбаарт байсан хувцас хайрцаг нь газраар нэг болсон, зарим нэг нь алга болсон байхаар нь ааваас асуухад ээж нь аваад явсан байх гэсэн. Би тэр үедээ тоолгүй орхисон. Удалгүй ээж Улаанбаатар хотоос ирээд хувцас алга болсон байна гэдгийг мэдсэн. Манай гэрийн үүдний амбаараас хайрцагт байсан манай ээжийн гутал, савхин дээл, эмэгтэй хүний ноосон дээл, манай аавын гар утас, миний өөрийн 2 ширхэг гутал зэрэг өөр бусад эд зүйл алга болсон байсан...” гэсэн /хх-ийн 25-р хуудас /
Гэрч Ё.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны үед намайг А.М гэрт нь байхад орой 22 цагийн үед З.Б ганцаараа торонд эмэгтэй хүний торгон ягаан хос хувцас, гоёлын хувцас, цамц, юбка, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хийчихсэн барьж орж ирсэн. Торонд өөр юу байгааг би анзаарч хараагүй. Гэрт н.Б, А.М бид гурав байсан. З.Б манай авгайн эд зүйл байгаа юм гэхээр нь би “чиний авгайн юм гэж юу байдаг юм салаад тав, зургаан жил болсон байж” гэж хэлсэн. З.Б бага зэрэг архи уусан байсан. Тэр тортой хувцсаа А.М хувцасны шүүгээнд хийж орхиод гараад явсан...” гэсэн /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдрийг нь сайн санахгүй байна өглөө сэрэхэд Ё.Э, н.Б хоёрын унтаж байсан орны толгойн хажууд гялгар ууттай хувцас тавьчихсан байсан. Би Ё.Э, н.Б хоёрын юм байх гэж бодоод аваад үзэхэд торон дотор эмэгтэй хүний ягаан өнгийн хослол, эмэгтэй хүний шинэ бололтой савхин куртик, эмэгтэй хүний мөнгөн бүс байсан. Би үзчихээд эмэгтэй мөнгөн бүсийг дэлгүүрт тавьж шар тайлах архи авч ууя, дараа нь Ё.Э, н.Б хоёрт авч өгье гэж бодоод авсан. Тэгээд Я.Б гэрт ороход Я.Б, дух гэж хочилдог Б.Г хоёр сууж байсан. Б.Г нь үүгээр яах гэж байгаа юм гээд авсан. Тэнд би 100 грамм архи уучхаад буцаж гэртээ ирээд нөгөө тортой зүйлийг хувцасны шүүгээнд хийсэн. Маргааш өглөө нь босоод үзэхэд байхгүй байсан...” гэсэн /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны үед Я.Б бид хоёр жимс ногооны дэлгүүрийн хажууд байж байхад А.М ирээд надад мөнгөн бүс үзүүлээд зарах гэж байгаа бололтой байхаар нь би авсан. Хүрэн өнгийн суртай мөнгөн даруулгатай эмэгтэй хүний мөнгөн бүс байсан...” гэсэн /хх-ийн 23-р хуудас/ мэдүүлгүүд болон Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Эмэгтэй хантаазтай кашмерэн дээл 250.000 төгрөг, эмэгтэй хар өнгийн савхин дээл 200.000 төгрөг, яагаан өнгөтэй ноолууран цамц, юбка 300.000 төгрөг, эмэгтэй мөнгөн даруулгатай суран бүс 100.000 төгрөг, эмэгтэй өвлийн урт түрийтэй арьсан гутал 150.000 төгрөг, арьсан ботинк 150.000 төгрөг, үргэлж ултай урт түрийтэй гутал 85.000 төгрөг, урт түрийтэй элгэн гутал 120.000 төгрөг, Samsung S-3 маркийн гар утас 100.000 төгрөг гэсэн...” дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.Б холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч З.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгож хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байна.
Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч З.Б хохирогчийн амьдардаг байшинд хууль бусаар нэвтэрч шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр бусдын эд зүйл, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авч байгаа үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Тиймээс шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Б ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүний хувьд ногдох эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч, MORE маркийн угаалгын машин, БНХАУ-д үйлдвэрлэсэн ENDURO маркийн мотоцикл зэрэг эд зүйлийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт З Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Б 1 / нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д, 3 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдлэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.
5. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч З.Батболдын хувьд ногдох эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн хөлдөөгч, MORE маркийн угаалгын машин, БНХАУ-д үйлдвэрлэсэн ENDURO маркийн мотоцикл зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5/31 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ