Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01899

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01899

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/02905 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 10,020,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь 2022 оны 04 дүгээр дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, МТ шатахуун түгээх газрын баруун талд авто угаалгын газрын хашаан доторх замд Тоёота корола /Toyota corolla/ маркийн 58-** УНЗ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас А-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Тухайн ослын улмаас А-ын биед тойгны дотор холбоосны урагдал, өвдөгний эргэн тойрон булчингийн урагдал, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирсан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2202/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолоор Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.

А- нь өөрийн эзэмшлийн 68-** УАО улсын бүртгэлийн дугаартай, Хьюндай майти-2 /Hyundai Mighty-2/ маркийн тээврийн хэрэгслээр дуудлагын автомашин ачилтын үйлчилгээ хувиараа эрхэлдэг. Гэтэл Б-ийн учруулсан гэмтлийн улмаас 2 сарын хугацаанд авто тээврийн хэрэгсэл жолоодож, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, тухайн хугацаанд олох байсан орлогоо алдсан.

Иймд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл А-ын олох байсан орлого болох 10,000,000 төгрөг, нотариатын зардал 20,300 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд А-ын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн.

Мөн А- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олох байсан орлого нэхэмжилж байсан боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч тухайн үед хохирлыг төлж барагдуулсан байх тул олох байсан орлого нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцахгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б-д холбогдох, А-ын нэхэмжилсэн 10,020,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэм хор учруулсны улмаас А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, энэхүү гэмтлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, зөвхөн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, хариу тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын улмаас олох ёстой байсан орлого 10,000,000 төгрөг, нотариатын зардал 20,300 төгрөг, нийт 10,020,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

3.1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 804 дүгээр магадлалаар Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эмчилгээний зардал 969,175 төгрөгөөс төлсөн 510,000 төгрөг хасч тооцон үлдэх 459,175 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Б- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар түүний хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

3.2. Нэхэмжлэгч А- нь өөрийн эзэмшлийн 68-** УАО улсын бүртгэлийн дугаартай, Хьюндай майти-2 /Hyundai Mighty-2/ маркийн тээврийн хэрэгслээр дуудлагын автомашин ачилтын үйлчилгээ эрхэлж орлого олдог болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хаан банк ХК дахь А-ын эзэмшлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн учруулсан гэмтлээс шалтгаалан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 10,000,000 төгрөгийн орлого олж авч чадаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн дээрх хугацаанд түүний банкны депозит дансанд 49 удаагийн гүйлгээгээр ачилт, машин ачлага, ачигч, тээвэр зэрэг утгаар 4,441,289 төгрөгийн орлого орсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан хугацаанд хариуцагчийн учруулсан гэмтлээс шалтгаалан нэхэмжлэгч нь ажил эрхлээгүй, орлого олоогүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэгчийн гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10,020,300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/02905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ