Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 40

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Н.Мөнхбат,

Хохирогч Л.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Э.Гт,

Шүүгдэгч М.Б,

Гэрч Г.Л

Шинжээч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М Б холбогдох эрүүгийн 1716000900014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  тоотод оршин суугч, урьд ял шийтгүүлж байгаагүй, Оовогт М Б /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарви сумын төвд өөрийн өмчлөлийн 76-64 ГАҮ улсын дугаартай “Истана” маркийн автомашин дотор Л.Б биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх явцдаа хохирогч Л.Б биед үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарви сумын төвд 76-64 ГАҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Л.Б биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдэж, хүчиндэх явцдаа хохирогч Л.Б биед үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны орой хамт ажилладаг багш С.Ц, түүний нөхөр Ю.П хамт сумын төвийн баруун хотны хойд хэсэгт очиж 0,500 граммын “Ерөөл” нэртэй архи ууж байхад М.Билэгдэлгэрээс хаана байна гэсэн мессэж ирсэн. Тэндээс бид зүүн хотны хойд талд ирээд байж байтал М.Б ирсэн. М.Б 0,750 граммын “Ерөөл” нэртэй архи авч ирсэн байсан. М.Б биднийг өөрийнхөө машинд суулгаад архинаасаа бид нарт аягаар тэнцүү хийж өгч уулгасан. Тэндээс бид Ю.П гэрийн үүдэнд ирэхэд С.Ц хүүхдээ тэврээд гэртээ орсон. М.Б Ю.П хоёр намайг хүргэж өгөхөөр үлдэхэд М.Б нь Ю.П “чамайг хамт явж байгааг ээж нь харах юм бол загнана” гэж хэлээд түүнийг хашааных нь үүдэнд буулгачихаад манай гэрийн зүг рүү явж байгаад хашаа тойроод баруун хотны хойшоо явахаар нь би “Та хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхэд ямар нэгэн зүйл хэлэхгүй явж байгаад баруун хотны хойно очиж зогсоод машины суудлын дундуур давж орж ирээд над руу дайрч миний өмдийг тайлах гэхээр нь би “Болиоч” гээд цээж рүү нь 2 удаа өшиглөөд зугтах гэтэл М.Б намайг барьж аваад миний толгойруу юмаар цохих шиг болоход би ухаан алдсан байсан. Өглөө 06 цагийн үед сэрэхэд Ю.П гэрт цустайгаа холилдсон хэвтэж байсан. Маш их цус гарсан, дэвсгэр даавуу болон гудас нэвтэрсэн байсан. Миний толгой эргээд хөлийн яс өвдөөд алхаж чадахгүй байсан. С.Ц юу болсон талаар асуухад М.Б чамайг “Гэртээ орохгүй байна” гээд авч ирсэн гэсэн. ...Би согтуу байсан боловч болсон үйл явдлыг бүрэн санаж байна. Тухайн үед М.Билэгдэлгэр бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Маргааш нь манай сумын эмч Оюунгэрэл намайг үзээд “чи хүнд хүчиндүүлсэн байна” гэж хэлсэн. Би одоо болтол хагалгаанд орж чадаагүй. Шээс гоождог зовиуртай, эмчилгээ хийлгэж байгаа. М.Б хохирол төлбөр, эмчилгээний зардалд 6,973,950 төгрөг өгсөн. Одоо эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй. Би ажилдаа орох гэсэн боловч хөдөлмөрийн 60 хувийн чадвар алдалтай учраас ажилд оруулахгүй байгаа. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх 3,976,510 төгрөгийг М.Б гаргуулахаар нэхэмжилж байна. Би давсагны хагалгаанд орох гэж байгаа. Нэг л удаа хагалгаанд орно, дахиж оёо тогтохгүй гэж эмч хэлсэн. Одоо байнга памперс хэрэглэдэг. М.Б болон түүний ар гэрийнхэнд маш их гомдолтой байна. М.Б ээж нь манай цэцэрлэгийн эрхлэгч бөгөөд намайг ажилдаа оръё гэхэд ажилд оруулдаггүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42-44-р хуудас/,

гэрч Ю.П /О/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүүхдийн үсний найранд сууж байгаад гарч ирээд эхнэрийн ажлын газрын Л.Б, манай эхнэр бид гурав жаахан ярьж сууя гээд уулзсан. Бид гурав баарнаас 1 шил 0,500 граммын архи аваад сумын баруун хотны хойно очиж машиндаа уусан. Энэ үед Л.Б машинаас буугаад хүнтэй утсаар яриад байхаар нь түүнд хүн битгий дууд гуравуулаа ярьж сууя гэж хэлсэн биздээ гэж хэлээд тэндээс хөдлөөд зүүн хотны хойно очсон. Л.Б нөгөө хүнтэйгээ яриад зүүн хотны хойно байна хүрээд ир гэхэд М.Б ирсэн. Тэнд бид хэд жаахан сууж байгаад явцгаасан. ...22 цаг өнгөрч байхад М.Б ганцаараа манай гэрт орж ирээд наадах чинь унтчихсан юм уу босгооч гэхээр нь Л.Б хоёр найздаа хайртай шүү гэж байгаад сая унтлаа, жоохон унтаад архи нь гарах байх гэтэл М.Б наадахыг чинь хүргэж өгье гэхээр нь М.Бр бид хоёр Л.Б машинд суулгаад гэрийнх нь хашааны хаалгыг өнгөрч зогсоод М.Б түүнийг машинаас буулгаж хашааны хаалгаар оруулж өгсөн. М.Бнамайг манай гэрийн гудамжны дээд өнцөгт буулгаж өгөөд явсан. Гэртээ ороод унтаж байтал манай хашаанд машин орж ирэхээр нь харахад М.Билэгдэлгэр Л.Буманжаргалыг сугадаад орж ирсэн. Танайд хонуулчих уу гэхээр нь тэг гээд гэрийнхээ баруун талд унтуулсан. Өглөө 6 цагийн үед Л.Б сэрээхэд шалны хулдаасан дээр бөөлжсөн, түүний хажуухан талд жаахан цус гарсан, дэвсгэр нь цус болсон байсан. Манай эхнэр Л.Б биений чинь юм ирсэн юм уу гэхэд үгүй гэж байсан. Өглөө би Л.Б гэрийнх нь хашааны үүдэнд хүргэж өгсөн. ...Өглөө 10 цагт Алтанцэцэг манайд ирээд Л.Б хөдөлж чадахгүй цус алдаад байна. Очоод хараадах гэхээр нь очиход Л.Б хэвтэж байсан. Би эхнэрээ болон эмчийг дуудсан. Миний нэрийг П гэдэг хүмүүс намайг О гэж дууддаг..” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р хуудас/,

гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр бид хоёр хүүхдийн үсний найранд сууж байгаад гарч ирээд Л.Буманжаргалтай уулзаж жаахан ярьж суухаар болсон. Бид гурав баарнаас 1 шил 0,500 граммын архи аваад сумын баруун хотны хойно очиж машиндаа уусан. Энэ үед Л.Б машинаас буугаад хүнтэй утсаар яриад танай хадмын чинь хашааны доод талд байна хүрээд ир гээд дуудаж байхыг би машины гадаа хүүхдээ бие засуулж байхдаа сонссон. Л.Б машинд суухад манай нөхөр хүн битгий дууд гурвуулаа ярьж сууя гэж хэлсэн биздээ гээд тэндээсээ хөдлөөд зүүн хотны хойно очсон. Л.Б утсаар яриад байгаа газраа зааж өгөхөд удалгүй М.Б ирсэн. Тэнд бид хэд жаахан сууж байгаад явсан. ...М.Б хүүхдийн үсний найранд явна гээд явсан. Л.Б манай нөхөр бид гурав манайд ирсэн. 23 цагийн орчим М.Б ирээд Л.Бг гэрт нь хүргэж өгье гээд манай нөхөртөй хамт түүнийг машинд суулгаад авч явсан. Би араас нь хараад зогсож байхад Л.Буманжаргалын хашааны хаалгыг машин өнгөрч зогсоод хүн бууж байгаа харагдсан. Тэндээс машин хөдлөөд манай нөхрийг гудамжны дээд талд буулгачихаад явсан. Би нөхрөөсөө Л.Буманжаргалыг гэрт нь оруулж өгсөн үү гэж асуусан чинь М.Б хашаанд нь оруулж өгсөн гэсэн. Бид нарыг унтаж байхад шөнө хашаанд машин орж иртэл М.Б Л.Б сугадаад оруулж ирсэн. М.Б “Л.Б гэртээ ороогүй хашааныхаа дотор зогсож байна” гэхээр нь наанаа унтуулчих гээд гэрийнхээ баруун талд унтуулсан. ...Өглөө Л.Б босоход өмднийх нь ар тал цус болчихсон, манай гудас бага зэрэг цус болсон байхаар нь чиний биений юм ирсэн юм уу гэхэд үгүй байх гэсэн. Өглөө Л.Б манай нөхөр гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/,

гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг болж байхад гэрийн хаалга дуугарах чимээ гарсан. О босоод хаалга нээхэд манай охин Л.Б “ээжээ би үхлээ ш дээ” гэж хэлээд ухаан алдаад унасан. Бид нар түүнийг гэртээ оруулж орон дээр хэвтүүлээд гутлыг тайлахад хөл нь цус болчихсон, гуяыг нь дагаж цус гарч байсан. ...Би Л.Б болсон явдлын талаар санаж байна уу гэхэд Дэлдээ ах Истана машины ар талд миний өмдийг тайлж байсан. Би ноцолдоод дийлээгүй, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Ухаан ороход О байж байсан. Би босоод гэртээ ирсэн гэж хэлсэн. ...Би Л.Бс тэр орой юу болсон явдлын талаар асуухад “О, Ц нартай хамт явж, хээр гарч 2 шил архи уусан. О гэрт очиж архи уусан” гэсэн. ...Би Д, О, Ц нарыг бүгдийг нь байхад энэ зүгээр байж байгаад цус алдана гэж байхгүй. Би болсон явдлын талаар гадарлаж байна гэхэд Дэлдээ “Алтай эгчээ би Л.Б аваад аймаг явья” гэж хэлсэн, өөр зүйл ярихгүй байсан. ...эх баригч О ирж үзлэг хийхдээ Л.Б хүчиндүүлсэн байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р хуудас/,

гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай эмнэлгийн их эмч Ө утсаар яриад Л.Б гэрт хүрээд ир гэхээр нь очиход их эмч түүнд тариа хийчхээд явчихсан байсан. Л.Б юу болсон талаар асуухад Л.Б доод хэсэгт өвчтэй байна гэсэн хөнжлийг нь сөхөөд үзтэл түүний дотоож нь цус болоод нэвтэрсэн байхаар нь юу болсон талаар асуухад уйлаад байсан бөгөөд ээрцэг, төнх, давсаг зэрэгт нь өвдөж байна гээд хөлдөө ч гар хүргэхгүй байсан. Би Л.Б ээж Х.А нийлж байгаад түүний дотоожийг тайлж цус хаанаас гарч байгааг шалгаж, гадна бэлэг эрхтэнг нь үзэхэд цус гараад тогтсон байсан. Л.Б хүнд ашиглуулчихсан юм уу гэж асуухад уйлсан хэрнээ толгой дохиж байсан. Тухайн үед Л.Б архи үнэртэж байсан. Л.Б нарийн үзлэг хийлгээгүй, ямар ч байсан үтрээнээс нь цус гараад тогтсон байсан. Л.Б эхэндээ машинаас унасан гэж хэлэхэд ээж нь наадах чинь унаагүй гэсэн. Биед нь хөхөрч няцарсан зүйл байж магадгүй гэж бодоод үзэхэд хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Л.Б байхад цэцэрлэгийн эрхлэгч Э орж ирээд юу болсон талаар асуухад Л.Б бид нарыг гарч бай даргатай тусдаа уулзмаар байна гэхээр нь бид гарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58-59-р хуудас/,

гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчим М.Б Л.Б очоод үзээд өгөөч машинаас уначихсан босож чадахгүй байна гэхээр нь очиж анхан шатны үзлэг хийсэн. ...Л.Б босож чадахгүй, бөгсөн бие өвдөөд доошоо цус гараад дотор муухайрч байна гэсэн зовиур хэлсэн. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай босож чадахгүй хордлогын байдалтай, урьд өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан. Өмсөж байсан өмдийг нь тайлж үзлэг хийх гэсэн боловч өвдөөд байна гээд миний гарлуу цохиод үзлэг хийлгээгүй, өмдний гаднаас нь тэмтэрч үзэхэд давсаг, хоёр сүүжний орчмоор эмзэглэл ихтэй байгаа талаар хэлсэн. Өмсөж байсан өмдний салтай орчим нь цус мэтийн зүйлээр бохирлогдсон, дэвсгэр даавуу нь цус болоогүй байсан. ...2017 оны 10 дугаар сарын 07-нд 10 цагийн орчим ээлжийн сувилагчтай хамт Л.Б очиход тэрээр доошоо бага зэрэг цус гарч байна, бөгсөн биеэр өвдөх нь хэвийн байна гэсэн. Ээж нь цустай шээсэн гэхээр нь үзэх гэхэд асгачихсан гэж хэлсэн. Л.Б доогуур үзлэг хийх гэхэд хийлгээгүй. ...Л.Б цэцэрлэгийн эрхлэгч Э аймаг авч явахад сувилагч Бүрэндэлгэрийг хамт явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62-р хуудас/, 

гэрч Г.Л шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчим манай тасгийн эрхлэгч эмч А.С үзлэг хийхээр намайг дуудсан. Л.Б үзэхэд биеийн байдал нь хүндэвтэр, хэвлийн доод хэсгээр хатгуулж өвдөнө, хоёр хөлийг хөдөлгөж болохгүй, үтрээнээс цус гарч байна гэсэн зовиуртай, маш их айж сандарсан, тайван бус байдалтай байсан. Үзлэгээр үтрээнээс цус шингэн гарсан, хар хүрэн нөжтэй цус гарсан, үтрээний урд баруун хүнхрээ маш гүнзгий урагдсан, зах ирмэгээр цус гарч байсан, урагдсан хэсгийн цаанаас хар хүрэн нөж цухуйсан байсан. Урд хүнхрээний хэсэгтээ маш их цус хурсан, хэвлийн эход харуулсан байсан, давсагны хананд цус хуралттай, умайн ар доод хэсгээр хязгаарлагдмал шингэнтэй, маш өвдөлттэй, өвчтөн тайван бус байсан. Умайн хүзүү үтрээ нийлсэн хэсэгт 4 см орчим тал сар хэлбэртэй урагдалтай, урагдлаас ягаан цус гарч байсан. Урагдлаас цааш бага аарцгийн гялтан давсаг умайн завсраар 6 см орчим цус хурсан байсан. Урагдсан хэсгийн кардинал холбоосын цус гарч байгаа судсуудыг барьж оёдол тавьж цус тогтоосон. Шархны ирмэг цус шүүрч байгаа хэсэг дээр коакулъяцаар түлж цус тогтоосон. Өвчтөний биеийн байдал хүнд байсан учраас нугасны мэдээ алдуулалт дор 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Л.Б нь тухайн үед согтуу байхдаа хүнд хүчиндүүлсэн гэж байсан бөгөөд дээрх гэмтэл нь хүчиндүүлэхээс өөрөөр үүсэх ямар ч боломж байхгүй. Энэ гэмтэл машин мотоциклоос унах үед үүсэхгүй. ...Хүссэн бэлгийн харьцааны үед тухайн гэмтэл нь үүсэхгүй, харин хүчилж бэлгийн харьцаанд орох болон эмэгтэйн бие организм бэлэн болоогүй тохиолдолд бэлгийн харьцаанд орох үед энэ гэмтэл үүснэ. Түүний биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалт, хүүхэд төрүүлэх, бэлгийн харьцаанд ч нөлөөлнө. Давсагны язрал гэдэг нь давсганд байгаа цоорол гэмтэл гэсэн үг. Энэ цоорол нь харьцангуй бага байсан учраас бид нар тодруулагч бодис шахаж үзээд давсагны цоорол гэсэн оношоо баталгаажуулсан. Бэлгийн харьцаанд орсон тохиолдол бүхэнд заг хүйтэн өвчин дамжихгүй, бэлгийн замаар дамждаг халдварт өвчний тухайд эхнэр нь халдвартай байхад нөхөр нь халдваргүй байж болдог...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,

гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 103 дээр Л.Б ирсэн байхаар нь үзэхэд их зовиуртай байсан бөгөөд хэвлийн доод хэсгээр өвдөнө, хоёр хөл хөдөлгөж болохгүй байна гэж байсан. Түүний биеийг үзэхэд маш их өвдөлттэй байсан учраас мэргэжлийн эмчээр судсаар өвчин намдаах тариа хийж байгаад үзлэг хийсэн. Үзлэгээр Л.Б үтрээний урд хүнхрээ нь урагдсан, цус хуралттай, умай томгүй, дайвар нь тэмтрэгдэхгүй, гар дагаж цуслаг ялгадас гарч байсан. Л.Б нь тухайн үед ямар нэгэн зүйл хэлээгүй харин ээж нь гэх хүн хүнд хүчиндүүлсэн гэх зүйлийг ярьж байсан. Л.Б биед учирсан гэмтэл нь машин мотоциклоос унах үед үүсэх боломжгүй. Анхны өдөр давсаг урагдсан гэдгийг тогтоох боломжгүй байсан. Харин дараа нь Л.Б эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байхад түүнийг давсагны урагдалтай байна гэдгийг тогтоож давсганд байнга катетр тавьж байсан. Л.Б биед үүссэн гэмтэл нь эмэгтэй хүн бэлгийн харьцаанд ороход бэлэн болоогүй байхад бэлгийн харьцаанд орох үед үүсэх боломжтой. ...Тухайн хүний биеийн дархлаа сайн байх юм бол бэлгийн замын халдварт өвчний халдвар авахгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,

гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өвчтөнийг үзэх үед амбулаторт ажиллаж байсан. Л.Б гэдэг өвчтөнд дотуур үзлэг хийхэд давсаг үтрээний хооронд цоорсон, үтрээгээр шээс гоожиж байсан. Өвчтөнд эмийн эмчилгээ болон гэрийн дэглэм барих талаар зааж өгөөд 6 сарын дараа ирж мэс заслын асуудал шийдвэрлүүлэхээр буцаасан. Учир нь гэмтсэн үед давсаг үтрээний цоорхойг нөхөх мэс засал нь үр дүнгүй байдаг учир хэсэг хугацаа өнгөрсний дараа мэс засал хийх нь үр дүнтэй учир зөвлөгөө өгөөд буцаасан байгаа. Тухайн үед биед нь үзлэг хийхэд давсаг үтрээний цоорхойтой байсан, өөрөө хэлэхдээ хүнд хүчиндүүлсэн гэж хэлж байсан. ...Давсаг цоорох хэд хэдэн шалтгаан байдаг боловч тухайн өвчтөний хувьд үзлэг хийхэд гадны биетээр үүссэн байх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 85-86-р хуудас/,

Шинжээч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Л.Б биед үтрээний өмнөд хананы урагдал,  давсагны дээд хананы цоорол, цус хуралт, умайн ар зайнд шингэн, цус алдалт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хохирогчид учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байсан. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Цаашид эдгэрэх боломжтой, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ерөнхийдөө энэ гэмтэл нь умайн хананы урагдалт, давсагны цоорол үүссэн гэмтэл байсан. Энэ умайн хананы урагдал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэхээс биш унах бэртэх, явганаас унахад энэ гэмтэл үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хүсээгүй бэлгийн харьцааны улмаас үүсэх боломжтой. Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд ороход бэлтгэгдэж үтрээний хана зөөлөн уян болдог. Л.Б ямар нэгэн байдлаар бэлтгэгдээгүй байсан учир умайнд хуурайшил үүсэж, язралт урагдалт үүсэж, давсганд цоорол үүссэн байх боломжтой. Тухайн үед Л.Б биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, мөн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлд ил харагдах шарх байхгүй гэсэн байсан. ...Эр хүний бэлэг эрхтний хөгжил хөвчрөөгүй байхдаа ямар хэмжээтэй талаар дүгнэлтэндээ бичсэн байгаа. Мохоо зүйл гэдэгт бэлэг эрхтэн орно...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 339 дугаартай “Л.Б биед үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь машин, мотоциклоос унах, явган бүдрэх зэргээр унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн улмаас давсаг, үтрээний цорго үүссэн нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад одоогоор 50% нөлөөлнө. Үтрээний урд ханын урагдал, давсагны дээд ханын урагдал гэмтэл нь бэлгийн харьцаанд орох /хурьцал үйлдэх/ үед үүсэх боломжтой. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар зохих журмын дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна. Л.Буманжаргалын биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй бөгөөд эмэгтэйчүүдийн архаг эмгэг тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 163-166-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Л.Б “Ю.П С.Ц бид гурав байна хүрээд ир” гэсэн мессэж ирсэн. Дараа нь С.Ц утсаар Л.Б намайг дуудсан. Бид уулзалдаад 1 шил архи уугаад тарсан. Ю.Пүрэв-Очир бид хоёр Л.Б гэрт нь хүргэж өгөхөд машинаас буухгүй байхаар нь би буулгаж хашааны үүдэнд хүргэж өгөхөд эргээд ирээрэй гэсэн. Би Ю.П буулгачхаад эргээд ирэхэд Л.Б хашааныхаа үүдэнд зогсож байсан. Бид хоёр машинтайгаа Л.Б гэрийнх нь хойшоо баруун хотны хойд талд очоод урьдын адил бэлгийн харилцаанд орсон...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Б хохирогч Л.Б согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэж, хурцал үйлдсэн үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Мөн шүүгдэгч М.Б хохирогч Л.Б биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчиндсэн үйлдэл, хохирогч Л.Б бие махбодид учирсан үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байна. 

 Иймд шүүгдэгч М.Б үйлдлийг Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Б хохирогчийг биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн “...М.Б хохирол төлбөр, эмчилгээний зардалд 6,973,950 төгрөг өгсөн. Одоо эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Б иргэний үнэмлэхийг М.Б, хохирогчийн амбулаториар эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, сиди /СD/ 1 ширхэг, рентген зураг 3 ширхгийг хохирогч Л.Б тус тус буцаан олгож, хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын өмд, цайвар ягаан өнгийн дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Л.Б нь “Би ажилдаа орох гэсэн боловч хөдөлмөрийн 60 хувийн чадвар алдалтай учраас ажилд оруулахгүй байгаа. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх 3,976,510 төгрөгийг М.Билэгдэлгэрээс гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байх боловч шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийн 1.5.2-д иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувь алдсан бол хагас буюу хэсэгчлэн алдсан тооцно гэж заасан байна. Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хохирогч Л.Б ердийн өвчний жагсаалтын 7.18-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сарын хугацаатай тогтоосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бий болгож ажиллуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хохирогч Л.Б нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байх бөгөөд түүнийг ажил хөдөлмөр эрхлэхэд нь ажил олгогчийн болон шүүгдэгчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иймд хохирогч Л.Б нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 43 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхэг, “Samsung S-3” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оготор йөншөөбү овогт М Б хохирогчийн биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Билэгдэлгэрт оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Б иргэний үнэмлэхийг М.Б, хохирогчийн амбулаториар эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, сиди /СD/ 1 ширхэг, рентген зураг 3 ширхгийг хохирогч Л.Б тус тус буцаан олгож, хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын өмд, цайвар ягаан өнгийн дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хохирогч Л.Б ажилгүй байсан хугацааны цалин 3,976,510 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч М.Б хувьд ногдох эд хөрөнгөөс 43 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхэг, “Samsung S-3” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ