Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01897

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01897

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б, В, Г нарт холбогдох,

Дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 63,449,564 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, хариуцагч Б, З.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байр,  ** тоот хаягт байрлах орон сууцанд төрсөн эх Б.Д, хойд эцэг Д.З болон дүү Б, З.Ч, В нарын хамт амьдардаг байсан. Улмаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хойд эцэг Д.З, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эх Б.Д нар нас барснаар уг орон сууц 4 өмчлөгчтэй болсон.

А нь 2017 онд хүзүүгээ гэмтээсний улмаас гэмтлийн 4 мөчний саажилт гэх өвчинтэй болсон ба бусад өмчлөгч нартай үл ойлголцлууд бий болсон.

А гэр бүлийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулж, тусдаа амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусад 3 өмчлөгч нарт энэ талаар бичгээр мэдэгдэл өгсөн боловч хариу өгөөгүй.

Маргаан бүхий орон сууцны өнөөгийн зах зээлийн ханш 253,798,256.25 төгрөг, үүнийг 4 өмчлөгч нарт хуваахад нэг хүнд ногдох хэсэг 63,449,564.06 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Б, З.Ч, В нараас тус бүр 21,149,854 төгрөг, нийт 63,449,564 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б-гийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний эцэг Д.З 1976 оны 12 дугаар сараас Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байр, ** тоот хаягт байрлах орон сууцыг эзэмших болсон ба 1998 онд өмч хувьчлалын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үед А хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Улмаар 2015 онд эцэг Д.З, 2016 онд эх Б.Д нар нас барсан. А нь эхнэр, хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг байсан боловч архи ууж, ажлаасаа халагдан, гэрээсээ хөөгдөөд бидэнтэй цуг амьдрах болсон. А архи ууж яваад нурууны гэмтэлтэй болж эмнэлэгт хэвтэхэд нь бид нэг эхийн хүүхдүүдийн хувьд тусалж дэмждэг байсан. Түүнийг ад үзэж гадуурхаж байгаагүй.

Эцэг, эхийг нас барсны дараа төрсөн хүүхдүүд бүгд цуглан ярилцаж, тус орон сууцад А-, талийгаач эгч З.Ж-ын охин В, бид гурвыг хамт амьдрахыг бүгд зөвшөөрч тохиролцсон. Мөн эх Б.Д-ийн нэр дээрх хадгаламжид байсан 9,000,000 төгрөгийг тухайн үед А авсан.

Тус орон сууцыг нэхэмжлэгч 253,798,256.25 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 1976 онд орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. Үнэлгээ гаргасан хүмүүс орон сууцад ирж байрны чанар, байдлыг үзээгүй. Иймд гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийг тодорхойлсон аргачлал нь үндэслэлгүй

Миний бие 1992 оноос хойш 80 хувь хөдөлмөрийн чадвар алдагдалтай гэсэн дүгнэлт гарч, эмнэлгийн хяналтад байдаг учраас нэхэмжилж буй мөнгийг өгөх чадваргүй.

 

3. Хариуцагч З.Ч-ын татгалзал, тайлбарын агуулга:

А нь талийгаач эгч З.Ж-ын охин В, төрсөн дүү Б нартай хамт амьдарч чадахгүй үргэлж дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан.

Орон сууцны үнэлгээ нь одоогийн зах зээлийн ханшаас хэт өндөр, үнэлгээ хийхдээ бодит нөхцөл байдалтай танилцаагүй, биднийг байлцуулаагүй тул эргэлзээтэй. А-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан тохиолдол байхгүй бөгөөд ах, дүү, эцэг эхийн зүгээс түүнийг сайн сайхан амьдруулахын тулд бүхий л талаар тусалж, дэмжиж ирсэн.

Нэхэмжлэгч зөвхөн өөрийн хүсэлт зоригт нийцүүлэн, бусад хамтран өмчлөгчдийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлөх шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хариуцагч В-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Өвөг эцэг 2015 онд, эмэг эх 2016 онд нас барснаас хойш тус орон сууцад нагац ах Б, А бид гурав хамт амьдарч байна. А-ийг манай нагац ах нар болон миний бие гадуурхаж байгаагүй, мөн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хөөж, шахаж шаардсан тохиолдол байхгүй. Мөн орон сууцыг зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнээр үнэлүүлсэн байна.

Нэхэмжилж буй мөнгийг хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, эмнэлгийн хяналтад байдаг хөгжлийн бэрхшээлтэй нагац ах Б болон 14 хоногоор ээлжийн ажилд явдаг, зээл төлдөг миний бие төлөх бололцоогүй. Нагац ах З.Г тэтгэвэрт, Г тодорхой эрхэлсэн ажилгүй учир туслалцаа үзүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ өөрийгөө өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003*** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Б, З.Ч, З.С нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Б, З.Ч, В нараас тус бүр 21,149,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б, З.Ч, В нараас тус бүр 263,699.27 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Б-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Бидний хооронд маргаан бүхий орон сууцны талаар маргаан үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

А болон бид нэг гэр бүлийн гишүүд биш бөгөөд уг байр эцэг, эхийн хамт амьдрах хугацаанд бий болсон орон сууц юм. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар "Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно." гэж зохицуулсан ба нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын талаар бид тохирох боломжийг шүүх олгоогүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэл зорилгоор бусад өмчлөгч нарын амьдралын боломж, санхүүгийн чадавх зэргийг харгалзан үзэх боломж олгоогүй. Миний хувьд хөдөлмөрийн чадварын 80 хувийг алдсан группт байдаг. Энэхүү группын мөнгө нь миний амьжиргааны эх үүсвэр болдог боловч эм, тариа болон амьдралын наад захын бусад хэрэгцээнд хүрэлцдэггүй.

Бид шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан нь хамт амьдрахдаа бусдын эрүүл амьдрах орчинг бүрдүүлж амьдрах талаар нэхэмжлэгч А-д даалгахыг хүссэн. Яг үнэндээ А нь тус орон сууцнаас гарч тусдаа амьдрахдаа биш хэрхэн архи уух мөнгөө олох, хувийн өс хонзон, шунахай сэдлээ гүйцэлдүүлэх зорилгоор нэхэмжлэл шүүхэд гаргасан.

А-д өөрийн амьдардаг өрөөгөө зар гэж хэлж байсан ба тэрээр орон сууцны

коридор, гал тогоо, тагт, ариун цэврийн өрөөний хэмжээг оруулан үнэлгээ гаргуулан улмаар бидний амьдрахад шаардлагатай зүйлийн үнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

А бусдыг эд хөрөнгийг өмчлөгч нарт нь мэдэгдэхгүй нууцаар үнэлүүлж, хэт өндөр үнэлгээ гаргуулсан. Орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар гаргасан боловч шүүх анхаараагүй.

Мөн хэргийн материалыг танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Хариуцагч В-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд өгсөн нотлох баримт, тайлбар зэргийг харгалзан үзэлгүй бодит байдалд үл нийцсэн шийдвэр гаргасан. А-тэй нэг гэр бүл шиг амьдралтай байгаагүй. Тэгээд ч шүүхэд А өөрөө ам бүл нэг гэж хорооны тодорхойлолт гаргаж өгсөн байсан.

Мөн надад хэргийн материал танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, биднийг эзгүй хойгуур өөрийн таньдаг хүнээр орон сууцыг хэт өндрөөр үнэлүүлсэн бөгөөд бидэнд өгсөн мэдэгдлийн үнээс зөрүүтэй байдаг.

Орон сууцны үнэлгээ бодит байдалд нийцээгүй талаар тайлбар гаргасан ч шүүх анхаарч үзээгүй зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг харгалзан хэргийг шийдсэн.

Надад түүний нэхсэн мөнгийг төлөх ямар ч санхүүгийн боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

8. Хариуцагч З.Ч-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний хувьд нэхэмжлэгч А-тэй хэзээ ч нэг гэрт хамт амьдарч, нэг гэр бүлийн гишүүн байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолтоор ам бүл 1 гэж тусгагдсан.Тэрээр зүй бус олон үйлдэл гаргаж байсан бөгөөд биднийг нэг гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй.

Хариуцагч нараас үнэлгээг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасаар байхад шүүх үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн өгсөн мэдэгдлийг үндэслэн орон сууцнаас өөрт ногдсон хувийн талаар нэхэмжлэгчтэй маргасан гэж үзэх боломжгүй. Уг мэдэгдлийг надад өгөөгүй, дүү 3.Ж авсан бөгөөд энэ талаар А-тэй ярилцахаар очиход дандаа согтуу байдаг.

Шүүх надад хэргийн материалыг танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэгт ч гарын үсэг зуруулаагүй, миний хувьд шүүхээс ирж нэхэмжлэлийг гардаж ав гэхэд ирж гарын үсэг зурж авсан, шүүх хуралтай гэхээр нь ирсэн.

А-ийг 3.Жанрай, В нартай эвтэй хамт амьдруулах талаар даалгахыг хүсэж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй, мөн маргаан нь хэнээс шалтгаалж үүсэж байгааг тогтоолгохоор холбогдох байгууллагаас нотлох баримт шүүхийн журмаар гаргуулахаар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Энэ татгалзсан шүүгчийн захирамжийн талаар хариуцагч нарт огт мэдэгдээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуулиудын заалтыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, үндэслэл муутай шийдвэр гарсан тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нар нь намайг гаднаас тусламж авах боломж олгохгүй, нийгмээс тусгаарлах сонирхолтой. Би дарамттай, зодууртай нөхцөлд амьдарч чадахгүй тул шүүхэд хандсан. Анхан шатны шүүх нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч учир дутагдалтай байгаа. Гомдлыг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан боловч хэрэгт хамаарал бүхий зарим үйл баримтыг дутуу тогтоосон, мөн хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

2. Нэхэмжлэгч А нь хариуцагч Б, В, Г нарт холбогдуулан дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 63,449,564 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ** тоот хаягт байрлах орон сууцыг Д.З, Б.Д, З.Ч, Б, В, А нар хамтран өмчилж байсан, улмаар Д.З 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, Б.Д 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

3.1. Мөн шүүх дээрх орон сууцнаас талийгаач Д.З-т ногдох хэсгийг Б, талийгаач Б.Д-д ногдох хэсгийг Б, А нар өв залгамжилж хүлээн авсан гэж дүгнэж, үүнтэй холбогдуулан дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өмчлөгчдөд ногдох хэсгийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

3.2. Д.З, Б.Д нар нас барж, тэдгээрийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг өв хүлээн авагч нарт шилжсэнээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ** тоот хаягт байрлах орон сууц нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар зохих улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд хамаарна.

Учир нь Б, В, А нар нь нэг орон сууцанд хамт амьдарч буй боловч тэдгээрийн тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тус тусын орлогоор амьдарч, өөрт ногдох зардлыг хариуцдаг үйл баримт тогтоогдсон. Мөн ийнхүү хамт амьдарч буй нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4-т заасан гэр бүл, гэр бүлийн гишүүн гэсэн ойлголтын шинжийг агуулахгүй.

 

3.3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд Л*** ХХК-ийн тогтоосон 253,798,256 төгрөгийн үнэлгээний дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Б, З.Ч, В нараас тус бүр 21,149,854 төгрөг, нийт 63,449,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нар нь орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй боловч дээрх үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй.

 

3.4. Хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх маргааны зүйлд хамааралгүй хуулийн заалт баримталсныг залруулж, өвлөгдсөн эд хөрөнгийн ногдох хэсгийг шүүх шийдвэрлэх, мөн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хэсгийг шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч нарт эрх, үүрэг танилцуулаагүй, хэргийн материал танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй гэх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байна /хх 35-36/.

 

4.2. Хариуцагч В, Б нарт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч С.Батсайханд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материал танилцуулсан байх бөгөөд хариуцагч З.Чадраабалд танилцуулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй /хх 35, 89/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар зохигч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг эдэлдэг. Энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээ зохигч өөрөө шийдвэрлэх бөгөөд шүүх эрхээ хэрэгжүүлэхийг зохигчоос шаардахгүй.

Хариуцагч нарын хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах эрхийг шүүх хязгаарласан, танилцах боломжоор хангаагүй гэх байдал тогтоогдохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 15 сарын хугацаанд хариуцагч нар хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх эрх нээлттэй байсан.

 

4.3. Мөн шүүхээс эвлэрэх боломж олгоогүй гэж давж заалдах гомдолд дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул гомдлыг хангахгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар гэснийг 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/16867 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч В, Г нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ