Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 44

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Шүүгэдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн 1824000700051 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, *, * боловсролтой, фермерийн аж ахуй эрхлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * аймгийн *сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М-ийн Н /регистрийн дугаар: */.  

Шүүгдэгч М.Н нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Цэнгэлийн сүүл толгой” гэх газарт оршин суудаг Ө.Уын гэрийн гаднаас түүний эзэмшлийн “БЕКОН” маркийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн,  өөр  хоорондоо  хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг

хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний оройн 23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Цэнгэлийн сүүл толгой” гэдэг газарт оршин суудаг Ө.Уын гэрийн гаднаас түүний эзэмшлийн “БЕКОН” маркийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж, түүнд 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ө.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ний 23 цаг өнгөрч байхад сумын хөдөө буюу Оргих баг Цэнгэлийн сүүл толгой гэх газарт байх гэртээ Оын хамт очсон, гэрт ороход миний эзэмшлийн мотоцикл гэрийн баруун хаяанд байсан. Тэгээд  өглөө 06 цагт босоод гартал миний мотоцикл алга болчихсон байсан. Бекон маркийн улаан шар өнгөтэй мотоцикл байсан юм. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М.Н миний мотоциклыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч миний мотоциклыг буцааж өгсөн. Гэхдээ би уг мотоциклыг аваагүй учир нь нэгэнт хулгай хийгээд авчихсан юм чинь өөрөө хэрэглэг гэж бодоод, түүнээс мотоциклоо хайж явсан бензин тос болон мотоциклынхоо үнэ болох 1,750,000 төгрөг гаргуулж авсан. Нэгэнт хулгайн гараар орсон мотоцикл авахгүй гэж хэлээд л түүнээс өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13, 50 дугаар хуудас/,

-2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Цэнгэл” гэх нэртэй газар буюу Гэзгийн давааны доод амны сүүл толгой гэх нэртэй газар намаржиж байгаа хот айлууд байв. ...Мотоцикл алдагдсан гэх айлын гадаа хүрч очив. ...Мотоцикл гаднаасаа алдлаа гэх айлын гадна орчмоор нарийвчилсан үзлэг хийхэд айлын гэрийн зүүн гадна хананд хучиж мотоцикл данхраадаж орхисон гэх газар саарал өнгөтэй даавуу, гэрийн даруулга бүснээс шар өнгөтэй хуванцар сав байх ба мотоцикл данхраадаж орхисон гэх мотоциклын дугуйны хээний гэх ул мөргүй ба нойтон хөрстэй өвсөрхөг газар учир ямар нэгэн ул мөр гэх зүйл илрээгүй болно. ...Мотоцикл хулгайд алдагдсан айлаас ойролцоогоор 200 метр талбай бүхий газарт эргэн тойрон нарийвчилсан үзлэг хийхэд ертөнцийн зүгээр мотоцикл алдагдсан гэх айлын зүүн талд буюу 26 метр зайд 6 тал хөндлөн нарийн модон хийцтэй төл малын буюу тугалын хашаа байлаа. Ертөнцийн зүгээр уг тугалын хашааны зүүн урд талд газрын хөрс буюу өвсөн дунд цагаан саарал өнгөтэй нүүрэн талдаа товчлууртай, “NOKIA” гэсэн бичигтэй гар утас байсныг гэрэл зургаар бэхжүүлж, үзлэгийн тэмдэглэлээр хураан авч, тэмдэглэлд тусгав...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/,

-2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05-01/5405 дугаартай “89976881803238075515 серийн дугаартай сим карт дээр * дугаар бүртгэлтэй байх бөгөөд М Н *, Завхан Тосонцэнгэл 7-р баг Оргих гэсэн хэрэглэгч байна” гэсэн Юнител ХХК-ий албан бичиг, /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

-Гэрч М.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр модонд явж байсан хүүхдүүдийн маань нэг ирээд модон дотор нэг мотоцикл байна гэхээр нь тэнд байсан өөрийн охин С-аас асуусан чинь Н У-ын эзэмшлийн Бекон маркийн мотоциклыг хулгайлчихсан байна гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Н-ийг дагуулаад нөгөө мотоциклыг нь унуулж сумын төв орж ирж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Н-ийн хулгайлсан гэх мотоцикл нь шар өнгөтэй, Бекон маркийн улсын дугааргүй хятад мотоцикл байсан. Би ямар нэгэн содон шинж тэмдэг байгааг ашиглаж хараагүй, ямар ч байсан явах эд анги нь бүрэн байсан. Манайхаас Тосонцэнгэл сумын төв орж ирэхэд 12 км байдаг юм, энэ хооронд ямар нэгэн саадгүй л яваад ирж байна. Миний хүү анх удаа хулгай хийж байна. Мөн би хүүгээ хэрэг үйлдсэнийг нь илчилж ирсэн учраас хүүд маань оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

-Гэрч И.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр модонд явж ирээд модонд У-ын мотоцикл байна, энэ одоо юу болж байна гээд хэлсэн. Тэгээд л бид нар Нийг хулгайлчихсан байна гэж мэдээд л өнөө өглөө Цагдаагийн байгууллагад ирж мэдэгдэж байгаа юм. Нийн хулгайлсан гэх мотоцикл нь шар өнгөтэй, Бекон маркийн, улсын дугааргүй, хятад мотоцикл байсан. М.Ноос асууж тодруулахад би Уын хаяанаас л авсан байх, би тухайн үед согтчихсон байсан гэж хэлж байгаа, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн үед манайхан хамт байсан, одоо ч гэсэн хамт байгаа мотоцикл хулгай хийгээд авчирсан бол бид нар эрт мэдэх байсан. Харин уулын модонд аваачаад тавьчихсан байсан учраас бид нар огт мэдээгүй. Манай гэрийн ойролцоох модонд байлгаж байсныг манай нөхөр Б модонд явж байгаад л харсан байсан”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

-Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийнхөө өвөлжөөний урд талын модон дотроос гишүү ачих гээд орсон чинь модон дотор шар өнгийн бекон маркийн мотоцикл байж байсан. Тэгээд гэртээ буцаж очоод модон дотор мотоцикл байна, энэ талаар цагдаад мэдэгдэе, манайхнаас энэ мотоциклын талаар мэдэж байгаа хүн байна уу гэсэн чинь Н би унаад ирсэн юм гэхээр нь чи яахаараа буцааж аваачиж өгдөггүй, хүний мотоциклыг модон дотор байлгаж байдаг юм гэтэл У ахаас айгаад буцааж аваачиж өгч чадаагүй, тухайн үед би архи уучихсан байсан, өглөө сэрээд харсан чинь л би У ахын мотоциклыг аваад ирчихсэн байсан гэж хэлсэн. Тэгээд л манай хадам ээж, манай эхнэр нар Нийг дагуулаад сумын төв рүү нөгөө мотоциклыг нь унуулаад аваад явсан. ...Н-ийн хулгайлсан гэх мотоцикл нь шар өнгөтэй, Бекон маркийн, улсын дугааргүй, хятад мотоцикл байсан. Би нэг нутгийн хүн учраас У-ын мотоциклыг хараад л таньсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 53 дугаар хуудас/,

-Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1824 дугаартай: “Эд зүйлийн нэр Бекон маркийн мотоцикл, тоо ширхэг 1, чанар шинж тэмдэг 2013 оны 3 сард худалдан авсан 5 жил ашигласан. /2018 оны хавар 2 ширхэг дугуй, хөтлөгч сольсон/, хохирогчийн үнэлгээ 1,400,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт 500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

-Яллагдагч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 09-нд би Тосонцэнгэл сумын төв дээр найзындаа архи ууж байгаад найзаасаа мотоциклыг нь гуйсан чинь өгөөгүй, би тэгээд сумын төвөөс гэр рүүгээ явган гарч алхаж байснаа л санаж байгаа юм. Би маргааш өглөө нь сэрсэн чинь Гэзгийн давааны цаад талд замын хажууд унтчихсан байсан. Тэгээд сэрээд харсан чинь Бекон маркийн шар өнгөтэй мотоцикл байсан, өөр хажууд хэн нэгэн байгаагүй. Тэр мотоцикл У ахын мотоцикл байсан. Би согтуудаа юу хийчихвээ гэж бодоод мотоциклыг нь аваачиж өгөх гэсэн зүрх хүрээгүй. Тэгээд өөрийнхөө өвөлжөөний урд талын Богино нүүр гэх модтой газрын модонд аваачиж нуусан. ...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай хүргэн ах Б модонд явж ирээд модон дотор шар өнгийн мотоцикл байна, энэ юу болж байна чи авчихсан юм уу гэж асуухаар нь тийм ээ би авчихсан юм буцаагаад өгөх гээд чадаагүй юм гэж хэлсэн. Тэгээд л маргааш нь манай эмээ, эгч хоёр намайг цагдаа дээр дагуулж ирсэн. ...Би нокиа маркийн саарал өнгөтэй, гар утас барьж байсан бөгөөд дотор нь * гэсэн дугаарын сим карт байсан. ...Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулж 1,750,000 төгрөг өгсөн. Би хохирогч Ө.Утай сайн дураараа эвлэрч, гэм буруугаа хүлээсэн...”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,   

-Шүүгдэгч М.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулж 1,750,000 төгрөг өгсөн. Би хохирогч Ө.Утай сайн дураараа эвлэрч, гэм буруугаа хүлээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Манай эхнэр одоо жирэмсэн, 11 дүгээр сарын сүүлээр төрнө. Манайх 2, 4 насны 2 хүүхэдтэй. Энэ байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсье...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд М.Нийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Тус эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Нийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй  гэж шүүх дүгнэв.        

Шүүгдэгч М.Нид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон хувийн байдлыг нь шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ, өөрөө мэдэлгүй гэмт хэрэг үйлдсэнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүддээ тайлбарлаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” талаар зохицуулалтыг болон согтуурсан үедээ дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан түүнд эрх хязгаарлах буюу согтууруулах ундаа хэрэглэхийг тодорхой хугацаанд хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хохирогч Ө.Ут учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй учир хувьд оногдох эд хөрөнгийг нь битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Т овогт М-ийн Н-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Нид хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан шүүгдэгч М.Нийг 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Н нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч М.Нийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                          

                                                                                                                                                                                                                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН