Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 275

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 01                          Дугаар   275                                    Баруун-Урт   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 3 дугаар баг  Чулуутын 6-2 тоотод оршин суух Боржигон овогт Дугаржавын Баярмаа

 

“ Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох”  тухай хүсэлт ирүүлснийг  2016 оны 06-р сарын 30-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Баярмаа нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Д.Баярмаа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би Монхорын Батмөнхтэй 2006 оноос хамт амьдарч 2009.01.28-нд хүү Намсрайдорж төрсөн юм. Бид 2006 оноос 2016 он хүртэл 10 жил хамт амьдарч байсан юм. Нөхөр маань хүнд өвчний улмаас 2016.06.12-ны өдөр нас барж хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаагүй, хүү миний нэрээр овоглогдсон байгаагаас болоод авах боломжгүй байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг бүрэн  ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Боржигон овогт Дугаржавын Баярмаа нь Тойдол овогт Монхорын Батмөнхтэй 2006 оноос хойш хамтын амьдралтай байсан болох нь Баруун-Урт сумын засаг даргын тодорхойлолт, Баярмаагийн Намсрайдоржийн М.Батмөнхтэй авахуулсан гэрэл зураг, гэрч Ж.Байгальмаа, Д.Болормаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх  тул Д.Баярмааг М.Батмөнхтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоох боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Баярмааг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Дугаржавын Баярмаа нь Тойдол овогт Монхорын Батмөнхтэй 2006 оноос хойш  хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Д.Баярмааг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн   хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  нэхэмжлэгч Д.Баярмаа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНГЭРЭЛ