Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 06

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Г.Мөнхболд

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ц холбогдох 1839002650149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Э.Ц

Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 06 сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг “Хашаат” гэх газар нутаглах иргэн Л.Д гэрт түр байхдаа түүний гэрийн баруун талд байрлах хүрэн өнгийн төмөр чингэлэгэнд хийсэн алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Д 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Л.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 сарын 01-ний өдөр Хэрлэн сумын 3-р багт байрлах цэцэрлэгт хүрээлэнд юм үзэж байхад миний алтан гинж тасарчихаар нь би хүзүүнээсээ аваад өөрийнхөө түрийвчинд хийсэн. Тэгээд орой 16 цаг өнгөрч байхад хөдөө гэр рүүгээ явсан. Гэртээ очоод гэрийнхээ баруун талд байдаг хүрэн өнгийн төмөр чингэлэгэнд эрээн өнгийн дэрний уутан дотор хувцасанд хийж орхисон. Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарахад манай чингэлэг цоожгүй, тагийг нь хагалаад орхисон байсан. Тэгээд би гайхаад очиж үзэхэд миний алтан гинж хийсэн эрээн дэрний уут хамгийн дээр нь гарчихсан байсан. Түрийвчээ үзэхэд миний алтан гинж байхгүй болсон байсан. Манай гэрт нөхөр, болон хүү Г хүүгийн найз гээд нэг охин байсан. Тэр охиныг манай хүү аймгаас дагуулж ирсэн юм. Би тэр охиныг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,

-Хохирогч Л.Д мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...тийм ээ, миний хулгайд алдсан гинж дүрээрээ мөн байна. Түгжээ нь одоо хүртэл эвдэрсэн хэвээрээ байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “САЙН” ломбардны 40 дүгээр салбарт Сингапур улсад үйлдвэрлэсэн 7.2 гр жинтэй, 916 сорьцтой, сүлжээлсэн хэлхээстэй, эдлэгдсэн, дэгээ хэлбэрийн түгжээтэй, алтан гинжийг 600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. ...Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/57 дугаартай эд мөрийн баримт хураан авах зөвшөөрлөөр ...алтан гинжийг хураан авсан. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 600.000 төгрөг, зээлийн хүү 30.000 төгрөг, алданги 23.100 төгрөг буюу нийт 653.100 төгрөгийн хохирол хүлээгээд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 тал/,

-Гэрч Д.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...аймагт ирээд Ц  рүү утсаар залгаад хөдөө явах уу гэхэд орой 21 цаг гээд явъя гэсэн. Тэгэхээр нь 21 цаг өнгөрч байхад Ц г би Хэрлэн сумын “Золжигүүр” хүнсний дэлгүүрийн гаднаас авсан. 2018 оны 6 дугаар сарын 02-ны өглөө намайг малдаа яваад ирэхэд манай ээж Л.Д  миний алтан гинж байхгүй байна гэж хэлсэн. Би малдаа явахдаа манайд байсан Ц  гэх охиныг зам руу хүргээд өгчихсөн байсан болохоор буцаад ээжийг аваад Ц  дээр очсон. Тэгээд гинж алга болсон байна гэж хэлэхэд Ц  уурлаад зүүн тийшээ зам дагаад яваад байсан. Тэгээд би ээжийг Ц тэй үлдээгээд хойшоо ахынд очиж цагдаад мэдэгдчихээд буцаад очиход Ц  явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот орохоор явж байтал Баянхутаг сум руу салдаг замын тэндээс нэг эмэгтэй гар өргөж машинд суусан. Би уг нь аймгийн төвөөс хэдэн хүн аваад гарах санаатай байсан юм. Тэгтэл нэг эмэгтэй би яаралтай хот явах хэрэгтэй байна. Зардал 100.000 төгрөг танд төлье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд шууд хот руу хөдөлсөн. Орой 17 билүү 18 цагийн үед байх, сайн санахгүй байна, хот руу ороод нөгөө эмэгтэйгээс хаана буух вэ гэж асуухад “Сансар” оръё гэж хэлсэн. Сансарын тунелээр дээшээ өгсөөд Баянцээлийн хойно очиж зогссон. Тэгтэл нөгөө эмэгтэй надад төлөх мөнгө байхгүй байна, би өөртөө байгаа алтан гинжийг ломбарданд тавиад танд зардлын мөнгийг чинь өгье гэж хэлсэн. ...Нөгөө эмэгтэй цүнхээ ухаж байснаа өө, би бичиг баримтаа мартчихсан байна, та өөрийнхөө бичиг баримтаар миний гинжийг ломбарданд тавиад өгөөч, тэгвэл танд зардал дээрээ ахиад 100.000 төгрөг өгье гэж хэлээд нэг мушгирсан хэлбэртэй хүзүүний гинж гаргаж ирээд алтан гинж байгаа юм гэж хэлээд надад өгсөн. Тэгэхээр нь би ойролцоо байсан “САЙН” ломбард руу ороод нөгөө алтан гинжийг хэдэн төгрөгөнд барьцаалагдах вэ гэж асуухад 600.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би буцаж гарч ирээд нөгөө эмэгтэйд 600.000 төгрөг болох юм байна гэж хэлтэл тэр үнэд нь тавьчих, та утасны дугаар дээр миний дугаарыг бичүүлчихээрэй гээд 98992595 гэдэг дугаарыг надад хэлсэн. Тэгээд би буцаж нөгөө ломбард руу ороод өөрийнхөө бичиг баримтаар нөгөө гинжийг 600.000 төгрөгөнд тавиад мөнгийг нь нөгөө эмэгтэйд өгсөн. Тэр эмэгтэй надад хэлж байсан 200.000 төгрөгөө өгөөд, ахиад 20.000 төгрөг өгөөд “та энүүгээр хоолонд орчихоорой, баярлалаа” гэж хэлээд тэнд буугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/

-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээ /хх-ийн 44-45/,

-Яллагдагч Э.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянхутаг сумын 1-р багт байдаг найз Ганцогтын хөдөө гэрт очсон. Тэднийд очоод 5-6 хоносон. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ганцогтын ээж нь хүзүүндээ зүүсэн алтан гинжээ сэнж нь тасарсан гээд жижиг цагаан өнгийн цүнхэнд хийгээд гадаа чингэлэгтээ хийж байхыг нь харсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ганцогтыг адуугаа услахаар явсан хойгуур ээж, аавыг нь гэртээ байхад нь гэрийнх нь гадаа байдаг чингэлэгнээс нь алтан гинжийг нь авсан. Тэгээд буцаагаад цүнхийг нь хийж орхисон. Ганцогтыг ирэхээр яаралтай ажил гарчихлаа гэж хэлээд Ганцогтоор зам руу хүргүүлж замын унаанд суусан. Миний суусан машин Хэнтий аймгийн дугаартай цагаан өнгийн суудлын автомашин байсан. Тэр жолооч ах өөр бас нэг эрэгтэй хүнтэй хамт Улаанбаатар хот руу явж байгаа гэхээр нь би хот руу явах гэж байгаа юм гэж хэлээд хот руу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

-Яллагдагч Э.Ц мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Би тухайн үед хот руу машинд нь сууж явсан ахыг “та бичиг баримттай юм чинь ломбарданд тавиад өг” гэж гуйгаад нөгөө алтан гинжийг Сансарын Баянцээлийн хойно байх, “Шөлөндөө” хоолны газраас жаахан дээшээ яваад байдаг “САЙН” ломбарданд тавьсан юм билээ. Түрүүн мэдүүлэг өгөхдөө андуураад “Начин заан” гэдэг ломбарданд тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/

-Яллагдагч Э.Ц мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...600.000 төгрөгөнд тулгаж тавьсан. Тэгээд тэр 600.000 төгрөгнөөс 220.000 төгрөгийг нөгөө намайг хот руу хүргэж, ломбарданд алтан гинжийг тавьж өгсөн ахад замын зардлын хөлс гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/

-Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатар хот руу явсан жолоочид би 20000 төгрөг замын зардал гэж өгсөн. Дараа нь мөнгө зээлээч гээд байхаар нь 20000 төгрөг өгсөн. Нийт 40000 төгрөг өгсөн. Анх мөрдөн байцаалтанд 220000 төгрөг өгсөн гэж худлаа хэлсэн. Би “Сайн” нэртэй ломбарданд тавьсан алтан гинжний зээлийн төлбөр 600000 төгрөг, зээлийн хүү 30000 төгрөг, алданги 23100 төгрөг нийт 653100 төгрөгийг яаралтай төлж барагдуулна. Надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

-Эд мөрийн баримтыг хураан авах санал, эд мөрийн баримтыг хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08-16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Л.Д , иргэний нэхэмжлэгч Б.Г, гэрч Д.Г, Б.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Тухайлбал шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 06 сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг “Хашаат” гэх газар нутаглах хохирогч Л.Д гэрт түр байхдаа түүний гэрийн баруун талд байрлах хүрэн өнгийн төмөр чингэлэгэнд хийсэн алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Л.Д 900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Ц нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ц дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор нь шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.Ц эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д 900000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан алтан гинжийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Г /хх-ийн 25-28/ мөрдөн байцаалтад өгсөн “...манай байгууллагад үндсэн зээл, зээлийн хүү, алданги гээд нийт 653.100 төгрөгийн хохирол хүлээгээд байна, Б.Б дээрх хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг тус шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхээс 2018 оны 12 сарын 26-ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.Г 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлтийг ирүүлээгүй байна.

Хавтаст хэргийн 31 дүгээр талд байх барьцаат зээлийн гэрээ, эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13-16/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгдэгч Э.Ц 653.100 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Г олгох үндэслэлтэй байна. 

Иргэний нэхэмжлэгч Б.Г “...хохирол 653100 төгрөгийг гэрч Б.Б гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангах боломжгүй байна.

Учир нь гэрч Б.Б нь “уг алтан гинжийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, шүүгдэгч Э.Ц “уг 600000 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн. Би хохирлыг Б.Г яаралтай төлж барагдуулна” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Э.Ц хариуцах үүрэгтэй, Э.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Э.Ц нь дээрх гэмт хэргийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд түүний хувийн байдлын хувьд урьд мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, дүүргийн шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 63-64 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.Ц 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь “шүүгдэгчид 06 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.

 Шүүгдэгч Э.Ц хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, үйлдсэн хэргийн шинж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлж байсан байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй бөгөөд шүүгдэгч Э.Ц хорих ял оногдуулж, үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Ц нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 186 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялаас нь хасч, тус шүүхээс оногдуулсан хорих ялыг бүрэн эдэлж дууссан байх тул түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3

 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 38.1, 38.2 дугаар

зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энхсүхийн Цэрэнсүрэнг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц цагдан хоригдсон 186 /нэг зуун наян зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Ц шүүх хуралдааны танхимаас сулласугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “7.2 грамм жинтэй, 916 хувийн сорьцтой, сүлжээлсэн хэлхээстэй, дэгээ хэлбэрийн түгжээтэй алтан гинжийг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багт оршин суух хохирогч Л.Д буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ц 653.100 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10-р хороолол, 10а-10 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Г олгосугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ЭНХМАНДАХ