Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01981

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01981

 

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/02701 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Худалдаа хөгжлийн банк ХХК.

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр Э ХХК, С ХХК, К ХХК, Ч ХХК нараас 10,532,079,455 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020201**, Ү-22030304**, Ү-22020201**, Ү-22020189** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн.

Тус барьцаа хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, хамгийн үнэтэй хэсэгт байрлах үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр, нэгж талбайн үнэлэмж өндөр бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг. Үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны тав тухтай байдал, эдийн засгийн үр ашгийг тооцолгүй тогтоосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал авах тухай албан мэдэгдлийг явуулсан талаар баримтыг хэрэгт өгсөн боловч Б.Н, Ж.А нарт хүргэгдсэн талаарх баримт байхгүй. Мэдэгдэл хүргэгдээгүй учраас үнийн санал гараагүй.

Төлбөр төлөх мэдэгдлийг зөвхөн Э ХХК-д явуулсан. Ч ХХК, К ХХК, С ХХК-д төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлээгүй. Төлбөр төлөгч нараас төлбөр авахаар шаардсан баримт байхгүй.

Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө хүрэхгүй бол дундын хөрөнгөөс гаргуулахаар хуульд заасан. Б.Н-ын мөнгө хүрэхгүй бол Ж.А нарын хөрөнгө рүү шилжих байсан. Гэтэл шууд Б.Н, Ж.А нарын хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдсэн.

Ч ХХК нь байнга үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сардаа 100-150 сая төгрөгийн орлого олдог. Урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад хөрөнгийн үнэлгээ хийлгэх тогтоол гаргасан.

Шинжээч сайн дураараа хөрөнгийн талбайг хэмжээд, дүгнэлт гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй. Шинжээч орлогын аргаар үнэлэхдээ 15,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит биш. Мөн Ч ХХК-ийн 10, 11 давхрыг өөр барилгатай харьцуулсан. Тогтоолын дагуу үнэлээгүй нь хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилготой.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22020201**, Ү-22030304**, Ү-22030373**, Ү-22020189** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Э ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Б.Н-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авсан.

Талууд хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Б томилж үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-22030304** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 9,793,701,190 төгрөгөөр, Ү-22030373** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 8,930,980,610 төгрөгөөр, Ү-22020201** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 2,231,550,330 төгрөгөөр, Ү-22020189** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 9,700,265,330 төгрөгөөр үнэлсэн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-225/24898, 4225/24899, 4-225/24901 дугаартай албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдэж тайланг танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гүйцэтгэх баримт бичигт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжилж талуудаас үнийн санал авсан. Талууд үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тул үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон.

Тусгай зөвшөөрөлтэй шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг гаргасан, зах зээлийн ханшид нийцэж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-22030304** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030373** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020189** дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020201** дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг өөрөө тодорхойлох тусгай мэдлэггүй учраас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хурлыг үргэлжлүүлсэн атлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Барьцаа хөрөнгүүдийн 3 нь Б.Нын, 1 нь Б.Н, Ж- нарын өмчлөлд бүртгэлтэй байна. Төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авах ёстой боловч төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкнаас үнийн санал аваагүй. Хэргийн 133-134 дэх талд Ж-, Б.Нт хаягласан бичиг байх боловч бодитоор мэдэгдэл ирээгүй. Шуудангаар эсвэл утсаар эсвэл уулзаж танилцуулж, мэдэгдсэн ажиллагаа огт явагдаагүй.

Харин төлбөр төлөгч компанид хүргүүлэхээр тухайн 4 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод танилцуулсан тэмдэглэл байна. Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлээ тэргүүн ээлжинд эхлээд оролцогч нарт заавал хүргүүлэх ёстой ингэсний дараа л үнийг тохиролцох ажиллагаа талуудын хооронд явагдах боломжтой. Мөн Б.Н 4 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байхад 3 дээр нь үнийн санал ирүүлэх мэдэгдэл бичсэн нь хууль зөрчсөн. Мөн шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүй.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 93 дугаар зүйлийн 93.1, 93.4-т заасны дагуу 4 төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авч, мөнгөн хөрөнгө дээр ажиллагаа явуулж, мөнгөн хөрөнгө байхгүй бол бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа гэсэн дарааллаар явагдах ёстой байсан.

5.4. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар 30,656,497,460 төгрөг, орлогын хандлагаар 13,242,624,080 төгрөг, өртгийн хандлагаар, 6,592,692,200 төгрөг гэж гаргажээ. Ийнхүү 3 өөр дүн тавьсан нь эргэлзээ үүсгэж байна.

Зах зээлийн хандлагаар үнэлэхдээ 1151.78 м.кв талбайтай болох нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан хөрөнгийг 874 м.кв хэмээн талбайн хэмжээг багаар тавиад улмаар 9,700,265,330 төгрөгөөр үнэлж хууль зөрчсөн. Мөн 723 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн талбайг 452 м.кв хэмээн багасгаж бичсэн.

5.5. Үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тооцоход байршил, давхар, таазны өндөр, зогсоол зэрэг үнэ цэнийг илтгэх үзүүлэлтийг бодитой гаргаагүй ба харьцуулах боломжгүй хөрөнгүүдтэй харьцуулалт хийснээрээ үнэлгээ эргэлзээтэй болсон.

Дүгнэлтийн хавсралтаас үзэхэд харьцуулалт хийхдээ давхар, зориулалт, байршлын хувьд харьцуулах боломжгүй объектуудтай харьцуулсан нь дээрх хөрөнгүүдийг багаар үнэлэх шалтгаан болсон. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар батлагдсан "Үнэлгээний тайлангийн жишиг"-ийн 2.1-т заасан бүрдэл хангаагүй буюу "Үзлэгийн акт"-ыг хавсаргаагүй, хийгээгүй.

5.6. Шинжээч шийдвэр гүйцэтгэгчид 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн огноотой тайланг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу хараат бусаар үнэлгээг гаргаагүй. Зах зээлийн үнээс хямдаар үнэлж Худалдаа хөгжлийн банкинд өгөх далд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

5.7. Орлогын хандлагаар үнэлгээг гаргахдаа эх сурвалж баримтад үндэслээгүй санаанаасаа зохиож бичсэн. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдэд төлбөр төлөгч компаниуд бодитой үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд түрээсийн орлогын санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэж дүгнэлт гаргах ёстой байсан. Түүнчлэн өгөөжийн хувийг 9 хувиар тогтоосон нь баримт, эх сурвалжид үндэслээгүй тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх." гэж заасанд нийцээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэл болон мэдэгдэх хуудсыг гардуулж өгнө гэж заасны дагуу тухайн мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод бичгээр танилцуулсан тул Э ХХК, К ХХК, Ч клуб ХХК-д ямар нэгэн хөрөнгийн үнэлгээ, шинжээч томилох тогтоол, үнийн санал ирүүлэх талаар мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй. Мөн тухайн байгууллагуудын захирал Б.Нт утсаар мэдэгдэж, Ж-д шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн.

6.2. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг гэрчээр оролцуулж, тухайн шинжээч нь хийсэн ажиллагаагаа тайлбарлаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь процессын алдаа зөрчилгүй, хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав

 

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1423 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/00334 дүгээр тогтоолоор Э ХХК, Ч клуб ХХК, К ХХК, С ХХК-аас 9,334,275,902 төгрөг, хариуцагч Э ХХК-аас 1,197,803,553 төгрөг, нийт 10,532,079,455 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох 4 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 01, 10 дугаар сарын 07, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 22, 29-ний өдрүүдэд хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авч, мөнгөн хөрөнгө дээр ажиллагаа явуулж, мөнгөн хөрөнгө байхгүй бол бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа гэсэн дарааллаар явуулах ёстой гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

3.1. Хариуцагч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Э ХХК, Ч клуб ХХК, К ХХК, С ХХК, барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Н, А- нарт 2022 оны 11 дүгээр сарын 28, 30-ны өдрүүдэд мэдэгдсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-151/22646, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-225/22815, 4-225/22817 тоот албан бичгүүд, Б.Нтай утсаар ярьсан тэмдэглэл, төлбөр төлөгч хуулийн этгээдүүдийн төлөөлөгч А.Ган-одод мэдэгдэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Н, А- нар руу мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй /хх 124, 129-134/.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/436 дугаар тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяаг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч байгууллага шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагчид танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч шинжээч томилсон тогтоол гарсныг мэдсэн үеэс эхлэн 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

3.2. Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргахдаа

- Б.Нын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22030304** дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 9,793,701,190 төгрөгөөр,

- Б.Нын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22030373** дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 8,930,980,610 төгрөгөөр,

- Б.Нын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22020189** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 874.34 м.кв талбайгаар тооцож 9,700,265,330 төгрөгөөр,

- Б.Н, А- нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22020201** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 452 м.кв талбайгаар тооцож 2,231,550,330 төгрөгөөр, нийт 30,656,497,460 төгрөгөөр үнэлжээ.

 

3.3. Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бодит хэмжээг тогтоож, улмаар олон улсын болон Монгол улсад дагаж мөрдөгдөж буй стандарт, орлогын, өртөгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг нийт 30,656,497,460 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8-9 дүгээр зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлалд нийцжээ.

Шинжээч нь үнэлгээ хийхдээ Стандартчлал хэмжил зүйн үндэсний төвийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолд нийцүүлэн үнэлүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн террасыг талбайг 0.3 итгэлцлүүрээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь үнэлгээгээр талбайн хэмжээг бууруулж тооцсон, бодит зах зээлийн үнэлгээг тогтоож чадаагүй, зохих эх сурвалжийг ашиглаагүй, шинжээч нь хараат бусаар үнэлгээ хийгээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/14740 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд зааснаар шүүх нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянахдаа дахин үнэлгээ тогтоох ажиллагаа хийхгүй.

Иймээс нэхэмжлэгч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилоогүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

3.5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/02701 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 177 дугаар зүйлийн 177.1-т гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР +

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ