Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 135

 

 

А.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 2020/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07ы өдрийн 2021/ДШМ/41 дүгээр магадлалтай, А.Ш-т холбогдох 1909001321131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “****” ХХК-ийн захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Ш-ийг цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг бэлтгэж, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, Д.Энхтунгалаг нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс А.Ш-ийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1, 2-т гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1-д заасан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэмт хэрэг нь цахим мэдээллийн аюулгүй байдал, төр, хуулийн этгээд, иргэний мэдээллээ өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан гэмт хэрэг юм. А.Ш-ийн хувьд /parent control/ эцэг, эхийн хяналтын программыг 50 ам.доллароор авч охиныхоо утсанд суулгаж, 10 гаруй насандаа бусдад удаа дараа хүчирхийлүүлж байсныг мэдэж, гомдол гарган гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэсэн байдаг. Энэхүү программ нь гадны сайтаас авахад өндөр өртөгтэй, Монгол Улсад нэвтрээгүй, хүн бүр авч хэрэглэх боломжгүй программ байсан. н.А, н.Б нар нь сайтын илээр тавьсан зарын дагуу сайн дураар, зөвхөн насанд хүрээгүй хүүхдийнхээ утсанд тус аппликейшинг суулгахаар тохирч, гэрээний 7 дугаар зүйлд зааснаар хариуцлагыг өөрсдөө хүлээхээр тохирч гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний үүргээ зөрчиж нөхрийнхөө утсанд суулгасан нь А.Ш-ийг буруутгах үндэслэл болохгүй.

Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ийм төрлийн аппликейшин ашиглаж хүүхэддээ хяналт тавьж хамгаалахыг 25-р суваг телевизээр зар сурталчилгаа болгон байнга явуулж байгаа. Гэтэл эцэг, эхчүүдэд үүрэг болгож хуулиар тогтоосон хүүхдээ хамгаалж урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү аппликейшинг зохиосон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан буруутгасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримт буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1824 дугаартай дүгнэлт, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/553 дугаартай дүгнэлт зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. 1824 тоот дүгнэлтэд гар утасны мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу түүнд мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд дамжуулж буй үйлдэл нь хамгаалагдсан сүлжээнд нэвтэрсэн үйлдэл биш хэдий ч хамгаалалттай сүлжээнд нэвтэрсэн үйлдэл биш гээд дүгнэлтдээ заагаад өгчихсөн. Энэ нь эргэлзээ бүхий нотлох баримт юм. Мөн 1/553 дугаартай дүгнэлтийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Ч гэх хүн гаргасан ба Б.Ч нь дүгнэлт гаргах хэмжээний тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь эргэлзээтэй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байхад огт анхаарч үзээгүй. Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх нөхцөл байдлуудьг анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүй. А.Ш-ийн ямар үйлдэл нь санаатай үйлдэл болох нь огт тогтоогдоогүй. Иймд А.Ш-рийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож А.Ш-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Ш-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарлах, зөрчих тохиолдол гараагүй байна. Цахим төхөөрөмж ашиглаж байгаа иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь авах боломж олгодог программ зохион бүтээж, борлуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл байна. Хувь хүний гар утсанд байгаа мэдээлэл нь тухайн хүний хамаалагдсан мэдээлэл гэж үзнэ. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Ш-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгсэл нь гадны ямар нэг нөлөөнд ороогүй, техникийн болон программ хангамжийн тодорхой түвшний нууцлал бүхий төр, байгууллага, хувь хүний мэдээ, мэдээлэл, компьютерийн мэдээллийг өмчлөгч, эсхүл эрх бүхий хүний зөвшөөрөлгүй, тэдэнд мэдэгдэхгүйгээр олж авах, өөрчлөх, хадгадах, дамжуулах, арилгах, устгах зориулалт бүхий төрөл бүрийн тусгай программ, техник байдаг бөгөөд уг төрлийн гэмт хэргийг олон төрлийн арга технологи ашиглах үйлдлээр илрэн гардаг.

Гэмт этгээд дээрх программ, техникийг бэлтгэсэн, худалдан борлуулснаар төгсдөг бөгөөд А.Ш-ийн бэлтгэсэн программыг хэрэглэгчид гэх нэр бүхий хүмүүс худалдан авч, ашиглан бусдын гар утсан дахь мэдээллийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүй олж авснаар хувь хүний нууцад хууль бусаар халдах бодит нөхцөл бололцоо бий болсон байна.

Аливаа гэмт хэрэг нь үйлдэл, эс үйлдэхүйгээр дамжин илэрдэг бөгөөд нэг удаагийн эсхүл хоорондоо залгамж холбоотой хэд хэдэн, түүнчлэн үргэлжилсэн шинжтэй үйлдэл байдаг.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран хяналтын шатны шүүхэд гаргасан “...анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримт буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1824 дугаартай дүгнэлт, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/553 дугаартай дүгнэлт зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн гомдол нь гэрч Б.Б-ийн “...зааврын дагуу нөхөр Т.О-ийн 9811.... дугаартай ЛЖ маркийн гар утсанд суулгаад, төлбөрийг нь Хаан банкны данс руу хийж ашиглаж эхэлсэн...”, гэрч Ү.А “...фэйсбүүкээр уг сайтын сурталчилгааг хараад өөрийн нөхөр Г.Э-ыг тагнаж үзэхэд юу хийж яваа нь тогтоогдож эхэлсэн...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ш нь цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг бэлтгэсэн, борлуулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 2020/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07ы өдрийн 2021/ДШМ/41 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                               ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Б.ЦОГТ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН