| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 116/2018/0016/З |
| Дугаар | 221/МА2019/0104 |
| Огноо | 2019-02-21 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0104
| 2018 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2019/0104 | Улаанбаатар хот |
А.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан pшатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Г-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны 22 дугаар шийдвэрээр:Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.2.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Аъяасүрэнгийн Г-ын, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Г-ын урьд эрхэлж байсан Байгаль орчин, жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 22 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар нүүрт “...Дорнод аймаг нь Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлаар 2017 онд 4 дүгээр байрт шалгарсан зэргээс үзэхэд тухайн байгууллагын хэрэгжүүлсэн ажлын үр бүтээл тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн гэж үзэж болно” гэж дүгнэсэн байна.
Гэтэл шүүхийн үндэслэл болгон үзэж байгаа энэ мэдээлэл нь одоог хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагад албан ёсоор ирээгүй, үндэслэлгүй мэдээлэл болно.
Хэрвээ Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажил улсад үнэлэгдсэн бол энэ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аймгийн Засаг даргын Тамгын газрын зөв бодлого, сумдын Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудын ажлын үр дүн байхаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан А.Г-ын аймгийн Засаг даргын өмнө хүлээх үүргийн гэрээний хэрэгжилттэй хамааралгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргын 69,1 хувь “D” буюу дутагдалтай үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтнуудаас өөрийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг хамааралтай хэмээн гэрчийн мэдүүлэг гаргасан болно..." хэмээн шүүхийн шийдвэрийн 11 дэх талд дурдаж, тус маргаан бүхий үр дүнгийн гэрээний заалт бүрийн биелэлтийг тус байгууллагын чиглэл хариуцсан албан хаагч хангах үүрэгтэй мэтээр тайлбарлаж, тус албан хаагчийн үр дүнгийн гэрээ 80 “В” үнэлэгдсэн байхад газрын дарга болох А.Г 69.1 “D” үнэлэгдсэн мэтээр харьцуулж хэт нэг талыг барьсан шийдвэрийг шүүх гаргасан.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байхаар хуульчилсан.
Энэхүү хууль зүйн зохицуулалтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга төсвийн шууд захирагч болох Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Г тай төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд бус төсвийн байгууллагын үй ажиллагааг үр ашигтай хангах, үр дүнг харилцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчийнх нь хувьд үр дүнгийн гэрээг байгуулсан.
Харин А.Г нь байгууллагын даргын хувьд чиг хариуцсан албан хаагч буюу гэрчийн мэдүүлэг өгсөн мэргэжилтнүүдтэй төрийн жинхэнэ албан хаагчаас хэрэгжүүлэх нийт болон тусгай ажил, үйлчилгээнүүд, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд болон бусад эрх үүргийг тусгасан үр дүнгийн гэрээг байгуулдаг бол төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга төсвийн шууд захирагч болох байгууллагын даргатай тухайн байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө төсвийн шууд захирагчаас хэрэгжүүлэх хөтөлбөр, нийт болон тусгай арга хэмжээнүүд, манлайллын зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд болон бусад эрх үүргийг тусгасан байхаар заасан байдаг бөгөөд энэхүү 2 үр дүнгийн гэрээ нь өөр өөр зохицуулалт бүхий гэрээ юм.
Мөн дүгнэх эрх бүхий субъектийн хувьд ялгаатай эрх зүйн үр дагаврын хувьд өөр бөгөөд тус гэрээнүүдийн биелэлт үр дүнг тооцох журмыг ялгамжтай байдлаар эрх бүхий байгууллагаас баталсан байдаг.
Гэтэл маргаан бүхий гэрээний асуудлыг байгууллагын албан хаагч бүрийн ажлын чиг үүрэг гэрээний биелэлттэй харьцуулсан нь үндэслэлгүй юм.
Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээр талд “...аймгийн Засаг даргад ямар байдлаар танилцуулсан, эцсийн дүгнэлтэд хүрэх болсон шалтгааныг тогтоосон талаар нотлох баримт байхгүй ...эрх хууль ёсны ашиг сонирхол хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй ...тайлбар тодруулга аваагүй, ...тогтоосон хугацаанд журмын дагуу дүгнээгүй” гэж үзсэн.
Шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А аймгийн Засаг даргын агентлагийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцан зохион байгуулдаг бөгөөд гэрээний үнэлгээг урьдчилсан байдлаар гаргаж, урьдчилсан дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга хянасны дараа аймгийн Засаг дарга гэрээний урьдчилсан үнэлгээ тус бүртэй танилцаж, хянадаг талаар танилцуулсан.
Мөн энэ талаар гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын агентлаг хариуцсан мэргэжилтэн мэдүүлэгтэй дурдаж, холбогдох зарим материалыг өгсөн боловч шүүх аймгийн Засаг даргад гэрээний дүн ямар байдлаар танил цуулагдсан нь тодорхойгүй гэж үзсэн.
Мөн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй ...тайлбар тодруулга аваагүй гэх асуудлын тухайд: А.Г-ын үр дүнгийн гэрээний дүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 09 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нарыг байлцуулан А.Г тай уулзалт хийж, аймгийн Засаг дарга “гэрээний дүнг танилцуулан, дүнтэй холбоотой тайлбар байна уу гэхэд" А.Г “ингэж дүгнэснийг Б.А дарга танилцуулсан, тайлбар байхгүй" гэсэн, мөн “гэрээний дүнтэй холбогдуулан албан тушаал бууруулах гэж байгаа тухай танилцуулахад” А.Г “журмаараа бол өөр сонголтууд бас бий албан тушаал бууруулахаас өөр сонголтыг нь авч болох уу гэж" байсан бөгөөд аймгийн Засаг дарга та аймгийн Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжаар ногдуулсан “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй” байгаа тул албан тушаал бууруулахаар сахилгын шийтгэлийг сонгоод байгаа тухай мэдэгдсэн.
Энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад тайлбартаа тодорхой дурдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбарыг шүүх хангалттай гэж үзэхгүй байгаа бол А.Г тай уулзалт хийх үед байлцсан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийгөөс гэрчийн мэдүүлэг авах болон бусад төрлийн нотлох ажиллагаа хийх боломжтой байсан. Гэтэл шүүх энэ үүргээ биелүүлээгүй.
А.Г аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний дүнтэйгээ урьдчилсан байдлаар 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын өрөөнд танилцсан, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын хамт уулзсанаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй бөгөөд эдгээр хугацаанаас хойш 3 сарын дараа буюу /тайлбар гаргах бүрэн боломжит хугацаа/ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албан тушаал бууруулах Б/10 дугаар захирамжийг гаргасан байхад анхан шатны шүүх А.Г-д урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэж үзсэнийг үндэслэлгүй, асуудлыг дутуу судалж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Учир нь Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А.Г-д үр дүнгийн гэрээний урьдчилсан дүнг танилцуулж, эс зөвшөөрвөл тайлбар гаргах эрхтэй талаар хэлж байсан бөгөөд А.Г нь энэ хугацаанаас хойш аймгийн Засаг даргатай уулзсан хугацаа буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний дүнтэй холбоотой тайлбар гаргах бүрэн боломжтой байсан.
Мөн А.Г 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын хамт уулзсанаас хойш аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг гаргасан хугацаа хүртэлх 2 сарын хугацаанд албан тушаал бууруулж байгаатай холбоотой эс зөвшөөрсөн тайлбар гаргах боломж байсан боловч А.Г өөрөө “Албан тушаал бууруулж байгаа бол ахлахын албан тушаалд томилж өгөх”-ийг хүсэж буйгаа аймгийн Засаг даргад хэлүүлж байсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар шүүх хуралд гаргасан тайлбартаа дурдсан. Үүнийг анхан шатны шүүх анхаарч, нотлох ажиллагаа хийгээгүй холбогдох албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг, тайлбар аваагүй шийдвэр гаргасан. Мөн тогтоосон хугацаанд журмын дагуу дүгнээгүй гэж шүүх дүгнэсэн байна.
Тус маргаан бүхий үр дүнгийн гэрээ нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр журмын дагуу байгуулагдсан бөгөөд хугацааг 2 тал харилцан тохиролцож, 2 талаас нийлүүлэх төсөл арга хэмжээ болон ажил үйлчилгээг тохирч гарын үсэг зурсан байдаг тул хууль зүйн хувьд маргаангүй гэрээ юм.
Тус гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг талаар нэхэмжлэгч гал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон хэлэлцүүлгийн явцад маргадаггүй.
Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга болох төсвийн шууд захирагчийн тухайн 2017 онд нийлүүлсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрийн тайлагнахыг тухайн тайлант он буюу 12 дугаар сарын 25-ны дотор хүлээн авч үр дүнгийн гэрээгээр тогтоосон хугацаанд дүгнэж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх А.Гд 2 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж, нэхэмжлэгчийн тайлбар, санал гаргах боломжоор ханган 5 дугаар сарын 2-ны өдөр албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан.
2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээр нүүрт “...А.Г-ын албан тушаал бууруулсан шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 ...дахь заалтыг баримталсан байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...дэх зохицуулалтыг хэрэглэх байсан ...Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжаар ногдуулсан “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй" хэмээн дурдсан нь ...шат дараалсан арга хэмжээний зохицуулалтын хууль хэрэглээ гэж ойлгоно гэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт нь “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно" гэж заасан, мөн 23.1.2 дахь заалтаар албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" гэж заасан.
Улсын дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 08 дугаар тогтоолын 8 дугаар заалтад “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдэгт хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 ...төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно гэж заасан.
Гэтэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын Долоо дугаар бүлэгт “Хангалтгүй” үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, Төрийн албанаас халах гэсэн 2 саналыг тусгасан бөгөөд Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад зааснаар сахилгын шийтгэлийг Сануулах, Албан тушаалын цалинг ...бууруулах, ...Эргэж орох эрхгүйгээр халах гэсэн 3 төрөл байхаар хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл шүүхээс аймгийн Засаг даргын 2018 оны Б/10 дугаар “Албан тушаал бууруулах" захирамжид үндэслэл болгон авах ёстой байсан гэж байгаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинтэй холбоотой харилцааг зохицуулсан нэг л заалт /23.1.2 дахь заалт/ байгаа бөгөөд энэ нь албан тушаал бууруулах харилцааг бүрэн зохицуулсан гэхэд учир дутагдалтай байна.
Иймд А.Г-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй уялдуулан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа ганц журам болох Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дун мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг удирдлага болгож, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дугаар заалт /Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ/-ыг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны Б/10 дугаар захирамжийг гаргасан.
Мөн “...Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжаар ногдуулсан “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй” хэмээн дурдсан нь, шат дараалсан арга хэмжээний зохицуулалтын хууль хэрэглээ гэж ойлгоно” хэмээн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолд “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа гаргах”-аар тусгайлсан буюу нарийвчилсан зохицуулалтыг тодорхой заасан.
Энэхүү тогтоолоор нарийвчилсан зохицуулсан дээрх заалтыг баримтлан эрх олгосон буюу Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах заалтыг үндэслэн “D” буюу дутагдалтай дүгнэгдсэн А.Г-ын албан тушаалыг бууруулсан.
Харин нэхэмжлэгч А.Г нь ажлын байрны тодорхойлолт хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсан тул аймгийн Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б02 дугаар захирамжуудаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Энэ талаар нэхэмжлэгч маргаж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны .... тогтоолоор тус сахилгын арга хэмжээ тооцсон шийдвэр нь үндэслэлтэй хэмээн тогтоосон байдаг. Дээрх шалтгаан нөхцөлүүд нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байдаг тул албан тушаал бууруулах арга хэмжээг авсан. Мөн ТАЗ-ийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан журмаар “D” буюу дутагдалтай дүгнэгдсэн тохиолдолд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэсэн 3 арга хэмжээ байх бөгөөд эдгээрийг дэс дараалан хэрэглэх талаар тусгаагүй байдаг.
3.Орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч аймгийн Засаг дарга нь БОАЖСайдтай салбарын хууль төрийн бодлого шийдвэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Хамтран ажиллах гэрээ" байгуулдаг бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай төрийн жинхэнэ албан хаагч, төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд “Үр дүнгийн гэрээ” байгуулдаг.
Иймд энэхүү гэрээнүүд нь эрх зүйн үр дагавар, зохицуулалт, ач холбогдлын хувьд харилцан адилгүй, эрх хэмжээ, чиг үүрэгтэй тул маргаан бүхий үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга болон БОАЖСайдын байгуулсан Хамтран ажиллах гэрээтэй харьцуулан жишиж үнэлж, дүгнэх хууль зүйн зохицуулалтгүй, түүнчлэн шинжээчээр томилогдсон ажлын хэсэг дүгнэлтэд дурдан харьцуулах боломжгүй болохыг анхааруулсан байсныг шүүх харгалзан үзээгүй.
Мөн түүнчлэн шинжээчид тавьсан шүүгчийн асуулт болох “Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г-ын аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үнэлгээтэй харьцуулж, А.Г-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ бодитой гарсан эсэх” гэх байдлаар хэт нэг талыг барьж, хөтөлсөн асуулт тавьсан байдаг бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд өөр хүчин чадал бүхий 2 гэрээг харьцуулах чиглэл бүхий асуултыг шүүх шинжээчид тавьсан байдаг.
Тийнхүү хөтөлсөн асуултын хүрээнд шинжээч нар А.Г-ын үр дүнгийн гэрээний жилийн эцсийн биелэлтийг А.Г-ын аймгийн Засаг даргад хүргүүлсэн дээрх гэрээний биелэлтийн тайлангийн хүрээнд бус БОАЖГазар БОАЖЯ-нд хүргүүлсэн үйл ажиллагааны боть тайлангийн хүрээнд дүгнэсэн, үүнийг шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг эс зөвшөөрч алдаатай шийдвэр гэж үзэж байна.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь аймгийн Засаг дарга хариуцагчтай, Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн А.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байгаад давж заалдах шатны шүүх анхаарал хандуулна уу.
Иймд дээрх гомдлыг харгалзан үзэж аймгийн Засаг дарга хариуцагчтай, Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн А.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 22 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд Дорнод аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг 69.1 хувь дүгнэсэн шийдвэрийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлтийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 7.1-д заасныг тус тус баримтлан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон А.Г-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаал бууруулсан байна.
Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг 69.1% дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах зэрэг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэн нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр, 40.4.2-т үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн урамшуулах, хариуцлага тооцох арга хэмжээ авахаар хуульчилсан.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2-т ...гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ: ...”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. ...”, 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ...дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх...; ...“D” буюу “дутагдалтай” ...албан тушаал бууруулах; ...” гэж тус тус заан журамлажээ.
Төсвийн ерөнхийлөн захирагч Дорнод аймгийн Засаг даргын ...Үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлт болон Байгаль орчны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулахад 69.1 хувь D буюу дутагдалтай болон 85.5 хувь буюу B буюу сайн үнэлгээ гарч байгаа болно.
Энэхүү үнэлгээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу, Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээ болон үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангахад чиглүүлэн, төсвийн шууд захирагч үйл ажиллагаандаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх үүргийн хүрээнд дээрх үнэлгээг гаргасан гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй.
Мөн түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2017 оны гэрээний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулгад Дорнод аймаг 86.0 хувьтай үнэлэгдсэн байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүхээс А.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны урьд авч цалин хөлсний дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР