Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.О-ийн гаргасан

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох,

Гуравдагч этгээд: Б.З

Гуравдагч этгээд: Л.Г

Гуравдагч этгээд: М.П

Гуравдагч этгээд: Г.М

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн Л.Г холбогдох хэсэг, 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн Б.Л-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсэг, 2007 оны 259 дүгээр захирамжийн Б.Л-д холбогдох хэсэг, Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын алба Л.О-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн аваагүй буруутай болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Н, иргэдийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Л.О2005 онд хур, хогтой газрын цэвэрлэж, гурван тал хашаа хатгаж, улмаар 2006 онд хоёр давхар өвлийн байшин барьж 9 жил тасралтгүй амьдарч буй газрыг маань бусдад өмчлүүлсэн болохыг иргэний хэргийн шүүх дээр хариуцагч болсноор олж мэдсэн. Намайг хашаа хатгаж байшин барьж байхад хэн ч хориглоогүй маргаагүй. Гэтэл олон жилийн дараа миний эзэмшиж байгаа газрыг булаацалдаж байгаа нь шударга зүйл биш юм. Өөрөөр хэлбэл газар өмчлөх хүсэлт гаргахдаа Б.З, Э.И нар нь уг газраа эзэмшиж байгаа гэж хүсэлтээ гаргаж байгаа үйлдэл бол төрийн байгууллагыг хуурсан ноцтой үйлдэл юм. Энэ үед хашаа болон байшин нь баригдсан бусдын эзэмшилд байсан болно.

Иймд шударга бусаар өмчлөх эрх олж авсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 259 дүгээр захирамжийн Б.З-д холбогдох хэсэг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжийн Э.И-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Л.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ:

“...Л.О шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх нотлох баримт цуглуулах шатанд шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэх нөхцөл үүслээ. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот хашааны 700 м.кв газрыг тухайн хороонд оршин сууж , огт амьдарч байгаагүй этгээдүүд болох Б.Л, М.П нар эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг дарга 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 256 тоот захирамж гарган эзэмших эрх олгосон байна.

Энэхүү хүсэлт нь Баянзүрх дүүргийн 10 хорооны Засаг дарга болон өрхийн бүртгэлийн хяналтаас гадуур хийгдэж үндэслэлгүйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад уламжлагдсан байна. Тодорхойлолтыг тус хорооны зохион байгуулагч Чимгээ гэгч этгээд эрх мэдлээ хэтрүүлэн олгосон байна.

Тухайн үед Б.Л газар эзэмших хүсэлт гаргаж байх үед маргаан бүхий газарт Л.О амьдарч байсан үйл баримт шүүхэд нотлох баримтуудаар авагдсан байна. Улмаар газар эзэмших эрхээ өмчлөх эрх болгож улсын бүртгэлд бүртгүүлэн Г-2204009639 тоот гэрчилгээ олж авсан байна. Б.Л нь өөрийн өмчийн газраа ач хүү М-д бэлэглэж, Мөнхсүлд 2013 оны 09 дүгээр сарын 17-нд Б.З-д газраа худалдсан байна. Б.Золбуян нь өөрийн худалдан авсан өмчлөлийн газраа хашаа хатгаж, хил хязгаараа тогтоосон эсэхийг шалгаж үзэлгүйгээр зөвхөн цаасан дээрх баримтуудыг үндэслэн худалдан авсан болох нь бодит байдал дээр тодорхой байна.

Б.Л нь газар хүссэн өргөдөлдөө огт амьдарч байгаагүй газрыг эзэмшиж, ашиглаж байсан гэж мэдүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 20.20, 3.2, 20.4, 23.2 холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Б.Л-ын өмчилж авсан газар нь Л.О-ийн газартай 340 м.кв талбайгаар давхцаж байгаа тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн Б.Л, Нийслэлийн Засаг даргын, 2007 оны 259 дүгээр захирамжийн Б.Л-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага үүссэн болно.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740 тоот хашааны 700 м.кв газрыг тухайн хороонд оршин сууж, огт амьдарч байгаагүй этгээдүүд болох Л.Г-д эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон байна.

Улмаар газар эзэмших эрхээ өмчлөх эрх болгож улсын бүртгэлд бүртгүүлэн Г-2204003972 тоот гэрчилгээ олж авсан байна. Л.Г-д өөрийн өмчилж авсан газарт Л.О амьдарч байсныг мэдсээр байж газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргаж улмаар бусдад худалдсан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч буй Б.З гэгч этгээд газраа огт үзэлгүйгээр худалдан авах гэрээ байгуулсан байгаа нь шударга өмчлөгч биш гэдэг нь харагдаж байна.

Л.Г нь хамтран өмчлөгч нараа хасуулж ганцаар өмчлөгч болсон байх бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Золбуянд өмчлөлийн газраа худалдсан байх ба Л.О-ийн газартай 360 м.кв талбайгаар давхцаж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага үүссэн болно.

Л.О Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Итгэл болон Золбуяны газартай давхцаж байна гэсэн хариу өгч байсан бөгөөд захиргааны шүүхэд Л.Г-ын дүүргийн Засаг даргад гаргасан газар хүсэлт, өргөдөл ирээгүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг мэдэх боломжгүй байгаа болно.

Б.З нь өмчлөгдсөн Г.М, Л.Г нарын газрыг худалдан авахдаа бусдын ашиглалтанд байгаа, хашаа хатгаж, хоёр давхар өвлийн байшинг өмчлөгдсөн газарт барьсан байгааг мэдсээр байж худалдан авсан байдаг бөгөөд шударга өмчлөгч биш төдийгүй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 740, 740А тоот хашааны 700 м.кв газар нь Л.О-ийн газартай давхцал үүсч байх тул Б.З-ийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 740 тоот Газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-2204009684 тоот гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 10 дугаар 740А тоот Газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-2204009639 тоот гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн Б.Л, Л.Г-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 259 дүгээр захирамжийн Б.Л-д холбогдох хэсэг,  Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Л.Од-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“... Иргэн Л.Г нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 3 дугаар хэсэг, Улиастайн 41-679 тоот 700 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байна.

Мөн хорооны Засаг даргаар 679 тоот ам бүл 5 хүн амьдардаг гэсэн тодорхойлолт гаргуулсан байна. Л.Г нь уг газраа хашаалж эзэмшиж, ашиглаж, байгаагүй мөн кадастрын зураг, байршил, газар эзэмшихээр гаргасан хүсэлт, он, сар зэрэг бүгд эргэлзээтэй баримтууд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Л.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ:

“...Нэхэмжлэгч Л.Онь 2005 онд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 3 дугаар хэсгийн задгайд амьдарч байхдаа 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10 дугаар хорооны Засаг дарга Ж-аар Баянзүрх дүүргийн Газрын албанд “газрын асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг уламжлая” гэсэн тодорхойлолт хийлгэж тухайн өдрөө буюу 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан байдаг. Гэтэл газрын албаныхан уг өргөдлөөс татгалзахдаа “ танай газар усны ундаргатай, гудамж гаргана зөвшөөрөл өгөх боломжгүй газар” гээд газар хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Л.О нь 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших талаарх баримтаа бүрдүүлж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргад хандсан байх бөгөөд тус хорооны Засаг дарга Ж газар дээр нь очиж Л.О-ийн амьдралыг шалгаж үзээд хүсэлтийг нь Баянзүрх дүүргийн Газрын албанд уламжилсан байдаг. Мөн нэхэмжлэгч өөрийн хорооны 3б хэсгийн ахлагчаар тодорхойлолт хүртэл хийлгүүлсэн байдаг.

Гэтэл Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Ж-ны зөвшөөрөлгүйгээр тус хорооны зохион байгуулагч Чимгээ гэгч этгээд тухайн газарт огт амьдарч байгаагүй Б.Л-д тодорхойлолт хийж өгснөөр газрын маргаан үүсэх үндэслэл бүрдсэн байна. Хэрэв Б.Л өөрийнх нь хашаа хатгасан, эзэмшиж ашиглаж, байгаа газарт нь Л.О гэгч этгээд гэр барьж буугаад улмаар хашааных нь гадуур хашаа хатгаж, өвлийн 2 давхар байшин барьсныг зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед буюу 2005, 2006 онд газрын маргаан үүсгэж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Тухайн хооронд амьдардаггүй хүн Б.Лтус хорооны зохион байгуулагч Чимгээгээр цохолт хийлгээд хүсэлт гаргахаар газар олгодог харин тухайн хорооны Засаг дарга Ж нь бодит байдлыг нь газар дээр нь очиж шалгаад өрх толгойлсон Л.О-д газраа хөөцөлдөж авах боломж олгосон байтал газрын албаны эрх мэдэлтэнгүүд өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Газрын албаны албан хаагчид иргэдийн өргөдлийг авахаас үндэслэлгүйгээр татгалздаг, чирэгдүүлдэг болох нь өнөөдөр хүртэл хэвийн үзэгдэл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Иймд Баянзүрх дүүргийн Газрын алба Л.О-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн аваагүй буруутай болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт амьдарч байгаагүй этгээдүүд болох Б.Л, М.П нар газар эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна гэж дурджээ.

Иргэн Б.Л, Л.Гнарын гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д тус тус заасны дагуу 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжаар Б.Л-д Улиастайн 740а тоот, Л.Г-д Улиастайн 301 тоотод тус тус газар эзэмших эрх олгосон байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байна.

Үүнээс үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхыг хуулиар шаардаж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй, түүнчлэн маргаан бүхий акт нь хуульд үндэслэж гарсан захирамж тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлдээ “...Л.Г нь Баянзүрх дүүргийн Засаг даргад 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улиастайн 41-679 тоот 700 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байна. Мөн хорооны Засаг даргаар 679 тоотод ам бүл 5 хүн амьдардаг гэсэн тодорхойлолт гаргуулсан байна. Л.Г нь уг газраа хашаалж, эзэмшиж, ашиглаж байгаагүй, мөн кадастрын зураг, байршил, газар эзэмшихээр гаргасан хүсэлт, он сар зэрэг нь эргэлзээтэй баримтыг ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн Л.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар дурджээ.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “..Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байна. Нэхэмжлэгч Л.О нь газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байна.

Үүнээс үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхыг хуулиар шаардаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамж нь хууль зөрчиж гараагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “..Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасны дагуу тус алба нь иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг бүртгэж авч амаар болон алба бичгээр хариу хүргүүлж шийдвэрлэдэг.

Иргэн Л.О нь 2005-2007 онуудад манай албанд хандаж өргөдөл, хүсэлт гаргасан талаар архив болон бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, Б.А нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Л.О нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж газрыг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн байна.

Иймд иргэн Л.О-ийг тухайн газраас албадан чөлөөлөх эрх зүйн үндэслэл бүрдсэн байгаа тул түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ”нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг;” хэлнэ гэсэн заалтад иргэн Л.О-ийн гаргасан нэхэмжлэл нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны 740 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, 18651310583972 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг мэдүүлэг, төлбөрийн баримт, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, газрын кадастрын зураг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярын 2006 оны 570 дугаар захирамжаар олгосон 0075274 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр зэрэг нотлох баримтыг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Л.Г, Б.Т, Г.М, Г.М, Г.Б нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204009684 дугаарт бүртгэн, 00033575 тоот гэрчилгээ олгосон байна. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 336 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасах хэлцлээр иргэн Л.Г-ын өмчлөлд шилжин өмчлөх эрхийн 000084548 тоот гэрчилгээ олгосон байна. 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 72 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн З-ийн өмчлөлд шилжин өмчлөх эрхийн 000128143 тоот гэрчилгээ олгосон байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэргүүд дэх нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэлүүд нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. Нийслэлийн Засаг даргаас дээрх газрыг нэр бүхий иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, газар өмчлөх эрхийг давхардуулан бүртгээгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Г-2204009684 дугаарын бүртгэл, 000128143 тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны 740А тоотод байрлах, 700 м.кв талбайтай, 18651310565972 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг мэдүүлэг, төлбөрийн баримт, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, газрын кадастрын зураг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Б-н 2007 оны 259 дугаар захирамжаар олгосон 0070463 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр зэрэг нотлох баримтыг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Л, М.П нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204009639 дугаарт бүртгэн, 00033557 тоот гэрчилгээ олгосон байна.

2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 271 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.М-ийн өмчлөлд шилжин өмчлөх эрхийн 000042789 тоот гэрчилгээ олгосон байна. 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 72 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.З-ийн өмчлөлд шилжин өмчлөх эрхийн 000128142 тоот гэрчилгээ олгосон байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэргүүд дэх нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэлүүд нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. Нийслэлийн Засаг даргаас дээрх газрыг нэр бүхий иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, газар өмчлөх эрхийг давхардуулан бүртгээгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Г-2204009639 дугаарын бүртгэл, 000128142 тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Н нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

“... Газар өмчлөх эрх үүссэн талаар: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгосноор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхээр зохицуулсан байдаг. Өмчлөгчийн эрхийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.3-т “...газар өмчлөгч нь өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй” мөн Газрын тухай хуулийн 3.1.3-т “...“Газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж заасан бол Иргэний хуулийн 101.1-т “...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэх мэтээр зохицуулсан байна.

Иргэн Б.З нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 259 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэн Д.Г-д өмчлөгдсөн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамжны 740, 740А тоот хаягийн 000128142, 000128143 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг 2013 онд гэрээний үндсэн дээр өмчилж авсан. Б.З нь тус газрыг өмчилж авах зорилгоор Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй тул 2006 оны 259 дугаар захирамжид Б.З-тэй холбогдох хэсэг байхгүй юм.

Нэхэмжлэгч Л.О нь хууль ёсны газар эзэмшигч мөн эсэх: Нэхэмжлэгч Л.О нь 2005 онд хур хогтой газрыг цэвэрлэж гурван тал хашаа хатгаж, улмаар 2006 онд хоёр давхар өвлийн байшин барьж 9 жил тасралтгүй дээрх газрыг эзэмшсэн гэж маргажээ. Газрын тухай хуулийн 3.1.3-т “Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно, мөн 27.1-т “Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

Нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргасан баримт, материалуудаас харахад нэхэмжлэгч Л.О-д газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй болох нь харагдаж байна.

Харин нэхэмжлэгч Л.О нь Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшилдээ байлгасан байна.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Нэхэмжлэгч Л.О нь нэхэмжлэлдээ миний эзэмшиж байгаа газрыг бусдад өмчлүүлсэн болохыг иргэний шүүх дээр хариуцагч болсноор буюу 2015 оны 8 дугаар сард мэдсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б.Золбуян нь өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Л.О-д өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-аар дамжуулан мэдэгдэл хүргүүлсний зэрэгцээ амаар удаа дараа газар чөлөөлж өгөхийг мэдэгдэж байсан байдаг.

Мөн газар өмчилж авах эрх бүхий иргэний үүргийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.2-т дараах байдлаар заасан байна. Үүнд: 1. Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх; 2. Өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлэх; 3. Өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх; 4. Газар өмчилж авахтай холбогдсон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх. Хуульд заасан газар өмчилж авах эрх бүхий иргэн нь дээрх ажиллагаануудыг хийгдсэний үндсэн дээр газар өмчлөх хүсэлтээ гаргадаг. Тус ажиллагааг хийлгэхийн тулд өмчилж авах тухайн газарт нэг бус удаа очих шаардлагатай болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгч Л.О нь тухайн үед тус газар амьдарч байсан бол газар өмчлөх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.2-т заасан шаардлагатай ажиллагааг хийж байх үед эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн байх ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Л.О-ийн захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Л.Г-д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Л.Г би Монгол Улсын иргэн бүр хүссэн газартаа хашааны газар өмчлөх эрхийн дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоосон байсан газар хашааны газар авахаар 1994 оны 12 дугаар сард хорооны Засаг дарга Бадамхандад хуулийн дагуу өргөдөл өгснөөр газар эзэмших цагаан гэрчилгээ авсан. Хорооны хүн амын өрхийн бүртгэлд бүртгэгдсэн. 2001 оны 5 дугаар сард эсрэг гудамжны Ц.М-ээр 4 тал хашаа барьж хашаандаа гэр барьж амьдарсан. 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжаар газрын цагаан гэрчилгээгээ “газар эзэмших гэрчилгээ” болгосон. Хашааны банзыг маань энд тэндээс нь хулгайлсан тул 2006 оны 4 дүгээр сард Ж болон Ц.М-ээр дахин 4 тал хашаагаа бүрэн болгож бариулсан. Хашаа бариад дуустал Л.О нь гэх эмэгтэй хашаанд гэр барьж орж суусан. Эхэнд бол хашаатай тул түр барьж байгаа гэснээ сүүлдээ хашаа тусгаарлаж, зааг босгоод эхлэхээр нь газрын гэрчилгээ, кадастрын зураг зэргээ үзүүлсэнд сүх барьж хашааг сүхдэж галзуураад байсан.

Хашааг сүхдэж галзуураад байхаар нь хэсгийн цагдаа болон Газрын албанд мэдэгдсэн. Газрын албанаас Л.О-ийг 3 хоногийн дотор нүүх шаардлага өгч байсан. Гэвч нүүгээгүй. 2007 оны 5 дугаар сард түр эзгүй 10-аад хоноод ирэхэд гэр шатаасан байсан. Бид Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн 3-ын 740 тоотдоо 2014 оны 8 дугаар сард хүртэл бүртгэлтэй байж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооруу шилжсэн” гэв.

Гуравдагч этгээд М.Пүрэвхүү шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“... Миний том хүү Л овогтой Г нь тухайн үед Монгол Улсын өрх бүр хүссэн газартаа Иргэний ахуйн хувийн хашааны газар өмчлөх хууль гарсны дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 3 дугаар хэсэг, Улиастай голын зүүн талд тухайн үедээ ганцхан хойд талдаа л хашаатай айлтай. Зүүн талдаа гудамжтай, урд талдаа болон баруун талдаа айлгүй хоосон газар 1999 онд буугаад мөн оныхоо 12 сард тус хорооны Засаг дарга З.Бгэгч Увсын эмэгтэйд газар хүссэн өргөдлөө өгсөн.

Газрынх нь өргөдлийн хариу гарахгүй удсан. Хорооны зүгээс “Эзэмших газраа баталгаажуулж хашаа барь” гэсэн тул 2001 оны 6 сард эсрэг гудамжинд хашаатай миний төрсөн ахын эхнэрийн дүү Худ ураг Ц.Ц-ын хоёр ихэр хүүгийн нэг Ц.М-р банз хадаасыг нь өгч 4 тал том хашаа бариулсан. Энэ хашааныхаа хаягаар улсын бүртгэлд гэр бүлээрээ орж эдлэн газрын тоо бүртгэлд хамрагдсан.

Энэ хооронд Улсаас өрх бүр биш өрхийн гишүүн Монгол Улсын иргэн бүр газар эзэмших өмчлөх хууль гарлаа. Миний нөхөр өрхийн тэргүүн Б.Л нь хүүгийн газрыг хувааж өмчлөе хамтдаа салхинд амьдаръя гэж шийдвэр гарган бүх л хууль дүрмийн дагуу өргөдлөө гарган өгч Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо. Улиастайн 3 дугаар хэсэг 41-ийн 740 тоотод хашааны газартай хүү Л.Г-ын газрыг хоёр хувааж 41-ийн 740-ийн “А” 41-ийн 740-ийн “Б” хэсэг болгож кадастрын зураг хийлгэсэн.

Манай газар буюу аав Б.Л эх М.Л бид хоёрын хашааны газрын байршлын кадастрын нэгж талбарын дугаар 18651310565969 хүү Л.Г-ын хашааны газрын байршлын кадастрын нэгж талбарын дугаар 18651310583970 юмаа.

2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч Нийслэлийн даргын 93 дугаар захирамжаар “Газар эзэмшлийн хууль ёсны гэрчилгээ” олгосон.

2006 оны 4 сард хашааны банзыг энд тэндээс нь алаг цоог болгон хулгайлсан байсныг нөхөж бүрэн бүтэн болгож хаалгаа шинэчлэн засварласан.

Хорооноос ч цахилгаан тавьж утас татан өгч хашааны хаалганы дугаарыг өгсөн. Энэ үед л харин нэг эмэгтэй хашаанд нь орж ирж гэр барилаа. Тэгэхээр нь хорооны Засаг дарга Хэсгийн цагдаа Газрын албанд мэдэгдэж түүний дагуу Газрын албаны дарга нь байцаагчаараа айлын эзэмшлийн гэрчилгээтэй кадастрын зурагтай энэ хороонд оршин суух бүртгэлтэй хашааруу орж болохгүй гэдгийг сануулж 24 цагийн дотор нүүхийг сануулсан бичиг өгсөн гэсэн. Гэтэл тэр айл нүүгээгүйгээр үл барам элдэв мод төмөр цуглуулж хашааны дундуур нь хашаа маягтай юм босгож тэр зундаа амбаар бариж орсон гэсэн.

Энэ талаар бол ямарч зүйл мэдэхгүй ээ. Тийм учраас энэ талаар тайлбар өгч мэдэхгүй. 2007 оны 4-5 сарын үед хашаан дахь гэр нь эзгүй цоожтой байхад шатаасан л гэж сүүлд дуулсан.

Өвгөн маань амьд байхдаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн 3 дугаар хэсэг 41-ийн 741-ийн “А” тоотын өмчилж авсан газраа хүү Л.Г-ын хүү буюу том ач хүү Л.Г-ын М-д гэрээслэлээр бэлэглэлийн журмаар шилжүүлж өгсөн.

Ач хүү Г овогтой Мөнхсүлд нь 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000042790 дугаартай газар өмчилсөн гэрчилгээгээ авсан.

Г.Мгазраа өмчлөөд дахин кадастрын зургаа баталгаажуулж өөрийн нэр дээр хийлгэсэн ба 186512115640009 нэгж талбарын дугаартайгаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204009642 дугаарт бүртгэсэн байна лээ.

Нэгэнт өмчилсөн газар дээрээ бүртгэлтэй байж байгаад бүгд л ээлж дараалан хаягаасаа нүүсэн. Газраа ч зарсан гэсэн. Өмчилсөн газраа өөрсдөө мэднэ биз.

Эдний гэр бүлээс хамгийн сүүлд хашааны газар дээрх хаягаасаа миний хүүгийн эхнэр манай бэр Б.Т хүү Г.Б нар нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нүүсэн юм аа. Би шүүх хуралдаанд оролцож чадахгүй өвчтэй.” гэв.

Гуравдагч этгээд Г.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Миний аав Б.Л овогтой Г нь тухайн үед Монгол Улсын өрх бүр хүссэн газартаа Иргэний ахуйн хувийн хашааны газар өмчлөх хууль гарсны дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 3 дугаар хэсэг, Улиастай голын зүүн талд тухайн үедээ ганцхан хойд талдаа л хашаатай айлтай. Зүүн талдаа гудамжтай. Урд талдаа болон баруун талдаа айлгүй хоосон газар 1999 онд буугаад мөн оныхоо 12 сард тус хорооны Засаг дарга З.Бадамханд гэгч Увсын эмэгтэйд газар хүссэн өргөдлөө өгсөн.

Газрын өргөдлийн хариу гарахгүй удсаны эцэст хорооны зүгээс “Эзэмших газраа баталгаажуулж хашаа барь” гэсэн тул аав 2001 оны 6 сард эсрэг гудманд хашаатай өөрийн хамаатны Ц.Цогзол гуайн хоёр ихэр хүүгийн нэг Ц.Мөнхөөгөөр банз хадаасыг нь өгч 4 тал том хашаа бариулсан. Энэ хашааныхаа хаягаар улсын бүртгэлд гэр бүлээрээ орж эдлэн газрын тоо бүртгэлд хамрагдсан.

Миний өвөө Б.Л нь аавын газрыг хувааж өмчлөе хамтдаа салхинд амьдаръя гэж шийдвэр гарган бүх л хууль дүрмийн дагуу өргөдлөө гарган өгч Баянзүрх дүүргийн хороо, Улиастайн 3 дугаар хэсэг 41-ийн 740 тоотод хашааны газартай өөрийн хүү буюу миний аав Л.Г-ын газрыг хоёр хувааж 41-ийн 740-ийн “А” 41-ийн 740-ийн “Б” хэсэг болгож кадастрын зураг хийлгэсэн. Манай газар буюу өвөө Б.Л эмээ М.П хоёрын хашааны газрын байршлын кадастрын нэгж талбарын дугаар 18651310565969, аав Л.Г-ын хашааны газрын байршлын кадастрын нэгж талбарын дугаар 18651310583970 юм.

2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар “Газар эзэмшлийн хууль ёсны гэрчилгээ” олгосон. 2006 оны 4 сард хашааны банзыг энд тэндээс нь алаг цоог оочин цоочин хулгайлсан байсныг нөхөж бүрэн бүтэн болгож хаалгаа шинэчлэн засварласан.

Хорооноос цахилгаан тавьж утас татан өгч хашааны хаалганы дугаарыг өгсөн. Энэ үед л харин нэг эмэгтэй хашаанд нь орж ирж гэр барьсан. Тэгэхээр нь хорооны Засаг дарга, хэсгийн цагдаа, Газрын албанд мэдэгдэж түүний дагуу Газрын албаны дарга нь байцаагчаараа айлын эзэмшлийн гэрчилгээтэй кадастрын зурагтай энэ хороонд оршин суух бүртгэлтэй хашааруу орж болохгүй гэдгийг сануулж яаралтай нүүхийг сануулсан бичиг өгсөн.

Гэтэл тэр айл нүүгээгүй, элдэв мод төмөр цуглуулж хашааны дундуур нь хашаа маягтай юм босгож дараа жил нь амбаар барьсан. Тухайн айлд гэрт орж уулзан манай хууль ёсны газраас та нар нүүх хэрэгтэй гэхэд огт хүлээж аваагүй. Ямар учраас ийм дураараа аашлан, цаашид эзэмших эрх авч чадахгүй газар дээр ирж амьдраад байгааг сураглахад нь тухайн айл хороонд ажилладаг хүний хамаатан нь юм гэнэлээ гэж хөршүүд ярьж байсан.

Газраа өмчилж авахтай холбоотой бүх зүйлийг манай аав өвөө 2 маань хууль ёсны дагуу гүйцэтгэн өргөдөл хүсэлтээ гарган удаан хугацааны турш хөөцөлдөж байсан тул айж эмээх зүйлгүйгээр хашаандаа амьдардаг байсан. Өвөө маань 2003 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Газрын албанд бусдын адил өдөржин дугаарлаж шат шатны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн газраа хөөцөлддөг байсан. Ер нь газрыг 2000 оны эхэн үед тэгж л удаан хугацаагаар хөөцөлддөг байсан. Намайг хөдөө ажилдаа явсан хойгуур 2007 оны 4-5 сарын үед хашаан дахь 5 ханатай гэр маань эзгүй цоожтой байхад шатсан. Энэ тухай галын дуудлагаар ирсэн байцаагч нар цахилгаанаас үүдэлтэй биш байна гэж хэлж байсан. 2007 оны 4 сараас эхлэн би хөдөө геологийн ангид тогоочоор ажиллаж эхэлсэн тул эзгүй байх нь элбэг болсон.

 Өвөө маань амьд байхдаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 3 дугаар хэсэг 41-ийн 741-ийн ”А” тоотын өмчилж авсан газраа надад бэлэглэлийн журмаар шилжүүлж өгсөн. Би 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000042790 дугаартай газар өмчилсөн гэрчилгээгээ авсан.

Би газраа өмчлөөд дахин кадастрын зургаа баталгаажуулж өөрийн нэр дээр хийлгэсэн ба 186512115640009 нэгж талбарын дугаартайгаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204009642 дугаарт бүртгэсэн байсан. Энэ бүх хугацаанд оршин суугаа хаягаа тодорхойлох бүх бичиг баримт тодорхойлолтыг 10 дугаар хороо, хорооны бүтэц хамрах хүрээ өөрчлөгдөхөд 25 дугаар хорооноос авч байсан. Мөн цэргийн зарлан авах, цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдах, цэргийн албыг дүйцүүлж хаах гээд бүх зүйлд энэ хаягаараа оролцдог байсан. 2013 оны 10 дугаар сарын орчимд иргэн З-д аав Л.Г-н өмчилж авсан болон өөрийн өмчилж авсан газрыг нийлүүлэн зарсан. З-д зарах үедээ тухайн газрын урд хэсэгт нэг айл ямар ч зөвшөөрөлгүй буусан байгаа гэдгийг хэлсэн.

Би 2014 оны 1 дүгээр сард хаягаасаа шилжсэн. Манай гэр бүлийнхэн өмчилж авсан хашаандаа бүгд бүртгэлтэй байсан. Хамгийн сүүлд хашааны газар дээрх хаягаасаа манай ээж Б.Т, дүү Г.Б нар нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нүүсэн.

Манайх тухайн газарт нүүж ирснээс хойш дахин нүүгээгүй бөгөөд манай хаягийн дугаар 3 удаа өөрчлөгдсөн. Өөрчлөгдөхдөө 1319, 679, 741 болж өөрчлөгдсөн. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдааны үед гаргасан дүгнэлтдээ:

“...Газрын маргаан шийдвэрлэхэд хаяг чухал зүйл юм. Учир нь хаяг гэдэг нь хүнийг тодорхойлох болон захиргааны хэрэг шийдвэрлэхэд дүгнэлт гаргахад зайлшгүй чухал зүйл юм. Хаягийн өөрчлөлтөөс болоод тус хэрэг ээдрээтэй ойлгомжгүй тодруулахад цаг хугацаа их шаардаж байна. Иргэн Г.Гнь газраа эзэмшиж байхдаа тус газар дээр аливаа үйл ажиллагаа явуулаагүйн улмаас хашаа ч үгүй байсан юм шиг байна. Ийм газар иргэн Л.О бууж, хашаа байшин барьж оршин сууж байгаа болно. Иргэн Л.О-ийн амьдарч буй газрыг худалдсан тухайд миний үзэж байгаагаар өрх толгойлсон эмэгтэйн газар байшинг арилжаалж ашиг олох нь ёс зүйгүй хэрэг юм. Иргэн Л.Онь тухайн газарт хашаа барьж хаягаар амьдарч эзгүй газрыг нь хог хаягдлаас цэвэрлэнэ улмаар хашаа байшин барьж 11 жил амьдарч буйг харгалзан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Л.Од-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “...Маргаан бүхий газарт анх 2006 оноос хойш хашаа барьж амьдарч байхад миний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй атлаа уг газрыг гуравдагч этгээд Б.Л, Л.Г нарт тус тус хууль бусаар эзэмшүүлэн өмчлүүлж улмаар гуравдагч этгээд Б.Золбуянд тэдгээр нь шилжүүлэн өмчлүүллээ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

1. Иргэн Л.Г-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93, улмаар уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн тус тус Л.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон гуравдагч этгээд Б.Золбуянгийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээ хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Иргэн Л.Г анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо 41-679 дүгээр хаяг бүхий газрыг эзэмшин улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар уг газраа өмчлөн авчээ. 

Уг газрыг өмчилж авахаар гаргасан өргөдөлд цохсон 10 дугаар хорооны /хуучнаар/ Засаг дарга н.Мандалын тодорхойлолтын дор “3 дугаар хэсэг 679-ийг 740 болгон өөрчлөв” гэсэн тэмдэглэгээ байсныг нягтлах үүднээс Засаг дарга асан н.Мандалыг гэрчээр байцаахад “Иргэн 679 тоот дээр амьдарч байгаад 740 тоот газрыг эзэмших бүрэн эрхтэй. Энэ тоот өөрчлөгдсөн талаарх тэмдэглэгээг зохион байгуулагч Д.Ч хийсэн байна” гэж мэдүүлсэн бөгөөд Д.Ч-г гэрчээр байцаан энэ талаар тодруулсан болно.

Улмаар Л.Г нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гуравдагч этгээд Б.З-тэй “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж уг газрын өмчлөх эрхийг гуравдагч этгээд Б.З-д шилжүүлсэн байна.

Гуравдагч этгээд Б.З нь нэгж талбарын 18651310583972 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо /хуучнаар/ Улиастайн гудамж 740 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газрыг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201009684 дугаарт өмчлөх эрхээ бүртгүүлжээ.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Н.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гуравдагч этгээдийн талаар “Б.З нь тус хороонд оршин суудаггүй, өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй” талаар тодорхойлолт өгсөн бөгөөд хэргийн оролцогчид маргаан бүхий газарт гуравдагч этгээд Б.З нь амьдраагүй гэдэгтэй маргаагүй, иргэн өмчлөлийн газартаа зайлшгүй амьдрахыг хуулиар шаардахгүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Харин тус хорооны Засаг дарга Н.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн тодорхойлолтдоо “...нэхэмжлэгч Л.О-ийг 2002 оноос хойш амьдарч байгаа”, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд албан бичгээр “...Л.О10 дугаар хороо байхад 2006 оноос хойш оршин сууж байгаа өрхийн бүртгэлийн дэвтэртэй...”, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Тус хорооны Улиастай 740 тоотод Л.Г, 740а тоотод Б.Л нь тус тус 2000 оноос хойш оршин суудаг бүртгэлгүй” гэсэн зөрүүтэй тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн тул түүнийг гэрчээр байцаахад шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... нэхэмжлэгчийн хүүхэд, манай хүүхэд 2 нэг ангид суралцаж байсан тул би гэрт нь өмнө очиж байсан боловч маргаан бүхий газарт байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх, мөн нэхэмжлэгч Л.О-ийн шүүх хуралдаанд “...би өмнө нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо 6 дугаар хэсэгт хамаатныдаа амьдарч байсан...” гэх, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн Ч.Г-ын “...Л.О нь Баатархайрханы 772 тоотод айлын хашаанд байж байгаад нүүсэн...” гэх тайлбар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 1/291 дүгээр албан бичгээр ирүүлсэн маргаан бүхий газрын 2005 оны агаарын зураг зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2006 оноос өмнө тус газарт амьдраагүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжаар иргэн Б.Ц Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хэсэг 679 тоот хаяг бүхий газрыг эзэмшүүлснийг иргэн Л.Г-ын анх 2003 онд мөн дээрх захирамжаар эзэмшсэн Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хэсэг 41-679 тоот хаяг бүхий газартай давхцуулан эзэмшүүлсэн эсэхийг газрын кадастрын мэдээллийн сангаас шалгахад газрын талаар давхцал тогтоогдоогүй болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Иргэн Газрын тухай хуулийн 52.7-д заасны дагуу эзэмшиж байгаа газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга байгууламж, өвөлжөө, хаваржааны хашааг өмчлөх эрх, түүнтэй холбоотой энэ хуулийн 3.2.1-3.2.4-т заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болно.”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “.Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараах эрхтэй:19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус заасны дагуу иргэн Л.Г-ыг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшсэний дараа нэхэмжлэгч Л.О уг газарт зөвшөөрөлгүйгээр ирж амьдарсан нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.О-ийн гаргасан “Л.Г-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93, улмаар уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн тус тус Л.Г-д холбогдох хэсэг болон гуравдагч этгээд Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 3б хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Н.Пнь “Л.О нь 3б хэсгийн задгайд амьдардаг нь үнэн. 2006.05.15” гэсэн тодорхойлолтыг нэхэмжлэгчид анх өгсөн байна. Гэвч уг тодорхойлолт нь хэлбэрийн хувьд шаардлага хангаж буй эсэхийг нягтлах үүднээс иргэн Н.П-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асууж маргаан бүхий газрын талаар болон дээрх тодорхойлолтын талаар тодруулахад “миний бичсэн тодорхойлолт мөн, тухайн үед хаягжуулах зорилгоор хийж өгсөн” гэж мэдүүлсэн болно.

Мөн хавтаст хэрэгт “Л.О нь тус хорооны 3 дугаар хэсэг Улиастайн задгай хаягаар оршин суудаг тул газрын асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хүсье. 2006.05.15” гэсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны /хуучнаар/ Засаг дарга Б.Ж-н тодорхойлолтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ж-ыг гэрчээр байцаан тодруулахад “миний гарын үсэг мөн, газар хүссэн өргөдөл дээр цохолт хийдэг” гэж мэдүүлсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд тус хороог тухайн үед хариуцаж байсан газар зохион байгуулагч Ц.О нь шүүх хуралдааны үед “2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар газар чөлөөлөх мэдэгдэл”-ийг Л.О-д өгөхөөр гэрт нь очсон, Л.О манай албан дээр ирж уулзахад эзэмшихийг хүссэн газар нь давхцалтай гэж хэлсэн” хэмээн тайлбарласнаас үзэхэд маргаан бүхий газар нэхэмжлэгч Л.О нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны газар чөлөөлөх мэдэгдэх өгсөн гэх өдөр буюу иргэн Б.Л-ын хууль ёсны эзэмшил үүсээгүй байх үед уг газарт хашаа барьж амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч газар эзэмших өргөдөл гаргасан баримт Баянзүрх дүүргийн газрын албаны архивд байхгүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өргөдөл шийдвэрлээгүй бус анхнаасаа өргөдөл хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохоор гаргасны дурдах нь зүйтэй.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн /1995/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана.”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;” гэж тус тус заасныг үндэслэн нэгэнт нэхэмжлэгч тухай үед газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус хороог тухайн үед хариуцаж байсан газар зохион байгуулагчтай уулзсаныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед тайлбарласан болон тухайн үед иргэн Б.Л-ын хууль ёсны эзэмшил үүсээгүй, Б.Лболон нэхэмжлэгч Л.О нарын газар эзэмшихийг хүссэн оршин суугаа хаягийн тодорхойлолт 4 хоногийн зөрүүтэй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгч Л.О-н хашаа барьсан газрыг тухайн үеийн эзэмшигч Л.Г-тэй бүхэлдээ давхацсан хэмээн өнгөц дүгнэлт хийж асуудлыг нягтлан шалгаж нэгтгэн нэг мөр шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.О-н Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2006 оны 5 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэн Б.Л-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256, улмаар уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон гуравдагч этгээд Б.Золбуянгийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хороог 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуваахаар шийдвэрлэн улмаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 10 болон 23 дугаар хорооны хилийн цэсийг шинэчлэн тогтоосон байна.

Иргэн Б.Л анх Баянзүрх дүүргийн Засаг даргад 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хандан өргөдөл гаргаж Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Улиастайн 41-740а тоот газар эзэмшихийг хүссэний дагуу тус дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжаар дээрх газрыг иргэн Б.Л-д эзэмшүүлэн улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт 700 м.кв 9,240,000 төгрөгийн үнэ бүхий газрыг иргэн Б.Л-д өмчлүүлжээ.

Б.Л нь 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр уг газрыг өөрийн ач хүү Г.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн улмаар Г.Мөнхсүлд нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гуравдагч этгээд Б.З-тэй “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж уг газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Гуравдагч этгээд Б.З нь нэгж талбарын 18651310565972 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо /хуучнаар/ Улиастайн гудамж 740а тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201009639 дугаарт өмчлөх эрхээ бүртгүүлжээ.

Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2014 оноос хойш удаа дараа нэхэмжлэгчид газар чөлөөлөх талаар мэдэгдэн мэдэгдэл өгсөн гэх боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулан өгсөн эсэх талаар баримт байхгүй байна.

Иргэн Б.Л-ын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр анх гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдлийн доор оршин суугаа хаягийн тодорхойлолтыг бичсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.Ч-г гэрчээр байцаахад “миний бичсэн тодорхойлолт мөн” гэж мэдүүлсэн бөгөөд энэ үед тус хорооны Засаг дарга Б.Ж нь эзгүй байсан гэдгээ мөн гэрчээр байцаагдах үедээ мэдүүлсэн болно.

Нэхэмжлэгч Л.О-ийн газар хүсч өргөдөл гаргасан гэх тодорхойлолт 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр огноологдон 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хорооны Засаг даргын цохолт тэмдэглэгдсэнээр хэрэгт авагдсан бөгөөд тухайн үед иргэн Б.Л-ын газар хүсч өргөдөл гаргасан огнооны хувьд 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр огноологдон мөн өдрийн хорооны зохион байгуулагчийн цохолт тэмдэглэгдсэн бөгөөд түүнд газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байна.

Гэтэл хариуцагч гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн газрын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй, шүүх хуралдаан дээр “...Иргэн Л.Г-н газарт зөвшөөрөлгүй буусан талаар нэхэмжлэгч Л.О-д мэдэгдэх хуудас өгөхөөр очсон...” зэрэг тайлбар нь асуудлыг нэгтгэн шийдээгүй тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Энэ байдлаас шалтгаалж тухайн үед бодит байдал дээр нэхэмжлэгчийн гэр барьж буусан газар нь зарим хэсгээрээ иргэн Л.Г-ын эзэмшлийн газарт, зарим хэсэг нь иргэн Б.Л-ын эзэмшихээр өргөдөл өгсөн газарт хамаарч байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөхөөр газар дээр очихдоо энэ байдлыг тодруулан нэхэмжлэгч Л.О-ийн өргөдлийг хүлээн авч, газрын давхцлын асуудал болон бодит байдлыг шалган тогтоох боломжтой байсан байх бөгөөд тухай үед өргөдлийн дараалал болон бодит эзэмшил, хуульд заасан шаардлагуудыг судлан үзэж Б.Л болон Л.О-ийн алинд нь газар эзэмшүүлэх нөхцөл байдал байсан гэдгийг шүүхийн зүгээс тогтоох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.О нь иргэн Б.Л-ын эзэмшихээр хүсч өргөдөл гаргасан газрын зарим хэсэгт гэр барьж буусан, тус дүүргийн Газрын албанд газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл өгсөнөөс шалтгаалан энэхүү захиргааны актаар тухайн газрын Л.О-н буусан газартай давхцсан хэсгийг бүхэлд нь Б.Л-д эзэмшүүлэх байсан эсэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасны дагуу шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй, энэ байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал гэж шүүх дүгнэв.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасны дагуу нэхэмжлэлийн дээрх шаардлагад хамаарах Б.Л-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256, улмаар уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсэг болон гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар Л.Од-н одоогийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг тус тус түдгэлзүүлж давхцаагүй хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256, улмаар уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн Б.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус бүхэлд хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх бөгөөд Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар маргаан бүхий газар нь бүхэлдээ давхцаагүй болох нь тогтоогдож байх тул дээрх захиргааны актуудын иргэн Б.Л болон гуравдагч этгээд Б.З-д холбогдох хэсэг бүхэлд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул давхацсан хэсгээр нь түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг тогтоосны дотор маргаан бүхий газар багтсан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлах боловч үүнээс өмнө иргэн Б.Л, Л.Г нарт эзэмшүүлж өмчлүүлсэн, маргаан бүхий газрыг дээрх шалтгаанаар чөлөөлүүлэх талаар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Нэхэмжлэгч Л.О 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн засаг даргад газрын маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “...Өргөдөл дурдсан байршил дахь газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 259 дүгээр захирамж, 2008 оны 59 дүгээр захирамжаар иргэн Э.И, Б.З нар өмчлөн авсан байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д заасны дагуу асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг авч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсний дагуу тус шүүхэд хандсан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан нь нэхэмжлэгчийн дүүг Л.О-н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон...” гэх тайлбар үндэслэлгүй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.03.11, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн тус тус Л.Г-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд Б.З-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740 тоот газар өмчлөх эрхийн Г-2204009684 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128143 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд Б.Золбуянгийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалан амьдарч байгаа газартай давхцалгүй газарт хамаарах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд “Б.Золбуянгийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалан амьдарч байгаа газартай давхацсан газарт хамаарах хэсгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2006 оны 5 сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцаг Баянзүрх дүүргийн Газрын албанаас 35.100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тус тус шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжийн тус тус Б.Л-д холбогдох хэсгийн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Золбуянгийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 740А тоот газар өмчлөх эрхийн Г-2204009639 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000128142 тоот гэрчилгээний нэхэмжлэгч Л.О-ийн одоогийн хашаалсан газартай давхацсан газарт холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ОДМАА

                          ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

                                                                     М.ЦЭЦЭГМАА