Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1940000000001 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Ж.Э

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Цантын 6 тоотод согтуугаар Ж.П марган улмаар иргэн Ж.П гийн хэвлийн тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байж байхад өдрийн 11 цагийн үед Дархан сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг найз Б  нь манай гэрт морьтойгоо ирсэн. Ингээд бид 2 ойрд уулзаагүй гээд дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай “Сэрүүн” гэх нэртэй пивоноос 2 ширхэгийг авч сумын төвөөс урагш хөдөө гарч уусан. Ингээд бид 2 эргэж сумын төв рүү орж дэлгүүрээс дахин 2.5 литрийн савалгаатай “Сэрүүн” гэх пиво 2 ширхэгийг авч манай гэр лүү ирсэн. Бид хоёрыг манай гэрт орж ирэхэд 20 цаг өнгөрч байсан ба гэрт эхнэр хүүхэд хоёр л байсан. Ингээд бид хоёрыг манай гэрт дэлгүүрээс авсан пивоо уугаад сууж байтал манай төрсөн ах Ж.П  гаднаас орж ирсэн юм. Тэгсэн Ж.П  ах Б  бид хоёрыг архи, пиво уулаа гэж уурлаж ууж байсан задалсан пиво болон бүтэн пивыг хураагаад авчихсан. Тэгэхэд Б-д хандаж “Яагаад хүүхэд уруу татаж архи, пиво уугаад байгаан, яв, гэртээ харь” гэж хөөсөн. Тэгсэн Б  өмнөөс нь уурлаж “Би найзынхаа гэрт найзтайгаа ууж байна, танд ямар хамаатай юм” гэснээр энэ хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгсэн Ж.П  ах гэрээс нөгөө ууж байсан хоёр пивыг аваад гарахад Б  хойноос гарсан. Харин би тэр хоёрын хойноос гарсан. Тэгсэн Ж.П  ах хогийн сав руу уг хоёр пивыг хаячихаад эргэж Б тэй маргалдаж зууралдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг муудалцуулж зодолдуулахгүй гээд дундуур нь ортол Ж.П  ах намайг ямар нэгэн уг дуугүй миний зуун талын эрүүн тус газар 1 удаа цохиход нь газар хойшоо уначихсан. Тэгэхээр нь миний уур хүрч ахдаа цохиулсан шарандаа гутлын түрүүнд байсан мал нядлахад ашигладаг хар хуванцар иштэй, шовх үзүүртэй хутгийг гаргаж Ж.П  ахын хэвлий тус газар нь 1 удаа хутгалчихсан юм. Би Ж.П  ахыг хутгална гэж бодоогүй, зүгээр л айлгах гэж байсан боловч хатгачихсан байсан. Тэгсэн Ж.П  миний хутгалсан газарт гараараа дараад юу ч хэлэлгүй аавын гэр лүү ороод явчихсан. Харин би найз Б ийг аваад гэр лүүгээ ороод удаагүй байтал манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг аваад явсан. Намайг гэрт байхад эмч ирсэн гэж эхнэр маань хэлж байсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Ж.П  нь манай төрсөн ах байгаа юм. Би Ж.П  ахыг айлгах гэж хутга гаргасан юм. Тэгсэн дүрчихсэн байсан. Өмнө нь бид хоёр хэрэлдэж маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Би тэр өдөр хөдөө гэр лүүгээ явж мал нядлах гэж байсан болохоор гэрт байсан мал нядалдаг хутгийг гутлынхаа түрүүнд хийчихсэн байсан юм. Энэ хутга нь манай гэрийн хутга, манайх мал нядлахдаа ашигладаг юм. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Тухайн үед гэрт манай эхнэр хүүхэд байсан. Харин гадаа Б  Ж.П  ах бид гурав л байсан гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/

Шүүгдэгч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн. Энэ хэрэг нь хоромхон хугацаанд л болсон. Өмнө нь мэдүүлэг өгсөн болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн төрсөн ах Ж.П г 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар хутгалж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-н 25 хуу/

Хохирогч Ж.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор явахдаа замаараа аавындаа охин Үлэмжийг орхихоор гэр лүү орсон юм. Манай аав ээжийн хашаанд төрсөн дүү Ж.Э нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би ээжийнд охиноо оруулж өгөхөд манай ээж Ц-д нь Ж.Э-г уугаад байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Э-ийн гэрээр ороход Ж.Э  Б ийн хамтар гэртээ пиво уугаад сууж байхаар нь ахын хувиар уурлаж “Гэр орондоо архидлаа” гээд ууж байсан 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх тал пиво болон бүтэн пивыг нь хураагаад авчихсан юм. Тэгээд би Б өд хандаж “Хүн уруу татаж архидлаа, гэр орон луугаа яв” гэж хөөхөд Б  нь “Танд хамаагүй, би найзындаа ууж байна, би Э-ээр гэр лүүгээ хүргүүлнэ” гэхээр нь би “Тийм юм байхгүй” гээд би пивыг нь авч гараад тал пивыг нь хогийн саванд хаячихаад бүтнийг нь Б өд өгөөд хашаанаас хөөж гаргах гээд чирч байтал Ж.Э  дундуур орж ирээд миний зүүн талын хавирган тус газар цохих шиг болоход халуу дүүгээд цус гарах шиг болоход миний зүүн хавирганы доогуур хутгаар хатгасан байсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор Ж.Э г гартаа юу барьсан байсан эсэхийг хараагүй. Тэгсэн Б  “Хутгалчихлаа” гэж байсан. Ингээд би шархаа бариад ээжийнхээ гэр лүү ороод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн үед эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ж.Э , Б  нар нь нилээн согтуу байсан. Ж.Э  нь миний төрсөн дүү болохоор би гомдолтой гээд байх юм байхгүй, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 13-р хуу/

Хохирогч Ж.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өмнө болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн болохоор уг мэдүүлэг дээрээ нэмж ярих болон өөрчлөгдөх зүйл байхгүй тул дахин энэ хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Ж.Э нь миний төрсөн дүү, би дүүдээ гомдол санал байхгүй, мөн түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид энэ хэрэгтэй холбоотойгоор гомдол санал гаргахгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж дүү Ж.Э д маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хууль хяналтын байгууллагаас хүсэж байна. Би өөрт учирсан хохиролдоо ямар нэгэн эмчилгээ хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй” гэх мэдүүлэг /хх-н 7 хуу/

Гэрч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10 цагийн үед Дархан сумын 2 дугаар багийн нутаг "Аривдар" гэх газарт байх гэрээсээ морьтой сумын төв дээр ирсэн. Ингээд би найз Ж.Э гийн гэрт очсон. Тэгсэн Ж.Э  ойрд уулзаагүй гээд пиво уухаар болж мөнгөө нийлүүлж байгаад дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай "Сэрүүн" гэх нэртэй пивоноос хоёр ширхэгийг авч сумын төвөөс урагш хөдөө гарч уусан. Ингээд бид хоёр эргэж сумын төв рүү орж дэлгүүрээс дахин 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх пиво хоёр ширхэгийг авч Ж.Э гийн гэрт очсон. Ингээд бид хоёрыг Ж.Э гийн гэрт ороход эхнэр хүүхэд хоёр нь л байсан. Ингээд бид хоёрыг дэлгүүрээс авсан пивоо уугаад сууж байтал Ж.Э гийн төрсөн ах Ж.П  гаднаас орж ирсэн юм. Тэгсэн Ж.П  ах Ж.Э  бид хоёрыг архи, пиво уулаа гэж уурлаж ууж байсан задалсан пиво болон бүтэн пивыг хураагаад авчихсан. Тэгэхээд над руу уурлаж "Яагаад хүүхэд уруу татаж архи, пиво уугаад байгаан, яв, гэртээ харь" гэж хөөсөн. Тэгэхээр миний уур хүрч “Би найзынхаа гэрт найзтайгаа ууж байна, танд ямар хамаатай юм” гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгсэн Ж.П  ах нөгөө ууж байсан хоёр пивыг аваад Ж.Э гийн гэрээс гарахаар нь би хойноос гартал Ж.Э ах нөгөө 2 пивыг хогийн сав руу хаячихсан. Тэгэхээр та яаж байгаа юм гээд уурлахад “Та хэд архи пиво ууж яадгийн” уурлаж бид хоёр дахин маргалдаж бие биенийхээ цамцны захнаас зууралдаад зогсоход Ж.Э  гэрээс гарч ирээд дундуур орж бид хоёрыг салгах гэтэл Ж.П  ах Ж.Э гийн шанаа тус газар нь нэг удаа цохиж унагасан. Тэгсэн Ж.Э  босож ирээд Ж.П  ах руу дайрч хутгалчихсан. Би Ж.Э г хаанаас хутга авсан эсэхийг мэдээгүй. Гэнэт л ийм зүйл хоромхон хугацаанд болсон. Тэгсэн Ж.П  ахын хэвлий тус газраас нь цус гарсан байсан. Тэгсэн Ж.П  ах аавынхаа гэр лүү ороод явчихсан. Харин бид хоёр Ж.Э гийн гэрлүү эргэж орсон. Ингээд гэрт нь байж байтал удалгүй эмч цагдаа нар ирсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. Хутга нь Ж.Э гийн өөрийнх нь хутга, Ж.Э  энэ хутгаар мал нядлахдаа ашигладаг хутга нь юм. Би тухайн үед Ж.Э гийн биед уг хутга байсан эсэхийг мэдээгүй, мөн хаанаас гаргаж ирсэн эсэхийг ч хараагүй. Ж.П  ах бид хоёрыг муудалцаж байхад дундуур орж ирээд ахдаа цохиулаад газар унаад босож ирэхдээ л Ж.П  ахыг дүрчихсэн. Бид нарын дунд ямар ч зодоон болоогүй. Харин хэрүүл маргаан л болсон. Тухайн үед Ж.Э гийн гэрт эхнэр хүүхэд нь байсан. Харин гадаа Ж.Э  Ж.П  ах бид гурав л байсан. Ж.Э  нь хар хуванцар иштэй шовх үзүүртэй жижиг хутгаар хэвлий буюу зүүн хавирга нь тус газар нь хутгалсан. Ж.П  ах Ж.Э гийн шанаа тус газар нэг л удаа цохисон. Тухайн үед Ж.Э гийн биед гэмтэл шарх учраагүй” гэх мэдүүлэг /хх-н 11-12-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай

  1. Ж.П гийн биед хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19 хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 1 хуу/, шүүгдэгч Ж.Э гийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-н 2-р хуу/, эд мөрийн баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 3-р хуу/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Э г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Цант 6 тоот дахь хашаанд согтуугаар өөрийн төрсөн ах Ж.П маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 Хохирогч Ж.Э гийн “...би Ж.Э гийн гэрээр ороход Ж.Э  Б ийн хамтар гэртээ пиво уугаад сууж байхаар нь ахын хувиар уурлаж “Гэр орондоо архидлаа" гээд ууж байсан 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх тал пиво болон бүтэн пивыг нь хураагаад авчихсан юм. Тэгээд би Б өд хандаж “Хүн уруу татаж архидлаа, гэр орон луугаа яв” гэж хөөхөд Б  нь “Танд хамаагүй, би найзындаа ууж байна, би Ж.Э гээр гэр лүүгээ хүргүүлнэ” гэхээр нь би “Тийм юм байхгүй” гээд би пивыг нь авч гараад тал пивыг нь хогийн саванд хаячихаад бүтнийг нь Б өд өгөөд хашаанаас хөөж гаргах гээд чирч байтал Ж.Э  дундуур орж ирээд миний зүүн талын хавирган тус газар цохих шиг болоход халуу дүүгээд цус гарах шиг болоход миний зүүн хавирганы доогуур хутгаар хатгасан байсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор Ж.Э г гартаа юу барьсан байсан эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг

Гэрч Т.Б ийн “...Ж.П  ах Ж.Э  бид хоёрыг архи, пиво уулаа гэж уурлаж ууж байсан задалсан пиво болон бүтэн пивыг хураагаад авчихсан. Тэгэхэд над руу уурлаж "Яагаад хүүхэд уруу татаж архи, пиво уугаад байгаан, яв, гэртээ харь" гэж хөөсөн. Тэгэхээр миний уур хүрч “Би найзынхаа гэрт найзтайгаа ууж байна, танд ямар хамаатай юм" гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгсэн Ж.П  ах нөгөө ууж байсан хоёр пивыг аваад Ж.Э гийн гэрээс гарахаар нь би хойноос гартал Ж.Э ах нөгөө 2 пивыг хогийн савруу хаячихсан. Тэгэхээр та яаж байгаа юм гээд уурлахад "Та хэд архи пиво ууж яадгийн" уурлаж бид хоёр дахин маргалдаж бие биенийхээ цамцны захнаас зууралдаад зогсоход Ж.Э  гэрээс гарч ирээд дундуур орж бид хоёрыг салгах гэтэл Ж.П  ах Ж.Э гийн шанаа тус газар нь нэг удаа цохиж унагасан. Тэгсэн Ж.Э  босож ирээд Ж.П  ах руу дайрч хутгалчихсан...” гэх мэдүүлэг

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 11 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршгийг хүсэж үйлджээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн зүй бус зан авир, архи согтууруулах ундааг хэтрүүлэн  хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

            Шүүхээс шүүгдэгч Ж.Э д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Ж.П  нь мөрдөн байцаалтын шатанд “Ж.Э  нь миний төрсөн дүү болохоор би гомдолтой гээд байх юм байхгүй, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар иштэй, 24.5 см урт, ажлын хэсгийн урт нь 12.2 см урт хутга нь шүүгдэгч Ж.Э гийн өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Ж.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ж.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР