| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0045/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0045/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч О. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.д холбогдох 1939000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн “Урд харгана” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 сарын хорих ялыг 03 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан О. /РД: /;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О. нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын төвд иргэн М.Гангантөгсийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О. нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын төвд иргэн М.Гангантөгсийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.Гангантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөөнөөс эхнэр Ганцэцэгийн хамт Уяачдын шинэ жилд оролцохоор ирсэн. Тэгээд шинэ жилийн арга хэмжээнд оролцчихоод хоноод маргааш өглөө буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз А.Ганбаатарын гэрт 10 цагийн орчимд очиход манай 3-р багийн уяачид эхнэрүүдтэйгээ нийтдээ 20 гаруй хүн 3 шил архи тойруулж ууж дуусаад гэртээ харьсан. Тэгээд 19 цагийн орчимд Монгол ардын намын шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор сумын Соёлын төвд ирсэн. Баярын арга хэмжээнд оролцож байх үеэр эхнэр бие засна гээд бид 2 хамт гараад, би эхнэрийг 00 орох хооронд соёлын төвийн заалны үүдэнд нярав Итгэлцоож, 4-р бригадын Баярсайхан гэх 2 хүнтэй юм яриад байж байсан. Гэтэл бүжгийн заалнаас 4-р багийн бригадын О. гэх залуу гарч ирээд үгийн солиогүй баруун гараараа миний уруулан хэсэгт цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод миний амнаас цус гоожиж үүдэн 4 шүд унасан. 2 шүд нь хиймэл шүд байсан. О. намайг дахиад цохих гэтэл миний хажууд зогсож байсан Итгэлцоож О.ыг яаж байгаа юм чи гэж хэлээд бариад авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 тал/,
Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би хөдөөнөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Соёлын төвд Монгол ардын намын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан. Тэгээд тухайн үед Гангантөгс явж байх нь харагдаад би мэнд мэдэн Соёлын төвийн нярав Итгэлцоож ахтай хамт юм яриад сууж байсан. Тэгсэн чимээ гараад хартал О. Гангантөгс 2 зууралдаж байсан. Тэгээд Итгэлцоож ах, бид 2 очиж салгасан. Би О.ыг авч гарчихаад буцаж ороход Гангантөгсийн эхнэр нь ирээд тэр 2 гараад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн13 тал/,
Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг өдөр Монгол ардын намын шинэ жилийн арга хэмжээтэй байсан. Би 20 цагийн орчимд Соёлын төв рүү очсон. Тэгсэн манай бригадын Гангантөгс эхнэрийн хамт соёлын төвийн хаалгаар амаа цагаан давуугаар дарсан гараад ирсэн. Тэгээд би юу болсныг асуухад О. бүжгийн заалны үүдэнд намайг цохичихлоо гэж хэлж байсан. Гангантөгсийг харахад үүдэн шүд унасан онгорхой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Гэрч Б.Итгэлцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хүмүүсийн зураг дарж өгч байсан. Миний ард чимээ гарахаар нь эргээд хартал О. Гангантөгсийг цохисон байсан. Би өрөөнөөс сальфетка авч ирээд Гангантөгсөд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/
Шүүх эмнэлгийн шинжилгээний 26 дугаартай:
-М.Гангантөгсийн биед баруун, зүүн дээд 2-р шүд, зүүн доод 1,2-р шүднүүдийн булгарал, доод уруулын дотор салст, доод уруулд шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д дааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,
Яллагдагч О.ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би буруу зүйл хийсэн, миний буруу. Хохирогчтой эвлэрч хохирлоо төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.ын 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын төвд иргэн М.Гангантөгсийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул О.т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч М.Гангантөгс нь “О. нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, эвлэрсэн” гэсэн тул шүүгдэгч О.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч О.ын хувьд үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй, прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О. нь түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА