Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 244

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 30-04 оршин суух Боржигон овогт Төмөрийн Амартуяагийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Т.Амартуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Амартуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Амартуяа нь Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 165 дугаартай лавлагаа, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай тушаал, Барилгын яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай тушаал, гэрч В.Өлзийсайхан, Ж.Батмөнх нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Төмөрийн Амартуяаг Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                                                                                                                               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА