Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00111

 

 

К.Д-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч *****-т оршин суух, К.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *****-т оршин суух, Ш.А, *****-т оршин суух, Х.Х нарт тус тус холбогдох

 

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захад байрлалтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир /цахим сүлжээгээр/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ын өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1 Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А захаас Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Ш.А-ээс стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийг 14,000,000 төгрөгийг Ш.А-ийн ***** тоот данс руу шилжүүлэн худалдаж авсан. Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед А захын захирал болох талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй.

1.2 Анх уг үл хөдлөх хөрөнгийг Өлгий сумын *** дугаар багийн иргэн Д.Б, Д.Д нар өөрийн хөрөнгөөр стандарт блокоор сэлбэгийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг Ш.А-д 8,000,000 төгрөгөөр худалдсан. 2017 онд миний бие уг дэлгүүрийг Ш.А-ээс 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүр анхнаасаа үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. А захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй.

1.3 Мөн би 2020 онд Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.Х-аас А захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв талбайтай стандарт блокоор барьсан дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9,000,000 төгрөгийг дэлгүүрийн эзэн Х.Х-ын хүсэлтийн дагуу Х.Х-ын төрсөн ах болох Х.Асылбекийн Хаан банкны ***** тоот данс руу 9,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Дэлгүүрийг мөн адилхан 2007-2008 оны үед А захын захирал байсан талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж болох талаар зөвшөөрөхөд Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Б.Е нь өөрийн хөрөнгөөр үнсэн блокоор уг дэлгүүрийг барьж үйл ажиллагаа явуулсан. Б.Е нь Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Т.А үл хөдлөх дэлгүүрийг 3,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Иргэн Т.А нь уг үл хөдлөх хөрөнгийг дугуй засвараар үйл ажиллагаа явуулж байгаад Х.Х-д 7,500,000 төгрөгөөр худалдсан. Х.Х нь уг дэлгүүрийг хүнд даацын авто машины сэлбэгийн дэлгүүр болгож ажиллуулж байгаад 2020 онд дэлгүүрийг К.Д надад 9,000,000 төгрөгөөр худалдсан. Одоо хүртэл барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

1.4 Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна.

1.5. А ХХК нь хариу тайлбартаа хүмүүст үл хөдлөхийн гэрчилгээ өгч байгаагүй, хэн ч гаргаж авч байгаагүй гэж тайлбарладаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А захад худалдаа эрхэлдэг 4 иргэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээ авсан байсан. Тиймээс хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарууд нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Үл хөрөнгө хэзээ бий болдог бэ гэх асуудал байгаа. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Харин газраас салгаж болох хөрөнгө бол эд хөрөнгө байдаг. Эд хөрөнгө дээр бүртгэл шаарддаггүй. Үл хөрөнгө Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхгүй. Харин үл хөдлөх хөрөнгө нь бий болгож, бүтээж, ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар үүснэ. Хөрөнгө хүний хөдөлмөрөөр бий болж, улмаар худалдагдаж, үл хөдлөх хөрөнгийн үнийг төлснөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжсэн.

1.6 Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглаж байгаа ба газрын төлбөрийг эзэмшигчид нь төлж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгүүд нь газраас салгаж үл болох хөрөнгө байгаа. Мөн уг газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч Ш.А-ийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие 2017 онд К.Д-д 54 м.кв талбайтай үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн.

2.2. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй.

 

3. Хариуцагч Х.Х-ын тайлбар, татгалзал:

3.1. Миний бие А захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан Сергей гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Д-д зарахдаа А захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Ш.Ан тайлбар:

4.1. "А ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай зах, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хойд талд нь байрлах 5120 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар иргэн Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн юм. Одоогоор тус газар нь иргэн Х.Нын эзэмшилд байгаа тул К.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэгт тус компани нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

4.2. К.Д-ын нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. А ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглуулж ирсэн болно. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. А ХХК-ийн зүгээс тухайн түрээслэгч нарын барьсан дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно.

4.3. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Серикгүлийн тайлбар:

5.1. Миний бие А ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. К.Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна.

5.2. Уг газрыг одоо Х.Н эзэмшдэг тул миний бие уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна. К.Д болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд К.Дын нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ын тайлбар:

6.1. Х.Н миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар Өлгий сумын 11 дүгээр багийн ************** газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатайгаар эзэмших болсон ба тухайн газрыг миний бие өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаж байна.

6.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед А захын захирал болох О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийг 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшиж шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй гэжээ.

6.3. 2007 оны үед А ХХК нь эзэмшил газрыг зориулалтаар нь иргэдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж ирсэн байна. Түрээслэгч иргэд үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан үнсэн блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тухайн иргэдэд А ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө барих зөвшөөрөл өгөөгүй.

6.4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.Д-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Нэхэмжлэлийн шаардлага, бодит үйл баримт, өмчлөх эрх, газар эзэмших эрх зэрэг хууль зүйн ойлголтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч өөрийн худалдаж авсан хөрөнгө нь шинж байдлын хувьд Иргэний хуулийн 83.1-т заасан “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно" гэж заасан хөрөнгө болох, тэр дундаа мөн хуулийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан хөрөнгө болохыг шүүхийн журмаар тогтоолгохоор Иргэний хуулийн 9.4-д “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална”, 9.4.1-т “эрхийг хүлээн зөвшөөрөх” гэж заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсэж шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл маргааны хүрээ К.Д-ын 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүр Иргэний хуульд заасан хөрөнгийн үндсэн шинжийг хангаж буй эсэх, мөн үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг хангаж буй эсэх, улмаар түүний өмчлөгч нь К.Д болох талаар холбогдох баримтыг үндэслэн шүүхээр тогтоолгох асуудал юм.

8.2. Гэтэл шүүх хөрөнгийг тогтоох ажиллагааг газар эзэмших эрхтэй хольж үйл баримт болон хууль зүйн хэрэглээг хольж хэрэглэснээр нэхэмжлэлийн үндсэн зорилго шаардлагыг бүдгэрүүлж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

8.3. К.Д тухайн объектуудын өмчлөгч мөн гэх бодит үйл баримтыг тогтоолгосноороо газар эзэмшигч Х.Н-ын газар эзэмших эрхэд саад учрахгүй. К.Д /хөрөнгийн өмчлөгч/, Х.Н /газар эзэмшигч/ нарын хоорондох харилцаа өмнөх газар эзэмшигч А ХХК-тай байгуулсан 2021.01.01-ний “Талбайн түрээсийн гэрээ”-ээр харилцаа үргэлжлэн зохицуулагдаад явах ёстой. Х.Н-ын эзэмшил газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий иргэд болох хэрэгт авагдсан А зах дотор байрлалтай 55 м.кв дэлгүүрийн зориулалттай Ү-0213002764 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Х.М, А зах дотор байрлалтай 40 м.кв дэлгүүрийн зориулалттай Ү-0213002853 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Т.Ш нар нь мөн дээрх байдлаар газрын эзэмшигчтэй гэрээ байгуулж түрээс төлж хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигч нар хоорондын харилцаагаа зохицуулж байна. Дээрх бодит нөхцөл нь хөрөнгийн өмчлөгч болон газар эзэмшигч тусдаа байж болохгүй гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн шийдлийг нотлох баримтаар үгүйсгэж байна. Гэтэл тухайн баримтуудад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. К.Д Газар түрээсийн гэрээ байгуулсан нь түүнийг эд хөрөнгө шударгаар олж авах, улмаар үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхэд саад болох учиргүй.

8.4. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ИХ-ийн 109-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тус зохицуулалт бол нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт юм. Гэтэл К.Д бусдаас худалдаж авсан хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ анхнаасаа байхгүй тул тус хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө мөн болохыг шүүхийн журмаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тийм атал шүүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй бөгөөд түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэн шилжүүлж аваагүй тул үл хөдлөх хөрөнгө биш юм гэх дүгнэлт нь логик зөрчилтэй дүгнэлт хийсэн.

8.5. Тус байшингууд үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь маргаагүй үйл баримт бөгөөд түүнийг худалдах, худалдан авах хэлцлээр худалдан авч өмчлөгч нь К.Д болсон гэдэг нь бодит, тодорхой үйл баримт. Харин тус өмчлөх эрхээ баталгаажуулах баримт дээр дурдсан нөхцөл байдлын улмаас байхгүй учраа шүүхийн журмаар өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандсан.

8.6. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг тус журмаар шилжүүлэн авсан бол шүүхэд тус хөрөнгийг өөрийн эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах ямар ч шаардлага байхгүй юм. Иргэний хуулийн Иргэний хуулийн 84.1-т “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ" гэж заасан. 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан Тус эд зүйлсийг бүтээж бий болгосноор эд юмс болох бөгөөд түүнийг эзэмшилдээ авснаар эд хөрөнгө болно. Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэнэ. Үл хөдлөх хөрөнгө газартай салшгүй байдлаар барьж байгуулж зориулалтын дагуу ашиглах боломжтой болсноор үл хөдлөх эд хөрөнгө болно. Харин тийнхүү бий болсон үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хэлцэл гэрээний зарчмаар бусдад худалдагдах боломжтой.

8.7. Мөн талууд худалдан авах гэрээний харилцааны үндсэн дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж худалдсан одоогийн өмчлөгч нь К.Д мөн гэдэгт маргаагүй байхад шүүх зохигчдын маргаагүй асуудал болох газар эзэмших эрх болон шаардлагын агуулгаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-ийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан мэтгэлцэх зарчим болон шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх, хөндлөнгийн байх гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна.

8.8. Иймд Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 600 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

9. Нэхэмжлэгч К.Д-ын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангагүй байх тул шүүхийн шийдвэрт мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            10. Нэхэмжлэгч К.Д нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ш.А-ээс Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А зах дотор байрлалтай стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын дэлгүүрийг 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн би 2020 онд Х.Х-аас А захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв талбайтай стандарт блокоор барьсан дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2007-2008 оны үед А захын захирал болох талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж заасны дагуу би уг дэлгүүрүүдийг болон газрыг эзэмших эрхтэй.” гэж тайлбарлажээ.

 

            11. Хариуцагч Ш.А, Х.Х нарын зүгээс нэхэмжлэгч К.Д-д 54 м.кв барилгын материалын дэлгүүр, 24 м.кв сэлбэгийн дэлгүүрүүдийг худалдсан ба уг үл хөдлөх хөрөнгүүдэд улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй талаар худалдах үедээ сануулсан талаар тайлбар ирүүлжээ.

 

            12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.А нь “...А ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно” гэх,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С нь “К.Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна. Уг газрыг одоо Х.Н эзэмшдэг юм. К.Д болон бусад түрээслэгч нар олон жилийн өмнөөс түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг мэднэ. Иймд К.Дын нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэх,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н “Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар Өлгий сумын 11 дүгээр багийн ***** хаягт байрлах ***** нэгж талбарын дугаар бүхий 5120 м.кв газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатайгаар эзэмших болсон ба тухайн газрыг өнөөдрийг хүртэл зориулалтаар ашиглаж байгаа. 2007 оны үед А ХХК нь эзэмшил газрыг зориулалтаар нь иргэдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж ирсэн байна. Түрээслэгч иргэд үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үнсэн блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд А ХХК нь үл хөдлөх хөөнгө барих зөвшөөрөл өгөөгүй байна. Иргэд тус захад үйл ажиллагаа явуулсны төлөө буюу газар ашигласны төлөө сар бүр төлбөр хураамж төлдөг бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй” гэх тайлбарыг тус тус гаргаж байжээ.

           

13. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбараар:

- нэхэмжлэгч К.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ш.А-ээс Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А зах дотор буюу бусдын эзэмшил газарт стандарт блокоор барьсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүрийг 14,000,000 төгрөгөөр, 2020 онд Х.Х-аас Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А зах дотор, мөн бусдын эзэмшил газарт стандарт блокоор барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан, 

- нэхэмжлэгчийн хариуцагч нараас худалдаж авсан дэлгүүрийн барилга буюу хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй,  

- дээрх хоёр дэлгүүрийн байрлаж буй газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-д үргэлжлүүлэн 35 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 

14. Нэхэмжлэгч К.Д-ын хариуцагч Ш.А-ээс худалдаж авсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, хариуцагч Х.Х-аас худалдаж авсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөх эрхийн талаар хэн нэгэн маргаагүй боловч тэрээр түүнийг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох учраас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мөн болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа дурддаг боловч тухайн дэлгүүрүүд анх А захын эзэмшил газарт, одоо гуравдагч этгээд Х.Н-ын хууль ёсоор эзэмшиж буй газарт баригдсан, К.Д нь анх тухайн дэлгүүрийн барилгуудыг Ш.А, Х.Х нараас худалдаж авах үед тэдгээр хөрөнгүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүй, бусдын эзэмшил газарт баригдсан барилга, байгууламжуудыг худалдаж авсан нь зохигчийн тайлбар болон гуравдагч этгээдийн тайлбар, түрээсийн гэрээ, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

15. Хэдийгээр нэхэмжлэгч К.Д-ын Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А зах дотор, гуравдагч этгээд Х.Н-ын хууль ёсоор эзэмшиж буй газарт байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус тухайн барилгуудын байрлаж буй газар бусдын эзэмшилд байгаагаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч тэрээр тухайн хоёр дэлгүүрийн барилгыг Ш.А, Х.Х нараас худалдаж авсан буюу шударгаар олж авсан нь тогтоогдсон, тухайн дэлгүүрүүдийн барилгын талаар хэн нэгэн шаардлага гаргаагүй байх тул бусдын эзэмшил газарт баригдсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Дад мөн гэж тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

16. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай нэгж талбарын ***** дугаартай газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н 35 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа, нэхэмжлэгчийн 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ын эзэмшил газарт байршсан нь хэргийн баримтаар болон зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчдоос бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ын уг газрыг эзэмших эрхтэй холбоотой маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүйг тэмдэглэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч К.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр А зах дотор байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгч мөн гэсэн шүүхийн энэхүү шийдвэр нь гуравдагч этгээд Х.Н-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай нэгж талбарын ****** дугаартай газар эзэмших эрхийг хөндөхгүй.

 

17. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч шүүхийн журмаар өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандсан” гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, “А” захад байрлах, бусдын эзэмшил газарт баригдсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн барилга нь нэхэмжлэгч К.Д-ын өмч мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч К.Д-ын 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг өмчлөх эрх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай нэгж талбарын *****дугаартай газрыг эзэмших эрхийг хөндөхгүйг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч К.Дад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ