Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0284/и |
Дугаар | 287 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 287
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 08 сарын 03-ны өдөр Дугаар 287 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт оршин суух, /РД:ЛМ63080108/ Хатгин овогт Хорлоогийн Нарангэрэлийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08-р сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Х.Нарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч намайг ажиллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн. Би чухам юуг нь болохгүй байгааг мэдэхгүй. Иймд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1983-1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Хатгин овогт Хорлоогийн Нарангэрэл нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Х.Нарангэрэл нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Х.Нарангэрэлийн 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 495055 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах зэргээр нотлогдож байгаагаас гадна
- гэрч Улаангууд овгийн Сугарын Цолмон /РД: ЛЮ67092507/-ын “ Х.Нарангэрэл нь 8-р ангиа төгсөөд Сүхбаатарын аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан.
Хонь ямаа мал малладаг байсан. Би Жаргалын зам нэгдлийн 7-р багт малчнаар хамт ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна гэх мэдүүлэг
- гэрч Тэмээтийнхэн овгийн Банзрагчийн Сүхтогоо / РД: ЛМ48032106/-гийн “Х.Нарангэрэл нь онд 8-р ангиа төгсөөд Сүхбаатарын аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд илгээлтээр очсон. Илгээлтээр очоод маллаж байгаад 1984 онд хүнтэй суугаад 4 хүүхэд гаргасан. 1990 оныг дуустал Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан. Манай өвгөн Жаргалын зам нэгдлийн дарга байсан. Манайх 1993 онд Сүхбаатар аймагт нүүж ирсэн. Манай өвгөнийг Довдондорж гэдэг хүн байсан. Би Эрдэнэцагаан сумын сургуулийн газарзүйн багш байсан. Эрдэнэцагаан суманд 20 жил багш хийж байсан” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Х.Нарангэрэлийн хүсэлтийн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хатгин овогт Хорлоогийн Нарангэрэл нь 1983-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Х.Нарангэрэл нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ