Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 245

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 20-309 тоотод оршин суух оршин суух, Цул  овгийн Дашзэвэгийн Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 24-18 тоотод оршин суух Г.Батбаатарт холбогдох

“3205000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Батбаатараас 3205000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Батбаатарт удаа дарааллан хэлээд эвлэрч тохиролцохгүй байсаар байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэссэн зайрмаг яригдахаас өмнө бэлэн мөнгөнөөс 7375000 төгрөг дутаасан байсан. Г.Батбаатар 7 сая төгрөгөөр машин зээлээр авсан байсан. Явцын дунд дутсан мөнгийг ингэж үрсэн нь мэдэгдээд дутаасан мөнгөө төл гэж шаардаад өгөхгүй байхад нь цагдаад хандаж 7 сая төгрөгөө авсан. 375000 төгрөг нь үүнээс дутаасан мөнгө байгаа. Гэссэн зайрмагаа 50 хувиар төлье гээд 50 хувийг Г.Батбаатараас нэхэмжилсэн. Өөр өчнөөн урсгал зардал гарсан. Төлөхгүй байхаар компаниас төлбөр нэхэгдээд дэлгүүрийн бараагаа хүртэл хүнд түрээслүүлээд тэр мөнгийг нь төлсөн. 7 сая төгрөг дутаасан мөнгөө би ганцаараа төлсөн гээд байдаг. Тэр бол өөрийнх нь дутаасан мөнгө байсан учраас төлөх шаардлагатай мөнгө байсан. Гэссэн зайрмагаа 100% төлүүлнэ гэж хэлээгүй, 50%-ийг нь гаргуулж авах шаардлагатай байна гэв.

 

Хариуцагч Г.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Н.Чойгийваанчиг нь надад 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан. Ингэж шалгуулах явцдаа би 3000000 төгрөг бэлнээр дараа нь дансаар Тэсо ХХК-нд 2016 оны 01 дүгээр сарын 12-нд Цэцэгмаа нэрээр би 4000000 төгрөг тушаасан. Иймд гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Чойгийваанчиг нь надтай Тэсо ХХК-иас нийт хэдэн төгрөгний, хэдэн ширхэг зайрмаг авч надад хүлээлгэн өгсөн баримт огт байхгүй. Найз нөхөд байсан гэдгээ бодоод би 7000000 төгрөг ямар ч баримтгүйгээр өгсөн. Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан нэг ч баримт байхгүй. Үүнд 4 ширхэг зарлагын баримт хэрэгт авагдсан байгаа. 2015 оны 08 дугаар сарын 21, 2015 оны 08 дугаар сарын 14, 2015 оны 5 дугаар сарын 20, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн баримтууд нь дотроо маш их засвартай, ямар нэгэн тамга тэмдэг байхгүй, хүлээж авсан хүлээлгэн өгсөн зарим нэг хүний гарын үсэг байхгүй баримтууд байдаг юм. Д.Цэцэгмаагийн хувьд “Тесо” ХХК-ийн албан ёсны тамга тэмдэгтэй баримтууд авчираад нэхэмжилж байгаа бол нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэх боломжтой байсан. Г.Батбаатар, Д.Цэцэгмаа нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Бичгээр хийсэн гэрээ байхгүй тохиолдолд гэрээний бусад харилцаа нь бичгийн бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Бичгийн бусад нотлох баримтаар нотлогдоно гэхээр “Тесо” ХХК-иас ирсэн гэх баримтууд нь тамга тэмдэг, он сар байхгүй, нэр хаяг нь засвартай байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Тухайн зайрмаг чиний буруутай үйлдлээс болоод хэдэн ширхэг зайрмаг нэг бүр нь хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн зайрмаг Г.Батбаатарын буруутай үйлдлээс болоод чанарын шаардлага хангахгүй боллоо гэсэн акт үйлдсэн баримт нэг ч ширхэг байхгүй. Эрүүгийн хэрэг үүсээд аргагүй эрхэнд миний буруугаас боллоо гээд Г.Батбаатар 7 сая төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 3205000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Г.Батбаатар нэгэнт 7 сая төгрөг төлчихсөн байгаа. Тийм учраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 530 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоолд тодорхой заагаад өгсөн байгаа болохоор нэхэмжилж байгаа 3205000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч Г.Батбаатарт холбогдуулж 3205000 /гурван сая хоёр зуун таван мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.          

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Тэсо ХХК-аас зайрмаг зээлээр авч, борлуулах үйл ажиллагааг хамтран эрхэлж байсанталаар тайлбарладаг ба талуудын хамтын үйл ажиллагааны явцад Тэсо ХХК-аас: 2015 оны 04 дүгээр сарын 18-нд 18542000 төгрөгийн, 2015 оны 05 дугаар сарын 20-нд 13519000 төгрөгийн, 2015 оны 07 дугаар сарын 06-нд 13304000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 21-нд 9700000 төгрөгийн зайрмаг буюу 4 удаагийн таталтаар нийт 55065000 төгрөгийн зайрмаг зээлээр худалдан авсан гэсэн баримт хэрэгт авагджээ. Энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт болох талуудын тооцоо нийлсэн гэх гар бичмэлтэй үнийн дүгийн хувьд тохирч байгааг дурдах нь зүйтэй. Зээлээр зайрмаг худалдан авч борлуулаад, Тэсо ХХК-д нийт 16 удаагийн эргэн төлөлтөөр 37167340 төгрөгийг нэхэмжлэгч Цэцэгмаагийн нэрээр төлсөн баримт мөн хэрэгт авагдсан.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор хамтын ажиллагаа явуулсан байх ба үүнийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээг талууд амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.Батбаатарыг зайрмагны үнийн дүнгээс 7376812 төгрөг дутаасан гээд, 7 сая төгрөгийг нь төлүүлсэн, үлдсэн 375000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл зайрмагны үнээс хэдэн төгрөг дутсан, хэн түүнийг хариуцах талаарх баримт хэрэгт  авагдаагүй, хэрэгт авагдсан Тэсо ХХК-ны зарлагын баримтууд болон банкны баримтуудаар дээрх байдлыг тогтоох боломжгүй, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоо нийлсэн баримт гэх гар бичмэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул хариуцагчаас 375000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах  боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн буруугаас шалтгаалан 5660000 төгрөгийн зайрмаг гэсч, ашиглах аргагүй болсон гэж дурдагдсан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцана” гэж  заасан. Хариуцагч Г.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа  хэдий хэмжээний зайрмаг гэссэн талаар хангалттай баримт байхгүй, гэссэн зайрмагийн талаар тооцоо нийлсэн, хувааж төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй гэсэн байгаа боловч нотлох баримт гаргаж өгөөгүй,  хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 530 дугаартай тогтоолд хариуцагч Г.Батбаатарын “Борлуулалт хийх явцад хөргүүр эвдэрч зайрмаг гэссэн. Тэрнээс болж 5 сая гаруй төгрөгийн хохирол гарсан” гэсэн тайлбар, Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл гэсэн баримтуудаар талуудын хамтын ажиллагааны явцад 5660000 төгрөгийн зайрмаг гэсч, алдагдал гарсан гэж үзэж болохоор байна. Хамтын ажиллагааны явцад үүсэн алдагдлыг талууд хуульд зааснаар хамтран хариуцах үүрэгтэй учраас хариуцагч Г.Батбаатараас 2830000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11  дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Батбаатараас 2830000 /хоёр сая найман зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 60230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 66214 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА