| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00010/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Д.Р , Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1840001230004 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан Д.Р
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Г
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.Р нь 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө тус сумын 3 дугаар баг Хангай хороололд иргэн Г.Г марган зодолдож улмаар иргэн Г.Г эрүүл мэндэд толгойн орой хэсэг, зүүн гарын 4-р хурууны дунд хэсэг, зүүн гарын сарвууны ар дээд хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө тус сумын 3 дугаар баг Хангай хороололд иргэн Д.Р марган зодолдож улмаар иргэн Д.Р ын эрүүл мэндэд толгойн оройн хэсэг болон дагзны баруун доод хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны доод хэсгийн өнгөц зулгарсан шарх, уруулын баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Р , Г.Г нар нь “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Р ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз болох Б Л нарын хамтаар оройн 20 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Зулбаяр-1 хүнсний дэлгүүрээс мөнгөө нийлүүлж байгаад 0.75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архи 2 шилийг аваад гудамжинд хашааны буланд сууж байгаад хувааж уусан. Ингээд бид 3 гэр гэртээ харихаар болоход Баттөр суугаад үлдсэн. Харин би Л гийн хамтаар гэртээ харихаар хамт явсан. Тэгсэн Л хадмынхаар орох ажил байна гэхээр нь би хамт Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Уурхайчин хороолол руу явсан. Ингээд Л гийн хадмын гэр лүү явж байхад гудамжинд хоёр хүнтэй зөрөлдөхөд тэр залуугийн нэг нь Л тай шүргэлцэж хоорондоо муудалцсан юм. Би тэр үед нь Л г согтуу байсан болохоор салгаад аваад явсан. Харин тэр хоёр залууг хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд аваад орсон. Ингээд би Л г хадмынх нь хашаанд оруулж өгчихөөд буцаж явж байгаад нөгөө хашааны дэргэд ирэхэд нөгөө Л тай муудалцсан залуу хашаандаа байхад нь би дуудаж жаахан маргалдаад тэр залуутай зодолдсон. Ингээд би тэр залууг газар унагаж бид хоёр дээр доороо орж зодолдсон. Тэгсэн хашаанд байх гэрээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаад надтай зодолдсон залууг аваад орчихсон. Тэгсэн миний толгой хагарч цус гарсан байсан. Би тэр залуутай ямар учраас муудах болсноо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 10 хуу/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Зулбаяр-1 хүнсний дэлгүүрийн гадаа найз Х 20 цаг өнгөрч байхад тааралдсан. Х бид хоёр ойрд уулзаагүй гээд ганц хоёр пиво уухаар болж мөнгөө нийлүүлж байгаад 2.5 литрийн савлагаатай Кружка гэх нэртэй пивоноос хоёр ширхгийг аваад Бор-Өндөр сумын 3 дугаар баг Холбоо 7-03 тоотод байх манай гэрт очсон. Бид хоёрыг гэрт ирэхэд манай эхнэр хүүхэд байсан. Ингээд Х бид хоёр манай гэрт хоол идэж юм ярих зуураа дэлгүүрээс авсан пивоо уусан. Ингээд цаг орой болж би Х ийг гэр лүү явахад нь гаргаж өгөхөөр хамт гэрээсээ 00 цаг өнгөрч байхад хашаанаас дөнгөж гараад гудамжиндаа явж байтал өөдөөс хоёр залуу ирж яваа харагдсан. Тэгсэн тэр хоёр залуутай зөрөх үед хар бараан өнгийн куртиктай өндөр залуу нь миний баруун мөрөнд хажуугаар гарахдаа шүргэсэн. Тэгэхээр нь би яаж байна аа чи хүн явж байгааг хардаггүй юм уу гэхэд яасан юун сүртэй юм, чамд ямар хамаатай юм гэсэн. Тэр хоёр залуу мөн л архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой байсан. Тэгсэн намайг мөрлөдөг өндөр залуу нь хүрч ирээд надад хандаж юун сүртэй юм үхлээ юу гээд хэл амаар өдсөн. Тэгэхээр нь би хэрэггүй биз дээ гээд түлхсэн. Энэ үеэр манай төрсөн эгч Ш гарч ирээд намайг Х ын хамтаар хашаа руу аваад орсон. Ингээд би хашаандаа ороод Х ыг гэр лүү оруулчхаад 00 орж шээчхээд гэрлүү орох гэтэл хашааны үүдэнд нэг залуу ирчихсэн намайг хөөе гэж дуудахаар нь би хэн бэ гээд яваад очтол намайг барьж аваад газар унагааж зодсон. Тэгэхээр нь би ч өмнөөс нь тэр залуутай зодолдсон. Ингээд намайг гадаа хашааны гадаа тэр залуутай зодолдож байхад манай эгч Ш нөхрийн хамт гарч ирж салгаад гэр лүүгээ намайг аваад орсон. Тэгсэн миний толгойн ар хэсэгт хагарч их хэмжээгээр цус гоожиж, үүдэн дээд шүднээс нэг ширхэг унаж мөн цус гоожиж, зүүн гарын дунд хуруу 2 см орчим зүсэгдсэн, эрхий хуруу гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 11 хуу/
Шүүгдэгч Д.Р ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Г.Г уучлалт гуйж эмчилгээнд нь 288.000 төгрөг өгсөн. Иймд миний үйлдсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 24 хуу/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Р надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй, бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн, бие биендээ ямар нэгэн гомдол саналгүй болсон. би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 28 хуу/
Шүүгдэгч Д.Р ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...тухайн үед миний толгойн дагз хэсгээр хагарсан. Одоо миний эрүүл мэнд сайжирсан. Би өөрт учирсан гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Анх гэмтэл авсан өдрөө эмнэлэгт очиж 4 оёдол л тавиулсан. Тэрнээс хойш миний гэмтэл шарх өөрөө эдгэрсэн. Би эмчилгээндээ ямар нэгэн эмчилгээ хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй. Г.Г ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Г бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-г 6 хуу/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн. “...би өөрт учирсан гэмтэлдээ нийт 288.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг Р надад өгсөн. Би өөр эмчилгээ болон төлбөр зарцуулаагүй. Одоо надад Р аас нэхэмжлэх зүйл болон Р тай холбоотой гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай
Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47 хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн засаг даргын Г.Г талаарх тодорхойлолт /хх-н 48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Д.Р, Г.Г нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Р нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Жаргалант 9-910 тоот хашааны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Г харилцан зодолдож түүний биед толгойн орой хэсэг, зүүн гарын дөрөв дүгээр хурууны дунд хэсэг, зүүн гарын сарвууны ар дээд хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун нэг дүгээр шүдний булгарал, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн няцарсан шарх бүхий эрүүл мэндийг түр сарниулсан хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Жаргалант 9-910 тоот хашааны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Р харилцан зодолдож түүний бие толгойн орой хэсэг болон дагзны баруун доод хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны доод хэсгийн өнгөц зулгарсан шарх, уруулын баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Р ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...би Л г хадмынх нь хашаанд оруулж өгчхөөд буцаж явж байгаад нөгөө хашааны дэргэд ирэхэд нөгөө Л тай муудалцсан залуу хашаандаа байхад нь би дуудаж жаахан маргалдаад тэр залуутай зодолдсон. Ингээд би тэр залууг газар унагаж бид хоёр дээр доороо орж зодолдсон. Тэгсэн хашаанд байх гэрээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаад надтай зодолдсон залууг аваад орчихсон. Тэгсэн миний толгой хагарч цус гарсан байсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...би хашаандаа ороод Х ыг гэр лүү оруулчихаад 00 орж шээчихээд гэрлүү орох гэтэл хашааны үүдэнд нэг залуу ирчихсэн намайг хөөе гэж дуудахаар нь би хэн бэ гээд яваад очтол намайг барьж аваад газар унагааж зодсон. Тэгэхээр нь би ч өмнөөс нь тэр залуутай зодолдсон. Ингээд намайг гадаа хашааны гадаа тэр залуутай зодолдож байхад манай эгч Ш нөхрийн хамт гарч ирж салгаад гэр лүүгээ намайг аваад орсон. Тэгсэн миний толгойн ар хэсэгт хагарч их хэмжээгээр цус гоожиж, үүдэн дээд шүднээс нэг ширхэг унаж мөн цус гоожиж, зүүн гарын дунд хуруу 2 см орчим зүсэгдсэн, эрхий хуруу гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02, 03 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршгийг хүсэж үйлджээ.
Иймд шүүгдэгч Д.Р , Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна.
Шүүгдэгч Д.Р , Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй харин шүүгдэгч Д.Р нь бусдад учруулсан хохиролд 288.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт бие биенээсээ харилцан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч Д.Р нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч заавал оролцуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалттай /5.3.1/ зөрчилдөөгүй тул түүний хувьд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР