| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 329 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Г холбогдох эрүүгийн 1806 04086 0112 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1-ний 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 cap хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Г.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эх Г.Чулуунбаатарын банкны картыг ашиглан түүний “ХААН” банкны 5018565885 дугаарын данснаас хойд эцэг А.Раднаагийн тэтгэврийн зээлээр авсан 3.010.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Раднаагийн өгсөн мэдүүлэг /хх-14-19/, гэрч Г.Чулуунбаатарын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, “ХААН” банкны дансны хуулга, А.Раднаагийн тэтгэврийн зээлтэй холбоотой бичгийн баримтууд /хх-24-25/, Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-86-87/, шүүгдэгч Г.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эх Г.Чулуунбаатарын банкны картыг ашиглан түүний “ХААН” банкны 5018565885 дугаарын данснаас хойд эцэг А.Раднаагийн тэтгэврийн зээлээр авсан 3.010.000 төгрөгийг хулгайлсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Раднаагийн өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр тэтгэврийн зээл аваад өөрийн карт байхгүй тул хамтран амьдрагч Г.Чулуунбаатарын ХААН банкны 5018565885 дугаарын дансанд хийлгэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Баттөрийг дэлгүүрээс юм авхуулахаар Г.Чулуунбаатарын картыг өгөөд явуулсан. Хойноос нь эхнэрийн хүү Г.Г гараад явахаар нь бие засах гэж байгаа юм болов уу гэж бодсон. Удалгүй Баттөр ирэхээр нь “картаа яасан” гэхэд “ах тамхи аваад ирье гээд аваад явлаа” гэсэн. Цаг гаруйн дараа миний утсанд 500.000 төгрөгөөр 6 удаа гүйлгээ хийсэн мессеж ирсэн. Би картаа хаалгуулсан боловч дагавар хүү Г.Г тухайн картнаас 3 сая төгрөг авсан байсан. Г.Г нь Эрдэнэтэд аав дээрээ өссөн хүүхэд байгаа юм. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хөдөөнөөс ирээд манайд хоносон байсан. Хамт амьдардаггүй юм. Хүү Баттөр барилга дээрээс унаад хөлөө тайруулчихсан. Хөвсгөлд байгаа, ирж чадахгүй. 3 сая төгрөгөө нэхэмжилнэ.” /хх-14-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Чулуунбаатарын өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Баттөрд картаа өгөөд дэлгүүр явуулсан. Тэгтэл Г.Г “тамхи авмаар байна” гэхээр нь “дүүдээ хэлээд ав” гэсэн. Тэгээд араас нь гараад явсан. Тэгээд удалгүй Баттөр орж ирээд аавдаа “та Ганжуур ахыг тамхи ав гэсэн юмуу картыг чинь аваад явчихлаа” гэсэн. Ороод ирнэ биз гээд хүлээж байтал 500.000 төгрөгөөр карт уншуулсан мессежнүүд ирсэн. Тэрнээс хойш ирэлгүй алга болсон. А.Раднаа нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр тэтгэврийн зээл аваад өөрийн нь картны хугацаа дууссан тул миний данс руу хийсэн байсан юм.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г яллагдагчаар өгсөн: “...Би “Нарантуул” ОУХТөв ороод “Ахмадын хороолол”-д байрлах “ХААН” банкнаас 3 удаа 500.000 төгрөгөөр, түүний дараа “Нарантуул” ОУХТөвийн “Ундрам” худалдааны төвд байрлах “ХААН” банкнаас 2 удаа 500.000 төгрөгөөр, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Төгөл” худалдааны төвийн “ХААН” банкнаас 510.000 төгрөгөөр тус тус уншуулж нийт 3.010.000 төгрөгийг хулгай хийж авсан минь үнэн.” /хх-86-89/,
Депозит дансны хуулга /хх-74/,
Тэтгэврийн зээлийн гэрээ, бусад баримтууд /хх-75-78/,
Шүүгдэгч Г.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Раднаа, гэрч Г.Чулуунбаатар, шүүгдэгч Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, “ХААН” банкны депозит дансны хуулга, тэтгэврийн зээлийн гэрээ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Г 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эх Г.Чулуунбаатарын банкны картыг ашиглан түүний ХААН банкны 5018565885 дугаарын данснаас хойд эцэг А.Раднаагийн тэтгэврийн зээлээр авсан 3.010.000 төгрөгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч Г.Г гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд нийт 44 хоног цагдан хоригдсон байх бөгөөд үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогч А.Раднаад учирсан хохирол болох 3.010.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Г.Г оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Г цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Г.Ганжуураас 3.010.000 төгрөгийг гаргуулж хохирогчид А.Раднаад олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Г.Г урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС