Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 247

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХААН банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 16-169 тоотод оршин суух С.Цогтсайханд холбогдох

“Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 7542427,28 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д.Нангид, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Цогтсайхан нь тус банкны Хайрхандулаан тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн ЗГ/4070 тоот зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 133 хоног өнгөрсөн. Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан, зээл буцаан дуудах мэдэгдэл 2 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа. Иймд С.Цогтсайханаас үндсэн зээл 6858837,42 төгрөг, хүү 673132,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10457,74 төгрөг, нийт 7542427,28 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нангид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч С.Цогтсайхан нь Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан. Хаан банкны Хайрхандулаан тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 190 хоног өнгөрсөн. Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа. Иймд С.Цогтсайханаас 7542427,28 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ХААН банкны Өвөрхангай аймгийн салбарын захирал Д.Энхбат нь хариуцагч С.Цогтсайханд холбогдуулж зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 7542427,28 төгрөг /Долоон сая таван зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг хорин найман мөнгө/ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол зээлийн гэрээг цуцлана” гэж зааснаар зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэсэн байгаа ч  хэрэгт хариуцагч С.Цогтсайхан нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нөхцөл байдлыг нотлох баримт авагдаагүй байх тул дээрх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах боломжгүй гэж үзлээ.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байгаа ба зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар талууд гэрээгээр тохиролцсон байх тул зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг болох 7542427,28 төгрөгийг хариуцагч С.Цогтсайханаас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

            Хариуцагч С.Цогтсайханд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт тус тус зааснаар С.Цогтсайхантай байгуулсан Барьцаат зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 7542427,28 төгрөг гаргуулахыг хүссэн ХААН банкны нэхэмжлэлийг бүхэлд нь   хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс  135629 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА