Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 248

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 24-12 тоотод оршин суух Өршөө багш овогт Тогоочийн Чогдонтүмэнгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийнНарийнтээл сумын 2 дугаар баг Баян тээгийн уурхай 4-14 тоотод оршин суух Донхорын Одончимэгээс “380000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Чогдонтүмэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Одончимэг 380000 төгрөгний үнэ бүхий мөлхөө тавилга хийлгэж мөнгийг нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгнө гэж тохиролцон авч явсан. Гэтэл тохиролцсон хугацаандаа мөнгө өгөхгүй байна. Мөнгөө авах тухай хэлэх бүрд хугацаа хэлдэг тэр хугацаандаа төлдөггүй. Иймд Д.Одончимэгээс 380000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Чогдонтүмэнгийн нэхэмжилж байгаа 380000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Чогдонтүмэн нь Д.Одончимэгээс “380000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Одончимэг нь “380000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Өршөө багш овогт Тогоочийн Чогдонтүмэнгийн нэхэмжлэлтэй Балдан овогт Донхорын Одончимэгээс “380000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12050 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Одончимэгээс 6025 төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот данснаас/ 6025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Чогдонтүмэнд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Н.ЭНХМАА