Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00109

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00478 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч “Х” ХХК / захирал С.З, РД:******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********-т оршин суух, Ш.А-д холбогдох

 

“А-80 маркийн бензиний үнээс төлөгдөөгүй дутуу үлдсэн төлбөр 11,925,000 төгрөг, хүү буюу хохирол 2,205,000 төгрөг бүгд 14,130,000 төгрөг гаргуулахыг хүссэн” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад 2021 оныг 2022 он гэж буруу таашаа бичсэн байна. Хариуцагч Ш.А нь Толбо сумын төвд ажиллуулдаг ШТС-ийн түгээгч ажилтай Х гэдэг хүний нэрээр С.Згийн Төрийн банк дахь ***** тоот дансанд 24,0000,000 төгрөг, С.Згийн ХААН банк дахь ***** тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 6,680,000 төгрөг шилжүүлснийг үзээд Ш.Ат утасдаж та ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн вэ гэж тодруулахад А-80 бензин худалдаж авна гэсэн.

1.2. Тэгээд А-80 бензин одоогоор бэлэн байхгүй байна, 6 сард импортолсон А-80 бензин зарагдсан, 7 сарын сүүлээр ба 8 сард ирж магадгүй тэр үед зах зээлийн үнэ ямар байхыг хэн ч тааж мэдэхгүй, гадаад улсаас импортолдог учир үнээ урьдчилж тохирох ямар ч боломжгүй, мөнгөө буцааж ав гэхэд мөнгө танайд байж байг, надад А-80 маркийн бензин хэрэгтэй 7,8 сард бензин ирэхэд тухайн үеийн зах зээлийн үнээр тохиролцож бензин авъя, хэн ч ашгийн төлөө этгээд, бензин ирэхэд эхний ээлжид надад нийлүүлж өг гээд тохиролцсон билээ.

1.3. Би ажил гараад Казахстан улсад 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явсан, энэ хугацаанд бензин ч ирээгүй. Ш.А ч гэсэн нэг ч удаа бензин авъя эсхүл мөнгөө авъя гэж шаардаагүй, утсаар ч яриагүй. Учир нь, 6 дугаар сард бензин ирэх хугацаа биш байсан юм.

1.4. Жил бүр 6 сараас эхэлж бензин, шатахууны нийлүүлэлт удааширч, ховордож эхэлдэг улирал (цикль) үе, ийм улирал үеийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн болгон мэддэг. Ийм учир Ш.А мөнгөө буцаахаас татгалзаж зөвхөн бензин авахаар тохиролцсон юм.

1.5. Тухайн үед 2021 оны 6 сард Алтай сумын иргэн Улыкпан, Дэлүүн сумын иргэн Серик нар мөн А-80 бензин авахаар урьдчилж мөнгөө хийж, бензин 6 сард ирэх боломжгүй, 7,8 сард ирж магадгүй гэхээр хүлээх боломжгүй мөнгөө буцааж авъя гээд буцааж авсан.

1.6. 2021 оны 8 сард бензин орж ирсэн, А-80 бензиний өртөг аймгийн төвийн бөөний агуулахад 1 литрийн бөөний үнэ 2150 төгрөг, жижиглэн худалдаалах үнэ 2400 төгрөг байна гэж Ш.Ат мэдэгдэхэд тохирлоо ачуул гэсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр жолооч Бад А-80 бензин 189 падаанаар 6500л, 1л-ийн үнэ 2150 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А-80 бензин 190 падаанаар 6500л, 1 л-ийг нь 2150 төгрөгөөр бүгд 27,300,000 төгрөг боллоо гээд Ш.Ат мэдэгдэж, шилжүүлсэн мөнгөнөөс 20,500,000 төгрөг үлдсэн буцаая гэхэд буцааж аваагүй.

1.7. Хариуцагч Ш.А нь Агайн гэдэг компаниас би авлагатай 30,000,000 төгрөг байгаа тэр мөнгийг танай данс руу шилжүүлнэ дахиж 1 машин А-80 бензин ачуул дутуу мөнгө 11,925,000 төгрөг суутган авч, үлдсэн 18,075,000 төгрөгт нь үнэ тохирч дизель түлш авъя гэсэн. Мөн авсан бензиний НӨАТ-ын падааныг Толбо ойл ХХК-нд шивж өг гээд мессеж явуулсан. Үүний дагуу 1л бензиний үнийг 2150 төгрөгөөр тооцож 6500л бензин явуулсан, мөн 1л бензиний үнийг 2150 төгрөгөөр тооцож нийт 41,925,000 төгрөгийн НӨАТ-ыг шивж явуулсныг хүлээн авсан боловч бензиний зөрүү мөнгө одоо хүртэл төлөөгүй орж ирээгүй болно.

1.8. Хариуцагч Ш.А нь 1литр А-80 бензинийг 2150 төгрөгөөр худалдаж аваад тээвэрлэхэд 30 төгрөг зарцуулж Толбо суманд 2600 төгрөгөөр худалдаад нэг литрээс 420 төгрөг ашиг олсон.

1.9. Мессежээр зөрүү мөнгө шилжүүл гэсний дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр жолооч Баар А-80 бензинийг 192 падаанаар 6500л 1л-ийг 2150 төгрөг бүгд үнэ 13,975,000 төгрөг ачуулсан юм. Урьд төлснөөс илүү үлдсэн 2,050,000 төгрөгийг хасахад бензиний дутуу үнэ 11,925,000 төгрөг төлж өг гээд утсаар шаардахад утсаа ч авахгүй, бичсэн мессежинд хариу ч бичихгүй өнөөдрийг хүртэл зугтаж байна.

1.10. Хариуцагч Ш.А нь Агайн ХХК-аас авлагатай болов уу гээд тус компанийн захирал Б.Жээс лавлахад бидэнд Ш.Ат өгөх өглөг байхгүй, харин Ш.Аийн ах Ш.Х-д өгөх өглөг байсан, өглөгийг Өлгий ойл компанид шилжүүлж өгсөн гэсэн. Хариуцагч Ш.А ингэж харилцагчаа хуурч байсан нь нотлогдож байна.

1.11. Нэхэмжлэгч “Х” ХХК нь эргэлтийн хөрөнгөө ХААН банкнаас зээл авч санхүүжүүлдэг, урьд авсан зээлийг дуусгаж шинээр авсан. Зээлийн гэрээ №ЗГ/2022247423964, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн жилийн хүү 15.6%, гэрээний 2.1.6-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд жилийн зээлийн хүү 20.0% байгаа тул Ш.Аийн төлөөгүй 11,925,000 төгрөгт ноогдох 13 сарын зээлийн хүү 2385000 төгрөг байна. 11,925,000 төгрөг х20.0%=2385000 төгрөг 1 сард ноогдох зээлийн хүү 198750 төгрөг нийт 16 сард 3180000 төгрөг байна. Дутуу төлсөн бензиний үнэ 11,925,000 төгрөг, үүнд ногдох зээлийн хүү 3180000 төгрөг болж компанийн нийт хохирол 15,105,000 төгрөг байна. Энэ зээлийн хүү нэхэмжлэгч “Х” ХХК төлж, иргэн Ш.А нэхэмжлэгч компанийг хохироосон гэж үзэж байна.

1.12. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан Ш.Аийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банканд шилжүүлсэн мөнгө бензин ирэх хүртэл буюу бензин авсан 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл танай дансанд байж байхыг өөрөө зөвшөөрсөн боловч тухайн үеийн банкны хадгаламжийн хүүгийн хэмжээгээр 13.0%-иар 3 сард ноогдох хүү 975,000 төгрөгийг дутуу төлсөн мөнгөнөөс хасаад, хариуцагч Ш.Аээс А-80 маркийн бензиний үнээс төлөгдөөгүй дутуу үлдсэн төлбөр 11,925,000 төгрөг, хүү буюу хохирол 2,205,000 төгрөг бүгд 14,130,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.З намайг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мөнгө шилжүүлж, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бензин ачуулсан талаар бичсэн байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд миний бие 2021 оны 6 дугаар сарын эхээр С.Згийн нөхөр Х.Хтай утсаар ярьж 1 литрийг нь 1570 төгрөгөөр тооцож А-80 маркийн бензин авахаар тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ах Ш.Хын Төрийн банк дахь МN4900342940005595 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 24,000,000 төгрөг, мөн Ш.Хын ХААН банк дахь 51891458866 тоот данснаас С.Згийн ХААн банк дахь ***** тоот дансанд 6,680,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

2.2. Хэсэг хугацааны дараа Х.Х Казахстан улс руу явж зунжингаа тэндээ байсан. Би удаа дараа утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би тэгэхээр нь Х.Хын ажлыг хариуцаж үлдсэн гэх хамаатан дүү Досымбек гэгчтэй утсаар холбогдож энэ талаар тодруулж байсан. Досымбек нь эхлээд бензин өг гэсэн гэж хэлсэн мөөртлөө хэсэг хугацааны дараа Х.Хтай ярьсан, бензин битгий өг би өөрөө очсоны дараа ачуулна гэж хэлсэн гэж хариу өгч байсан.

2.3. Тэгээд 2021 оны 8 дугаар сард /өдрийг нь тодорхой санахгүй байна/ Х.Х нь нийтдээ 19,500 литр А-80 маркийн бензин ачуулсан. Эхний 13000 литр бензиний 1 литрийг 1570 төгрөгөөр тооцож явуулсан ба 6500 литр бензинийг явуулахдаа замын зардал өндөр гарч байна, 10 төгрөг нэм гэж 1 литрийг 1580 төгрөгөөр тооцож явуулсан. Ингээд би түүнээс 19500 литр А-80 авч тооцоо дууссан.

2.4. Х.Х нэхэмжлэлд мөнгийг буцаая гэхэд надад А-80 маркийн бензин хэрэгтэй, мөнгө байж байг, 7,8 сард бензин ирэх үед тухайн үеийн зах зээлийн үнээр авъя гэж тохиролцсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Бидний хооронд ямар нэгэн тийм зүйл тохиролцоо хийгдээгүй.

2.5. Х.Х нь Казахстан улсын иргэн учир “Х” ХХК-ийн нэрээр худалдан борлуулалт хийсэн болгож мөнгийг эхнэр С.Згийн дансаар хүлээж авдаг. Тэрнээс биш би “Х” ХХК-тай ч, иргэн С.Зтай ч бензин худалдаж авах талаар тохиролцоогүй, зөвхөн Х.Хтай л харилцан тохиролцсон.

2.6. НӨАТ-ын баримтыг 2150 төгрөгөөр тооцож гаргасан гэдгийг би мэдэхгүй. НӨАТ-ын баримт нь тухайн үеийн бензиний зах зээлийн үнийг тодорхойлох баримт бичиг биш. Түүнийг худалдан борлуулалт хийж байгаа компани өөрөө шууд бичдэг баримт учир ямар ч үнээр хамаагүй бичих боломжтой.

2.7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ханшны тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 21,26-ны өдрийн төлбөрийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн татварын улсын байцаагчийн баталгаажуулалт, 2022 оны 8 дугаар сарын 18, 19, 22-ны өдрүүдийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хавсаргасан байна. Бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хийгдэж, бензинийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны үеэр авч тооцоо дууссан.

2.8. Гэтэл нэхэмжлэгч 2022 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бензин авч өгөлцсөн талаар хуурамч нотлох баримт бүрдүүлж, надаас илүү мөнгө нэхэмжилсэн байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00478 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалт, 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ш.Аээс А-80 маркийн бензиний дутуу үнэ 11,245,000 (арван нэгэн сая хоёр зуун дөчин таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,885,000 (хоёр сая найман зуун наян таван мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,600 (хоёр зуун хорин найман мянга зургаан зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Аээс 194,870 (нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус хуульчилсан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

4.2. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Ш.А руу ачуулсан нийт 19500 литр А-80 маркийн бензиний нэг литрийг нь 2150 төгрөгөөр тооцоход 41,925,000 төгрөг байна.Энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн е-баримтын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Төлбөрийн баримт”-д 13000 литр, нэгжийн үнэ 2150 төгрөг, бүгд 27,950,000 төгрөг, мөн е-баримтын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Төлбөрийн баримт”-д 6500 литр, нэгжийн үнэ 2150 төгрөг, нийт дүн 13,975,000 төгрөг гэсэнтэй тохирч байна.Нийт 19500 литр А-80 маркийн бензиний үнэ 41,925,000 төгрөгөөс хариуцагчийн “Х” ХХК-ийн захирлын данс руу шилжүүлсэн нийт 30,680,000 төгрөгийг хасаж тооцоход 11,245,000 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна гэж 2022 оны 9 дүгээр сарын 26, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрүүдийн “Төлбөрийн баримт” гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.3. Миний бие А-80 маркийн 13000 литр бензинийг 2021 оны 8 дугаар сард худалдаж авсан. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 8 дугаар сард А-80 маркийн 13000 литр бензин авсан гэж мэдүүлж, 2022 онд үйлдэгдсэн хэд хэдэн баримт бичгүүдийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн ба намайг шүүхэд тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж өгсний дараа би нэхэмжлэлд 2021 оныг 2022 он гэж буруу бичсэн байна гэж мэдүүлсэн. Гэхдээ 2021 онд холбогдох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй.

4.4. Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сард 1 литр А-80 маркийн бензинийг 2150 төгрөгөөр үнэлж борлуулсан бол е-баримт буюу “Төлбөрийн баримт”-ыг тухайн цаг хугацаанд үйлдэж нэхэмжлэхийн хамт надад хүргүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд тухайн үйл баримт болж өнгөрснөөс хойш 1 жил 1 сарын дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд үйлдсэн е-баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгч, шүүх түүний цаг хугацааг анхаарахгүйгээр нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчиж байна.

4.5. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 189, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаартай зарлагын баримтуудыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Эдгээр зарлагын баримтуудад “Толбо Ад” гэж бичсэн болохоос хүлээлгэж өгсөн талаарх ямар нэгэн тэмдэглэгээ, гарын үсэг байхгүй. Уг нь худалдагч нь бензин ачуулахдаа зарлагын баримтыг 2 хувь үйлдэж, бензин ачсан жолоочид өгч, жолооч бензин хүлээлгэж өгөхдөө хүлээж авсан хүнд гарын үсэг зуруулж баталгаажуулаад 1 хувийг үлдээж, нөгөө хувийг худалдагчид буцааж авч ирж өгөх, худалдагч тэрний дагуу холбогдох тооцоо хийгдэх ёстой. 2021 оны 8 дугаар сард бензин ачиж очсон жолооч нар зарлагын баримт өгөөгүй, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй.

4.6. Энэ нь нэхэмжлэгчээс тухайн зарлагын баримтыг шүүхэд нэхэмжлэл гаргах үед нөхөж үйлдэж нотлох баримтаар гаргаж өгснийг нотолж байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх 2 зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчиж байна.

4.7. Нэхэмжлэгчээс  нотлох баримтаар гаргаж өгсөн 2023.12.13 гэсэн огноотой “Шатахууны 2021 оны 8 дугаар сарын үнэ ханш”, мэдээ гаргасан: Х.Т, хянасан.хэлтсийн дарга А.Е гэх баримт нь ямар байгууллагаас, ямар зорилгоор үйлдсэн болох нь тодорхой бус баримт бөгөөд 2021 оны 8 дугаар сард А-80 маркийн бензин 2200 төгрөг гэж дурдсан боловч тухайн үед зах зээлийн ханш 2200 төгрөг байсан нь хөндлөнгийн холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдох ёстой. Гэтэл хэрэгт энэ талаарх ямар ч нотлох баримт байхгүй.

4.8 Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн ТУБ-ч Х.С гэж гарын үсэг зурж тэмдэг дарсан жагсаалт, гараар бичсэн бензиний үнэ бүхий баримт, “Х” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээгээр А-80 маркийн бензиний 1 литрийн үнэ 2150 төгрөгөөр хийгдсэнийг гэрчлэх нотлох баримт биш. Ер нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь бүгдээрээ сүүлд нь нөхөж бүрдүүлсэн, хэрэгт огт хамааралгүй нотлох баримтууд бөгөөд үүнийг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

4.9. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00478 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч талын давж гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ш.А надтай тохирч А-80 бензиний литрийг 1570, 1580 төгрөгөөр тохирч мөнгө шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагч миний эхнэрийн дансанд мөнгө шилжүүлсэн үед холбогдож асуухад би танаас А-80 бензин авмаар байна гэж хэлсэн. Тэгээд А-80 бензин одоогоор бэлэн байхгүй байна, 6 сард импортолсон А-80 бензин зарагдсан, 7 сарын сүүлээр ба 8 сард ирж магадгүй, тэр үед зах зээлийн үнэ ямар байхыг хэн ч тааж мэдэхгүй, гадаад улсаас импортолдог учир үнээ урьдчилж тохирох ямар ч боломжгүй, мөнгөө буцааж ав гэхэд мөнгө танайд байж байг, надад А-80 маркийн бензин хэрэгтэй 7, 8 сард бензин ирэхэд тухайн үеийн зах зээлийн үнээр тохиролцож бензин авъя гэж хэлсэн. Ш.А 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн ба би Казахстан улс руу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явсан.

5.2. Ш.А ч гэсэн нэг ч удаа бензин авъя эсхүл мөнгөө авъя гэж шаардаагүй, утсаар ч яриагүй. Учир нь, 6 дугаар сард бензин ирэх хугацаа биш байсан. Жил бүр 6 сараас эхэлж бензин, шатахууны нийлүүлэлт удааширч, ховордож эхэлдэг. Тухайн үед 2021 оны 6 сард Алтай сумын иргэн У, Дэлүүн сумын иргэн С нар мөн А-80 бензин авахаар урьдчилж мөнгөө хийж, бензин 6 сард ирэх боломжгүй, 7, 8 сард ирж магадгүй гэхээр хүлээх боломжгүй мөнгөө буцааж авъя гээд буцааж авсан.  2021 оны 8 сард бензин орж ирсэн, А-80 бензиний өртөг аймгийн төвийн бөөний агуулахад 1 литрийн бөөний үнэ 2150 төгрөг болсон гэдгийг Ш.Ат мэдэгдэхэд тохирлоо ачуул гэсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр жолооч Бад А-80 бензин 189 падаанаар 6500 л, 1л-ийн үнэ 2150 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А-80 бензин 190 падаанаар 6500 л, 1 л-ийг нь 2150 төгрөгөөр бүгд 27,300,000 төгрөг боллоо гээд Ш.Ат мэдэгдэж, шилжүүлсэн мөнгөнөөс 20,500,000 төгрөг үлдсэн буцаая гэхэд буцааж аваагүй.

5.3. Хариуцагч Ш.А нь Агайн гэдэг компаниас би авлагатай 30,000,000 төгрөг байгаа тэр мөнгийг танай данс руу шилжүүлнэ, дахиж 1 машин А-80 бензин ачуул, дутуу мөнгө 11,925,000 төгрөг суутган авч, үлдсэн 18,075,000 төгрөгт нь үнэ тохирч дизель түлш авъя гэсэн. Мөн авсан бензиний НӨАТ-ын падааныг Толбо ойл ХХК-нд шивж өг гээд мессеж явуулсан. Үүний дагуу 1л бензиний үнийг 2150 төгрөгөөр тооцож 6500 л бензин явуулсан, мөн 1л бензиний үнийг 2150 төгрөгөөр тооцож нийт 41,925,000 төгрөгийн НӨАТ-ыг шивж явуулсныг хүлээн авсан боловч бензиний зөрүү мөнгө одоо хүртэл төлөөгүй орж ирээгүй болно. Мессежээр зөрүү мөнгө шилжүүл гэсний дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр жолооч Баар А-80 бензинийг 192 падаанаар 6500 л 1л-ийг 2150 төгрөг бүгд үнэ 13,975,000 төгрөг ачуулсан юм. Урьд төлснөөс илүү үлдсэн 2,050,000 төгрөгийг хасахад бензиний дутуу үнэ 11,925,000 төгрөг төлж өг гээд утсаар шаардахад утсаа ч авахгүй, бичсэн мессежинд хариу ч бичихгүй өнөөдрийг хүртэл зугтаж байна.

5.4. Хариуцагч Ш.А нь Агайн ХХК-аас авлагатай болов уу гээд тус компанийн захирал Б.Ж-ээс лавлахад бидэнд Ш.Ат өгөх өглөг байхгүй, харин Ш.Аийн ах Ш.Х-д өгөх өглөг байсан, өглөгийг Өлгий ойл компанид шилжүүлж өгсөн гэсэн.

5.5. Хариуцагчийн өмгөөлөгчийн ханаас, ямар байгууллагаас авсан болох нь тодорхой бус гэж байгаа баримт нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс авсан баримт. Тухайн байгууллага нь сар бүрийн хүнсний хоол нэр төрлийн бараануудын үнийг тодорхойлдог. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2021 оны 7, 8 дугаар сарын бензиний үнийг тодорхойлж өгсөн. Татварын улсын байцаагчийн үнийн тодорхойлолтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримтад дурдсанаар 1570 төгрөгөөр бензин худалдаалагдаж, дараа нь 2150 төгрөгөөр татвар төлнө гэж байхгүй. Илүү татвар төлөх ямар ч аж ахуйн байгууллага байхгүй. Мөн авсан бензиний НӨАТ-ын падааныг Толбо ойл ХХК-нд шивж өг гээд мессеж явуулсан. Үүний дагуу НӨАТ-ыг шивж явуулсан. Хэрвээ НӨАТ-ын баримт нь шивэгдэж Толбо ойл ХХК-д очиход би ийм үнээр ийм бензин аваагүй гэж манайд мэдэгдэж эсвэл шууд илгээгдсэн НӨАТ-ын баримтыг буцаах эрхтэй ба НӨАТ-ын программд буцаах үйлдэл байдаг. 3,811,363.64 мөнгөний НӨАТ-ыг яагаад өөрийн орлого болгож ашигласан бэ? Ийм хэмжээний НӨАТ хариуцагч талд шууд орлого болон орж байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, оновчтой дүгнэлт хийсэн, хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч талаас “...хариуцагч Ш.А нь нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр тус бүр 6500 литр А-80 маркийн бензинийг нэгжийн үнэ 2150 төгрөгөөр худалдаж авсан. Ш.А-ийн 3 удаагийн үйлдлээр худалдаж авсан нийт 19500 литр А-80 маркийн бензиний үнэ 41,925,000 төгрөг болж байгаа. Ш.А худалдаж авсан шатахууныхаа үнээс 11950000 төгрөгийг төлж өгөхгүй худалдагч талыг хохироож байна. “Х” ХХК нь ХААН банкнаас зээл авч үйл эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлдэг учраас хариуцагчийн төлөөгүй бензиний үнэд ногдох зээлийг хүүг хариуцагч Ш.А-ээс нэхэмжилнэ. Ингэхдээ Ш.А-ийн урьдчилж төлсөн мөнгөнд ногдох хадгаламжийн хүүг тухайн үеийн банкны хадгаламжийн 13 хувиар тооцож 975000 төгрөгийг хариуцагчийн дутуу төлсөн мөнгөнөөс хасаад нийт 14,130,000 төгрөг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

8. Хариуцагч Ш.А нь ““Х” ХХК-аас 3 удаагийн үйлдлээр нийт 19,500 литр А-80 маркийн бензинийг нэхэмжлэгч худалдаж авсан. 13,500 литр А-80 маркийн бензин нэгжийн үнэ буюу 1 литрийг 1570 төгрөгөөр тооцон 21,195,000 төгрөг, 6500 литр А-80 маркийн бензин нэгжийн үнэ 1 литрийг 1580 төгрөгөөр тооцон 10,270,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Х” ХХК-ны захирал А.З-ийн дансанд шилжүүлээд тооцоогоо дуусгасан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

9. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлагдсан байна.

 

10. Хариуцагч талаас ““Х” ХХК-аас 3 удаагийн үйлдлээр худалдаж авсан нийт 19,500 литр А-80 маркийн бензинээс 13,500 литрийг нь нэгжийн үнэ 1570 төгрөгөөр тооцож, 6500 литрийг нь нэгжийн үнэ 1580 төгрөгөөр тооцож худалдаж авч, тооцоогоо дуусгасан” гэсэн агуулгаар маргадаг боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.А нь “Х” ХХК-аас 3 удаагийн үйлдлээр нийт 19,500 литр А-80 маркийн бензинийг 1 литрийг 2150 төгрөгөөр тооцож худалдан авсан нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасантай  нийцжээ.  Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх дээрх 2 зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчиж байна” гэх давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа өрөө нотлох үүрэг хүлээх атал хариуцагч талаас Х” ХХК-аас 3 удаагийн үйлдлээр худалдаж авсан нийт 19,500 литр А-80 маркийн бензинээс 13,500 литрийг нь нэгжийн үнэ 1570 төгрөгөөр тооцож, 6500 литрийг нь нэгжийн үнэ 1580 төгрөгөөр тооцож худалдан авч, үнэ төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

11. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн дутуу төлсөн А-80 маркийн бензиний үнэ 11,925,000 төгрөг гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Ш.А нэхэмжлэгч “Х” ХХК-аас худалдаж авсан 19500 литр А-80 маркийн бензиний үнэ болох 41,250,000 төгрөгөөс 3 удаагийн гүйлгээгээр 30,680,000 төгрөгийг төлж өгсөн нь тогтоогдож байх тул хариуцагч Ш.А-ийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн  дүн 11,245,000 төгрөг байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ш.А-ээс А-80 маркийн бензиний дутуу үнэд 11,245,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болохыг дурдаж байна.

 

12. Талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж гэрээ байгуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэгчид хариуцагчаас хүү шаардах эрх үүсэхгүй тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            13. Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,870 төгрөг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                                          ШҮҮГЧ                 М.НЯМБАЯР                                                     

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ