Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000270 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 082 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Алтангэрэлийн Болдбаатар /РД:МЮ-80100978/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Болдбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 01, 2018 оны 04 дүгээр сарын 28, 2018 оны 05 дугаар сарын 27, 2018 оны 11 дүгээр сарын 13, 2018 оны 11 сарын 27-ны өдөр тус тус согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 12 тоотод эхнэр Б.Бүрэнжаргалыг зодсон, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Төрбатыг зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Болдбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 01, 2018 оны 04 дүгээр сарын 28, 2018 оны 05 дугаар сарын 27, 2018 оны 11 дүгээр сарын 13, 2018 оны 11 сарын 27-ны өдөр тус тус согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 12 тоотод эхнэр Б.Бүрэнжаргалыг зодсон, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Төрбатыг зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Болдбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч А.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Бүрэнжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр бас л агсам согтуу тавьж, намайг зодож шүүхээс 20 хоног баривчлагдсан, дараа нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны үед мөн л агсам тавьж, намайг намайг зодон шүүхээс 30 хоног баривчлагдсан. Тэгээд хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад над руу залгахаар нь “би ажил дээрээ байна” гэсэн. Тэгсэн чинь бага хүү Б.Төрбатыг хаана байгаа талаар асуухад ээжийнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад хүүхдүүдэд маань ирүүлсэн куртикийг тосож авах гээд явж байхад над руу дахин утсаар залгаад “чи хаагуур яваад байгаа юм бэ? янхан минь, тэр чигтээ яваарай, битгий ирээрэй” гээд орилоод байсан. Тэгээд гэртээ харихдаа дүү охин Б.Бүрэнтуяагийн хамт очсон чинь А.Болдбаатар бас л архиа уучихсан байсан. Тэгэхээр нь би “за за, хэрүүл маргаан болж нойргүй хонох юм шиг байна” гэж бодоод хүүхдүүддээ авч ирсэн куртикийг нь өмсүүлээд ээжийндээ очих гэсэн чинь босч ирээд миний хувцас хунарыг урчих гээд татаж чангаагаад, үснээс зулгаагаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тухайн үед би үснээсээ гарыг нь салгуулах гээд А.Болдбаатартай дээр доороо ороод ноцолдсон юм. Тэр үед манай дүү Б.Бүрэнтуяа цагдаад дуудлага өгсөн. ...2018 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө агсам тавихдаа охин Б.Номинцэцэг, хүү Б.Төрбат нарын толгой руу гараараа нэг нэг удаа цохисон байсан. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ Гэрч Б.Анхбаярын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Болдбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг. Архидан согтуурсан үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг. Удаа дараа хүчирхийлэл үйлдсэн талаар нь цагдаад дуудлага ирж, тэр болгондоо эрүүлжүүлэгдэж, маргааш нь захиргааны арга хэмжээ авагддаг. 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2 удаа шүүхийн шийтгэврээр баривчлагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/ Гэрч М.Гантуяагийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Болдбаатар нь архи их уудаг. Согтсон үедээ эхнэр хүүхэддээ агсам тавьдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Гэртээ агсам тавиад зогсохгүй орчин тойрныхоо хүмүүст дарамттай орилж хашгирч агсам тавьдаг хүн байгаа юм. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэгч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/ Гэрч Ж.Оюунбадамын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2018 оны 04 дүгээр сард байх бас согтуу үедээ ирчихээд агсам тавьж ас эхнэрээ зодоод байгаа бололтой гэртээ түчигнээд орилж хашгираад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ Насанд хүрээгүй гэрч Б.Номинцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Манай аав А.Болдбаатар архи их уудаг, архи уухаараа л гэрт ирж ээжид агсам тавьж ээжийн үснээс зулгааж газар чирж, цохиж зоддог. Бас гутлаар зоддог. Заримдаа заазуур барьж “ална чамайг” гээд айлгадаг. Аавыг согтуу ирэхээр эгч, дүү бид нар бүгдээрээ айдаг. Согтуу ирээд ээжийг зоддог. Бас бид нарыг зодох гээд айлгахаар нь бид нар нүцгэн ч хамаагүй гэрээсээ гарч зугтаж цагдаад дуудлага өгдөг байсан. Би тэгээд одоо аавыгаа эрүүл ирээсэй л гэж боддог. Манай аав эрүүл үедээ гэр орноо цэвэрлээд хоол ундаа хийгээд их л гоё байдаг. Би аавыгаа тийм л байгаасай гэж хүсдэг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/ Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №410 дугаартай: “1.Б.Төрбатын биед баруун чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2 дугаар тал/ Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байсан материал /хх-ийн 3-20 дугаар тал/ Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21-24 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 46-47 дугаар тал/ Яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/ Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55-78 дугаар тал/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар тал/ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа /хх-ийн 88 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 91-92 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч А.Болдбаатар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч А.Болдбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч А.Болдбаатарын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хохирогч Б.Бүрэнжаргалыг байнга зодсон байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байхыг шаардана. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Бүрэнжаргал хавтаст хэргийн материалтай танилцахдаа нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Шүүгдэгч А.Болдбаатар нь дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг үндсэн ялаа эдэлж дуусснаас хойш 01 жилийн хугацаанд авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Болдбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Болдбаатарт 10 сарын хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Болдбаатарт оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Ялтан А.Болдбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар ялтан А.Болдбаатарыг үндсэн ялаа эдэлж дуусснаас хойш 01 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Болдбаатар шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Болдбаатар уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

8.Ялтан А.Болдбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ