Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01654

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01654

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М., Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01866 дугаар шийдвэртэй,

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Аялалын ******* ХХК-д холбогдох,

42,136,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь ******* ******* ХХК /маркетингийн үйл ажиллагааны нэр ******* *******/-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус компаниар зуучлуулан аялалаар явж буй иргэдийн групп аялалын нислэгийн тийзийг нь борлуулдаг байсан.

******* ******* ХХК нь ийнхүү хамтран ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Вьетнам улсын Ханой хотоос нэр бүхий 18 хүний Ханой - Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийг авах хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Нислэгийн тийзийн нийт үнэ 48,800,200 төгрөг болох тухай тус компанийн нягтлан бодогч н.*******д хэлэхэд тэрээр зөвшөөрч, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлж, Б.*******, Э.*******, С., Б., Д., Г., Г., П., Н., Т., Н.-, Н., Н.-, Б., М., М., А., Б. нарын нийт 18 хүний нислэгийн тийзийг бичүүлж авсан юм.

1.2. ******* ******* ХХК нь дээрх нислэгийн тийзийн үлдэгдэл болох 38,800,200 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Мөн тус компани нь манай компанид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22/01-19 дугаартай албан бичгээр хандаж дээрх төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр 7,760,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг дуусгах талаар санал гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй.

Бид нислэгийн тийзээ олон улсын байгууллагаас авсан зөвшөөрөлтэй программаар захиалж, борлуулдаг бөгөөд тус программ нь төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцож авдаг юм.

Тус компани төлөгдөөгүй үлдсэн үнийн дүн одоогийн байдлаар 38,800,200 төгрөг, алданги 3,335,900 төгрөг, нийт 42,136,100 төгрөг болж байна.

Иймд ******* ******* ХХК-аас нислэгийн тийзийн төлөгдөөгүй үнийн дүн болох 42,136,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Аялалын ******* ХХК-иас 38,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,336,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аялалын ******* ХХК-аас 351,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. "Хэрэгт авагдсан, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр огноотой ******* ******* ХХК-ийн ******* ******* ХХК-д төлөх өр төлбөрийн төлөлтийн графикаас үзэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй нислэгийн тийзийн үнэ 48,800,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, 38,800,000 төгрөгийг төлбөр төлөгч ******* ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 7,760,000 төгрөгөөр ******* Транс ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, уг графикт ******* ******* ХХК-ийн захирал П. гарын үсэг зурж, тус компанийн санхүүгийн тэмдэг дарагджээ" гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

4.2. Мөн хариуцагч "******* *******" ХХК-аас 38,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "******* *******" ХХК-д олгосныг зөвшөөрөхгүй.

"******* *******" ХХК-ийн билет борлуулагч н. нь манай аялагч нарыг Вьетнам улсад " ХХК болон *******" ХК нарын маргааны асуудлаас болж онгоцгүй болж ирж чадахгүй байгаа нөхцөл байдлыг мэдэж байсан ба манай аялагч нарыг билетийг бичихээс өмнө " " ХХК нь энэхүү аялагч нарын онгоцны тийзийн төлбөрийг төлөхийг мэдэж байсан. Мэдсээр байж билет бичиж өгсөн атал дан ганц манай байгууллагыг холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалж, тогтоолгүйгээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, " трэйвэл" ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Аялалын ******* [ZE1] ХХК-д холбогдуулан, нислэгийн тийзийн үлдэгдэл төлбөр 38,800,200 төгрөг, алданги 3,335,900 төгрөг, нийт 42,136,100 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаагүй.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Хэрэгт Аялалын ******* ХХК-ийн ******* ******* ХХК-д төлөх төлбөрийн график авагдсан. Уг баримтад нэхэмжлэлд дурьдаж буй нислэгийн тийзийн үнэ 48,800,200 төгрөгийн үлдэгдэл болох 38,800,000 төгрөгийг Аялалын ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 7,760,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцон, Аялалын ******* ХХК-ийн захирал П. гарын үсэг зурж, тус компанийн санхүүгийн тэмдэг дарагджээ.

3.б. Дээрхи баримтаас 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Вьетнам улсын Ханой хотоос нэр бүхий 18 зорчигчийн Ханой-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийг Аялалын ******* ХХК бичүүлж авсан, төлбөрийн урьдчилгааг төлж, 38,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогджээ.

3.в. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Нислэгийн тийз худалдан авсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч тийзийн үнийг төлөх үүрэгтэй.

3.г. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулна. Гэтэл талууд уг гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг шаардах эрхгүй. Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан төлбөр төлөх графикт анзын талаар тусгаагүй байна. Иймд алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Аялалын ******* ХХК-аас 38,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,336,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж,

25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй гэж тус тус заасан. Хариуцагч Аялалын ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн тайлбараа гаргаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтаар гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОУНХАНД

 

 

 


 [ZE1]Нэрийг харах