Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 159

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.А, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “…Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С-ийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, хариуцагчаар Д.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“…Миний төлөөлж буй иргэн Д.А нь 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргаар томилогдон улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж эхэлжээ. Улмаар 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар, 2016 онд тус аймагт Улсын бүртгэл, статистикийн газар байгуулагдахад мөн даргаар нь томилогдон ажилласан байна. 

Ийнхүү Д.А нь бүртгэлийн байгууллагад 10 жил үр бүтээлтэй ажиллажээ. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөцийн ажилтан Наранцэцэг “улсын бүртгэлийн бүх ажилтнуудыг ажлаас халсан тушаал цахим хаягаар чинь явууллаа” гэж хэлснээр Д.А газрынхаа бүх 

ажилтнуудын хамт ажлаас халагдсанаа албан бусаар мэджээ. Уг өдрийн үдээс хойш төрийн албыг тасралтгүй, саадгүй явуулах үүднээс ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлыг нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн олон заалтыг зөрчин М.Очирхуяг гэдэг хүн хүлээн авсан байна. 

Түүнийг ажлаас чөлөөлсөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/36 дугаар тушаалд олон хууль, тогтоолын заалт байгаагийн дотор хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан гол хууль болох Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт байгаагаас үзвэл Д.А болон бусад ажилтнуудыг бөөнөөр нь халах асуудлыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу шийдвэрлэх ёстой байжээ. Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь буруу байгаагаас гадна уг заалтыг ямар нэг байдлаар ажил хэрэг болгоогүй байна. 

Д.А нь Төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг албан тушаалаас нь халах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу зохицуулах ёстой юм. 

Б/36 дугаар тушаалын 1 дэх заалттай холбон байгууллагыг нь өөрчлөн байгуулагдсан гэж үзвэл түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байв.

Энэ нь тус аймаг дахь Улсын бүртгэл, статистикийн газраас статистикийн алба л салж явснаас өөр бүтэц, орон тооны ямар ч өөрчлөлт ороогүйгээр нотлогдоно. Ийнхүү Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн олон заалтыг зөрчин иргэн Д.А-г ажлаас нь ямар ч үндэслэлгүй чөлөөлж хохироосон байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл Д.А-ийн ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, хариуцагчаар Д.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг мөн хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М түүний өмгөөлөгч Ж.Э нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Д.А нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Албан үүргийг түр хавсран гүйцэтгүүлэх” 653 дугаар тушаалаар тус

газрын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 1005 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/ Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай“ 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай А/304 дүгээр тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Үндэсний статистикийн хороотой нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна

Дээрх эрх зүйн актуудын хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэл батлах тухай” тушаалаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан хаагчдын орон тооны дээд хязгаарын баталсан байна.Улсын бүртгэл, статистиктийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/59 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан болно.

Дээрх бүтэц зохион байгуулалтын хүрээнд Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт мөн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аймаг, Нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай“ Б/37 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байна. /Үүнд: Газрын зохион байгуулалттай ажиллаж байсан нэгж нь хэлтсийн зохион байгуулалтад шилжсэн байна. Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өрийн Б/36 дгаар тушаалаар Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь ул хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Д.А-атай ажлын байрны талаар санал авч түүний хүсэлтээр 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг болох 5,224,602 төгрөгийг олгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Анх Хөвсгөл аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.А-г тус аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн албаны даргаар, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Иргэний бүртгэлийн албаны даргын албан тушаалаас чөлөөлж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн даргаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 653 дугаар тушаалаар Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга томилогдох хүртэлх хугацаанд хэлтсийн даргын албан үүргийн түр хавсран гүйцэтгүүлж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 896 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Д.А-г ахлах бүртгэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөн мөн өдрөөс эхлэн тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1005 дугаар тушаалаар тус газрын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тус газрын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилон ажиллуулж байгаад Хууль зүйн сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар Улсын 

бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 728 дугаар тушаалаар Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалаар чөлөөлж, мөн өдрийн 729 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар үргэлжүүлэн томилжээ.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 366 дугаар тушаалаар Д.А-г нууцын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтнаар томилсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Үндэсний статистикийн хороотой нэгтгэн зохион байгуулагдсаны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар Д.А-г үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/90 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/301 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалд жинхлэн томилжээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалыг тус тус үндэслэн хариуцагчийн зүгээс Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын захиргааны ажилтнуудыг ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/37 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн тус газрын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрийн захиргааны албан хаагчдыг хавсралтад заасны дагуу томилсон байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар Д.А-г үүрэг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон байна. 

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Миний ажиллаж байсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас статистикийн алба л салж явснаас өөр бүтэц, орон тооны өөрчлөлт ороогүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу үргэлжлүүлэн ажиллах ёстой...”, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн /газрын зохион байгуулалттай ажиллаж байсан нэгж нь хэлтсийн зохион байгуулалтад шилжсэн/ учраас нэхэмжлэгч Д.А-тай ажлын байрны талаар санал авч, түүний хүсэлтээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг болох 5.224.602 төгрөгийг олгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Д.А маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1030 дугаар албан бичгээр “...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”-ыг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байдаг бөгөөд “Ажлаас чөлөөлөх тухай” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан хууль тогтоомжууд үүнд хамаарахгүй байна” гэх хариуг авсны дагуу тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд хандсан байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалыг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын /хуучин нэрээр/ албан хаагчдыг хавсралтын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Энэ тушаалын 1 дүгээр хавсралтын 471 дүгээрт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Д.А-г албан тушаалаас чөлөөлсөн үйлдэл нь түүний төрийн алба эрхлэх, төрийн захиргааны албан хаагчдын баталгааг алдагдуулсан хууль бус үйлдэл гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц зохион байгуулалт, нэр өөрчлөгдсөн учир нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг эрхлэх боломжгүй болох нь илэрхий тул нэхэмжлэгч Д.А-ийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар эгүүлэн томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулаагүй буруутай үйлдэл тогтоогдож байна.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын 

тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.” гэж заасны дагуу хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байр болох Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга болж өөрчлөгдсөн ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан дээрх 2 албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос /хх1-133-144/ харахад бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн “Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийх үүргийн дагуу нэхэмжлэгчтэй утсаар ярьж, тэмдэглэл хөтөлсөн гэх боловч энэ нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А-ийн ажилгүй байсан хугацааны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх нийт 5 сар ажлын 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /821779+/зэргийн нэмэгдэл 20%+нууцын нэмэгдэл 15%+ажилласан жилийн нэмэгдэл 10%/*5 сар, + //1191579:21*12хоног// нийт 6638800 /зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. /Цалинтай тэнцэх олговрыг шинээр бий болсон хэлтсийн даргын буюу ТЗ-9 ангиллаар тооцсон болно./

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар Д.-г үүрэг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг болох 5.224.602 төгрөгийг хариуцагчаас, Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын сангаас 2.302.610 төгрөгийг нэхэмжлэгч авсан бөгөөд шүүхийг шийдвэрийг үндэслэн хариуцагчаас авсан тэтгэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангаас авсан тэтгэмжийг буцаан төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг дурдан шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, 6 сарын нэг удаагийн тэтгэлгийн тухайд хариуцагч холбогдох тооцоог хийх нь зүйтэй байна.

Харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “...Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хангагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэж байх тул давхардуулан даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тус тус баримтлан ажилгүй байсан 5 сар ажлын 12 хоногийн хугацааны урьд авч байсан 

дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6638800 /зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуу/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА