| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2018/0891/З |
| Дугаар | 221/МА2019/0186 |
| Огноо | 2019-03-28 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2019/0186
| 2019 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2019/0186 | Улаанбаатар хот |
Ц.М нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ц.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд М.М, түүний өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.М ыг ажлаас халах тухай дугаар Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М ыг Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Ц.М ад 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,626,544 (хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг олгохыг Нийслэлийн Тээврийн газрын даргад даалган шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны “Ц.М ыг ажлаас халах тухай” Б/99 дүгээр тушаал нь 2002 оны Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гарсан болно.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0356 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт Шүүхийн шийдвэрийн 12 дахь хуудсанд “Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээс үзэхэд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн эсхүл мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилох нь хариуцагчийн буюу томилох эрх бүхий албан тушаалтны үүрэг” гэж дүгнэсэн атлаа “төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.” гэдэг нь утга агуулгын илэрхий алдаатай дүгнэсэн гэж үзэж байна.
Учир нь тус газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М нь анх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/110 дугаар газрын даргын тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөн хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэсний дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Гэтэл анхан шатны шүүх “төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн эсхүл мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилох нь хариуцагчийн буюу томилох эрх бүхий албан тушаалтны үүрэг” гэсэн хэрнээ “төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.” гэж дүгнэсэн нь тухайн хэрэг маргааны харьяаллын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь харагдаж байна.
Мөн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М нь тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо болон өнгөрсөн хугацаанд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байсан болно.
Нийслэлийн Засаг дарга 2018 оны Б/64 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт "...зөрчил гаргаж, хариуцлагагүй ажилласан албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох...” гэж заасны дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосны дагуу Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.М ад 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж “цаашид ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллах"-ыг даалгасан байдаг.
Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Б/74 дүгээр тушаалаар хэдий хугацаанд гүйцэтгэх, тодорхой ямар үүргүүдийг биелүүлээгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна” гэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтад тухайн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт байх бөгөөд түүнд тусгагдсан чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй талаарх тус газрын дотоод аудитын тайлан, төлөвлөгөө түүний биелэлт, үүрэг даалгаврын хэрэгжилт зэрэг нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шүүх үнэлэхгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, ойлгомжгүй байх гэх зэргээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.
2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Улаанбаатар смарт карт ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ"-г дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсэг байгуулагдан түр орлон гүйцэтгэгч Ц.М ыг ажлын хэсгийн ахлагчаар томилон тушаалын 2 дахь хэсгээр “Гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулж, дүгнэн танилцуулах болон гэрээг эхний улирлаас эхлэн дүгнэн ажиллахыг даалгасан байдаг.
Гэтэл ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тушаалын хэрэгжилт хангагдаагүй болно.
Учир нь өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хуралдан хэлэлцсэн гэх боловч он дамжин, хугацаа хэтрүүлж, гаргасан гэрээ дүгнэх аргачлал шаардлага хангахгүй удаа дараа тус газрын Захиргааны зөвлөлийн хурлаас буцаагдан үүрэг даалгавар өгөгдөж, гэрээг эхний улирлаас эхлэн дүгнэн ажиллах даалгавар чанарын хувьд доголдсон юм.
Нийтийн тээврийн хот орчмын чиглэлийн үйлчилгээний үнэ тарифыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-гээр тогтоодог бөгөөд зайнаас хамааран харилцан адилгүй үнэ, тарифтай байдаг.
Уг үнэ тарифыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудлыг хамтран хэлэлцэх, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан Ц.М нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон болно.
Ажлын хэсэг нийтдээ 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд нийтдээ 3 удаа хуралдсан гэх боловч 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл үйлдэгдсэн байдаг.
Дээрх тушаалын 2 дахь заалтад нэхэмжлэгч /Ажлын хэсгийн ахлагч/ Ц.М ад “Дээрх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн шийдвэр, санал, ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллахыг” даалгасан боловч уг ажлын хэсэг хангалтгүй ажилласнаас хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй доголдсон байна.
Мөн энэ талаар ямар нэгэн тайлан гаргаагүй, түүний биелэлт байхгүй болно.
Шүүхийн шийдвэрийн 13 дахь хуудсанд Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны А/36, А/41 дүгээр тушаалуудаар өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М ыг шүүх мөн буруутгах боломжгүй болох нь нотлогдсон гэх шүүхийн үндэслэлийг эс зөвшөөрч байна.
Учир нь тухайн байгууллагад ажлын хэсэг байгуулагдсан тохиолдолд тухайн ажлын хэсгийн ахлагч ажлын хэсгээ удирдан зохион байгуулж, хуралдуулж тодорхой тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах учиртай.
Гэтэл Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М нь ажлын хэсэг дэх гишүүд, нарийн бичгийн дарга нарыг удирдан зохион байгуулж шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал боловсруулаагүй, ажил зохион байгуулаагүйгээс шалтгаан тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, ажлын хэсгээр шийдвэрлэх шаардлагатай асуудлыг чанарын хувьд доголдуулсан байдаг.
Энэ талаарх дээд шатны удирдах албан тушаалтны үүрэг даалгаврын биелэлтийг хангаагүй нь Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, дотоод аудитын өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээр нотлогдсоор байтал шүүх нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь хэргийн талаар бүрэн ойлгоогүй, нотлох баримтыг шинжлэн судлаагүй байна.
Анхан шатны шүүх “...дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой ямар ажил, үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна" гэсэн дүгнэлт нь шүүгч М.Б нь тухайн хэргийн материалыг бүрэн шинжлэн судлаагүй нь харагдаж байгаа бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тус газрын дотоод аудит зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил тус бүр Нийслэлийн Тээврийн газрын хэлтэс нэгж бүрт хамааралтай юм.
Төлөвлөгөөнд Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэст хамааралтай асуудлыг тухайн хэлтсийн дарга нь удирдан зохион байгуулж, үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан “ажлын байрны үндсэн зорилт"-ыг Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М нь хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилласан болно.
Нийслэлийн Тээврийн газрын хэлтэс, нэгж, ажлын хэсэг, ажил ахалсан түр орлон гүйцэтгэгч Ц.М нь өөрөөс хамаарах тухайн ажил болон тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн байтал анхан шатны шүүх “...багаар, хамтаар хэрэгжүүлэх ажил, үүргийг зөвхөн Ц.М ыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж хамтаараа шийдвэр гаргах ёстой ажил мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлаас хамааран удирдлага зохион байгуулалтыг гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халсан болно.
Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны “Ц.М ыг ажлаас халах тухай” Б/99 дүгээр тушаалын үндэслэлийг бүрэн нягтлаагүйгээс энэхүү тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл гэж үзэн “...зөрчлийн шинж байдал тохироогүй...” гэж үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийн 14 дэх хуудсанд Анхан шатны шүүх “...үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч нь гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад оролцоогүй зөрчлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх ба уг зөрчлийг тухайн өдөр илрүүлсэн нь тодорхой бөгөөд уг өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл хүлээлгэх ёстой атал сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь шүүгч М.Б хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Учир нь Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны “Ц.М ыг ажлаас халах тухай” Б/99 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн гэтэл анхан шатны шүүх үүнийг албан үүргээ биелүүлээгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн зөрчил нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэн шүүх буруу дүгнэсэн.
Харин Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М ад хариуцлага тооцон ажлаас халах болсон гол шалтгаан нөхцөл нь зөвхөн ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж, Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны “Ц.М ыг ажлаас халах тухай” Б/99 дүгээр тушаалд заасан үйлдлийг гаргасан тул Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн: даргын албан үүргийг тур орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М ыг албан үүргээ гүйцэтгэх үедээ тухайн ажил, үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн ажлаас халсан болно.
Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолоор тодорхойлон тайлбарласан байдаг.
Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.М ыг ажлаас халах тухай" Б/99 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу хууль зүйн үндэслэл бүхий гарсан бөгөөд дээрх шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд М.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхээс нэхэмжлэгч Ц.М ад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын зөрчлийн шинжгүй, ялимгүй бол шийтгэл ногдуулах үндэслэл үүсэхгүй гэжээ.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн тээврийн газарт захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ажилласан байдаг.
Хариуцагч ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн зүйл байдаггүй.
Харин тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хариуцуулсан ажлыг хийж чадахгүй байна гэж үзэж ажлаас нь халсан.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Тээврийн газарт захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар түр орлон гүйцэтгэж байсан.
Ажлаас халагдсаны дараа ажил олгогчоос Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосноор удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй М.Мыг томилсон.
Энэхүү байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн энэхүү шаардлага хангагдах боломжгүй болох нь харагдана.
Түр орлон гүйцэтгэгч бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд ажил олгогчтой тохиролцон ажиллаж буй ажилтан юм.
Гэтэл шүүх тухайн албан тушаалд томилогдсон төрийн захиргааны жинхэнэ албан хаагч гэж үзэж шийдвэрлэж байна.
Иймд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0828 тоот шийдвэрийг хянав.
Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.М ыг ажлаас халах тухай дугаар Б/99 тоот тушаалаар тус газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Цолмонгийн Мөнхбатыг ажлаас халсан байна. Ц.М нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 1/2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2/2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус тус өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан, 3/ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тус газрын дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн, 4/ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба болон нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, 5/2015 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журам”-ыг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр ажлаас нь халсан байна.
Өмнө нь Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ц.М ад сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар Б/74 тоот тушаалын 1 дэх заалтаар Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Цолмонгийн Мөнхбат нь хариуцлагагүй ажилласны улмаас нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр тус газар нь хязгаарлалттай дүгнэлт авсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2 дахь заалтаар цаашид ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллахыг Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.М ад даалгаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү тушаалын тухайд шүүхээр шийдвэрлэгдсэн зүйлгүй, одоогийн байдлаар хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус тус өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан гэсэн үндэслэлийн тухайд буруу дүгнэлт хийсэн байна гэж үзэв.
Учир нь, Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар болон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар нэхэмжлэгч Ц.М томилогдсон байна.
Дээрх тушаалуудаар өгсөн үүрэг даалгавруудыг багаар хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан байх ба багаар, хамтаар хэрэгжүүлэх ажил, үүргийг хэсгийн ахлагч гардан хариуцах, ажлын зохицуулах, харилцан уялдааг хангах, биелэлтийг тооцож, удирдан манлайлах нь ахлагчийн үүрэг байх ёстой. Ямар нэгэн ажил хариуцсан ажлын хэсэг нь “хамтаараа хэрэгжүүлэх байсан” гэсэн үндэслэлээр хэн ч хариуцлага хүлээхгүй байх нь шудрага бус юм.
Түүнчлэн Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай дугаар А/36 тоот тушаалын 1 дэх заалтаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээний 5.1-д заасны дагуу гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсгийг байгуулж, уг тушаалын 2 дахь заалтаар гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулж, дүгнэн танилцуулах болон гэрээг эхний улирлаас эхлэн дүгнэн ажиллахыг ажлын хэсэг /Ц.М /-т даалгасан байна.
Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай дугаар А/41 тоот тушаалын 1 дэх заалтаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудлыг хамтран хэлэлцэх, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-ийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталж, уг тушаалыг 2 дахь заалтаар дээрх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг шийдвэр, санал, ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллахыг ажлын хэсгийн ахлагч Ц.М ад үүрэг болгосон байна. Ц.М ыг ажлаас халах өдрийн байдлаар дээрх тушаал шийдвэр хэрэгжээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд Ц.М ыг ажлаас халсан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/99 тоот тушаалыг үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М ”Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.М ыг ажлаас халах тухай” дугаар Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М ыг Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР