Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/0057

 

С.О-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                       Ц.Цогт

            Шүүгчид:                                         Д.Батбаатар

                                                                        М.Батсуурь

                                                                      П.Соёл-Эрдэнэ                                                              

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 381 дүгээр магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нарыг оролцуулан хянан хэлэлцэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч С.О-с Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

            Хэргийн нөхцөл байдал:

2. Нэхэмжлэгч С.О нь Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар тус сумын 5-р багийн нутаг Нуурийн хөндий нэртэй газарт байршилтай, нэгж талбарын 4104058833 дугаар бүхий “жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай” 30 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.М-аас шилжүүлэн эзэмшсэн. Улмаар нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сард уг газар дээр 18м х 25м талбайн хэмжээгээр газар ухсан, хариуцагчаас “... газрын хэвлийг хөндөж, ухаж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн” гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газар эзэмшигчийн хувьд газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахын тулд өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үндсэн дээр 2.4 км зай бүхий газарт цахилгаан эрчим хүчний шугам татах, 300 мкв хэмжээ бүхий объект барих, гүний худаг гаргах, жимс тариалах хамгаалалтын зурвас болох 500 ширхэг мод тарих ажил зэрэгт нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулсан, ... миний зүгээс газрыг газар эзэмшүүлэх гэрээ болон холбогдох хууль дүрэм, журамд заасны хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байсан. Тус газарт жимс, жимсгэнийн мод тариалахын хажуугаар худаг ус гаргах ажил болон нүхэн зоорины газар шорооны ажлыг гүйцэтгэж байсан. Энэхүү ажлыг гүйцэтгэсэнтэй холбогдуулан газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Эзэмших эрх бүхий газарт явуулж буй үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга болон холбогдох эрх бүхий албан тушаалтанд тайлбар гаргаж холбогдох баримт бичгийг хавсралтаар хүргүүлж байсан. Эрдэнэ сумын Засаг дарга газар ашиглахтай холбоотой миний хийж буй үйл ажиллагаатай бүрэн танилцаагүй, ажлын ач холбогдлыг бүрэн шалгаж үзээгүй байж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус зөрчсөн. Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамж нь эрх зүйн зөрчилтэй...” гэжээ.

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... иргэн С.О нь Нуурын хөндийд байрлах жимс, жимсгэнийн зориулалттай 2 хэсэг, тус бүр нь  30 га, нийтдээ 60 га газрыг сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 дугаар, А/228 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшсэн. Иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хяналт, шалгалтаар ажиллахад С.О нь Нуурын хөндийд байрлах жимс, жимсгэнийн зориулалттай 4104058833 нэгж талбар бүхий 30 га газрын хэвлийг хөндөж, ухаж зориулалтын бус ашиглаж байгааг илрүүлэн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөрчлийг арилгах мэдэгдлийг С.О-т өгч гарын үсэг зуруулан 6 дугаар сарын 28-ны дотор зөрчлийг арилгахыг мэдэгдсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4.3-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө-ыг ирж уулзахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төслийг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ингээд сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар иргэн С.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. ...Сумын Засаг дарга нөхцөл байдлыг тогтоолгохоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Засаг даргын орлогч Л.Э, мэргэжилтэн Ш.Г-О, газрын даамал Б.Ө нарыг ажиллуулан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шаардлагатай ажиллагааг хийж, фото зургаар нотлох баримтыг цуглуулан, газар дээр нь үнэлэхэд гэрээний үүргээ зөрчиж жимс, жимсгэнийн зориулалттай 30 га газарт нүхэн зоорь барихаар газрын хэвлийг хөндөж, ухаж зориулалтын бус ашигласан тул Газрын тухай тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

5. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1. “Нэхэмжлэгч С.О нь өөрийн эзэмшлийн Эрдэнэ сумын 5-р багийн нутаг Нуурийн хөндий нэртэй газарт байршилтай, нэгж талбарын 4104058833 дугаар бүхий, жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай 30 га газарт эрх бүхий эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зоорь барих зорилгоор газрын хэвлийг техникээр ухаж хөндөн Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4.2, 4.15-т заасныг зөрчсөн, хариуцагчаас түүнийг зөрчлөө арилгах мэдэгдлийг өгсөн ч зөрчлөө арилгаагүй, гэрээний 4.8-т заасныг зөрчиж газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй, тухайн газрыг үргэлжлүүлэн ухаж газрын хэвлийг хөндсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, фото зураг зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2-т заасныг зөрчсөн, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д тус тус заасантай нийцсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

 6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:

6.1. “... “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газар эзэмших нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээлгэх талаар тодорхой заасан. ... Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд 35.1.3-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т зааснаар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргийг хуулиар хүлээсэн. ... дээр дурдсан үүргээ биелүүлээгүй байна.

6.2. Газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

6.2. Нэхэмжлэгчийн хувьд жимс, жимсгэний зориулалтаар эзэмшиж буй газартаа нүхэн зоорины газар шорооны ажлыг эхэлж, газрыг ухсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, харин “... газар болон газрын хэвлийтэй холбоотой харилцаа нь бие даасан тусдаа харилцаа, ... маргаан бүхий актын үндэслэл болсон газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн явдал нь Газрын тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамааралгүй бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

6.3. ... Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан жимс, жимсгэний зориулалтаар маргаан бүхий 30 га газрыг эзэмшиж байгаа атал мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, газрын хэвлийг хөндөж, ухсан, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдлээ Газрын тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамааралгүй хэмээн тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй. ... Хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага оногдуулсан маргаан бүхий А/440 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэжээ.

7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлийн тухайд, Хариуцагч нь газар эзэмшигч буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэн хүчингүй болгохдоо газар эзэмшигчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж захиргааны акт гаргасан байдаг.

7.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 /энэ заалтыг шийдвэрт 35.31 гэж ташаа бичигдсэн байна/ болон 35.3.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3 /энэ заалтын агуулгыг өөр агуулгатайгаар бичсэн/ болон 35.3.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн зөрчсөн гэх хуулийн заалтыг маргаан бүхий захиргааны актаас, мөн 2 шатны шүүх ч хоорондоо өөр өөрөөр зөрүүтэйгээр хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үндэслэлтэй гэж шүүх үзэж байгаа бол энэ талаар эргэлзээгүй, ойлгомжтой, тодорхой үндэслэл бүхий байдлаар эрх зүйн дүгнэлт хийж хууль хэрэглэх ёстой гэж бид үзэж байна.

7.3. Хариуцагч болон 2 шатны шүүхийн аль аль нь нэхэмжлэгчийг газраа зориулалт бусаар ашигласан гэж үзэхдээ Газрын хэвлий хөндсөн үйл баримтыг зөрчил гэж үзсэн. Нэхэмжлэгчийн хувьд газрын хэвлий хөндсөн асуудалтай маргаагүй бөгөөд харин газрын хэвлий хөндсөн асуудлыг зөрчил гэж үзсэнтэй маргаж байгаа. Учир нь нэхэмжлэгч жимс жимсгэний тариалангийн зориулалтаар нь газраа эзэмшихийн тулд: 2.4 км зай бүхий газарт цахилгаан эрчим хүчний шугам татах, газрын хэвлийг тэгшилж бетон суурьтай, 300 мкв хэмжээ бүхий сууц объект барих, гүний худаг гаргах, жимс тариалах хамгаалалтын зурвас, 500 ширхэг мод бут тарих зэрэг ажлуудыг нийт 300 гаруй сая төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэхэд аль алинд нь тодорхой хэмжээгээр газрын хэвлий хөндөгдсөн бөгөөд хэвлий хөндөгдсөн нь тус тусдаа 30 га хэмжээ бүхий эзэмшил газрын аль алинд нь хамрагдсан байгааг, мөн нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж байгааг газар дээр хийгдсэн шүүхийн үзлэгт оролцсон этгээдүүд нүдээр үзсэн. Өмнө нь буюу дээрх ажлууд хийгдэж байх тухайн үед хариуцагч газрын хэвлий хөндлөө гэдэг асуудал огт тавьж байгаагүй. Харин үзлэгийн тэмдэглэлд зөвхөн зоорь буюу жимс жимсгэнийг хадгалах агуулахыг барих газрын хэвлийг тэгшлэн тэгш хэмд хүргэх, тэгш хэмээс доош суурь хийх зорилгоор хөндсөн газрын байдлын зургийг л хавсаргаж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй мэтээр нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай байна. Жимс жимсгэний тариалан эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд бүтээгдэхүүнийг хадгалах зоорь буюу агуулах салшгүй холбоотой.

7.4. Анхан болон давж заалдах шатны шүүх нь бидний зоорь гэж нэрлээд байгаа жимс жимсгэнийг хадгалах хөргүүрээр тоноглогдохоор төлөвлөж буй агуулахыг барих зорилгоор газрын хэвлий хөндсөн асуудлыг зөрчил гэж үзэхдээ: анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг зоорь агуулах барихдаа хариуцагчаас болон эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй учраас зөрчил гэж үзсэн агуулгаар дүгнэсэн атлаа ямар эрхийн актыг үндэслэн ямар журмаар зөвшөөрөл авах байсныг огт дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх ч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг үгүйсгэж няцаахдаа магадлалдаа дээр дурдсан асуудлаар огт дүгнэлт хийсэнгүй.

7.5. Хариуцагч талаас нэхэмжлэгчид зоорь агуулахыг зөвшөөрөлгүй барьж буй гэх тухай болон холбогдох этгээдээс зөвшөөрөл авах ёстой гэсэн агуулгыг мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл, захиргааны актын аль алинд нь огт дурдаж байгаагүй байхад шүүхүүд зөвхөн нэхэмжлэгчийг буруутган захиргааны актыг зөвтгөсөн нэг талын дүгнэлт хийж байгааг бид үндэслэлгүй буюу шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.

7.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд, шүүх нотлох үүргээ хэрэгжүүлэхдээ буюу шийдвэртээ нэхэмжлэгчийг Газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэж дүгнэж байгаа тохиолдолд дор дурдсан нотлох ажиллагааг бүрэн гүйцэт хийх ёстой байсан гэж үзэж байна. Үүнд:

7.7. Хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарладаг. Шүүх ч ийнхүү дүгнэсэн байдаг. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...” гэж, 24.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ...” гэж, 24.4 дэх хэсэгт “... тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно...” гэж заасны дагуу ямар ажиллагааг хэрхэн явуулсаныг хариуцагчийн холбогдох бичиг баримт, бүртгэлд үзлэг хийх, нэхэмжлэгчээс тайлбар хүсэлт баримт гарган өгөхөд ямар шалтгаанаар хариуцагч хүлээн авахаас татгалзсан зэрэг асуудлыг нотлох. Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газар ашиглах эрхтэй” гэж заасан байна. Газар эзэмшигч нь энэ заалтад заасан эрхээ хэрэгжүүлэхэд сумын Засаг дарга ямар журам тогтоосон эсэх, энэ журмын талаар нийтэд мэдээлсэн эсэхийг тодруулж нотлох. Тухайн орон нутагт өмчлөлийн болон эзэмшил газартаа зоорь агуулах барьсан иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авдаг эсэх, авдаг бол хэнээс авсан эсэхийг тодруулж нотлох. Шүүх дээрх нөхцөл байдлыг шалгалгүй нотлох үүргээ дутуу хэрэгжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж бид үзэж байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

7.8. Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай, “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай“ тогтоолын 1.9 дүгээр заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа ...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан “... ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж тайлбарласан.

7.9. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжаар газар эзэмшигч С.О нь газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэн ... Газрын түхай хуулийн 35.1.1, ..., 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн хууль хэрэглэж, нэг зөрчлөөр Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1 дэх заалтыг хэрэглэсэн байдаг.

7.10. Гэтэл шүүх “ ...газар эзэмшигч С.О нь Газрын тухай хууль тогтоомж, ... “удаа дараа” зөрчсөн байх ...тул ... газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт үндэслэлтэй байна...” гэж захиргааны актад дурдсанаас өөрөөр, мөн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан дүгнэж хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

7.11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь дотроо хоёр тусдаа урьдчилсан нөхцлийг шаардаж байгаа бөгөөд: нэгдүгээрт, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомжийг, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг “удаа дараа” зөрчсөн байх, хоёрдугаарт, “ноцтой зөрчсөн” зөрчил гаргасан байх нөхцлийг шаарддаг.

7.12. Захиргааны байгууллага аливаа акт гаргахдаа агуулгыг ойлгомжтой, тодорхой гаргах үүргийг хуулийн дагуу хүлээдэг боловч бичгээр гаргасан маргаан бүхий актаас харахад Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан “удаа дараа” эсхүл “ноцтой” зөрчлийн чухам аль нөхцөлөөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, 2 шатны шүүх ч үүнийг анхаарсангүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч энэ талаар огт байр сууриа илэрхийлээгүй, үүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргаагүй байхад шүүхээс “газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг 2 удаа зөрчсөн... ” гэж Захиргааны байгууллагаас гаргасан актын агуулгыг шууд зөвтгөсөн нь буруу гэж үзэж байна.

7.13. Нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж буй тохиолдолд зөрчил гаргасан хугацаа, түүний давтамж, тухайн зөрчил бүрт өгсөн мэдэгдэл, сонсох ажиллагаа хийсэн баримт, зөрчилд авагдсан арга хэмжээ зэрэг нь тодорхой байх ёстой боловч нэхэмжлэгч хоёр удаа зөрчил гаргасан тухай баримт байхгүй. Хуульд зааснаар захиргааны байгууллага нь тухайн акт гаргах болсон үндэслэл, шалтгаанаа өөрөө тайлбарлаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцсийн дүгнэлт хийх ёстой атал ийнхүү захиргааны байгууллагын үйл ажиллагааг шууд зөвтгөн тайлбарлаж, нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн явдал нь үндэслэлгүй байна.

7.14. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 381 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаар тогтоолоор Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9. Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-т 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

11. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.6.2-т “/газар эзэмших гэрээнд/... газар эзэмших зориулалтыг /тусгана/”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “/газар эзэмшигч нь/ гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшинэ”,  35.3.1-д “/газар эзэмшигч нь/ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдолд газар эзэмшигч С.О нь “жимс, жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалтаар” эзэмшүүлэхээр олгогдсон газрыг уг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй гэж үзнэ.

12. Тарилангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар эзэмших, ашиглахыг хориглоно” гэж зааснаас үзэхэд, тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцаа нь тусгайлсан хуулийн нарийвчилсан зохицуулалттай. Энэ тохиолдолд “жимс, жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалтаар” олгогдсон газрыг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар буюу иргэний зориулалттай барилга байгууламж, тухайлбал “зоорь” барих боломжгүй байна. 

13. Түүнчлэн, Газрын хэвлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болно”, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах /зорилгоор газрын хэвлийг ашиглуулахаар олгоно/”, мөн зүйлийн 3-т “газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна” гэж тус тус зааснаас үзэхэд газрын хэвлий ашиглах, ашиглуулах харилцаа нь тусгайлсан хуулийн зохицуулалттай байна. 

14. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргаан бүхий Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамж хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар зөв дүгнэжээ.

15. Өөрөөр хэлбэл, шүүхүүд нэхэмжлэгч С.О-ийн ”жимс, жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалтаар” газраа эзэмшиж үйл ажиллагаа явуулахад тухайн талбайд ургуулсан жимс жимсгэнээ хадгалах зоорьтой байх шаардлагыг үгүйсгээгүй, гагцхүү эзэмшил газар дээрээ иргэний зориулалттай барилга байгууламж болох зоорь барих үйл ажиллагаа нь түүнд уг газрыг эзэмшүүлэхээр анх олгосон зориулалт буюу “жимс, жимсгэний усалгаагүй тариалан” гэх агуулгад хамаарахгүй, зоорь барих зориулалтаар газар эзэмших ашиглах талаар хуульд заасан зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй,  дур мэдэн газрын хэвлийг ухаж, “зоорь барих” ажлыг эхлүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон газар эзэмших гэрээний заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн болно.

16. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын “... нэхэмжлэгч нь газрын хэвлий хөндсөн асуудалтай маргаагүй бөгөөд харин газрын хэвлий хөндсөн асуудлыг зөрчил гэж үзсэнтэй маргаж байгаа, ...  жимс жимсгэний тариалангийн зориулалтаар нь газраа эзэмшихийн ... /барилга байгууламж/ барьсан, газрын хэвлийг хөндсөн нь ... газраа зориулалтын дагуу эзэмшиж байгаа... /-д тооцогдоно/. Гэтэл шүүхүүд ... газраа зориулалтын дагуу ашиглаагүй мэтээр нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай байна. Жимс жимсгэний тариалан эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд бүтээгдэхүүнийг хадгалах зоорь буюу агуулах салшгүй холбоотой ...” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т “иргэн аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газар ашиглах эрхтэй” гэж заасан нь “жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалтаар” олгогдсон газарт зоорь барих эрхийг газар эзэмшигчид шууд олгосон хуулийн зохицуулалт гэж үзэхгүй, эзэмшил газрын зориулалт өөрчлүүлэх талаар болон газрын хэвлийг ухаж зоорь барих талаар сумын Засаг даргад хандаж урьдчилан хүсэлтээ гаргасан болон зөвшөөрөл авсан талаараа нотлох баримт ирүүлж, мэтгэлцээгүй тул нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан “... уг хуульд заасны дагуу газар эзэмшигч нь эрхээ хэрэгжүүлэхэд сумын Засаг дарга ямар журам тогтоосон эсэх .../-ийг шүүх тогтоогоогүй/, ямар эрхийн актыг үндэслэн ямар журмаар зөвшөөрөл авах байсныг огт дүгнээгүй”, “хариуцагч талаас нэхэмжлэгчид зоорь агуулахыг зөвшөөрөлгүй барьж буй гэх тухай болон холбогдох этгээдээс зөвшөөрөл авах ёстой гэсэн агуулгыг мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл, захиргааны актын аль алинд нь огт дурдаж байгаагүй байхад шүүхүүд зөвхөн нэхэмжлэгчийг буруутган захиргааны актыг зөвтгөсөн нэг талын дүгнэлт хийсэн, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

18. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн талаар болон газар эзэмшигчийн гаргасан зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчлийн шинжийг хангасан талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийсэн байх тул энэ талаар хяналтын шатны шүүх дахин дүгнэх шаардлагагүй.

19. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 381 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ЦОГТ         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               Д.БАТБААТАР

                                                                                    М.БАТСУУРЬ

                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ