Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1403

 

 

С.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04949 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Золзаяад холбогдох

 

Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч С.Төмөрбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Төмөрбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Төмөрбаатараас 2012 оны 4 дүгээр сард 05-38 улсын дугаартай “Тоёота надиа” маркийн автомашиныг 3 800 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед 1 000 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн төлбөр болох 2 800 000 төгрөгийг нь одоог хүртэл өгөөгүй нь улмаас 05-38 дугаартай “Тоёота надиа” маркийн автомашин эзэмшигчийн нэрийг одоог хүртэл шилжүүлж чадаагүй байна. С.Золзаяа автомашины үнийг Д.Цогтбаатар гэдэг хүнд өгсөн гэдэг боловч Д.Цогтбаатар нь тухайн мөнгийг аваагүй гэж тодрохойлолт хийж өгсөн. Мөн 2016 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн боловч иргэний журмаар С.Золзаяагаас нэхэмжлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. Уг автомашинны эзэмшигчийн нэр өөрчлөгдөөгүй болно. Иймд С.Золзаяагаас хохирол болох 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Золзаяа шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Цогтбаатарт бэлнээр 2 000 000 төгрөгийг өгсөн. Иргэн С.Төмөрбаатарын эхнэр болох н.Хорлоод бэлнээр 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 05-38 дугаартай “Тоёота надиа” маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлээгүй, С.Төмөрбаатарын охин АНУ руу явсан нэрийдлээр шалтаглан, өнөөг хүрсэн. Иймд С.Төмөрбаатарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Золзаяагаас 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Төмөрбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Төмөрбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: эрх олгоогүй болох нь тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Төмөрбаатарт охин Т.Мөнхзул нь автомашиныг захиран зарцуулах тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон. Нэхэмжлэгч С.Төмөрбаатарт 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр АНУ-ын Сан Франциско хотын консулын үйлдсэн охин Т.Мөнхзулын итгэмжлэлийг шүүхэд авчирснаа үзүүлэлгүй шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэхэмжлэгч С.Төмөрбаатар нь хууль зүйн мэдлэггүйн улмаас итгэмжлэлийг шүүхэд өгөлгүй өөртөө байлгаж байсан байна. Анхан шатны шүүхээс …маргааны зүйл болж байгаа 05-38 улсын дугаартай “Тоёота надиа” маркийн автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч С.Төмөрбаатар биш, нэхэмжлэгчийн охин Т.Мөнхзул болохыг зохигч маргаагүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн охин Т.Мөнхзул нь аав С.Төмөрбаатарт автомашины мөнгө хөөцөлдөх үүргийг өгөөд АНУ руу явсан гэдэгт хэн ч маргаагүй үүнд шүүх дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч С.Төмөрбаатарын охин Т.Мөнхзул нь С.Төмөрбаатарт АНУ-ын Сан Франциско хотын консулаас “шүүх төлөөлөх итгэмжлэл” 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр олгожээ.

Анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 23097 тоот шүүх хуралдааны тэмдэглэл, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/23097 тоот захирамж зэргээс үзэхэд зохигчдын эрх, үүргийг олгоймжтой танилцуулаагүй, итгэмжлэлийг асууж, лавлаагүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нь итгэмжлэлийн талаар асууж тодруулаагүйгээс хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн. 05-38 улсын дугаартай “Тоёота надиа” маркийн автомашиныг зарсан, гэхдээ 2 000 000 төгрөгийг аваагүй 2015 оны 8 дугаар сард зарсан гэж тодорхойлолт гаргасан иргэн Д.Цогтбаатар тус шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч С.Золзаяа шүүхэд хариу тайлбар гаргахдаа “иргэн Д.Цогтбаатарт 2 000 000 төгрөг өгсөн” гэж тайлбарласан бөгөөд иргэн Д.Цогтбаатар нь автомашин худалдсан тухай асуудлыг мэдэх гол гэрч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэн Д.Цогтбаатар нь автомашиныг худалдахад оролцсон, тэр хариуцагч С.Золзаяатай гэрээ байгуулсан ч юм шиг, шүүхэд хандахаас өмнө Цагдаагийн байгууллагад хандсан зэрэг үйл явдал болсныг тодорхой мэдэх нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхэд гэрчээр зайлшгүй оролцуулах шаардлагатай. Шүүх маргаан бүхий автомашиныг 3 800 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс төлөөлөх эрх бүхий этгээд гэдгээс болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчид хохиролтой байна. Шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд нэхэмжлэгчийн охин Т.Мөнхзулаас нэхэмжлэгч С.Төмөрбаатарт өгсөн АНУ-ын Сан Франциско хотын консулаас өгсөн итгэмжлэлийг анхаарч үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Төмөрбаатар нь хариуцагч С.Золзаяад холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2012 оны 4 дүгээр сард 05-38 улсын дугаартай “Тоёота надиа” маркийн автомашиныг 3 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2 000 000 төгрөгийг Д.Цогтбаатарт бэлнээр өгсөн, 1 000 000 төгрөгийг н.Хорлоо гэдэг хүнд өгсөн гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч С.Төмөрбаатар нь хариуцагч С.Золзаяад 2012 оны 4 дүгээр сард 3 800 000 төгрөгөөр “Тоёота надиа” маркийн автомашин худалдсан 1 000 000 төгрөгийг авсан, 2 800 000 төгрөгийг Д.Цогтбаатарт өгсөн гэсэн боловч Д.Цогтбаатар аваагүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн гэж нэхэмжлэлээ тайлбарлажээ.

           

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч маргаж буй автомашиныг өмчлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Т.Мөнхзулын нэр дээр бүртгэлтэй байдаг талаар талууд маргахгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч С.Төмөрбаатарт дээрх автомашиныг захиран зарцуулах болон уг автомашинтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч С.Золзаяагаас автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулах С.Төмөрбаатарын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Төмөрбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй тул хууль зүйн мэдлэггүйн улмаас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр АНУ-ын Сан Франциско хотын консулын үйлдсэн Т.Мөнхзулын итгэмжлэлийг шүүхэд өгч чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар гомдол үндэслэлгүй байна.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ