Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

Ч.Гантуяад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Д.Баянмөнх

            Хохирогч Н.Чулуун, Х.Батдэлгэр

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн,

            Ялтны өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам

            Ялтан Ч.Гантуяа

            Нарийн бичгийн дарга С.Уянга  нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч  Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан Ч.Гантуяа, түүний өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам нарын давж заалдах гомдлоор  Ч.Гантуяад холбогдох эрүүгийн 201612000093 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ялтан:  Монгол  Улсын  иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Зоогийн 4-2 тоотод оршин суух, улсаас авсан  гавьяа  шагналгүй, ял  шийтгэлгүй,  хэрэг  хариуцах чадвартай,  Тайж овгийн  Чимэддоржийн Гантуяа /Регистрийн дугаар:ЗА81040506/

Ч.Гантуяа нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багт байрлах Зоогийн 4-2 тоотод нөхөр Х.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар гутлын үдээс ашиглан, хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Тайж овгийн Чимэддоржийн Гантуяаг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн  хуулийн  Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Чимэддоржийн Гантуяад 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,            

Эрүүгийн хуулийн Ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Гантуяад оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих  ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантуяагийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгчээс эд зүйл хурааж, битүүмжлээгүй ба хохирогч талд 1.050.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Батдэлгэр, Н.Чулуун нарын иргэний нэхэмжлэлээс 999.150 /есөн зуун ерэн есөн мянга нэг зуун тавин/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан хохирогч Х.Батдэлгэр, Н.Чулуун нарын  сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 мм өргөнтэй, 2.60 м урттай хар өнгийн үдээс гэх уяаг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг Ч.Гантуяад холбогдох эрүүгийн 201612000093 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгаж,

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 1999 оны 12 сарын 12-нд төрсөн /РД:ЗА99121219/ Гантуяагийн Дагвадорж, 2005 оны 4 сарын 6-нд төрсөн /РД:ЗА05240601/ Гантуяагийн Норовсүрэн, 2009 оны 6 сарын 26-нд төрсөн /РД:ЗА09262604/ Бат-Эрдэнийн Дашням, 2013 оны 11 сарын 14-нд төрсөн /РД:ЗА13311403/ Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилж, хүүхдүүдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахыг Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ч.Гантуяа давж заалдах гомдолдоо: Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээж маш их гэмшиж байгаа. Насанд хүрээгүй 4 хүүхдээ маш их өрөвдөж, яаж хүмүүжиж өсч торних бол гэж сэтгэл минь маш их зовж байна. Би өнчин хэдэн хүүхэдтэйгээ хамт байж хүүхдүүдээ өсгөмөөр байна. Надад хуулийн өршөөл, хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Сумъяа давж заалдах гомдолдоо:  ... Өмгөөлөгч би Ч.Гантуяаг нөхөр  Х.Бат-Эрдэнийн хоолойг уяагаар боож  амь насыг нь хохироосныг анхан шатны шүүх хурал дээр үгүйсгэж, мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ч.Гантуяагийн гэмт үйлдэл хийхэд хохирогчийн гаргасан зан авир, үг хэл, доромжлол, зэвсэгийн чанартай байж болох зуухны төмөр таг авч далайж байсан, шидсэн үйлдэл нь Ч.Гантуяагийн сэтгэхүйд гэнэт хүчтэй нөлөөлсөн онцлог байна.

Хохирогчийн хууль бус үйлдлээс болж  санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах нь хүний амь насны эсрэг хөнгөрүүлэх бүрэлдэхүүн бүхий гэмт хэргийн нэгэн бие даасан төрөл болдог хуулийн зүйлчлэлтэй. Ч.Гантуяа өөрийг нь элдвийн үгээр үр хүүхдүүдийнх нь дэргэд дайрч доромжилсноос, зодож цохих гэж төмөр таг барьж далайн давшилснаас гэнэт сэтгэхүйд нь хүчтэй нөлөөлж, гэмт үйлдэл хийхдээ өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавих боломж алдсан сэтгэл санааны онцлог цочролын үед илэрч хэрэгжсэн байгааг бид анхаарах нь чухал юм.

Энэ гэмт үйлдлийн сэдэлт, санаа зорилго нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байгаа нь, хавтаст хэргийн 51-р хуудсанд: насанд хүрээгүй гэрч Норовсүрэнгийн  ... бид хэдийг гэртээ ороход аав сэрээд ...  ээжийг пизда минь, гичий минь гээд загнаад” чи дандаа тэнэж байх юм гэж хэл амаар доромжлоод, мөн зуухны таг аваад цохих гээд далайгаад байсан, аав согтуу ирэхээрээ л ээжийг хэл амаар доромжилж, байнга дарамталдаг байсан. 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байх аав, ээжийг зодож нүдийг нь хөх болгосон гэсэн мэдүүлэг. Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн зарим заалтын талаар гаргасан Улсын дээд шүүхийн  14-р тогтоолын 1-7-р заалтанд: ...Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхыг хэлнэ гээд энэ нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн 1 удаагийн эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно гэж тайлбарласнаас үзэхэд Ч.Гантуяагийн холбогдсон энэ хэрэгт хохирогчийн хууль бус үйлдлээс үүссэн, сэдэлт үндэслэл болсон шалтгаант холбоотой байна.

Шүүх хурлын шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гантуяа мэдүүлэхдээ: ... Нөхрийгөө сэрээд зуухныхаа хойно элдвээр доромжлоод  зуухны таг авч бариад далайгаад байсан, үүдрүү шидсэн, арай хүүхэд оночихоогүй. 2016 оны 5 дугаар сард намайг зодож нүд хавтган хөхрүүлснээс хойш маш их гомдсон. Их айдаг болсон. Тэр үед их айсан, яах ч учраа мэдэхгүй  гэнэт л баруун орон дээр байсан уяа аваад хоолойгоор нь оосорлоод араад нь дарсан. Дараа нь амьсгал давчдаад гэрээс гарч  гадаа салхинд  түр зогсож тайвширч байгаад айлдаа орж түр сууж байгаад гарч гэртээ орсноо мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс нь дүгнэлт хийхэд Гантуяа нь хоромхон зуурын хугацаанд гэнэт санаа сэтгэл нь цочрон давчидсан. Яг тэр үед тухайн холбогдсон гэмт үйлдлээ хийсэн болох нь бодит байдлаас тодорхой байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн  Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг хуулийн заалтыг баримтлан Ч.Гантуяагийн холбогдсон хэргийн хуулийн зүйл ангийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйл ангиар  зүйлчилж, анхан шатны шүүхийн 47-р шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэртээ 3-17 насны хагас өнчин 4 хүүхэдтэй, нэн ядуу амьдралтай, шүүгдэгч Ч.Гантуяа оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөнгөрүүлэн  зүйлчилсэн зүйл анги хэрэглэх тогтоогдвол оногдох ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Лхам давж заалдах гомдолдоо: ... Ч.Гантуяа нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Харин Ч.Гантуяа нь бусдыг санаатайгаар алсан уу?, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алсан уу? гэдэг талаар саналын зөрүүтэй маргаан гарч байна. Өөрөөр хэлбэл Гантуяа нь цэцэрлэг сургуулиас хүүхдээ аваад гэртээ ирсэн. Талийгаач маань ...дандаа тэнэж явдаг гэж хэл амаар доромжилж, хараалын үг хэлэх,  зуухны таг авч өөдөөс нь далайж, мөн араас шидэх гэх мэт үйлдэл хийсний дараа баруун орон дээрээс гутлын үдээс авч талийгаачийн хоолойг боож арагш нь татсан. Би айгаад сонин болоод гадаа гарч айлд орж зурагт харж дотор уужирсан гэж хэлж байгаа.

Энэ гэмт хэрэг нь ихэвчлэн хохирогчийн өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах учраас  ихэвчлэн нийгмийн хор аюулаар бага гэмт хэрэгт тооцогддог. Гэм буруутай этгээдийн санаа сэтгэлийн цочрол давчдалд хүргэх нь хохирогчийн хууль бус, ёс суртахуун, зан үйл нөлөөлсөн байдаг.

... Ч.Гантуяа нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдолтой, аливаа асуудлыг түргэн хугацаанд эргэцүүлэн бодох чадвар нь мөхөс болох нь  Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2016.06.23-ны өдрийн 606 дугаартай “Ч.Гантуяа нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй” байна гэсэн байгаа. Санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрон давчдал гэнэт үүсэх нь ихэнхи тохиолдолд агшин зуур хохирогчийн хууль бус үйлдэл, ёс бус зан үйлийн хариу үйлчлэл болон үүсдэг.  Хохирогчийн зүгээс гэм буруутай Ч.Гантуяагийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчигдахад  хүргэсэн үйлдэл хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон.

Ч.Гантуяа нь ам бүл насанд хүрээгүй 4 өнчин хүүхдийн хамт амьдарч байгаа, орлогын ямар ч эх үүсвэр байхгүй, халамжийн хүнсний талоноор өдөр тутмынхаа хэрэгцээг хагас дутуу хангаж байдаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн.  Иймд Ч.Гантуяагийн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 1-ийн зүйлчлэлийг мөн хуулийн 93-р зүйлчлэлээр хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлд зааснаар тэнсэж, хүүхдүүдийн дэргэд байлгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Чулуунаас: Энэ хүнтэй талийгаач дүү маань 10 гаруй жил хамт амьдарсан. Санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэнд гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Батдэлгэрээс: Гомдолгүй гэж хэлж чадахгүй. Гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгээс: Хэргийн материалаас үзэхэд Ч.Гантуяа хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон байдал харагддаггүй. 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр л ганц удаа талийгаач нь Ч.Гантуяаг зодсон гэдэг болохоос өөр зодсон асуудал хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх Ч.Гантуяад хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Г.Лхамаас: Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Ийм учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өөрчлөх боломжтой. Хохирлыг нөхөн төлсөн, бага насны 4 өнчин хүүхэдтэй зэрэг байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзан Ч.Гантуяаг хүүхдүүдтэй нь хамт байх боломжоор хангаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Д.Сумъяагаас: Энэ хэрэг Ч.Гантуяа нь хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсоноос болж гарсан гэдэг нь батлагдаад байгаа юм. Ч.Гантуяад холбогдох хэргийн зүйлчлэлд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үүгэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Ч.Гантуяа нь хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон байдал тогтоогдохгүй байх тул ялтан болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.                        

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Ч.Гантуяа нь Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р багт байрлах Зоогийн 4-2 тоотод нөхөр Х.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар гутлын үдээс ашиглан хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан:

            Хохирогч Х.Батдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 24-ний орой 10 цаг 20 минут өнгөрч байхад утас дуугарсан. Эрдэнэчимэг “муу мэдээтэй, чи битгий айгаарай. Эрдэнэ ах чинь өнгөрчихлөө” гэсэн. ...Тухайн үед би айж сандарсандаа зарим үгийг нь сонсож чадаагүй. Би Гантуяа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. ...Дөрвөн цаг өнгөрч байхад “Гантуяа боосон гэнэ ээ, хэргээ хүлээчихлээ” гэж Батсүх ах надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

            Насанд хүрээгүй гэрч Г.Норовсүрэнгийн ” 2016.05.24-ний өдөр 18-19 цагийн үед би ээж Гантуяагийн хамт дүү Номин-Эрдэнийг цэцэрлэгээс нь аваад бид хэд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав согтуу гэрийн хойд хэсэгт унтаж байсан. Тэгээд бид хэдийг ороход аав сэрээд, ээжрүүгээ явмаар байна гээд уйлж байснаа ээжийг пизда минь, гичий минь гэж загнаад, чи дандаа тэнэж байх юм гэхэд ээж өөдөөс нь хүүхдүүдээ аваад ирлээ шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Дашням аавын толгой дээр суугаад үснээс нь татаад, алгадаад аав одоо унт гэж хэлсэн. Тэгсэн ээж баруун орон дээрээс хар өнгийн гутлын үдээс аваад аавын хүзүүгээр оруулаад арагш нь татсан. Тэгсэн аав сарваганаж байгаад ухаан алдсан. Ээж аавыг ухаан оруулах гээд хиймэл амьсгаа хийгээд байхад аав сэрээгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-н 51х/,

            Гэрч М.Шинэжаргалын ” 2016.05.24-ний орой 21 цаг 30 минутаас 40 минутын хооронд хажуу айлын хүүхэд гаднаас аав сонин болчихлоо гэж хэлэхээр нь би гэрт нь ороход айлын ах Х.Бат-Эрдэнэ гэрийнхээ голд хойшоогоо харсан байдалтай хэвтсэн. Эхнэр нь зүүн гараас нь барьсан, хүүхдүүд нь баруун орон дээрээ сууцгаасан байдалтай байсан. Тэгээд Бат-Эрдэнэ ахын зүрхийг чагнаж үзэхэд цохилохгүй байхаар нь гарч түргэн дуудсан. ...Тухайн өдөр ямар нэгэн чимээ гараагүй. Хэрэлдэж зодолдож байгаа зүйл мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-н 39х/ болон бусад гэрч нарын мэдүүлгүүд,  Дундговь аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №24 дүгээр дүгнэлт /хх-н 62-64х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 608 дугаар дүгнэлт /хх-н 57-60х/, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-8х/, хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримтаар тус тус тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Анхан шатны шүүх ялтан Ч.Гантуяад хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 7 долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирсон хууль ёсны байна.  

Ялтны өмгөөлөгч нараас “ Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс гаргасан хууль бус үйлдэл нөлөөлсөн. Ч.Гантуяагийн үйлдэлд бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд ашигтайгаар шийдвэрлэн Ч.Гантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1–ээр хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар ялыг нь тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүд Ч.Гантуяад холбогдох хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Шинэжаргал, Ж.Мөнгөнцэцэг, Д.Өнөрбат, Ч.Одхүү, хохирогч Х.Батдэлгэр нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс гаргасан хууль бус үйлдэл нөлөөлсөн. Ч.Гантуяагийн үйлдэлд бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд ашигтайгаар шийдвэрлэн Ч.Гантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-ээр хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар ялыг нь тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

      

1.Ялтан, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                  ШҮҮГЧИД                                  Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ