Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0046/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                                      Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох 1839004800011 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1969 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь 2018 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” багийн нутаг, “Барьчин” гэх газраас иргэн Д.Оюундаваагийн цавьдар зүсмийн 1 тооны алдуул морийг завшиж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б. нь 2018 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” багийн нутаг, “Барьчин” гэх газраас иргэн Д.Оюундаваагийн цавьдар зүсмийн 1 тооны алдуул морийг завшиж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Оюундаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хэдэн адуу Төв аймгийн Угтаал сумын иргэн манай ах Нармандах гэх хүн дээр байдаг. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр 3 тооны адуугаа алдсан гэж хэлсэн. Алдагдсан адуун дунд миний цавьдар хүрэн халзан адуу байсан. Миний адууг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Б. гэх хүн авч завшсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Х.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сард яг өдрийг нь сайн санахгүй байна. Тэр үеэр Б.ы эхнэр Болормаатай сумын төвд таарахад манайд ирээд хэдэн үхэр ажиллаад өгөөч гэж хэлэхээр нь ...6 тооны үхэр, 15 тооны хонь, 1 тооны адуу ажилласан. ...бүдүүн морь байсан, цавьдар халзан зүсмийн морь ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Гэр Н.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.ы хүү Гантулга гэх залуу манай гэрт ирээд орой хэдэн үхэр ажиллаад өгөөч гэхээр нь ...бид нар 6 тооны үхэр, 15 тооны хонь, 1 тооны адуу ажилласан. ...цавьдар халзан зүсмийн 1 тооны адуу ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Малын үнэлгээ /хх-ийн 17 тал/,

Б.ы шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.ы дээрх үйлдэл нь бусдын алдуул малыг завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Б.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Оюундаваа нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 39 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.д 800 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нь торгуулын ялын хамгийн доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Б.ы хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгуулийн ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.г бусдын алдуул малыг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б. нь түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогү болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА