Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0001/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                                      Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох 1839000000266 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 13-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай гэх Б. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б. нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 10-11 тоотоос иргэн С.Ариунцогийн “Samsung C3” маркийн гар утас, бэлэн 580.000 төгрөг, иргэн Д.Цэндмөнхийн “Nokia” маркийн гар утас зэргийг нууцаар хууль бусаар авч, нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан, согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 13-13 тоотод 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд эхнэр Г.Цацралчимэгийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б. нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 10-11 тоотоос иргэн С.Ариунцогийн “Samsung C3” маркийн гар утас, бэлэн 580.000 төгрөг, иргэн Д.Цэндмөнхийн “Nokia” маркийн гар утас зэргийг нууцаар хууль бусаар авч, нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан, согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 13-13 тоотод 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд эхнэр Г.Цацралчимэгийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Хохирогч С.Ариунцогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би унтахаасаа өмнө S3 маркийн гар утсаа зурагтныхаа хажуу талаас залгаж цэнэглээд орхисон байсан. Тэгээд би 18 цагийн үед сэрээд харсан чинь гар утас байхгүй болсон байсан. Миний өмдний халаасанд байсан хүрэн өнгийн түрийвч гэрийн шалан дээр хэвтэж байхаар нь гайхаад түрийвчээ нээгээд хартал дотор нь байсан 570.000 гаруй төгрөг алга болсон байсан. Тэгээд би хамт унтаж байсан Мөнхдэлгэрийг сэрээгээд мөнгө, утас байхгүй болсон байна гэж хэлтэл цагдаад хэл гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хохирогч Д.Цэндмөнхийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид дөрөв Ариунцог ахын гэрт очоод 2 шил хужаа архи уугаад нилээн согтсон. Өдөр 14 цагийн үед Б. бид хоёр Ариунцог ахын гэрээс явсан. Би Ариунцог ахын гэрт өөрийн цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утсаа цэнэглэж байгаад тэр чигт нь мартаад орхиод явсан байсан. Тэгээд Б. бид хоёр гэр гэртээ харьцгаасан. Би гэртээ хашааныхаа өвсийг цэвэрлэж байгаад орой 18 цаг дөхөж байх үед Ариунцог ахын гэрээс өөрийн гар утсаа авахаар очсон чинь Ариунцог ах утас, мөнгө маань алга болсон байна гэж хэлж байсан. Миний тэднийд цэнэглэж орхисон байсан цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утас  маань алга болсон байсан... Надад гомдол санал байхгүй, гар утсаа буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Г.Цацралчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...орой 18 цаг өнгөрч байх үед Б. гэртээ буцаад ирсэн. Таксигаар ирсэн бөгөөд ирэхээсээ өмнө над руу утсаар ярьж байсан. Шүүгий гэдэг хүний утсаар ярьж байна, хүнээс мөнгө зээлсэн гэж ярьж байсан. Тэгээд гэртээ ирэхдээ надад 110.000 төгрөг бэлнээр өгсөн. Бас 0.75 литрийн нэг шил архи, 2 литрийн “Моя семья” ундаа, “Paprica” гэсэн нэртэй чипстэй ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Ж.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ариунцогтой хамт явж байсан 2 залуу нилээн согтсон байхаар нь Ариунцог, бид хоёр та хоёр одоо гэртээ харь гэж хэлээд явуулсан. Тэр хоёр залуугийн нэг нь жижигхэн биетэй, хөх өнгийн дээл өмссөн Цээгий гэж дууддаг залуу байсан. Нөгөө нь Б. гээд залуу байсан юм. Тэгээд Ариунцог бид хоёр тэдний гэрт үлдээд дахиад жаахан архи ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад Ариунцог сэрээгээд миний түрийвчинд байсан мөнгө, гар утас хоёр алга болсон байна гэж хэлж байсан. Бид хоёрын ууж байсан савтай архийг хүртэл аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Эд мөрийн баримтаар хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-10 тал/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хохирогч Г.Цацралчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ээжийгээ шуудангаас тосоод гэртээ ирсэн. Манай нөхөр Б. архи уучихсан байхаар нь би юм хэлэлгүй гэртээ орсон чинь Б. араас орж ирсэн. Тэгээд намайг ээж Чимэдцэрэн, хүүхдүүдийн хамт байхад чи намайг тоохгүй байна, охин гаргаж өгснөө их юманд бодлоо гэсэн чинь ээж маань чи одоо унтаж амар гэхэд янхан минь, банзал минь гэж хэл амаар доромжилсон. Тэгтэл манай ээж унтаж амар гэсэн чинь уурлаад миний толгой руу Б. гараараа цохиход ээж уурлаад Б.ыг гэрээс гаргасан. Урьд нь намайг цохиж байсан. Энэ асуудлаар Б.ыг шүүхээс баривчилж байсан. 2017 оны 5 сар, 2017 оны 8 сар, 2018 оны 3 дугаар сард надад согтуугаар агсам тавиад Б. шүүхээр баривчлагдаж байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 99 тал/,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №169 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 186-187 тал/

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №401 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 163-164 тал/,

Яллагдагч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.ын хохирогч Д.Цэндмөнх, С.Ариунцог нарын мөнгө болон гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн эхнэр Г.Цацралчимэгийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Б.ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Цэндмөнх нь хулгайд алдсан гар утсаа эргүүлж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 20-21 тал/, мөн хохирогч Г.Цацралчимэгийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгээр /хх-ийн 99 тал/ Б.ыг хохирогч Г.Цацралчимэг, Д.Цэндмөнх нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Ариунцогт 470.000 төгрөгийн төлбөртэй бөгөөд, хохирлоо барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар 510.1 дэх хэсэгт зааснаар Б.оос гаргуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.од бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг  байнга зодсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нэгтгэж нийт 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Хулгайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тус зүйл ангид заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах;

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг  байнга зодох гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б. нь мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.од оногдуулсан дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Б.од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны зардалгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.г бусдын эд зүйлийг хулгайлах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.д оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.г цагдан хорьсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.с 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ариунцогт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь хохирогч Д.Цэндмөнх, Г.Цацралчимэг нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА