Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 289

 

   

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 03-ны өдөр            Дугаар  289                                       Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух, /РД: ЛЗ65091869, утасны дугаар 99282579/ Оймдууд овогт Шадавнацагийн Бамбаруушийн 

 

“Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 307/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Бамбарууш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ш.Бамбарууш нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оноос 1990 оныг дуустал туслах малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир Сүхбаатар аймгийн архивын тасгаас лавлагаа авахад миний цалингийн лавлагаа Банзрагч нэрээр гарч ирсэн. Намайг манай аав ээж, ах дүү, нутаг усны маань хүмүүс Банзрагч нэрээр маань дууддаг байсан. Иргэний үнэмлэх маань Бамбарууш нэрээр гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2015 оны 11 сарын 17-ний өдрийн 307/15 тоот лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоож, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд  1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь

 

Оймдууд овогт Шадавнацагийн Бамбарууш нь “Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 307/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд  1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс1990 оныг дуустал малчнаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Ш.Бамбарууш нь “Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 307/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь, мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 4-р сараас 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 307/15 тоот лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар,

 

           - гэрч Хатгин овгийн Пүрэвийн Эрдэнэчимэг /РД: ЛЗ59100567/-ийн; Бид нар Бамбаруушийг Банзрагч гэдэг нэрээр мэднэ. Ш.Бамбарууш гэдэг нэрийг мэдэхгүй. Ш.Бамбарууш нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад 1981-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Голдуу  хонь малладаг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад хоньчноор 1976-1995 оныг хүртэл ажиллаж байсан. Сүүлд түрээсийн малчнаар ажиллаж байсан. Нэг дор цуг ажиллаж байсан учраас ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг,

 

          -гэрч Хатгин овгийн Чойжидын Сүх /РД: ЛЗ57101971/-ийн; “Ш.Бамбарууш нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад 1981-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Голдуу  хонь малладаг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад тэмээчнээр 1980-1990 оныг хүртэл ажиллаж байсан. Ш.Бамбарууш нь “Сүхбаатарын зам” нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлгүүдээр зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Ш.Бамбаруушийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Бамбаруушийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Архивын тасгаас Банзрагч нэрээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 307/15 тоот цалингийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Оймдууд овогт Шадавнацагийн Бамбарууш мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Оймдууд овогт Шадавнацагийн Бамбарууш нь 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг  дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Бамбаруушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ