Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01688

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01688

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01805 дугаар шийдвэртэй,

Б.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр .... хувьцааны мэдээллийн төвд мэргэжилтнээр томилогдсон. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнээр ажилласан.

1.2. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор ажлаас чөлөөлсөн. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/735 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1.3. Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байгаа, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёсны зарчмыг зөрчсөн.

Засгийн газарт эрх олгох тухай хуулиар нийтлэг хуулийг баримтлахгүйгээр ******* ******* ХК-д онцгой дэглэм тогтоосон нь ажилтнуудын хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн.

Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.

1.4. Б.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй. Мөн 80.4, 80.5.-д заасан үндэслэлээр 30 хоногийн өмнө мэдэгдээгүй учир хууль зөрчсөн.

1.5. Хамтын гэрээ хэлэлцээрт заасан тэтгэмжийн хэмжээг олгоогүй.

1.6. Мөн 13 дахь сарын шагналт цалин нэхэмжилсэн. Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар үр дүнгийн урамшууллыг олгосон. Үр дүнгийн урамшуулал нь хамтын гэрээний 3.3.1-т жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн нэгдүгээр улиралд олгоно гэж заасан.

 

Б.*******гийн хувьд энэ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 12 сар 9 хоног ажилласан.

Ажилтан Б.*******д үр дүнгийн урамшууллыг 6 сарын цалингаар тооцож олгох үндэслэлтэй. Олгохгүй байгаа үндэслэл тодорхойгүй. Үр дүнгийн урамшууллын, ямар нэгэн ажлын гүйцэтгэлийг үнэлээгүй, нийтэд нь шагналт цалин, урамшуулал олгосон. ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дүгээр тушаалд цалин хөлс олгох журмын 3.1-д заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэгдүгээр улиралд багтаан олгоно гэж заасан тул ажилласан хугацааных нь цалин учраас Б.******* 13 дахь сарын цалинг авах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулахыг даалган, 13 дахь сарын шагналт цалинд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж татан буугдсан бол ижил төрлийн ажлын байрыг ажилтанд санал болгох үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2.-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ хэрэгт өгсөн болно гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор төв оффист 200, салбар буюу уурхайд 746, нийт 946 орон тооны дээд хязгаарыг тогтоосон.

Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/183 тоот тушаалаар ТУЗ-өөс баталсан орон тооны хүрээнд ажлын байр болон орон тооны жагсаалтыг баталж, Нийгмийн судалгаа хөгжлийн төвийг дарга, мэргэжилтэн гэсэн 2 орон тоотой байгуулсантай холбогдуулан дотоод хяналт эрсдэлийн газраас ТУЗ-ийн тогтоолын хэрэгжилтийн талаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтээр Нийгмийн судалгаа хөгжлийн төв нь бусад салбар нэгжийн ажлын чиг үүрэгтэй давхцалтай буюу шаардлагатай нэгж биш байна гэж татан буулгах нь зүйтэй гэх дүгнэлт танилцуулагдсан. ТУЗ-ийн 2021 оны 28 дугаар тогтоол гарснаас хойш 2022 онд ТУЗ-ийн 27 дугаар тогтоол хэмнэлтийн хуультай холбоотойгоор гарч дэд захирлуудыг чөлөөлж, компанийн орон тооны дээд хязгаар болон бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Монгол улсын Засгийн газраас 385 дугаар тогтоолоор, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар ******* ******* ХК-д тусад нь онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ онцгой дэглэмийг аж ахуйн нэгж компаниудад тогтоодоггүй. Нийгмийн судалгаа хөгжлийн төв бол хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа зэрэг бусад салбар нэгжийн үндсэн үйл ажиллагаатай давхцсан гэж үзсэн. Үүнтэй холбоотой мэргэжилтэн Б.*******г 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/1432 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд байхгүй болсон нэгж, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлага гаргаж боломжгүй.

Б.******* 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд хандахдаа тэтгэмжээ нэг сар биш 3-5 сараар тооцуулж авах ёстой гэж хандсан болохоос ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гэсэн талаар хандаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл өгөх боломжгүй, мэдэгдэл өгөөгүй нь Засгийн газрын 385 дугаар тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.2. 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал нэхэмжилсэн. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Цалин хөлс болон урамшуулал олгох журмаар тухайн жилд ажилласан ажлын бичмэл тайлан, гүйцэтгэл зэргийг үндэслэж 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал олгогддог. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг Б.*******д олгох үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухайн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1., 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн, хариуцагч ******* ******* ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ******* ******* ХК-ийн Захиргаа удирдлагын газрын Нийгмийн хөгжил судалгааны төвийн мэргэжилтний ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671 680 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч талын, хариуцагч байгууллагаас ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 тушаалын хоёрдугаар хавсралт болон тус компаниас ажилтанд урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулал тооцож олгоход баримталдаг дундаж цалин хөлсийг тодорхойлсон аргачлал, лавлагааг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт нь хэрэгт хамааралтай байх тул хангаж шийдвэрлэв" гэжээ. Хариуцагч нь хавтаст хэргийн 171 дүгээр талд урамшуулал цалин хөлсийг тооцож олгоход баримталдаг дундаж цалин хөлсийг тодорхойлсон аргачлал, лавлагааг нотлох баримтаар гаргасан нотлох баримт нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн.

4.1.а. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Нотариатын үйлдэл дараах төрөлтэй байна" гэж заасан. Дээрх 13 төрөлд хавтаст хэргийн 171 дүгээр талд авагдсан нотлох баримт хамаарахгүй, энэ талаар Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт хуульчилсан.

4.1.б. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь дээрх баримт бичгийг өөрөө дангаараа нотариатаар гэрчлүүлсэн, гарын үсэг зурсан хүмүүс хамт яваагүй талаар тайлбарладаг. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт "Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Мөн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд нэхэмжлэгчийн зайлшгүй шаардагдах нотлох баримт нь хариуцагч буюу ажил олгогчид байдгаараа онцлоготой.

 

4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Үүнд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.*******г ажлаас чөлөөлсөн "******* *******" ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1432 тоот тушаалд "Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосон.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/735 тоот тушаалаар бүтцийн нэгж болох "Нийгмийн судалгаа, хөгжлийн төв"-ийг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор Б/1432 тоот тушаалаар мэргэжилтэн Б.*******г ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө мэдэгдэл өгсөн эсэхийг бодитоор үнэлээгүй.

Хавтаст хэрэгт ******* ******* ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/539 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хийгдээгүй болохыг үүгээр тодорхойлов гэжээ. Шүүхээс дээрх үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна. Иймд дээрх мэдэгдлийг өгөөгүй талаар үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

4.2.а. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын видео бичлэг авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан өргөдлөө өөрчилсөн болох нь авагддаг. Иймд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь өөрчилсөн өргөдлийг хүлээн аваагүй болох нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт "хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах эрх зүйн үндэслэлгүй. ******* ******* ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн А/752, А/753 дугаар тушаалын хавсралтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулаагүй, нотлох баримтаар үнэлээгүй болно.

4.2.б. ******* ******* ХК-ийн А/752 дугаар тушаалаар батлагдсан ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хавсралтуудад урамшууллыг хэнд, хэрхэн олгосон талаар дэлгэрэнгүй тусгасан. Өөрөөр хэлбэл, ажил үүрэг гүйцэтгээгүй хүмүүс, мөн ажилд ороод 20 хоноогүй ажилтанд хүртэл олгосон, ажилласан хугацааг хэрхэн тогтоосон нь дээрх нотлох баримтад тусгагддаг. Гэтэл дээрх тушаалын хавсралтыг нотлох баримтаар үнэлээгүй.

Нэхэмжлэгч нь ******* ******* ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот хамтын гэрээний 3.3.1, Компанийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журмын 4.1, 4.1.2-т зааснаар урамшуулал авах эрхтэй.

 

4.3. ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүн нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай тушаал гаргасан. Тус тушаалын тушаах хэсгийн 1-д "******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажил олгогчийн төлөөллийн бүрэлдэхүүнийг хавсралтад зааснаар шинэчлэн баталсугай" гэжээ. Тус тушаалыг хавсралтад Комиссын дарга Э.*******, нарийн бичгийн дарга О.******* нар гаргажээ. Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны тэнцүү тооны төлөөллөөс бүрдэнэ", 156.4 дэх хэсэгт "энэ хуулийн 156.3 дахь хэсэгт заасан төлөөлөгч нь аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан байхыг хориглоно" гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримт, нотлох баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг хууль зүйн хувьд хэрэглэхтэй холбоотой нотлох. баримтыг үнэлээгүй.

 

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш юм.

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл буюу үндсэн хуульд харшилсан хуулийг хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2023 оны шүүх хуралдаанд Б.******* шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа учраас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Шүүх хэргийн материалтай танилцаж мэтгэлцэх эрхээр нь хангаж шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Нэхэмжлэгч 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хэргийн материалтай танилцах үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ өөрөө биелүүлээгүй хэдий ч хэргийн материал танилцуулаагүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. 2023 оны 05 дугаар сарын 31-ний шүүх хуралдаан дэгийн дагуу явагдсан бөгөөд ирц, талуудын эрх үүргийг нэг бүрчлэн танилцуулсан.

Тухайн асуудал нь хавтаст хэргийн 185 дугаар талд авагдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн цалин хөлсний дунджийг тодорхойлсон баримт нь нотлох чадвараа алдсан буюу Нотариатын тухай хуулийг зөрсөн тухай асуудлыг ярьдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд компанийн дундаж цалинг бодсон тооцооллыг баримтаар гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.Үүнийг шүүх хангаж шүүгчийн захирамжийг хариуцагчид ирүүлсэн. Хүний нөөц болон санхүүгээс компанийн нийт ажилтан тэдгээрийн авч байгаа цалин хөлс тэдгээрийн дунджийг тооцож тодорхойлсон. Шүүхээс захирамж ирсний дагуу баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй учир нотариатаар гэрчлүүлж нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлсэн.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшууллыг нэмэгдүүлсэн байдлаар гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэх хэсгийн 7-8 дахь хуудас буюу хавтаст хэргийн 243-244 дэх талд тодорхой байдаг. Б.*******гийн нэхэмжлэлтэй хэрэг нь ажиллаж байсан нэгж нь татан буугдсантай холбоотой асуудал яригддаг.

******* ******* ХХК нь онцгой дэглэм тогтоосон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хууль заалт зүйл заалтыг бол хэрэглэхгүй байж болохоор нөхцөл байдалд байгаа.

Маргаан таслах комисс 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Б.******* өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж, гаргасан өргөдлөө татаж авах хүсэлтийг гаргаж маргаан таслах комиссын хурал дууссан байдаг. А/752,А/753 дугаар албан тушаалын хавсралтыг аваагүй, үнэлээгүй, дүгнээгүй гэж ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотолж оролцох, өөрт байхгүй баримтыг шүүхэд хүсэлт өгч гаргаж гаргуулах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтээр 752 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг гаргуулъя гэсэн хүсэлтийг гаргасан. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажлаас халагдсан тэтгэмжийг зохих журмын дагуу гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1432 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/735 дугаар тушаалыг тус тус үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Нийгмийн хөгжил, судалгааны төвийн мэргэжилтэн Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 7/

 

3.б. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгохоор заасан./хх/

 

3.в. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Төлбөрийн тэнцэл алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, 2 дахь заалтад ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцаг гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.*******ыг томилон ажиллуулж, 3.1 дэх заалтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.*******ад авч хэрэгжүүлэхийг даалгажээ. /хх 27/

 

4. Зохигч Б.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхэд, мөн үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна./хх/

4.а. ******* ******* ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3.1-д шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.*******ад ... даалгасугай. гэж заасны дагуу бүтэц орон тоог цомхотгож, Б.*******г ******* ******* ХК-ийн Захиргаа удирдлагын газрын Нийгмийн хөгжил судалгааны төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй.

4.б. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч өөрт олгогдсон эрхийн хүрээнд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдалд Нийгмийн хөгжил судалгааны төвийг татан буулгаж орон тоог хассан бөгөөд нэгэнт байхгүй болсон ажлын байранд эгүүлэн тогтоолгох боломжгүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сарын хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч тал удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьж шүүхээс хүсэлтийг хангаж байсан. Удаа дараагийн шүүх хуралдаан бүрд эрх үүргийг тайлбарласан учраас гарын үсэг зурагдаагүй баримтыг үндэслэж хэргийн оролцогчид эрх үүргийг танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Дээрх 6 сарын хугацаанд хэргийн материалтай танилцах эрх хэрэгжээгүй гэдэгт шүүхийг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Үүнд:

Нотариатч бичгийн нотлох баримтыг гэрчилж байгаа тохиолдолд хуулбарыг эх хувьтай тулгаж шалгадаг бөгөөд талуудыг байлцуулах шаардлагагүй юм.

6.а. Хариуцагч байгууллагад онцгой дэглэм тогтоохдоо Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримталсан. Уг хуулийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан гэх боловч энэ талаар баримтгүй, эцсийн шийдвэр гараагүй байна.

7. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ХК-д 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. Үр дүнгийн урамшууллыг нийт ажилтнуудад олгох талаар компанийн захирлын тушаал гарсан, Б.******* нь 11 сар 8 хоногийн хугацаанд ажилласан учраас урамшуулалд хамрагдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан. Тухайн хөдөлмөрийг гэрээг цуцлах хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний заалтууд болон ажилтанд үзүүлэх хөнгөлөлт давуу талууд хүчинтэй. Иймд дээрх үндэслэлээр үр дүнгийн урамшуулал болох 16,276,472 төгрөгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухайн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн, хариуцагч ******* ******* ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ******* ******* ХК-ийн Захиргаа удирдлагын газрын Нийгмийн хөгжил судалгааны төвийн мэргэжилтний ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671 680 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД