Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0032/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                                      Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох 1939000000002 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1975 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-166 дугаар байрны 1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Б. /РД: СЮ75062733/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 08-02 тоотод оршин суух Б.Цэрмаагийн орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аягыг авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 08-02 тоотод оршин суух Б.Цэрмаагийн орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аягыг авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Цэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 8-2 тоотод монгол гэрт амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчим гэрээ түгжээд гарсан. Буцаад 15 цаг 30 минутын орчимд гэртээ очиход гэрийн цоожны даруулга төмөр нугаларч гэрт хүн орсон байсан. Намайг гэртээ очиход хаалганд цоож нь зүүлттэй, даруулга төмөр тахийсан гэрийн хаалга онгорхой байсан. Гэрт ороход манай гэрийн зүүн хойд талд байх авдарны таг онгорхой, дотор нь байсан эд зүйлийг гаргаж орхисон байсан. Авдар дотор байсан 5 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг манай баруун талын хашаанд байх эмэгтэй дуудсан, би нэрийг нь мэдэхгүй. Тэгээд баруун талынхаа айлын гэрт ороход зуухны баруун талд жижигхэн биетэй эрэгтэй хүн сууж байсан. Тэр хүн миний 5 ширхэг мөнгөн аягыг куртканыхаа дотор талаас гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Манай гэр Хэрлэнгийн 8-1 тоотод байдаг. Гэртээ ирснээс хойш 20-иод минутын дараа манай ах Б. согтуу манай гэрт орж ирээд гэрийн баруун талд газраар унтаад өгсөн. Б. ах 2 хоногийн өмнө Улаанбаатар хотоос манайд ирсэн юм. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн орчим Батноров суманд айлын мал маллана, Батноров явах унаа хайна гээд манай гэрээс гарсан. Б. ах хажуу тийшээ хараад унтаж байсан, куртикэн дотор нь түнтийсэн юм байгаад байсан, би бол хараагүй. Манай хүүхэд гаднаас орж ирээд хажуу талын эмээ танайд хүн орсон уу, эмээгийх нь аяга алга байна гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь Б. ахыг юу өвөртөө хийгээд байгаа юм гээд сэрээсэн. Манай зүүн талын хашаанд амьдардаг настай хүнийг би дуудсан. Манай зүүн талын хөгшин манайд орж ирээд миний аяганууд алга болсон байна гэж хэлэхэд Б. ах өвөр дотроосоо 5 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд манай зүүн талын хашаанд байх хөгшинд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27 тал/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 тал/зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Цэрмаа нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 18 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.д 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл ангид оногдуулахаар заасан хорих ялаас доогуур ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Б.ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж багатай, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 51 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.н цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА