| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0040/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0040/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,
Шүүгдэгч М. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.т холбогдох 201623000093 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо 118-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М. /РД: /;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М. нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багт нутаглах Ч.Мөнхөөгийн гэрт түүнтэй маргалдах үедээ тавагтай идээ рүүгээ сандал шидсэний улмаас ширээний хажууд сууж байсан иргэн Б.Одонтуяаг онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М. нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багт нутаглах Ч.Мөнхөөгийн гэрт түүнтэй маргалдах үедээ тавагтай идээ рүүгээ сандал шидсэний улмаас ширээний хажууд сууж байсан иргэн Б.Одонтуяаг онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
Хохирогч Б.Одонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу цагаан сарын шинийн нэгний орой 18 цагийн үед манай гэрээс зүүн урд зүгт нутагладаг Мөнхөө ахынх руу золгохоор нөхөр Насанжаргал, нөхрийн ах, эгч, Эрдэнэтуяа, Ганболд нарын хамт явсан. Мөнхөө ах ирж золгохгүй юм уу гээд байхаар нь би настай хүн учраас хүндлээд очсон. Мөнхөө ахынд ороход Мөнхөө ахын хүүхдүүд байсан. Айлд орсон болохоор бууз жигнүүлээд сууж байсан, тэгээд би гэнэт л би Хурх тосгоны Эрүүл мэндийн төвд сэрсэн. Юу болсон талаар нөхрөөсөө асуусан чинь Мөнхөө ахын эхнэр охинтойгоо хэрэлдэж муудалцсан гэсэн. Тэгсэн чинь М. модон том сандлаар тавагтай идээгээ тараасан гэж байсан. Тэгээд дахиад сандал аваад ширээ рүү шидсэн чинь сандал нь намайг оносон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Гэрч Н.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнхөө ахын эхнэр охинтойгоо гэнэт өндөр дуугаар хэрэлдэж эхэлсэн. Мөнхөө ах эхнэр, охин хоёроо загнаж байсан. Шинийн нэгний өдөр хэрэлдлээ гээд гар утсаа охин руугаа шидэж харагдсан, гэхдээ гар утас охиныг оноогүй. Гэнэт нэг компанийн захирал гэх залуу цээжээ балбаад хүүхдээ шоронд өгөх гэдэг гээд орилоод босоод ирсэн. Тэгтэл М. бас орилж босч ирээд том модон сандлыг 2 гараараа өргөөд ширээтэй идээ рүүгээ шидсэн. Эхний сандал нь идээн дээр ширээн дээр яг унасан. 2 дахь сандалаа мөн ширээ рүү шидсэн. Тэгсэн чинь Эрдэнэтуяа эгч та нар алчихлаа гээд ширээний зүүн талд манай эхнэрийн толгойноос цус гарчихсан дээшээ хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч М.Даваажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хоол унд идэж байтал аав намайг хот руу явуулахгүй хоноод яв гээд уурлаад хэрүүл маргаан үүсгэсэн. Явна явахгүй гээд нилээн хэрүүл маргаан болсон. Тэгтэл манай дүү М. сууж байсан сандалаа ширээ рүү шидэж тавагтай идээг нураасан. Тэгээд харсан чинь ширээний зүүн талд сууж байсан Одонтуяа эгч газар уначихсан, зүүн нүдний дээд хэсгээс нь цус гарчихсан ухаан алдсан хэвтэж байсан. ...аав агсам тавьж байхад хэрүүл маргааныг зогсоох гээд л ширээ рүү сандал шидсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/
Гэрч Ч.Мөнхөөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би эхнэрийнхээ хамт гэрийнхээ хойморт сууж байхад Түвшинбаяр ирээд бид нар одоо буцаад Улаанбаатар явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад шинийн нэгэнд ирчихээд хоноод явахгүй, өдөртөө буцлаа гэж охиндоо уурлаад, тэр үед нилээн согтсон байсан учраас хүүхдүүддээ агсам тавьж, хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд Түвшинбаяр, М. нартаа агсам тавьж байхад М. уурлаад тавагтай идээ рүү монгол сандал шидсэн. Тэр шидсэн сандал нь тавагтай боов, идээг нураасан. Тэгэхэд нь уг сандалны хөл ширээний зүүн талд сууж байсан Одонтуяаг онох шиг болоод шүргээд явсан. Тэгтэл Одонтуяа газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
Гэрч М.Түвшинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би явах талаараа аавд хэлтэл аав та нар ирээд удаагүй байж явах гэлээ хоноод яв гээд байсан. Аав уурлаад суугаад байсан, би ч хүний машин гуйгаад явж байсан болохоор эртхэн буцахгүй бол болохгүй байна гэж хэлсэн. ...тэгтэл манай дүү М. сууж байсан сандалаа ширээ рүү шидэж тавагтай идээг нураасан. Тэгээд харсан чинь ширээний зүүн талд сууж байсан Одонтуяа газар уначихсан, зүүн нүдний дээд хэсгээс цус гарчихсан ухаан алдсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнхөө гуай та нар явахгүй юу бүгдээрээ зайлцгаа гэж хэлсэн. Тэгтэл М. уурлаад та яахлаараа ингэж байдаг юм гэж хэлээд сууж байсан модон сандалаа аваад тавагтай идээ рүү шидсэн. Тэгтэл тавагтай идээний зүүн талд сууж байсан Насанжаргал ахын эхнэр нь газар хэвтэж байсан. ...М.ын шидсэн сандал нь тавагтай идээн дээр очоод хөл нь хугараад тэр эмэгтэйг оносон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Шүүх эмнэлгийн №1388 тоот: “...Б.Одонтуяагийн биед зүүн нүдний гэмтлийн дараах нүдний даралт ихсэлт, гэмтлийн дараах харааны мэдрэлийн хатингаршил-хараа бууралт 0.03, зүүн хацар ясны нум, хацар ясны духны сэртэн, зүүн нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины шарх /сорви/ бүхий гэмтэл учирчээ. Б.Одонтуяагийн биед учирсан зүүн нүдний хараа 0.03 болж буурсан нь ШЭГЗТЖ-н 7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацар ясны нум болон хацар ясны духны сэртэнгийн хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 77-79 тал/,
Схем зургийн үзүүлэлт /хх-ийн 182 тал/
М.ын шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Манай ах нар хоорондоо маргалдаад байхаар нь сууж байсан сандлаа маргаан намжаах гээд ширээ рүү шидсэн. Дахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул М.т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Одонтуяа нь М.аас нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн талаар гомдол санал байхгүй гэсэн нь хавтаст хэргийн 177 дугаар талд авагдсан хохирогчийн хүсэлт болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өгсөн хариу зэргээс харагдаж байх тул шүүгдэгч М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.т 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нь шүүгдэгчийг ялаас чөлөөлөх эс бөгөөс улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд түүний энэхүү хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М. нь тухайн гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн, түүний урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлууд болон, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.ын нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.г хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.ийн нийтийн албанд ажиллах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч М.д зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М. нь шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА