Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 293

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08-р сарын 04                    Дугаар   294                             Баруун-Урт               

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ш.Оюунгэрэл би  

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Төмөртэй уурхайн ар дор ”Сувраа” гэдэг газарт оршин суух Цэрмаа / утас 89853226, 98636220/ Боржигон овогт Дулмаагийн  нэхэмжлэлтэй

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 6-14 тоотод оршин суух /утас 99515441, 98381730/  Гомбосүрэнгийн Цээдоржид холбогдох

 

“760000”/долоон зуун жаран мянга/-н  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016.07.04-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч  Д.Цэрмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цээдорж нь миний биед гэмтэл учруулсан болох нь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 112 тоот дүгнэлтээр тогтоогдож байгаа. Энэ гэмтлийн цочролын улмаас зүрхний титэм судасны нарийсал өвчин сэдэрч улмаар Улаанбаатар хотод уламжлалын Сонон даваа эмнэлэгт хэвтэж өдөрт 95000 төгрөгийн эмчилгээг 8 хоног хийлгэсний 760000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Мөн хариуцагчийн өгсөн хариу тайлбартай танилцлаа гэсэн байна.

 

Хариуцагч Г.Цээдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Д.Цэрмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага 760000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Одоо энэ мөнгийг бэлнээр өгөх боломжгүй, анх тохирсон хүрэн зүсмийн чандмана тамгатай хязаалан насны эр адууг өгнө гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч  Г.Цээдорж нь нэхэмжлэгч Д.Цэрмаагийн  нэхэмжилсэн 760.000 /долоон зуун жаран мянга/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүрэн зүсмийн хязаалан адуугаар төлөхийг зөвшөөрч бичгээр  хариу тайлбараа ирүүлсэн байх нэхэмжлэгч хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  боломжтой байна

 

Нэхэмжлэгч Д.Цэрмаа улсын тэмдэгтийн хураамжид 22790  төгрөг төлсний 50 хувь болох 11395  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 11395 төгрөгийг төрийн сангийн орлогоос,  11395 төгрөгийг хариуцагч Г.Цээдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрмаад олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Гомбосүрэнгийн Цээдорж нь нэхэмжлэгч Дулмаагийн Цэрмаад 760000 төгрөгийн оронд чандмана тамгатай, хүрэн зүсмийн хязаалан насны эр адуу өгөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрмаа улсын тэмдэгтийн хураамжид 22790  төгрөг төлсний 50 хувь болох 11395  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 11395 төгрөгийг төрийн сангийн орлогоос,  11395 төгрөгийг хариуцагч Г.Цээдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрмаад олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                Ш.ОЮУНГЭРЭЛ