Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                               Хэргийн индекс: 180/2019/0044/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                              М.Долгоржав,

Улсын яллагч                                                Ц.Цэен-Ойдов,

Хохирогч                                                        Х.Алтангэрэл,

Шүүгдэгч                                                       А. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэндэрбадамын Алтантулгын эрүүгийн 1839001340019 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 хороо 29-60 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх А. /РД: /;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А. нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 21-09 тоотод хамтран амьдрагч Х.Алтангэрэлтэй маргалдаж улмаар түлхэж унаган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А. нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 21-09 тоотод хамтран амьдрагч Х.Алтангэрэлтэй маргалдаж улмаар түлхэж унаган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан болох нь:

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 тал/,

Хохирогч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа тараад 2 найзын хамт бааранд орж 2 жил 0.75 литрийн архи ундаа авч уучихаад баар тарах үеэр баарнаас гарч гэртээ 00 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. ...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 21-09 тоотод байдаг юм. Намайг гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч А. 5-10 насны хоёр хүүхдийн минь хамт байсан. Ингээд бид хоёр маргалдаж байгаад намайг түлхтэл би унаж байхдаа цагаан өнгийн ширээн дээр унахдаа баруун гарын шуу хугарч гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Р.Отгонболорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надад Алтангэрэл эгч ярихдаа би 2018 оны 02 сарын 28-ны орой хамтран амьдарч байсан А. гэдэг хүнтэй гэртээ маргаж байгаад түлхүүлээд тэрнээс болж миний гар шуугаараа гэмтсэн. Тар асуудлаар цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байгаа ...гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №111 дугаартай:

“Х.Алтангэрэлийн биед баруун шуу ясанд цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/;

Шүүгдэгч Ц.Одбаярын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Алтантулгын дээрх үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Ц.Алтантулгыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Алтангэрэл нь шүүх хуралдаанд “...миний гар гэмтсэнээс болж би 3 сар ажлаа хийж чадаагүй. Би ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. А.ас 3 сарын ажлын хөлс 2.499.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн бөгөөд шүүгдэгч А. нь хохирлын талаар маргаагүй, уг хохирлыг хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтийг шүүх хуралдаанд  гаргасан тул түүнээс хохирол 2.499.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Алтангэрэлд олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  санал гаргасан бөгөөд  шүүгдэгийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч А. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А. нь түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 сарын хугацаанд 200.000, 250.000, 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.ас 2.499.000 /хоёр сая дөрвөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан хохирогч Х.Алтангэрэлд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА