Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 09

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003270252 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто гридерчин индүүчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охинды 2 дугаар баг “Өндөр хүр” гэх газарт оршин суудаг, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбат /РД:ЦЖ-79070313/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Мөнхбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-нд МАН-ын шинэ жилийн баярын арга хэмжээ болоход би өөрийн эхнэр, хадам ах, түүний эхнэртэй нь хамт очсон. Баярын үйл ажиллагаа 22 цаг гэж дууссан. Би жолоо барьж байсан болохоор архи уугаагүй байсан. Засаг дарга малчдыг “байж байгаарай” гэж хэлээд бид хэд хүлээгээд байж байтал манай эхнэрийн ах агсан тавьсан. Л.Батдэлгэр манай хадам ахын дээр нь гарч суугаад тэр 2 зодолдсон. Би болиулах гэж байсан чинь Л.Оюунцэцэг эгч намайг араас үсдсэн. Намайг гэнэт араас үсдсэн болохоор би арагшаа унахдаа Л.Оюунцэцэг эгчийг цохичихсон юм. Намайг эрүүл байсан болохоор Даваахүү ах надад “гарч машинаа асаа” гэж хэлэхээр нь би гарч машинаа асаасан. Ийм л зүйл болсон.......” гэх мэдүүлэг, Хохирогч Л.Оюунцэцэгийн 2018 оны 12 сарын 01-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хоёр нүдний доор үүссэн хавдар хэрэг болсоны маргааш /2017.12.28/.-ний өглөө нь босоход үүссэн байсан бөгөөд орой зодуулсаны дараа бол хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Өглөө босоход л нүүр битүүдээ хавдаж хөхөрсөн байсан. С.Батгэрэл бол миний нүд рүү цохиогүй. Баруун шанаанд нэг удаа цохьсон. Өөрөөр олон удаа цохиж зодоод байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 232-р хуудас/ Гэрч Т.Хунсайханы 2018 оны 01 дүгээр 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Монгол ардын намын шинэ жилд оролцоод манай 2 дугаар багийн С.Батгэрэл, Б.Мөнхбат, Л.Оюунцэцэг, Даваа, Л.Батдэлгэр, Ариунаа, Бааска, Г.Отгонпүрэв, С.Дэчинравдан нарын нэр бүхий 12 хүн доод багийн төвийн байр руу очсон. Тэнд багийн хурлын танхимд сууж байгаад үдэшлэгээс үлдсэн архиа хувааж уугаад жаахан дуулж байгаад гарсан. Бид нарыг дуулаад авчирсан архиа тойруулж байхад Л.Батдэлгэр /Баагий/, С.Батгэрэл ах нар конторын хонгилд хоорондоо маргалдаад байсан бөгөөд С.Батгэрэлийн ахын эхнэр Цэцэгээ эгч, дүү С.Цогзолмаа, хүргэн Б.Мөнхбат нар нь гарч ирээд бид 4 тэр хоёрыг салгасан ба бусад хүмүүс цаана зааланд суугаад дуулалдаж байсан. Тэр хоёрыг муудалцаж, бид нарыг салгаж байх үед цаанаас Л.Оюунцэцэг эгч гарч ирээд салгах гэж дундуур нь орж ирсэн бөгөөд Б.Мөнхбат С.Батгэрэлийг тэвэрч эргэхдээ Л.Оюунцэцэг эгчийг тохойгоороо түлхэх шиг болсон бөгөөд Л.Оюунгэрэл эгч хананы ирмэг мөргөсөн. Тэгээд Б.Мөнхбат С.Батгэрэлийг тэвэрсэн чигээрээ гараад араас нь Цэцэгээ эгч, С.Цогзолмаа эгч гарч тэр дөрөв машиндаа суугаад явсан. Тэр дөрвийг явсны дараа Л.Оюунцэцэг эгч бид 2 эргэж орсон. Биднийг ороход ууж байсан архи дууссан бөгөөд Ариунаа эгч Баагийг чи залуу хүн байж дандаа ингэж агсам согтуу тавьж байх юм. Өнгөрсөн жил бас агсам тавиад байсан. Энэ зангаа татаарай гээд загнаж байсан. Тэгээд бид нар тарж Дэчингийн эхнэр Даваа, Л.Оюунцэцэг, Даваагийн зээ жижиг хүүгийн хамт тавуулаа Дэчингийн машинд суугаад Ариунаа эгч, Бааска эгч 2 Ариунаа эгчийн машинаар тус тус харихаар явцгаасан бөгөөд багийн дарга Отгонпүрэв бид 2 Баагийг гэрт нь хүргэж өгөөд харьцгаасан......” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 дугаар хуудас/ Гэрч Л.Батдэлгэрийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би сумын соёлын төвд зохиогдсон Монгол ардын намыг шинэ жилийн баярт оролцчихоод арга хэмжээ тарсаны дараа 2 дугаар багийн засаг дарга Г.Отгонпүрэв болон, 2 дугаар багийн малчин нэр бүхий иргэдийн хамт багийн төвийн байр руу очсон. Би шинэ жилийн арга хэмжээн дээр нилээд ууж согтсон байсан тул салхинд гараад илүү их согтсон байсан. Багийн төвийн байранд юу болсон талаар юу болсон талаар тодорхой зүйл санахгүй байна. Миний санаж байгаагаар С.Батгэрэл ах л жаахан агсрах гээд байсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 дугаар хуудас/ Гэрч Г.Отгонпүрэвийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би сумын соёлын төвд зохиогдсон Монгол ардын намыг шинэ жилийн баярт оролцчихоод арга хэмжээ тарсаны дараа 2 дугаар багийн /өөрийн багийн/ багийнхаа малчин бүхий иргэд болох С.Дэнчинравдан, С.Батгэрэл, Цэцэгсүрэн, Т.Хунсайхан, Л.Батдэлгэр, Ариунаа, Баасансүрэн, Б.Мөнхбат, С.Цогзолмаа, Даарий, Даваахүү, Л.Оюунцэцэг нарын нэр бүхий иргэдийн дагуулан очсон. Бид нар багийн багийн төв дээр очоод би иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсон ярилцаж байсан бөгөөд манай багийн иргэн Л.Батгэрэл согтчихсон агсам тавиад дэвээд байсан ба Т.Хунсайхан тэврээд ярилцаад байсан. Дараа нь Л.Батдэлгэр, Б.Мөнхбат нар оччихсон тэр 3 коридорт ноцолдоод байсан. Л.Оюунцэцэг эгч хүүхдээ жижиг өрөөнд оруулаад унтуулчихсан байсан ба, хүүхдээ харчихаад ирье гээд гарчихаад орж ирэхдээ Б.Мөнхбат намайг зодчихлоо гээд духаа заачихсан орж ирсэн. Тэгээд Б.Мөнхбат, С.Батгэрэл нарыг эхнэрүүд нь аваад явсан бөгөөд бид нар удалгүй тараад явсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/ Гэрч С.Цогзолмаагийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....2017 оны 12 дугаар сарын 27-ны орой би өөрийн нөхөр Б.Мөнхбат, ах С.Батгэрэл, бэр эгч Цэцэгсүрэн нарын хамт сумын төв орсон. Бид Монгол ардын намыг шинэ жилд оролцохоор орсон ба, шинэ жилд оролцоод бид нар багийн төвийн байранд очсон. Миний ах С.Батгэрэл баяр дээр байхдаа жаахан согтсон байсан бөгөөд өндөр Баагий /Батдэлгэр/ гэх залуутай багийн төв дээр очсон хойноо маргалдаад зууралдаад байсан. Энэ үед манай нөхөр очиж салган С.Батгэрэл ахын дээрээс Л.Батдэлгэрийг татаж авсан бөгөөд энэ үед Оюунаа эгч Б.Мөнхбатын араас чангаасан. Б.Мөнхбат Оюунаа эгчийг эргэж хараад түлхсан ба Оюунаа эгч түлхэгдэж унахдаа хананы булан мөргөсөн. Тэгээд Цэцэгээ эгч бид нар Б.Мөнхбат, С.Батгэрэл хоёрыг Л.Батдэлгэрээс салгаж аваад явсан бөгөөд бусад хүмүүс тэндээ үлдсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 дугаар хуудас/ Гэрч С.Дэчинравдангийн 2018 оны 01 дүгээр сарын 24-нд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол ардын намын шинэ жилд оролцохоор өөрийн эхнэр Даарий, саахалт айлын хүмүүс болон Даваахүү, Л.Оюунцэцэг нартай өөрийн машинаар сумын төв явсан. Бид нар шинэ жилийн баярт оролцоод дараа нь багийн төвийн байранд ирсэн бөгөөд бид нар тэнд хэсэг сууж байгаад тарсан. Би дотор сууж байсан ба коридорт юу болсон талаар мэдээгүй. Тараад Даваахүү, Л.Оюунцэцэг нар надтай хамт ирсэн бөгөөд Л.Оюунцэцэгийн дух жижиг хавдсан байсан ба Б.Мөнхбат намайг зодсон, би шүүхэд өгнө гээд байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар хуудас/ 8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №А-39 тоот актанд: “1.Л.Оюунцэцэгийн биед тархи, доргилт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөнд эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 37 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.Мөнхбатын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2011 оны 12 дугаар сарын 27-ны орой Монгол ардын намын шинэ жилд өөрийн эхнэр С.Цогзолмаа, хадам ах С.Батгэрэл, бэр эгч Ц.Цэцэгсүрэн нартай хамт сумын төв орж шинэ жилийн арга хэмжээнд оролцоод арга хэмжээний дараа нэр бүхий малчин иргэд болон багийн засаг дарга Г.Отгонпүрэв нартай хамт багийн төвийн байранд очсон. Тэгээд тэнд ганц нэг шил архи тойруулаад юм яриад сууж байтал манай хадам ах агсам тавиад байсан бөгөөд С.Батгэрэл ахыг болиулах гэж Баагий /Батдэлгэр/ гэх залуу зууралдаж байгаад коридорт хоёулаа унаж ноцолдоод байсан Л.Батдэлгэр, С.Батгэрэл ахын дээр гараад суучихсан зууралдаад байхаар нь би тэр хоёрыг болиулах гээд очиж Л.Батдэлгэрийн араас чангаагаад зууралдаж байтал Л.Оюунцэцэг эгч ирээд миний араас үсдээд Л.Оюунцэцэг эгчийг татахад би тэнцвэр алдаад хойшоо савж унахдаа тохойгоороо Л.Оюунцэцэг эгчийг санамсаргүй савж цохисон. Тэр үед цаад өрөөнөөс хүмүүс гарч ирээд Л.Батдэлгэр, С.Батгэрэл хоёрыг салгаад намайг машин асаа гэхээр нь би машин асааж хамт ирсэн 3 хүнээ аваад гэртээ харьсан....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137 дугаар хуудас/ Хохирогч Л.Оюунцэцэг, Ц.Цэцэгсүрэн нарыг: “...2018 оны 12 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд нүүрэлдүүлж өгсөн: “...Ц.Цэцэгсүрэн: 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр С.Батгэрэл хадам дүү С.Цогзолмаа хүргэн Б.Мөнхбат нарын хамт шинэ жилд оролцохоор ирсэн бөгөөд шинэ жилийн арга хэмжээн дээр архи ууцгаасан. С.Батгэрэл нэлээд согтсон байсан. Б.Мөнхбат машин барина гээд уугаагүй. Эрүүл шахуу байсан. Харин Л.Оюунцэцэг эгч нэг их ухаанаа алдтал уугаагүй байсан. Миний хувьд огт архи уудаггүй болохоор архи уугаагүй эрүүл байсан.” “... С.Батгэрэл согтуурхаад агсам тавьсан бөгөөд Оюунаа эгч С.Батгэрэл рүү “Чи дуугүй бай, хөөе С.Батгэрэл чи дуугүй бай” гээд байсан. Мөн Л.Батдэлгэр /Баагий/ хажуугаас нь С.Батгэрэлтэй шөргөөлцөлдөөд байсан бөгөөд тэр хоёр зууралдаад гараад явсан. Би С.Батгэрэлийг нэлээд согтчихсон байсан болохоор хажуугаас нь салааүй бөгөөд араас нь дагаад гарахад тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь Б.Мөнхбатыг “Чи эрүүл юм чинь ахыгаа харж байгаарай, хоёр согтуу хүн хоорондоо зодолдож магадгүй” гээд үлдээгээд заалны үүдэнд зогсож байгаад нэг эргээд хартал С.Батгэрэл, Б.Мөнхбат, Л.Батдэлгэр 3 дээр доороо ороод ноцолдож байсан. Тэр үед Л.Оюунцэцэг хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй Б.Мөнхбат намайг зодчихлоо. Цагдаа дууд гээд гүйгээд ирсэн. Би зааланд байсан хүмүүст нөгөө 3 чинь зодолдоод байна гэж хэлэхэд зааланд байсан хүмүүс гарч ирж нөгөө 3-г салгаад би С.Батгэрэлийг аваад гарч шууд машиндаа суугаад С.Цогзолоор Б.Мөнхбатыг дуудуулж машин бариулаад гэр лүүгээ явсан. Тэр 3.н дундах маргаан С.Батгэрэл, Л.Батдэлгэр хоёрын хэн хэндээ согтуурхсан үгнээс л болсон гэж бодож байна түүнээс биш айхтар сүрхий шалтаг шалгтгаан гараагүй...гэх мэдүүлэг “... Л.Оюунцэцэгийн: “...Тухайн өдөр С.Батгэрэл их согтуу байсан бөгөөд “Муу хөгшин нам, ху нам” гээд л багийн дарга руу агсам тавиад байсан. Б.Мөнхбат ч гэсэн согтуу байсан. Тэнд байсан эрчүүд бүгд л согтуу байсан. Эмэгтэйчүүд бол гайгүй байсан. Би хүүхэд авч явсан болохоор нэг их уугаагүй байсан.” “.... Би хүүхдээ багийн даргын өрөөнд унтуулчихсан байсан. Бөгөөд хүүхдээ харчихаад эргээд хурлын заал руу явж байхад коридорт С.Батгэрэл, Л.Батдэлгэр, Б.Мөнхбат нар дээр доороо орчихсон ноцолдож байсан. Би тэр 3-т хандан наад хөл гараа татаач ээ, эв зүйгээ олчихож болдоггүй юм уу? гэж хэлээд хажуугаар нь гарах гээд Б.Мөнхбатыг холдуулахад гээд Б.Мөнхбатын гар дээр цохиход Б.Мөнхбат эргэж хараад “муу гичий минь” гээд тохойгоороо нэг удаа ёворч цохиод миний хувцасны юүдэнгээс татаж шал мөргүүлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234-р хуудас/ Гэрч С.Батдэлгэрийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Миний хувьд Л.Оюунцэцэгийг цохиж зодсон асуудал огт байхгүй. Л.Оюунцэцэг тэр өдөр “Б.Мөнхбат намайг зодчихлоо гээд гүйж явсан “Чамаас болж Б.Мөнхбатад зодууллаа” гэж хэлээд миний нүд рүү цохьсон. Гэхдээ би Б.Мөнхбат Л.Оюунцэцэгийг хэзээ хэрхэн яаж зодсоныг бол хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 235-р хуудас/ Гэрч Ш.Батбаатарын 2017 оны 12 сарын 01-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Л.Оюунцэцэг гэдэг хүнд 2018 оны 01 дүгээр сард нийт 5 удаа явж үйлчилсэн. Түүнээс олон бол яваагүй. Л.Оюунцэцэг надаас хохирлын баримтанд хавсаргана гэж билет авсан нь үнэн. 10, 12 удаа явж үйлчлүүлсэн гэдэг бол худлаа. Би Л.Оюунцэцэгийг Шаамар сумын 2 дугаар багийн нутаг Өндөр хүр гэх газар авч эргэж гэрт нь хүргэж өгөөд явалт тус бүр дээр 20.000 /хорин мянган/ төгрөгийн хөлс төлбөр авч байсан. Сүүлийн явалтын мөнгийг өгөлгүй байж байгаад сүүлд нь 10.000 төг аваад салсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-р хуудас/ Гэрч Л.Батдэлгэрийн 2018 оны 12 сарын 01-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Оюунцэцэг эгч С.Батгэрэлд зодуулсан гэж юу ч ярьж байгаагүй.Би өнгөрсөн жил надаас мэдүүлэг авахаар дуудахад хэсгийн төлөөлөгчөөс сонсч мэдсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс хойш тэдгээр хүмүүсийн хэнтэй ч таарагүй байж байгаад оны дараа таарлдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-р хуудас/ Гэрч Г.Отгонпүрэвийн 2018 оны 12 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Оюунцэцэг эгч тухайн үедээ С.Батгэрэлд зодуулсан гэж юу ч ярьж байгаагүй. Б.Мөнхбат намайг цохьчихлоо гээд духаа дараад хурлын зааланд орж ирж байсан. Түүнээс өөрөөр зодож цохиж байхыг нь бол би хараагүй. Сүүлд 2 хоногийн дараа манай ажлын өрөөнд орж ирэхдээ С.Батгэрэл Б.Мөнхбат хоёр намайг зодоод ийм болгочихсон гээд нүүр нь хөхөрчихсөн дух нь том хавдчихсан явж байсан....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 239-р хуудас/ Шинжээчээс Т.Насанжаргалын 2018 оны 12 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогчийн биед учирсан гэмтэл зөвхөн 2 удаагийн цохилтоос үүссэн байх бүрэн боломжтой. Энд бол тоог заах ч ямарч боломжгүй бөгөөд би энэ талаар өмнөх мэдүүлэгтээ тодорхой хэлж өгсөн. Өмнөх мэдүүлэгт 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэдгийг тодорхой хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 240-р хуудас/ Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 4 дүгээр тал/ Хохирлын баримтууд /2-р хх-ийн 6-9 дүгээр тал/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2-р багийн засаг даргын тодорхойлолт /2-р ххийн 13 дугаар тал/ Эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р ххийн 16-17 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлгийг нотолсон баримт хавтаст хэрэгт цуглараагүй байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхбат нь Шаамар сумын 2 дугаар багийн төв байранд иргэн Л.Оюунцэцэгийг түлхэж унагаад шал мөргүүлж биед нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Мөнхбатын гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Оюунцэцэгийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1- д заасан хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Оюунцэцэгийн нэхэмжилж буй 630.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал Шаамар сум Сүхбаатар сумын хооронд 5 удаа ирж буцсан зардал 100.000 төгрөг, сүүлд 5000 төгрөгөөр 6 удаа зорчсон зардал нийт 130.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлж барагдуулсан 90.000 төгрөгийг хасч шүүгдэгчээс 40.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин илүү нэхэмжилсэн замын зардал, өмгөөллийн хөлс, өмгөөлөгчөөр шомдол бичүүлсэн хөлс, хоолны зардал зэрэг нэхэмжилж буй 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Хохирогч Л.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарын хооронд байгуулагдаж буй “эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг дээрх зардалд оруулан тооцохгүй болно. Мөн замын зардалд үндэслэлгүй илүү мөнгө нэхэмжилсэн болох нь гэрч Ш.Батбаатарын мэдүүлгээр нотлогдсон байна. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Мөнхбатын үйлдсэн гэмт үйлдэл болсноос хойш 01 жил 05 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байдаг тул түүнд эрүүгин хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатаас 40.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймаг Шаамар сумын 2 дугаар баг Цацын нуга гэх газарт оршин суух Боржигон овогт Лувсанданзангийн Оюунцэцэгт /МЙ62060702/ олгож 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1831000050042 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.мөнхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

4.Шүүгдэгч Б.Мөнхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Шүүгдэгч Б.Мөнхбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ                              Б.ЭРДЭНЭХИШИГ