Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 252

 

2014.12.11

 

129/2014/0743/и

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: 1971 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Хотонт сумын 1-р баг,  Хужрын гол гэх газар оршин суух Боржигин овгийн Лхагваагийн Ганбаатарын /АМ71091218/ хүсэлттэй     

             Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Хүсэлт гаргагч Л.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний эхнэр Машбатын Буяндэлгэр нь 2016 оны 03 сарын 26-ны өдөр даралт харван нас барсан. М.Буяндэлгэр бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй өдий хүрсэн юм. Иймд хүү Г.Алтансүх, Г.Гансүх, охин Ариунзаяа, Мөнхзаяа нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх болон Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хотонт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн намайг Машбатын Буяндэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.                     

Хүсэлт гаргагч Л.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр М.Буяндэлгэртэй 2002 онд гэр бүл болж 2016 он хүртэл хамт амьдарсан. Миний эхнэр 2016 оны 3 сарын 28-ны өдөр нас барсан. Бид 4 хүүхэдтэй. Хамгийн том хүү 18 настай,  дунд хүүхэд 9-р анги, дараагийн хүүхэд 7-р анги, бага хүүхэд 5-р анги. Том хүү Алтансүх 1998 онд төрсөн. М.Буяндэлгэр бид хоёрыг гэр бүл болохоос өмнө төрсөн. Би М.Буяндэлгэртэй 2002 оноос түүнийг нас бартал хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэнэ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Л.Ганбаатар нь М.Буяндэлгэртэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Машбат овогтой Буяндэлгэрийг 2016 оны 03 сарын 26-ны өдөр нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээ

2. Лхагваа овогтой Ганбаатар, Машбат овогтой Буяндэлгэр нар нь 2000 оноос гэр бүл болон Хотонт сумын Хотонт багт оршин сууж 4-н хүүхдийн хамт ам бүл 6 амьдарч байсан нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Хотонт сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 91 тоот тодорхойлолт,

3. Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн Ганбаатар овогтой Мөнхзаяа /ам06302901/, Ганбаатар овогтой Гансүх /ам02222717/, Ганбаатар овогтой Ариунзаяа /ам03232003/ нар нь эцгийн гар дээр эсэн мэнд бойжиж байгаа нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 1/38 тоот тодорхойлолт,

4. Хүүхдийн эцэг Лхагваагийн Ганбаатар, эх Машбатын Буяндэлгэр гэсэн Ганбаатарын Алтансүх, Гансүх, Ариунзаяа, Мөнхзаяа төрсний гэрчилгээний хуулбар,

5. Өрхийн тэргүүлэгч Лхагвын Ганбаатар, өрхийн гишүүд-Машбатын Буяндэлгэр, Г.Цэвэлмаа, Г.Дэлгэрмаа, Г.Алтансүх, Г.Гансүх, Г.Ариунзаяа гэсэн Хотонт сумын 1-р багийн 2005 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл,

6. Өрхийн тэргүүлэгч Лхагвын Ганбаатар, өрхийн гишүүд-Машбатын Буяндэлгэр, Г.Цэвэлмаа, Г.Дэлгэрмаа, Г.Алтансүх, Г.Гансүх, Г.Ариунзаяа гэсэн Хотонт сумын 1-р багийн 2006 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл,

7. Өрхийн тэргүүлэгч Лхагвын Ганбаатар, өрхийн гишүүд-Машбатын Буяндэлгэр, Г.Цэвэлмаа, Г.Дэлгэрмаа, Г.Алтансүх, Г.Гансүх, Г.Ариунзаяа, Г.Мөнхзаяа гэсэн Хотонт сумын 1-р багийн 2007 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл,

8. Өрхийн тэргүүлэгч Лхагвын Ганбаатар, өрхийн гишүүд-М.Буяндэлгэр, Г.Цэвэлмаа, Г.Дэлгэрмаа, Г.Алтансүх,  Г.Гансүх, Г.Ариунзаяа, Г.Мөнхзаяа гэсэн Хотонт багийн 2009 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл,

9. Өрхийн гишүүдийн бүртгэлд: Боржигон овгийн Лхагваагийн Ганбаатар, Монгол овгийн Машбатын Буяндэлгэр, Боржигон овгийн Ганбаатарын Алтансүх, Боржигон овгийн Ганбаатарын Ариунзаяа, Боржигон овгийн Ганбаатарын Гансүх, Боржигон овгийн Ганбаатарын Мөнхзаяа гэсэн 2015 оны бүртгэл,

10. Гэрч М.Мөнхзаяагийн “М.Буяндэлгэр бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нар нь 2002 онд гэр бүл болж Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр багт хамт амьдарч байсан. Тэр үеэс эхлэн М.Буяндэлгэрийг 2016 оны 03 сарын 26-ны өдөр нас барах хүртэл Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нар хамт амьдарч байсныг би сайн мэднэ. Тэдний анхны хүү Алтансүх 1998 онд, 2 дахь хүү Гансүх нь 2003 онд, ихэр охин Ариунзаяа, Мөнхзаяа нар нь 2006 онд төрж байсан. М.Буяндэлгэр нь даралт ихтэй байдаг байсан. Би зун амралтаараа болон хөдөө явах бүртээ Л.Ганбаатарынхаар очдог, Л.Ганбаатарын гэр бүлийнхэн ч гэсэн аймагт ирэхээрээ манайхаар орж гардаг байсан. Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нар нь 1998 онд гэр бүл болоогүй, харин тэр үед том хүү нь төрчихсөн байсан. Тэд 2002 онд гэр бүл болж хурим хийхэд би аав ээжтэйгээ хуриманд нь очиж байсан. Тэр үед би сургуульд сурдаг байсан” гэх мэдүүлэг     

11. Гэрч О.Цэрэнсодномын “Би Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нарыг 2002 онд гэр бүл болж байсныг нь сайн мэднэ. Гэр бүл болсноос нь хойш би гэрт нь очиж ном уншиж өгч байсан. Л.Ганбаатарынх 3, 4 хүүхэдтэй. Намайг ном уншихад Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нар гэр бүл болон амьдарч байсан. Би 2004, 2009, 2011 онд гэрт нь ном уншиж өгч байсан. Би Л.Ганбаатартай нэг нутгийн хүмүүс. Эхнэр М.Буяндэлгэрийг хэзээ нас барсан талаар би сайн мэдэхгүй. Намайг хааяа нутагтаа Хотонт суманд очиход Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нар хамт амьдарч л байсан. М.Буяндэлгэрийн нас барсан талаар өнөөдөр Л.Ганбаатараас сонсоод мэдсэн” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүх Л.Ганбаатарын хүсэлтээр М.Мөнхзаяа, О.Цэрэнсодном нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн 2005, 2006, 2007, 2009, 2015 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, М.Буяндэлгэрийг нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээ, Ганбаатарын Алтансүх, Гансүх, Ариунзаяа, Мөнхзаяа төрсний гэрчилгээг тус тус хуулбарлаж нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан эдгээр нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байна.

Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нарын хамтын амьдралтай байсан нь 2005, 2006, 2007, 2009, 2015 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, М.Буяндэлгэрийг нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээний хуулбар, Ганбаатарын Алтансүх, Гансүх, Ариунзаяа, Мөнхзаяа төрсний гэрчилгээний хуулбар, гэрч М.Мөнхзаяа, О.Цэрэнсодном нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Л.Ганбаатар, М.Буяндэлгэр нарыг 2002 оноос М.Буяндэлгэрийг нас барсан өдөр хүртэл буюу 2016 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                  

 

     ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигин овгийн Лхагваагийн Ганбаатар /АМ71091218/, Монгол овгийн Машбатын Буяндэлгэр /РД:АМ74062301/ нарыг 2002 оноос 2016 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.БАЙГАЛМАА